Номын сан
Паулын ефесчүүдэд бичсэн захидлын оршил


Паулын ефесчүүдэд бичсэн захидлын оршил

Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?

“Ефес ном нь бүх дэлхийд, иудей болон харийнхан, нөхөр болон эхнэр, эцэг эх ба хүүхэд, эзэн ба боолд зориулсан захидал юм. Энэ нь Паулын өдрүүдэд Бурханы зорилго бөгөөд хүсэл байсан; бидний үед сүнслэг удирдамжийн дуу хоолой; нийтлэг уриалга ба хэрэглээ байх болно.

“… Үүнд Паулын зарим хамгийн сайн бичвэр байдаг бөгөөд энэ нь үндсэн зарчмууд болон Бурханы сайн мэдээний бүхий л авралын алдар суугийн талаарх баримт бичиг юм” (Брүс Р.Макконки, Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973], 2:489).

Ефесчүүдэд бичсэн захидлыг судлах нь суралцагчдыг дэлхийн зүйлсээс татгалзахад сүнслэгээр нөлөөлж, сүнслэг байдлын хувьд өсөж хөгжин, Сүмийн эв нэгдэл болон гишүүнчлэлд илүү бүрэн дүүрэн хамрагдах талаар мэдэж авахад тусална.

Хэн энэ номыг бичсэн бэ?

Төлөөлөгч Паул энэ захидлыг ефесчүүдэд бичсэн (Ефес 1:1-ийг үзнэ үү).

Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?

Паул Ефес номыг шоронд хоригдож байхдаа бичжээ (Ефес 3:1; 4:1; 6:20-ийг үзнэ үү). Ефес номыг Паул МЭ 60–62 оны үед Ромд анх удаа хоригдож байхдаа бичсэн байх магадлалтай ( Судруудын удирдамж, “Паулын захидлууд,” scriptures.lds.org-оос үзнэ үү). Тухайн үед Паул гэрийн хорионд байсан ч зочид хүлээн авах, сайн мэдээ заах эрх чөлөөтэй байжээ (Үйлс 28:16–31-ийг үзнэ үү).

Энэ номыг хэнд зориулан, юуны учир бичсэн бэ?

Библийн Хаан Жеймсийн хувилбарт Ефес 1:1 Ефес ном нь “Ефест байгаа ариун хүмүүст” хандан бичигдсэн хэмээн өгүүлдэг. Хэдий тийм боловч Ефес номын хамгийн эртний гар бичмэлд “Ефест байгаа” гэсэн үгс байдаггүй. Үүнээс харахад Паул уг номыг яг ефесчүүдэд ч биш, харин Ефес болон бусад хэд хэдэн газарт байсан гэгээнтнүүдэд хандан бичсэн байх магадлалтай юм. Ефес хот бол Паулын гурав дахь номлолын аяны төв газар байсан (Үйлс 19:9–10; 20:31-ийг үзнэ үү) ба тэрээр тэндхийн хүмүүст их хайртай байжээ (Үйлс 20:17, 34–38-ыг үзнэ үү).

Энэ номонд Паул саяхан хөрвөгдсөн (Ефес 1:15-ыг үзнэ үү) харь үндэстэн Сүмийн гишүүдэд хандан бичсэн (Ефес 2:11-ийг үзнэ үү). Тэрээр аль хэдийн гишүүн болсон тэр хүмүүсийн сүнслэг байдал, гэрчлэлийг хөгжүүлэхэд туслахын тулд бичжээ. Түүний гол зорилгууд нь эдгээр хөрвөгчийг Бурханы болон Сүмийн талаарх сүнслэг мэдлэгтээ хөгжих (Ефес 1:15–18; 3:14–19-ийг үзнэ үү); эв нэгдлийг, нэн ялангуяа харь үндэстэн болон иудей гэгээнтнүүдийн хоорондох эв нэгдлийг дэмжих (Ефес 2:11–22; 4:1–16; 5:19–6:9-ийг үзнэ үү); хилэнцтийн хүчийг тэсэн гарахад нь гэгээнтнүүдийг зоригжуулахад (Ефес 4:17–5:18; 6:10–18-ыг үзнэ үү) туслах явдал байв. Ефест буй олон гэгээнтэн мөнх амьдралыг олж авахаар тамгалагдахуйц хангалттай зөв шударга амьдарч байсан (Ефес 1:13; Брүс Р.Макконки, Doctrinal New Testament Commentary, 2:493–494-ийг тус тус үзнэ үү).

Энэ ном ямар ямар онцлог талтай вэ?

Ефес номд урьдчилсан томилолт, цаг хугацааны бүрэн байдлын эрин үе, Амлалтын Ариун Сүнс, бошиглогч, төлөөлөгчдийн ач холбогдол, үнэн бөгөөд нэгдмэл нэг Сүмийн тухай санаа, Сүмийн зохион байгуулалт дахь төрөл бүрийн албад, дуудлага, үйл ажиллагаанууд зэрэг хожмын үеийн гэгээнтнүүдийн сайтар мэддэг олон сургаал, санаа агуулагддаг. Энэ номонд мөн гэр бүлийн тухай судрын өөр хаана ч олдохгүй тийм эрхэм дээд сургаалууд байдаг.

Тойм

Ефес 1:1–4:16 Паул гэгээнтнүүд сайн мэдээг хүлээн авахаар урьдчилан томилогддог, цаг хугацааны бүрэн байдлын эрин үе, Амлалтын Ариун Сүнсээр тамгалагддаг, ач ивээлээр аврагдах, Сүмд буй харь үндэстэн болон иудей гэгээнтнүүдийн эв нэгдэл, нэг Их Эзэн, нэг итгэл, нэг баптисм, Сүмийн зорилго, Есүс Христ гол булангийн чулуу нь бөгөөд бошиглогч, төлөөлөгчдөд суурилсан Сүмийн зохион байгуулалтын талаар бичсэн. Паул цаг хугацааны бүрэн байдлын эрин үед Бурхан Христ дотор бүх зүйлийг цуглуулна хэмээн заасан.

Ефес 4:17–6:24 Паул гэгээнтнүүдийг жинхэнэ сургаалыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхийг урамшуулдаг. Тэр тэднийг хуучин хүнээ (урьдын гэм нүглээ) хойш тавьж, Христээр бий болсон шинэ хүндээ ороход уриалдаг. Тэр эхнэр, нөхөр, хүүхэд, эцэг эх, боол, эздэд болон цуглаануудад зөвлөгөө өгсөн. Тэр гэгээнтнүүдийг “Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсөхийг” уриалдаг (Ефес 6:11).