Гэрээр судлах хичээл
Иохан 2–6 (13-р бүлэг)
Гэрээр заах багшид зориулсан бэлтгэх материал
Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм
Суралцагчдыг Иохан 2–6-г (13-р бүлэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмын дараах дүгнэлт нь таны хичээлийн нэг хэсэг болж заагдахад зориулагдаагүй юм. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын зөвхөн цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.
Эхний өдөр (Иохан 2)
Суралцагчид усыг дарс болгосон Аврагчийн хамгийн анхны гайхамшгийн тухай уншиж байхдаа Есүс Христ биет элементүүдийн дээр хүчтэй гэдгийг мэдэж авсан. Тэд мөн Аврагч ээжийгээ хайрлаж, хүндэтгэдэг байсан гэдгийг мэдэж авсан. Тэд Есүсийн ариун сүмийг цэвэршүүлж байгаа түүхийг судалж байхдаа ариун сүм бол Бурханы өргөө гэдгийг мэдэж авсан.
2 дахь өдөр (Иохан 3)
Суралцагчид Аврагчийн Никодемд өгсөн сургаалаас дараах үнэнийг мэдэж авсан. Баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах нь сүнсээр дахин төрж, селестиел хаант улсад өргөмжлөгдөхөд зайлшгүй шаардлагатай. Бүх хүн төрөлхтөн Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан мөнх амьдралыг хүлээн авч чадна. Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүдийг маш их хайрладаг болохоор Цорын Ганц Хүүгээ бидний нүглийн төлөө зовж шаналуулахаар илгээсэн. Хэрэв бид Есүс Христэд итгэж, нүглээ наманчилж, Түүний үгсийг дуулгавартай дагах юм бол Цагаатгалаар дамжуулан мөнх амьдралыг хүлээн авч чадна. Суралцагчид Иохан Баптистын туршлагаас, бид хүмүүсийг Есүс Христ рүү чиглүүлснээр тэдэнд сайнаар нөлөөлж чадна гэдгийг мэдэж авсан.
3 дахь өдөр (Иохан 4)
Суралцагчид Аврагчийн худагны дэргэд байсан эмэгтэйд өгсөн сургаалаас дараах үнэнийг мэдсэн. Тухайлбал: Хэрэв бид Есүс Христэд ирж, Түүний сайн мэдээнээс чин сэтгэлээсээ хүртвэл мөнх амьдралыг хүлээн авах болно. Есүс Христ бидний нүглийг мэддэг бөгөөд тэдгээрийг даван туулахад бидэнд туслахын тулд Өөрийн сайн мэдээг санал болгодог. Хэрэв бид Эцэгийг сүнсэнд бас үнэнд шүтэн бишрэх аваас Тэрээр биднийг Өөрийн Сүнсээр адислах болно. Бид Есүс Христийн тухай гэрчлэлийг олж авснаар үүнийг бусадтай хуваалцах хүслээр дүүрдэг.
4 дэх өдөр (Иохан 5–6)
Суралцагчид Аврагчийн өвчтэй хүнийг эдгээсэн тухай уншиж байхдаа Есүс Христийн хүч, нигүүлслээр дамжуулан бид эрүүл болж чадна гэдгийг мэдэж авсан. Тэд мөн зөвхөн Есүс Христэд ирснээр л мөнх амьдралыг хүлээн авч чадна гэдгийг мэдэж авсан. Суралцагчид Аврагчийн амийн талхны тухай номлолоос Есүс Христэд итгэх чанд гуйвшгүй итгэл маань бидэнд Аврагчийг эсвэл Түүний сургаалуудыг дагахад хэцүү байж болох цаг үед ч итгэлтэй хэвээр үлдэхэд туслах болно гэдгийг мэдсэн.
Оршил
Есүс таван мянга гаруй хурсан олныг ер бусын байдлаар хооллосныхоо маргааш нь Өөрийгөө амийн талх хэмээн заажээ.
Заах зөвлөмж
Иохан 6:22–59
Есүс Өөрийгөө амийн талх хэмээн заав
Бүтэн талх үзүүл. Нэг суралцагчийг Аврагчийн таван мянга гаруй хүнийг таван талх, хоёр загасаар хооллосон түүхийг дүгнэн ярьж өгөхөд урь.
-
Хэрэв та нар энэ гайхамшгийн үеэр тэнд байсан бол мөн Есүс хоолоор хангах гайхамшгийг үйлдэх чадвартай гэдгийг мэдсэн бол ямар бодол төрөх байсан бэ?
Иохан 6:22–25-д Есүсийн ер бусын байдлаар хооллосон хүмүүсийн олонх нь Түүнийг хайн, Капернаум руу явсан тухай цэдэглэсэн байдгийг тайлбарла.
Нэг суралцагчийг Иохан 6:26–27-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс хүмүүст юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.
