Номын сан
9-р хичээл: Матай 5:1–16


9-р хичээл

Maтай 5:1–16

Оршил

Maтай 5–7 нь Аврагчийн тохинууллынхаа эхэн үеэр өгсөн номлолыг цэдэглэсэн байдаг. Үүнийг Уулан дээрх номлол гэж нэрлэдэг. Матай 5:1–16 нь аз жаргалд хөтөлдөг зарчмуудын талаарх Аврагчийн сургаалуудыг цэдэглэсэн. Түүнчлэн Аврагч шавь нартаа зөв шударга жишээ үзүүлэхийг зарлиг болгожээ.

Заах зөвлөмж

Maтай 5:1–12

Аврагч ерөөл айлдан, Уулан дээрх номлолоо эхлэв

Самбар дээр дараах асуултуудыг бич: Чи аз жаргалтай байна уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй гэж?

Суралцагчдыг эдгээр асуултад хэрхэн хариулах талаараа тунгаан бодоход (эсвэл хичээлийн дэвтэртээ юм уу судрын тэмдэглэл дээрээ бичихэд) урь (Та суралцагчдад хариултуудаа ангийнхантайгаа хуваалцах хэрэггүй гэдгийг хэлж болох юм.)

Нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг чанга уншихад урь.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Гэр бүлийн сайн сайхан байдал, хангалттай орлого, асуудлын маань төгсгөл нэг үгээр хэлэхэд биднийг аз жаргалтай болгох бүхэн энүүхэнд, булан тойроод л байгаа юм шиг санасаар хамаг амьдралаа өнгөрүүлдэг.

… Гаднах нөхцөл байдлууд тийм ч чухал бус бөгөөд бидний жаргах эсэхэд огт нөлөөлдөггүй юм байна гэдгийг ухаардаг.

… Бид өөрсдийн аз жаргалтай байдлыг шийдвэрлэдэг” (“Харуусал ба шийдвэрүүдийн талаар,” Ensign эсвэл 2012 оны 10 сарын Ерөнхий чуулган, 25).

  • “Бид өөрсдийн аз жаргалтай байдлыг шийдвэрлэдэг” гэдэг үгс нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ? Үүнийг мэдэх нь яагаад чухал вэ?

Аврагч Өөрийн тохинууллыг эхлэх үедээ Галилын тэнгисийн ойролцоо номлосон хэмээн тайлбарла. Энэ номлолыг Матай 5–7-д цэдэглэснээр, Уулан дээрх номлол хэмээн олонтоо нэрлэдэг. Аврагч энэ номлолдоо бид гадаад нөхцөл байдлаасаа үл хамаараад үнэхээр аз жаргалтай байхын тулд юу хийж болохыг тайлбарлажээ.

Суралцагчдыг Maтай 5:3–11-ийг дотроо гүйлгэн уншиж, шүлэг бүрд давтагдсан үгсийг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Нэг суралцагчийг Maтай 5:3, зүүлт тайлбар a-г чанга уншихад урьж, ангийнхнаас ерөөлтэй гэдэг үг ямар утгатай болохыг олж мэдэхийг хүс.

  • Ерөөлтэй гэдэг үг юу гэсэн утгатай вэ?

Ерөөлтэй гэдэг үг нь аз жаргал гэдэг латин үгнээс хөрвүүлэгдсэн бөгөөд азтай эсвээс баяр хөөртэй гэсэн утгатай учир эдгээр шүлгийг ерөөлүүд гэж нэрлэх нь нийтлэг болохыг тайлбарла.

handout iconСуралцагч бүрд дараах хүснэгтийн хуулбарыг өг. Матай 5 дахь ерөөл бүхий шүлгүүдээс гадна уг хүснэгт нь 3 Нифай-аас 2 эшлэл агуулсан байгааг онцлон хэл. Эдгээр эшлэл нь Есүс Христийн нифайчуудын дундах тохинууллын туршид өгсөн номлолын нэг хэсэг бөгөөд энэ нь Уулан дээрх номлолтой төстэй юм. 3 Нифай дахь эшлэлүүд нь холбогдох Матай 5-д буй судрын хэсгүүдийн талаар илүү сайн ойлголт өгдөг.

тараах материал, ерөөлийн үгс

Ерөөлийн үгс

Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—9-р хичээл

Матай 5:3; 3 Нифай 12:3

Сүнсээр ядуу байх гэдэг нь “[бидэнд] Түүний дэмжлэг байнга хэрэгтэй байдгийг ойлгоход буюу Их Эзэнд хамааралтай гэдгээ мэдэхэд оршдог юм. Даруу байдал гэдэг нь [бидний] авьяас билэг хийгээд ур чадварыг Бурханаас ирсэн бэлэг гэж ойлгож ухаарах явдал юм” (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004], 83).

