Номын сан
53-р хичээл: Лук 15


53-р хичээл

Лук 15

Оршил

Фарисайчууд болон хуулийн багш нар Аврагчийг татвар хураагчид, нүгэлтнүүдтэй харьцсаны төлөө дургүйцэн гомдоллов. Аврагч алдагдсан хонь, гээгдсэн зоос, үрэлгэн хүүгийн сургаалт зүйрлэлийг ашиглан, тэдэнд хариу хэлжээ.

Заах зөвлөмж

Лук 15:1–10

Есүс алдагдсан хонь, гээгдсэн зоосны сургаалт зүйрлэлийг хэлэв

Суралцагчдаас өөрсдөд нь үнэ цэнтэй санагдаж байсан ямар нэгэн зүйлээ алдаж байсан эсэхийг асуун, хичээлээ эхлүүл.

  • Та нар тэр зүйлээ олохын тулд юу хийхэд бэлэн байсан бэ? Яагаад?

  • Хүн сүнслэгээр “алдагдах” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (Энэ нь Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг хараахан хүлээн аваагүй байгаа эсвэл сайн мэдээний сургаалуудын дагуу амьдрахгүй байгаа хүмүүсийг хэлж болно гэдгийг ойлгоход суралцагчдад тусал.)

Ангийнхныг сүнслэг байдлаараа алдагдсан байж болох хэн нэгний тухай бодоход урь. Тэднээс тухайн хүний талаар ямар сэтгэгдэлтэй байгаагаа тунгаан бодохыг хүс.

Лук 15 сүнслэг байдлаараа алдагдсан хүмүүсийн тухай Аврагчийн сургаалуудыг агуулдаг гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэг сүнслэг байдлаар алдагдсан хүмүүсийн тухай мөн тэдний тухайд бидэнд байдаг үүрэг хариуцлагын талаар ямар сэтгэгдэлтэй байдаг тухай үнэнийг Лук 15-аас олж мэдэхэд урь.

Нэг суралцагчаас Лук 15:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхныг шүлгийг дагаж уншаад, хэн Есүсийн дэргэд ойртож очсон мөн фарисайчууд болон хуулийн багш нар юун тухай дургүйцэн бувтналдсаныг олж мэдэхэд урь.

  • Хэн Аврагчийн дэргэд ойртож очсон бэ? Яагаад фарисайчууд болон хуулийн багш нар дургүйцэн бувтналдсан бэ?

  • Энэ дургүйцэл, гомдол нь фарисайчууд, хуулийн багш нарын талаар юуг харуулж байна вэ?

Аврагч алдагдсан хонь, гээгдсэн зоос, үрэлгэн хүүгийн гурван сургаалт зүйрлэлийг ярин, тэдэнд хариулсан гэдгийг тайлбарла. Эдгээр сургаалт зүйрлэл нүгэлтнүүдэд итгэл найдвар өгөхийн зэрэгцээ хуулийн багш нар ба фарисайчуудын хуурамч, хоёр нүүрт байдлыг зэмлэх зорилготой байсан. Суралцагчдыг сургаалт зүйрлэл бүр дэх ямар нэгэн зүйл яагаад алдагдсан мөн хэрхэн олдсонд анхаарал хандуулахад урамшуулан дэмж.

handout iconДараах хүснэгтийг самбар дээр зур эсвэл тараах материал болгон суралцагчдад өг. Суралцагчдыг хос болгон хуваарилаад, нэг суралцагчид Лук 15:3–7-г, нөгөө суралцагчид Лук 15:8–10-ыг судлахыг даалга. Суралцагчдыг өөрсдөд нь хуваарилагдсан сургаалт зүйрлэлүүдийг уншаад, зүүн багана дахь асуултуудын хариултыг олж мэдэхэд урь. (Гурав дахь сургаалт зүйрлэлийг энэ хичээлээр хожим заах болно.)