Иохан 6:26-ийн Иосеф Смитийн Орчуулга нь “Есүс тэдэнд, “Үнэнээр үнэнээр би та нарт хэлнэ, та нар миний үгийг хадгалахыг хүсч, гайхамшгуудыг харсан учраас биш харин талхнаас идэж, дүүргэгдсэн учраас намайг эрэлхийлж байна хэмээн хариулав” гэснийг тайлбарла (Иосеф Смитийн Орчуулга, Иохан 6:26 [Иохан 6:26, зүүлт тайлбар a]). Мөн Иохан 6:27 дахь хоол гэдэг үг нь Библи дээр хоол хүнсийг хэлдгийг тайлбарла. Мах гэдэг үг нь махыг л хэлдэг.
-
Аврагчийн хэлснээр энэ хүмүүс яагаад Түүнийг хайсан бэ? (Аврагчийн үгс тэд Түүнээс илүү их хоол авахын тулд Түүнийг дагасан гэдгийг харуулдаг.)
-
Аврагч тэднийг юуг хайх хэрэгтэй гэж хэлсэн бэ?
“Мөнх аминд хүргэх хоол” (Иохан 6:27) нь Аврагчийн сайн мэдээний мөнхийн үнэнийг хэлж байгааг тайлбарла.
Нэг суралцагчийг Иохан 6:28–31-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, хүмүүс Есүсээс Өөрийгөө Мессиа гэдгийг илүү сайн нотлохын тулд юуг хийхийг хүссэнийг олж мэдэхийг хүс.
-
Хүмүүс Есүсээс өөрсдийнх нь төлөө юу хийж өгөхийг хүссэн бэ? (Манна гэдэг нь “Бурханы Израилийн хүүхдүүдийг цөлд аялж байхад өгсөн “тэнгэрээс тэдэнд идэх талх” [Иохан 6:31] гэдгийг тайлбарла; Египетээс гарсан нь 16:14–15, 35-ыг үзнэ үү.)
Цөөн суралцагчийг Иохан 6:32–35-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг шүлгийг дагаж уншаад, Аврагч хүмүүсийн тэмдэг нэхсэн хүсэлтийн хариуд юу гэж заасныг олж мэдэхийг хүс.
-
Аврагч манна буюу тэнгэрээс ирэх талхыг дурдахдаа Өөрийнхөө тухай юу заасан бэ?
Та суралцагчдад Иохан 6:35 дахь “Би бол амийн талх байна” гэдэг үгсийг тэмдэглэхийг санал болгож болно.
-
Бид ямар ямар арга замаар Аврагчийг болон Түүний сургаалыг талхтай адилтгаж болох вэ?
-
Есүс Христэд ирдэг хүмүүс “хэзээ ч өлсөхгүй” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? (Иохан 6:35). (Тэрээр тэднийг сүнслэгээр тэжээх болно гэдэг нь байж болох нэг хариулт юм.)
-
Бид 35-р шүлэгт буй Аврагчийн сургаалаас ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид Есүс Христэд ирэх аваас Тэрээр биднийг сүнслэгээр тэжээх болно гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ зарчмыг самбар дээр бич.)
Дараах гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич.
|
Бид … -ээр Есүс Христэд ирдэг |
Тэрээр …-ээр биднийг тэжээдэг. |
Суралцагчдыг хос болгон хуваарил. Тэднээс хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ Есүс Христэд ирэхийн тулд бидний хийж болох зарим зүйлийг мөн Түүний биднийг сүнслэгээр тэжээх арга замуудыг жагсааж бичихийг хүс. Цөөн суралцагчийг хариултаа ангийнхантай хуваалцахад урь.
Цөөн суралцагчийг Аврагчид ирснээр хэрхэн сүнслэг тэжээл хүлээн авч байснаа хуваалцахад урих талаар бодож үз.
Суралцагчдыг Аврагчийн заасан өөр нэг зарчмыг олж мэдэхэд бэлтгэхийн тулд цөөн суралцагчийг самбарын өмнө гарч ирэхэд уриад, тэдний хүн нэг бүрд зүсэм талх өг. Тэднийг талх үнэрлээд, энэ нь ямар амттай болохыг төсөөлөхөд урь.
-
Хэрэв та нар зөвхөн талх үнэрлээд, ямар амттай болохыг нь төсөөлөн, өдөржин авч явбал та нарт хэр сайн тэжээл өгөх вэ?
-
Та нар талхны өгдөг бүхий л үр шимийг хүртэхийн тулд юу хийх ёстой вэ?
Цөөн суралцагчийг Иохан 6:49–54-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, суралцагчдын талх үнэртэж, төсөөлсөн туршлага нь эдгээр шүлэгт буй Аврагчийн заасан зүйлстэй хэрхэн холбогдож байгааг олж мэдэхийг хүс.
-
Амийн талх нь ердийн талхнаас хэрхэн өөр байдаг вэ? (Энгийн талх нь биднийг зөвхөн хэсэгхэн хугацаанд л хангаж чаддаг бол Есүс Христ бидэнд мөнхөд үргэлжлэх адислалыг санал болгодог.)
-
53–54-р шүлэгт цэдэглэснээр, Аврагч хүмүүст юу хийхийг заасан бэ?