Maтай 5:4

Гашуудах гэдэг нь шаналал мэдрэхийг эсвэл түүнийг харуулахыг хэлдэг. Хүн зуурдын амьдралын саад бэрхшээлээс болж юм уу хайртай хүн нь нас эцэслэснээс болж гашуудаж байж болно. Үүнтэй адил, хүн нүглийн шаналлаас болж гашуудаж бас болно.

Матай 5:5

“Webster-ийн толь бичигт номхон даруу байна гэдгийг ‘тэсвэр тэвчээртэй, өс санахгүйгээр тэвчин өнгөрөөх’ хэмээн тайлбарлажээ [Webster’s Third New International Dictionary (1976) ‘meek,’ 1403]. Номхон даруу байна гэдэг нь сул дорой байна гэсэн үг биш юм. Энэ нь Христэд итгэгчийн эр зоригийн илрэл мөн” (Робэрт Д.Хэйлс, “Христэд итгэгчийн зориг: Шавь нь байхын үнэ цэнэ,” Ensign эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82).

Матай 5:6; 3 Нифай 12:6

Зөв шударга байдлын төлөө өлсөж цангах гэдэг нь Бурханы хүслийг мэдэж, хийх агуу хүсэлтэй байхыг хэлдэг.

Матай 5:7

“Нигүүлсэл нь хүнд байвал зохихоос илүүгээр өрөвч нинжин сэтгэлээр хандахыг хэлдэг” (“Mercy,” Gospel Topics, lds.org/topics). Бид Есүс Христийн Цагаатгалын улмаас Тэнгэрлэг Эцэгийн нигүүлслийг хүлээн авах боломжтой юм (Aлмa 33:11-ийг үзнэ үү).

Maтай 5:8

“Зүрх сэтгэлдээ цэвэр ариун хүмүүс нь Их Эзэнийг хайрладаг, Түүнийг дагахыг эрэлхийлдэг мөн Түүний зарлигуудыг дагадаг, журамт амьдралаар амьдрахыг хичээн мөн эцсээ хүртэл үнэнч туулдаг хүмүүс юм. Зүрх сэтгэлдээ цэвэр ариун хүмүүс нь ёс суртахуунгүй мөрөөдөл, үйлсээс өөрсдийгөө хол байлгахаар өөрсдийн бодлыг хянадаг хүмүүс юм” (Шэлдон Ф.Чайлд, “Words of Jesus: Chastity,” Ensign, 2003 оны 1-р сар, 44).

Maтай 5:9

“[Амар тайвныг тогтоогч] гэдэг нь хүмүүс ялгаатай талыг нь олж хараад байдаг бол нийтлэг зүйлийг нь олоход тэдэнд туслах бэлэг юм” (Хэнри Б.Айринг, “Санваарт суралцахуй,” Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 67).

Матай 5:10–12

“Зөв байдлын төлөө хавчигдах” гэдэг нь Есүс Христийг болон Түүний сургаалуудыг дагаж мөн хамгаалахад бэлэн байхыг, бүр бид тийн үйлдсэнээрээ шоглуулж мөн буруутгагдахыг хэлдэг.

Суралцагчдыг найман бүлэгт хуваарилж, бүлэг бүрд хүснэгтэд жагсаасан ерөөлүүдээс нэгийг оноо (танд найман бүлэг болгох хангалттай тооны суралцагч байхгүй бол нэг бүлэгт нэгээс илүү ерөөл оноож болно). Суралцагчдыг өөрсдөд нь оноосон ерөөл[үүд]ийн талаар богино танилцуулга бэлтгэхэд урь. Тэд дараах үйл ажиллагааг өөрсдийн танилцуулгад багтаах ёстой (та самбар дээр эдгээр зааврыг бичиж эсвэл лавлаж үзэхэд зориулан тараах материалыг хийж өгч болно). Тухайлбал:

  1. Шүлгүүдийг чанга уншихыг нэг суралцагчаас хүс мөн тэрхүү ерөөлийн дагуу амьдарснаар бидэнд амлагдсан адислалыг олж тогтооход урь.

  2. Хүснэгтэн дэх шүлэг, мэдээллийг ашиглан, тэрхүү амлагдсан адислалыг хүлээн авахын тулд бид юу хийх ёстойг тайлбарла.

  3. Энэ ерөөлийн дагуу бидний амьдарч чадах тодорхой арга замуудыг санал болгоход ангийнхныг урь.