тараах материал, алдагдсан хонь, зоос, хүүгийн сургаалт зүйрлэл

Алдагдсан хонь, зоос, хүүгийн сургаалт зүйрлэл

Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—53-р хичээл

Лук 15:3–7 (хэрэв та нарын судар дээр байдаг бол 4-р шүлэг, зүүлт тайлбар a-г үзнэ үү)

Лук 15:8–10

Лук 15:11–32

Хэн эсвэл юу алдагдсан бэ?

Яагаад алдагдсан бэ?

Хэрхэн олдсон бэ?

Олдсон зүйлд хандах хандлагыг ямар үг эсвэл үгс дүрслэн харуулж байна вэ?

Хангалттай хугацаа өгсний дараа суралцагчдаас өөрсдөд нь хуваарилагдсан сургаалт зүйрлэлийг тайлбарлаад, хүснэгтэн дэх асуултуудын хариултыг хамтрагчтайгаа хуваалцахыг хүс. Бүлэг бүр дэх хоёр суралцагч хоёулаа дууссаны дараа цөөн суралцагчийг самбарын өмнө гарч ирээд, хүснэгт дээр хариулж бичихэд эсвэл (хэрэв та самбар дээр хүснэгт зураагүй бол) ангийнхантай хариултаа хуваалцахад урь.

  • Хонь, зоос хоёрын алдагдсан байдалд ямар ялгаа байна вэ? (Хонь өөрийнхөө буруугаас болж алдагдаагүй, харин зоос эзнийхээ хайхрамжгүй байдлаас болж алдагдсан [Дэвид О.Маккэй, Conference Report, 1945 оны 4-р сар, 120, 121–122]-ыг үзнэ үү).

  • 7 ба 10-р шүлэгт цэдэглэснээр, олдсон зоос болон хонь юуг төлөөлж байна вэ? (Тэдгээр нь наманчилж, Бурхан руу эргэсэн нүгэлтнийг төлөөлж байна.)

  • Хэрхэн алдагдсанаас нь үл хамааран, алдагдсан хүмүүсийн тухайд бид ямар үүрэг хариуцлага хүлээх ёстой вэ?

Бид бусдад наманчлах хүслийг мэдрэхэд нь тусалснаар … гэсэн гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич.

  • Алдагдсан зүйлсийг олсон тэдний хариулт дээр үндэслээд, та нар самбар дээрх өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичих вэ? (Суралцагчид Бид бусдад наманчлах хүслийг мэдрэхэд нь тусалснаар баяр баясгаланг мэдэрдэг ба тэнгэр ч бас баясдаг гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоох ёстой. Самбар дээрх зарчмыг гүйцээж бич. Та суралцагчдыг энэ зарчмыг судрынхаа хажуугийн зайд Лук 15:1–10-ын хажууд бичиж авахыг бодож үзэхэд урьж болно.)

  • Та нар эсвэл та нарын таньдаг хэн нэгэн сүнслэг байдлаар алдагдсан хүнд наманчилж, Тэнгэрлэг Эцэг рүү ойртох хүсэлтэй болоход хэрхэн тусалж байсан бэ? Хэзээ хэн нэгэн хүн та нарт тусалж байсан бэ? (Хэт хувийн чанартай туршлагыг хуваалцах хэрэггүй гэдгийг суралцагчдад сануул.)

Лук 15:11–32

Есүс үрэлгэн хүүгийн сургаалт зүйрлэлийг хэлэв

Ангийнхныг дараах жишээг бодож үзэхэд урь: Нэгэн залуу эмэгтэй ноцтой нүгэл үйлдсэн ба залбирахаа бас Сүмд ирэхээ больжээ. Тэр залбирч мөн Их Эзэний жишгүүдийн дагуу амьдарч эхлэхийг хүсэж байсан ч Түүнийг өөрийг нь хүлээн авахыг хүсэхгүй байх гэж санаа зовж байв.