Аврагч идэх, уух гэдэг үгсийг бэлгэдэл болгон ашигласан гэдгийг тайлбарла. Ангийнханд Аврагчийн сургаалыг ойлгоход нь туслахын тулд сайн дурын суралцагчийг талх идэхэд урь. Дараа нь тэднийг суудалдаа суухад урь.
-
Талх идэх үед талханд болон түүний шим тэжээлд ямар өөрчлөлт гардаг вэ? (Витамин, шим тэжээл нь биеийн нэг хэсэг болж, хүч чадал, эрүүл мэндийг өгдөг.)
-
Есүс Христийн махыг идэж, цусыг уух гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та нар бодож байна вэ? (Энэ нь Түүний сургаал, Цагаатгалыг хэрэгжүүлж, өөрийн болгох гэсэн утгатай байж болно. Энэ нь мөн Аврагчийн хожим нь танилцуулсан ариун ёслолоос хүртэхийг хэлж байж болно.)
-
Иохан 6:54-т цэдэглэснээр, хэрэв бид Есүс Христийн сургаал, Цагаатгалыг хэрэгжүүлж, өөрсдийн болгох юм бол ямар адислал авч чадах вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Хэрэв бид Есүс Христийн сургаал, Цагаатгалыг хэрэгжүүлж, өөрсдийн болгох юм бол мөнх амьдралыг хүлээн авч чадна гэсэн зарчмыг самбар дээр бич.)
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас Есүс Христийн сургаал, Цагаатгалыг хэрэгжүүлж, өөрийн болгож болно гэж хэлсэн арга замуудыг олж мэдэхийг хүс.
“Бурханы Хүүгийн махыг идэж, цусыг уух гэдэг нь нэгдүгээрт түүнийг шууд болон бүрэн утгаар нь, ямар ч эргэлзээгүйгээр Мөнхийн Эцэгийн махан биеэр төрсөн хүүгийн хувьд хүлээн авна гэсэн үг, хоёрдугаарт Сүмд элсэн, эцсээ хүртэл дуулгавартай байж, зөв шударга байдалд тэвчин, сайн мэдээг хүлээн авснаар Хүүгийн зарлигуудыг сахина гэсэн үг юм. Ийм байдлаар түүний махыг идэж, цусыг уусан хүмүүс мөнх амьдралтай болох бөгөөд энэ нь селестиел дэлхийн хамгийн дээд тэнгэрт өргөмжлөгдөнө гэсэн утгатай” (Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973], 1:358).
-
Ахлагч Брүс Р.Макконки Есүс Христийн сургаал, Цагаатгалыг хэрхэн хэрэгжүүлж, өөрийн болгож болох талаар ямар зөвлөгөө өгсөн бэ?
Мөнх амьдрал гэдэг нь Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христтэй үүрд хамт амьдарч, адил болохыг хэлдэг гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Иохан 6:56–57-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, бид Есүс Христийн сургаал, Цагаатгалыг хэрэгжүүлж, өөрсдийн болгосноор хэрхэн Тэдэнтэй адил болж болохыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
Аврагч Өөрийн биеэр бидний дотор оршихгүй, харин Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэй адил болоход бидэнд туслахын тулд тэнгэрлэг нөлөө нь бидэнтэй хамт үлдэх болно гэдгийг тайлбарла.
Есүсийн зарим шавь Түүний сургаалуудыг үгүйсгэж, Түүнийг дагахаа больсон гэдгийг тайлбарлан, Иохан 6:59–66-г нэгтгэн дүгнэ.
Суралцагчдын олж мэдсэн үнэний талаар гэрчлэлээ хуваалц. Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ Аврагчийн Цагаатгалыг эсвэл Түүний сургаалуудын нэгийг хэрхэн илүү сайн хэрэгжүүлж, өөрсдийн болгох зорилго бичихэд урь.
Дараагийн бүлэг (Иохан 7–10)
Дараагийн бүлгээр суралцагчид Есүс Христ садар самуун явдалтай байгаад баригдсан эмэгтэйд хэрхэн хандсаныг мөн түүнийг алахыг хүсэн цугларсан хүмүүсийг тараахын тулд юу гэж хэлснийг олж мэдэх болно гэдгийг хэл. Та суралцагчдаас нүдээ аниад, сохор байвал ямар байхыг төсөөлөхийг хүсэж болно. Дараа нь хараа орж, анх удаагаа харах боломжтой болоход ямар санагдаж болохыг асуу. Суралцагчид зөвхөн бие эрхтний хувьд хараа ороод зогсохгүй, сүнсээрээ хараа орсон тухай мөн Есүс бол Христ, Бурханы Хүү гэдэг гэрчийг хүлээн авсан нэгэн сохор хүний тухай унших болно. Тэд мөн яагаад Аврагч Өөрийгөө Сайн Хоньчин хэмээн нэрлэдгийг мөн Эцэгээсээ ямар хүч хүлээн авсан гэж хэлснийг олж мэдэх болно.