  4. Энэ ерөөлийн дагуу амьдрах нь бидэнд хэрхэн аз жаргал авчирч болохыг тайлбарла. Та заасан үнэнийг тань харуулах туршлагаа мөн уг үнэний талаарх гэрчлэлээ хуваалцахыг хүсэж болох юм.

Хангалттай хугацаа өнгөрсний дараа бүлэг бүрийг өөрсдөд нь хуваарилагдсан ерөөлийг ангийнхандаа танилцуулахад урь.

Суралцагчдыг танилцуулгаа хийж дууссаны дараа ерөөлүүд нь Есүс Христийн шинж чанаруудын талаар зааж байгааг мөн бид тэдгээрийн дагуу амьдарснаар Түүнтэй илүү адил болж чадахыг онцлон хэл.

  • Maтай 5-аас сурсан зүйл дээрээ үндэслэхэд, бид эдгээр болон өөр бусад Христийн шинж чанарыг хөгжүүлэх юм бол бидэнд юу тохиолдох вэ? (Tэд өөр өөрөөр хэлж болох ч суралцагчид Бид Христийнхтэй адил шинж чанаруудыг хөгжүүлэх явцдаа аз жаргалыг илүү их эдлэх болно гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ зарчмыг самбар дээр бич.)

Энэ зарчмын талаарх гэрчлэлээ хуваалцах талаар бодож үз. Хичээлийн эхэнд тунгаан бодсон аз жаргалын талаарх асуултуудыг суралцагчдад сануул. Ерөөлүүдэд жагсаасан шинж чанаруудын нэгийг сонгосноор мөн тэр шинж чанарыг хөгжүүлэх зорилго тавьснаар илүү их аз жаргал эрэлхийлэхэд суралцагчдыг урь.

Матай 5:13–16

Есүс Христ шавь нартаа зөв шударга жишээ үзүүлэхийг зааварчлав

Тэнгэрлэг Эцэгт илүү их ойртсоноор адислал хүртэх боломжтой байж болох, өөрсдийн мэддэг хэн нэгний талаар, гэр бүлийн гишүүн эсвэл нэг найзынхаа талаар бодохыг суралцагчдаас хүс. Maтай 5-аас үргэлжлүүлэн суралцах явцдаа уг хүнд туслахаар хичээхэд нь тэдэнд тусалж болох зарчмуудыг олж мэдэхэд суралцагчдыг урь.

Савтай давс үзүүлэн, нэг саванд жаахныг хий.

  • Давс ямар арга замаар ашиг тустай байж болох вэ?

Нэг суралцагчийг Далын ахлагч Карлос И.Эсэйгийн дараах мэдэгдлийг чанга уншихад урь. Ангийнхныг давс хэрэглэж болох арга замуудын заримыг сонсохыг хүс.

Ахлагч Карлос И.Эсэй

[Сайн давс] … нь цэвэр, бохирдоогүй мөн ашиг тустай. Энэ нөхцөл байдалд давс нь хадгалж, амталж, эдгээж мөн өөр бусад тустай зүйлсэд хэрэглэгддэг” (“Salt of the Earth: Savor of Men and Saviors of Men,” Ensign, 1980 оны 5-р сар, 42).

Суралцагчдыг Maтай 5:13-ыг дотроо уншиж, Аврагч хэнийг давстай адилтгасныг олж мэдэхэд урь.

  • Аврагч хэнийг давстай адилтгасан бэ? (Өөрийн шавь нарыг)

  • Есүс Христийн шавь нар давстай адил шинж чанаруудыг ямар ямар арга замаар харуулдаг вэ?

  • 13-р шүлэгт цэдэглэснээр, давс амтаа алдах үед юу болдог вэ?

Амт гэдэг үг нь давсны амтыг төдийгүй үүний эдгээж, хадгалах онцгой чанаруудыг хэлдэг.

  • Давс юунаас болж амтаа алддаг вэ? (Давс өөр бодистой холилдож, бохирдох үедээ амтаа алддаг.)

Шороо гэх мэт өөр бодисыг сав руу хий мөн давсыг бусад бодистой хольж хутга.

  • Давсыг өөр бодистой хольсон үед давсны ашиг тус хэрхэн өөрчлөгддөг вэ?

  • Есүс Христийн шавь нарын хувьд, биднийг бусдад адислал болоход хүргэдэг Христийнхтэй адил шинж чанаруудаа буюу амтаа алдахад юу хүргэж болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч тэд Дэлхийн нүглээр бохирдох нь бусдад адислал болоход маань бидэнд саад болдог гэсэн зарчмыг тодорхойлж байгаа эсэхийг бататга. Энэ зарчмыг самбар дээр бич.)