Суралцагчдаас энэ жишээн дээрх хүнтэй адилхан зүйлийг мэдэрч байсан хэн нэгнийг мэддэг эсэхээ тунгаан бодохыг хүс. Лук 15 дахь гурав дахь сургаалт зүйрлэл нь үрэлгэн хүү (хамаагүй үрдэг, бодлогогүй зарцуулдаг гэсэн утгатай), түүний ах, аавынх нь тухай түүх гэдгийг тайлбарла. Суралцагчдыг энэ сургаалт зүйрлэлийг судалж байхдаа өөрсдийгөө найдваргүй алдагдсан гэж бодож байж болох хүмүүст тусалж болох үнэнийг олж мэдэхэд урь.

handout iconСуралцагчдыг гурав гурваар нь бүлэг болгон хуваарилахыг бодож үз. Бүлэг бүрд дараах тараах материалыг өг. Тэднийг бүлэг дотроо Лук 15:11–32-ыг чанга уншихад урь. Нэг дэх суралцагчид үрэлгэн хүүгийн зүгээс, хоёр дахь суралцагчид аавын зүгээс, гурав дахь суралцагчид ахын зүгээс сургаалт зүйрлэлийг бодож үзэхийг даалга.

Суралцагчдыг уншиж дууссаны дараа бүлэг дотроо тараах материал дээрх асуултуудыг ярилцахыг хүс.

тараах материал, үрэлгэн хүүгийн сургаалт зүйрлэл

Үрэлгэн хүүгийн сургаалт зүйрлэл

Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—53-р хичээл

Үрэлгэн хүү

  • Чамд өөрийгөө таньж мэдэн, өөрийнхөө аймшигт нөхцөл байдлыг олж мэдэхэд юу тусалсан бэ?

  • Чи гэртээ эргэж ирэх үедээ аавыгаа өөртөө хэрхэн хандаасай гэж хүссэн бэ?

  • Танай аав урьдынх шигээ чамтай харьцах үед чамд ямар бодол, мэдрэмж төрж байж болох вэ?

Эцэг

  • Танай бага хүү гэрээсээ явсны дараа танд ямар бодол, мэдрэмж төрж болох вэ?

  • Та яагаад үрэлгэн хүүгээ тийм байдлаар хүлээн авсан бэ?

  • Танай том хүү дүүд нь хэрхэн хандаж байгаад дургүйцэх үед та түүнд өөрийнхөө үйлдлийг ойлгоход хэрхэн тусалсан бэ?

Ах

  • Дүү чинь гэрээсээ явсны дараа танд ямар бодол, мэдрэмж төрж байж болох вэ?

  • Танд дүүгээ ирэхэд баярлах яагаад хэцүү байсан бэ?

  • Та эцэгтээ дуулгавартай байснаар ямар адислалууд хүлээн авсан бэ?

Суралцагчдаас самбар дээрх эсвэл эхний тараах материал дээрх хүснэгтийн гурав дахь баганыг (Лук 15:11–32) хэрхэн гүйцээж бичихийг асуу. Суралцагчдын хариултыг самбар дээр бич эсвэл суралцагчдыг тараах материал дээрээ хариултуудаа бичихэд урь.

  • Яагаад үрэлгэн хүү алдагдсан бэ? (Алдагдсан хонь ба зоостой адилгүй нь үрэлгэн хүү өөрийнхөө дуулгаваргүй байдлаас болж алдагдсан.)

  • Энэ сургаалт зүйрлэл дэх эцэг Тэнгэрлэг Эцэгийг төлөөлж байгаа гэдгийг ойлгосноор наманчлан, Тэнгэрлэг Эцэгт эргэж ирж байгаа хүмүүст Тэрээр хэрхэн ханддаг талаар бид юу мэдэж авч чадах вэ? (Суралцагчид Хэрэв бид наманчилж, Тэнгэрлэг Эцэгийн өршөөлийг эрэлхийлснээр Түүнд эргэж очвол, Тэрээр баярлан, биднийг мутраа дэлгэн хүлээн авах болно гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоох ёстой. Энэ зарчмыг самбар дээр бич.)

  • Энэ зарчим сүнслэгээр алдагдсан хүмүүст хэрхэн тусалж болох вэ?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Ахлагч Жэффри Р.Холланд

“Зовнисон мөн итгэлтэй эцгийн хүү рүүгээ гүйн ирж, түүнийг тэврээд үнсэж байгаа сэтгэл догдлом үзэгдэл нь судрууд дээрх хамгийн сэтгэл хөдөлгөм, өрөвч нинжин сэтгэлийн үзэгдлүүдийн нэг юм. Энэ нь сүнслэг байдлын хувьд алдагдсан эсвэл алдагдаагүй Бурханы хүүхэд бүрд Бурхан биднийг Өөрийн мутрын хамгаалалтад байлгахыг ямар их хүсдэгийг хэлж өгдөг” (“The Other Prodigal,” Ensign, 2002 оны 5-р сар, 62).

Суралцагчдад сургаалт зүйрлэл дэх ахыг сануул.

  • Ах нь яагаад уурласан гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг чанга уншихад уриад, ангийнхнаас яагаад ах нь уурласан тухай ойлголтуудыг олж сонсохыг хүс.

Ахлагч Жэффри Р.Холланд

“Энэ хүү дүүгээ ирэхэд биш, харин аав ээж нь дүүг нь ирсэнд маш их баярласанд илүү их уурласан юм. Талархал хүлээж авдаггүй гэж бодож, өөрийгөө өрөвдсөн уг гайхамшигтай дуулгавартай хүү хэзээ ч өөрийгөө хог хаягдал мэт мэдэрч, сэтгэлээр унаж, айж, өөрийгөө үзэн ядаж байгаагүй гэдгээ түр зуур мартсан байсан. Тэр эдлэн дээрх бүх тугал аль хэдийн түүнийх байсан гэдгийг мөн түүний гэр дэх хамгийн сайхан бүх хувцас, бөгж түүнийх гэдгийг түр зуур мартсан байсан. Түүний итгэлтэй байдал үргэлж шагналаа авч байсныг мөн авах болно гэдгийг тэр түр зуур мартсан байсан. …

Тэрээр буцаж ирсэн дүү нь түүнтэй өрсөлдөөгүй гэдгийг олж харах өрөвч сэтгэл, нигүүлслийн гүн гүнзгий мэдрэмжүүдийг хангалттай олж авч чадаагүй байсан. Энэ бол түүний дүү. …

Дүү нь нүгэл, мунхаглал, бохир заваан зүйлсийн хоригдол байсан нь мэдээж. Гэхдээ ах нь зарим нэг талаараа бас хоригдол байсан юм. Тэр өөрийнхөө шоронг нураан унагаах боломжгүй байсан. Тэрээр атаархлын аймшигт хүлээсэнд баригдсан байсан юм” (“The Other Prodigal,” 63).

  • Ахлагч Холландын хэлснээр, яагаад ах нь уурласан бэ?

  • Бид Бурханыг нигүүлсэнгүй байгааг мөн нүглээ наманчилж, Өөрт нь эргэж ирж байгаа хүмүүсийг адисалж байгааг харахдаа юуг санах хэрэгтэй вэ?

  • Бид Тэнгэр дэх Эцэгтэйгээ илүү адил болох талаар энэ сургаалт зүйрлэлээс ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид Бид бусдыг наманчлах үед өрөвч нигүүлсэнгүй байж, баяр баясгалантай байснаар Тэнгэр дэх Эцэгтэйгээ илүү адил болж чадна гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоох ёстой.)