  • Бид амтаа дахин олж авч эсвэл хадгалахын тулд юу хийж чадах вэ?

Нэг лаа үзүүл (лааг асааж болохгүй). Нэг суралцагчийг Матай 5:14–16-г чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Аврагч Өөрийн шавь нарыг хэрхэн лаатай харьцуулсныг олж мэдэхийг хүс.

  • Христийн шавь нараас өөрсдөдөө буй гэрлийг яахыг хүссэн бэ?

  • Гэрлээ гэрэлтүүлэх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (3 Нифай 18:24-ийг үзнэ үү.)

  • Бидний сайн үйлс бусдыг юу хийхэд хөтлөх вэ?

“Тэнгэр дэх Эцэгийг алдаршуулах” (16-р шүлэг) гэдэг үгс нь өөрсдийн үг, үйлдлээр дамжуулан Бурханыг хүндэтгэн, магтах гэсэн утгатай байж бас болно гэдгийг тайлбарла.

  • Бидний зөв шударга жишээ бусдад хэрхэн нөлөөлдөг талаар 14–16-р шүлгээс ямар зарчим сурч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бидний зөв шударга жишээ бусдыг Тэнгэрлэг Эцэгт илүү ойртоход урамшуулж чадна гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ зарчмыг самбар дээр бич.)

  • Та нарын Тэнгэрлэг Эцэгт ойртоход тусалсан зөв шударга жишээг хэн нэгэн хэзээ үзүүлсэн бэ?

Гэр бүлдээ болон найзууддаа илүү сайн үлгэр жишээ үзүүлэхийн тулд тэд юу хийж чадах талаар тунгаан бодоход суралцагчдыг урамшуулан дэмж.

Энэ хичээлээр олж тогтоон, самбар дээр бичсэн зарчмуудыг давтан үз. Самбар дээр эхэл, зогс ба үргэлжлүүл гэдэг үгсийг бич. Суралцагчдыг өөрсдийн амьдралыг хянаж, эдгээр зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд хийж эхэлж болох нэг зүйлийг мөн хийхээ болих өөр нэг зүйлийг түүнчлэн үргэлжлүүлэн хийж болох бас нэг зүйлийг сонгоход урь.

төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Матай 5:14–16

Жилийн туршид суралцагчид Матай 5:14–16-г оруулан, 25 төгс эзэмших судрын шүлэгт анхаарлаа хандуулах болно гэдгийг тайлбарла. Эдгээр шүлэг нь сайн мэдээний үндсэн сургаалуудыг ойлгож мөн тайлбарлахад тэдэнд туслах болно. 25 төгс эзэмших судрыг Шинэ Гэрээний семинарын номын хавчуурганы ар талд жагсаасан байгаа. Судрын шүлгүүдийг “төгс эзэмших” гэдэг нь тэдгээрийг олж, ойлгож, хэрэгжүүлж чаддагийг мөн чээжилсэн байхыг хэлдэг гэдгийг тайлбарла.

Энэ шүлгийг чээжлэхэд туслахын тулд тэдгээрийг дотроо хэд хэд чээжээр давтан хэлээд, дараа нь ангийнхандаа чанга хэлэхэд суралцагчдыг урь. Дараа долоо хоногийн турш хичээлийн эхэнд юм уу төгсгөлд энэ шүлгийг чээжээр чанга хэлэхийг ангийнхнаас хүсэж болох юм.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Maтай 5:1–12. “Ерөөлүүд”

Та ерөөлүүдийн талаар илүү гүнзгий судлахын тулд Далын ахлагч Робэрт И.Вэллсийн “The Beatitudes: Pattern for Coming unto Christ” өгүүллийг уншиж болно (Ensign, 1987 оны 12-р сар, 8–11).

Maтай 5:1–12. “Адислагдсан”

Ерөнхийлөгч Харолд Б.Лий Матай 5:1–12 дахь Аврагчийн сургаалын талаар заахдаа:

“Христийн шашинтнуудын дунд Эзэний эдгээр тунхаглалыг ерөөлүүд гэдэг бөгөөд Библийг тайлбарлагчид эдгээрийг тэнгэрийн хаант улсад ороход чухал шаардлагатай бэлтгэл гэж үзсээр иржээ. Энэ ярилцлагын зорилготой холбоотойгоор, би тэдгээрийн талаар та бидэнд хамаардгаас илүүг яримаар байна. Тэдгээр нь үнэндээ ТӨГС АМЬДРАЛЫН ҮНДСЭН ДҮРЭМ юм” гэжээ (Decisions for Successful Living [1973], 56–57).