Лук 15-ын сургаалт зүйрлэлүүдээс суралцагчдын мэдэж авсан зарчмуудыг давт. Суралцагчдаас нүгэлтнүүдтэй хамт хооллосонд дургүйцсэн фарисайчууд ба хуулийн багш нарт хариулахдаа эдгээр зарчмыг хэрхэн ашиглах байснаа тайлбарлахыг хүс.

Суралцагчдад хичээлийн эхэнд сүнслэг байдлаар алдагдсан байж магадгүй хүний талаар бодсоныг нь сануул. Тэднийг хэрхэн тухайн хүнд наманчилж, Тэнгэрлэг Эцэгт ойртоход нь тусалж болохоо залбирч, бодож үзэхэд урамшуулан дэмж. Суралцагчдыг дараах асуултад хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хариулж бичихэд урь.

  • Өнөөдрийн мэдэж авсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх нэг арга зам тань юу вэ?

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Лук 15. “Алдагдагсдын сургаалт зүйрлэл”

Лук 15-д цэдэглэгдсэн сургаалт зүйрлэлүүд нь фарисайчууд болон хуулийн багш нар Аврагчийг нүгэлтнүүдтэй хамт хооллосных нь төлөө шүүмжилсний дараа Түүний өгсөн хариулт юм. Энэ хам сэдвээс харахад, эдгээр сургаалт зүйрлэл нь нүгэлтнүүдэд итгэл найдвар өгөхийн зэрэгцээ өөрсдөө зөв шударга мэт аашлахын эсрэг хурц зэмлэлийг агуулж байсан юм. Уг зэмлэл нь наманчлах шаардлагагүй ерөн есөн зөвт хүнээс илүү нэг наманчлагч нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болдог хэмээх Аврагчийн хэлсэн үгнээс харагддаг. Аврагч “гэмших шаардлагагүй … зөвт хүн” (Лук 15:7) хэмээн хэлэхдээ фарисайчууд ба хуулийн багш нарыг наманчлах шаардлагагүй гэж хэлээгүй юм. Харин энэ нь фарисайчуудын болон хуулийн багш нарын бардамнал, амин хувиа хичээсэн байдал, өөрсдийнхөө наманчлах хэрэгцээг умартсаны тохиромжтой төлөөлөл байсан. Иймэрхүү зан хандлагын шүүмжлэл үрэлгэн хүүгийн сургаалт зүйрлэл дэх ахын үйлдлээс харагддаг. Есүс нүгэлтнүүдийг хүлээн авснаас болж дургүйцсэн фарисайчууд болон хуулийн багш нартай адил, сургаалт зүйрлэл дэх ах төөрөлдсөн хүүгээ эцэг нь хүлээж авах үед өрөвч нигүүлсэнгүй байхын оронд хоёр нүүр гаргасан юм.

Лук 15:1–32. Хонь, зоос мөн үрэлгэн хүү өөр өөр арга замаар алдагдав

Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй зарим хүний алдагддаг шалтгаануудын талаар:

“Би [хонь, зоос, үрэлгэн хүүг] алдагдахад нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар ярихыг хүсэж байна. …

Өнөөдөр би та нараас тэр хонь хэрхэн алга болсныг асуумаар байна. Тэр хурга зөрүүд биш байлаа. Хэрэв та нар харьцуулж үзвэл, буруутгах аргагүйгээр тэр хурга илүү шим тэжээл сайтай өвс эрж яваад, бодлогогүйгээр эсвэл өөрөө ч мэдэлгүйгээр сайхан бэлчээрийг дагаад сүргээсээ тасарч төөрсөн шүү дээ.

Яг үүнтэй адил буруутгах аргагүй үндэслэлээр сүргээсээ холдон тасарсан залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд Сүмд байдаг. Тэд бизнест болон эзэмшсэн мэргэжлээрээ амжилт бүтээл гаргахыг хүсдэг ба төдөлгүй Сүмийг сонирхохоо больж, эцэстээ сүргээсээ тасардаг. Тэд бодлогогүйгээр эсвэл өөрсдөө ч мэдэлгүйгээр, зарим үед магадгүй санаатайгаар жинхэнэ амжилт гэдэг нь юу болохыг мартдаг. Жинхэнэ амжилт гэж юу болох тухайд тэд харалган байдаг. …

[Алдагдсан зоосны тухайд бол] алдагдсан зүйл үүнийхээ төлөө хариуцлага хүлээх боломжгүй юм. Тэр зоосыг эзэмшигч нь хайхрамжгүй буюу анхааралгүйгээсээ болоод зоосыг өөр газар тавьсан, унагасан байж болно. Ялгаа нь гэвэл, энэ нь өнөөдөр бидэнд хамаатай байж болох гурван сургаалт зүйрлэлийн нэг юм. Бидний үүрэг хариуцлага бол зөвхөн зоосыг харж хандах биш, харин амьд бодгалиуд болох хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдийг харж хандах явдал мөн. Бид тэдний төлөө хариуцлага хүлээдэг. Тэдний зарим нь өнөөдөр гэрийн багш нарын хайхрамжгүй байдлаас болоод хэрэн тэнүүчилж яваа байх. …

[Үрэлгэн хүүгийн тухай хэлэхэд:] Энэ бол дур зоргын жишээ, сонголтын, тэгэхдээ бүр зорилго бүхий сонголтын жишээ юм. Энэ бол нэг талаас эрх мэдлийн эсрэг дургүйцэл юм. Ингээд тэр яасан бэ? Тэр дур зоргоороо амьдарч, өөрт ноогдох хөрөнгийг янхан эмстэй үрэн таран хийж дуусчээ. Энэ бол тэдний алдагдсан арга зам юм.

Дур хүслээ зоргоор нь тавьдаг өсвөр үеийнхэн өглөө нар зүүн зүгээс манддаг нь баттайн адил, урвалтад хүргэх замаар уруудан доройтдог. Би үүнийг зөвхөн өсвөр үеийнхэнтэй холбож яриагүй байна. Эх захгүй, садар самуун амьдралын зам дээр гарч байгаа ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн өдрийн дараа харанхуй болдог нь гарцаагүйн адил өөрийгөө сүргээс зайлшгүй тусгаарлах болно” гэж ярьжээ (in Conference Report, Apr. 1945, 120, 121–122, 123).

Лук 15:1–32. Алдагдсан хонь, гээгдсэн зоос, үрэлгэн хүүгийн тухай сургаалт зүйрлэл

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Талмэйж:

“Нэг бодгаль эргэж ирэхэд, тэрхүү бодгаль алсад төөрөн одсон хонийг ч, эзнийх нь хайхрамжгүйгээс газарт унаж харагдахгүй болсон зоосыг ч эсвэл өөрийгөө гэр орноосоо болон тэнгэрээс зориудаар тусгаарласан үрэлгэн хүүг ч бэлгэдэж байна уу ялгаагүй, тэнгэрт баяр баясал бялхдаг билээ. Наманчлагч нүгэлтэн нь нүглийг эсэргүүцдэг хүнээс илүү дээр гэж хэлэх үндэсгүй юм. Нүгэл бол зохисгүй хэрэг, гэвч нүгэлтэн нь наманчлан, зөв шударга байдалд эргэн орох боломжтой учраас Эцэгийн мэлмийд үнэтэй хэвээр юм. Бодгалийг алдах нь Бурханд үнэхээр том алдагдал. Бодгалийг алдах нь Түүнд сэтгэлийн том эмзэглэл, уй гашууг авчирдаг. Учир нь нэг ч хүн үхэл мөхлийг үзэхгүй байх нь Түүний хүсэл билээ” хэмээн бичжээ (Jesus the Christ, 3 дахь хэвлэл, [1916], 461).

Лук 15:3–7. Алдагдсан хонь

“Бошиглогч Иосеф Смит (1805–1844) уг сургаалт зүйрлэлийн нэг тайлбар нь ‘зуун хонь нь зуун садукайчууд, фарисайчуудыг төлөөлдөг’ ба тэд Аврагчийн сургаалыг хүлээн авч, дагаагүй болохоор Тэрээр ‘садукайчууд, фарисайчуудын үзэн яддаг байсан цөөн хэдэн хувь хүн буюу нэг ядуу татвар хураагчийг’ олохоор хонины хашаанаасаа гарч явсан явдал юм гэж хэлжээ. Их Эзэн наманчилж, Өөрийг нь хүлээн авах ‘алдагдсан хонийг’ олох үед тэд ‘тэнгэрт баярласан’ (History of the Church, 5:262) юм. Энэ тайлбар нь бидэнд Их Эзэн ‘газар бүрийн бүх хүмүүнд наманчлахыг’ (С ба Г 133:16; мөн Ром 3:23; 1 Иохан 1:8; С ба Г 18:9, 42-ыг үзнэ үү) зарлигласан учраас Аврагчийн үгс фарисайчууд ба хуулийн багш нарт өөрсдийнхөө наманчлах хэрэгцээг олж харахад туслах зэмлэл байсан гэдгийг ойлгоход бидэнд тусалдаг (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 168–169).

Лук 15:11–32. “Үрэлгэн хүү”

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли үрэлгэн хүүгийн сургаалт зүйрлэлийн талаар:

“Би та бүхнээс энэ түүхийг уншихыг хүсэж байна. Эцэг эх бүр үүнийг дахин дахин унших хэрэгтэй. Энэ нь бүх гэр бүлд, бүр бүх хүн төрөлхтөнтэй холбоотой, учир нь бид бүгд наманчилж, Тэнгэрлэг Эцэгийн өршөөл нигүүлслээс хүртэж, Түүнийг үлгэр жишээг дагах шаардлагатай үрэлгэн хөвгүүд, охид биш гэж үү?” хэмээн бидэнд ухуулсан юм (“Of You It Is Required to Forgive,” Ensign, 1991 оны 6-р сар, 5).

Ерөнхийлөгч Хинкли мөн:

“Зарим Сүмийн гишүүн … өвчин, зовлон, ганцаардал, айдсаас болж зовж шаналан, уйлж байдаг. Тэдэнд тусалж, тэднийг өргөж, хэрэв тэд өлсөж байвал хооллож, үнэн ба зөв шударгын төлөө цангаж байвал сүнсийг нь хооллох агуу, чухал үүрэг хариуцлага бидэнд байдаг. …

Нэгэн үе итгэл нь хүчтэй байсан боловч суларч доройтсон хүмүүс байдаг. Тэдний олон нь эргэж ирэхийг хүсдэг боловч яаж гэдгээ мэддэггүй. Тэдэнд өөрсдийнх нь зүг сунгасан нөхөрсөг гар хэрэгтэй. Багахан хичээл зүтгэлийн ачаар тэдний олон нь Их Эзэний ширээн дээр дахин найрлахаар эргэж ирж чадна.

Ах эгч нар минь ээ, бид бүгд … тусламж хэрэгтэй байгаа болон яаралтай шийдвэл зохих хүнд нөхцөлд байгаа хүмүүсийг эрж олон, тэдэнд хайраар хандаж, Сүмд эргэж ирэхийг нь урамшуулан дэмжвэл сайхан сэтгэлт, хайр энэрлээр дүүрэн гишүүд тэдний сэтгэлийг бүлээцүүлж, тайтгаруулан, дэмжин тусалж, аз жаргалтай, үр бүтээлтэй амьдралын замд оруулна гэдэгт би найддаг, үүний төлөө би залбирч байх болно” хэмээн хэлсэн (“Reach with a Rescuing Hand,” Ensign, 1996 оны 11-р сар, 86).