Номын сан
Гэгээн Лукийн цэдэглэсэн сайн мэдээний оршил


Гэгээн Лукийн цэдэглэсэн сайн мэдээний оршил

Энэ номыг яагаад судлах хэрэгтэй вэ?

Лукийн ном нь Матай, Маркийн цэдэглэсэн олон үнэнийг нэмэлт гэрчээр хангадаг ба өвөрмөц агуулгатай байдаг. Лукийн сайн мэдээ суралцагчдын Есүс Христийн сургаалын тухай ойлголтыг гүнзгийрүүлж, Түүний мөнх бус тохинууллынхаа үеэр мөн хязгааргүй Цагаатгалаараа дамжуулан үзүүлсэн бүх хүн төрөлхтний төлөөх хайр, нинжин сэтгэлд илүү бүрэн дүүрэн талархахад тэдэнд тусалдаг.

Энэ номыг хэн бичсэн бэ?

Лук энэ сайн мэдээний бичигч юм. Тэр эмч (Колоссай 4:14) мөн “Есүс Христийн элч” байсан (Иосеф Смитийн Орчуулга, Лук 1:1 [Лук 1:1, зүүлт тайлбар a]). Лук бол Паулын “хамтран зүтгэгч” (Филемон 1:24) ба Паулын номлолын хамтрагч байсан (2 Тимот 4:11-ийг үзнэ үү). Лук мөн Үйлс номыг бичжээ (Судруудын удирдамж, “Лук”-ийг үзнэ үү).

Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?

Лук яг хэзээ энэ номыг бичсэн нь тодорхой биш байдаг ч МЭ-ий нэгдүгээр зууны сүүлийн хагаст бичигдсэн байх магадлалтай бөгөөд Лук номын эх сурвалж нь Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинуулал, Амилалтыг “анхнаас нь нүдээр гэрчлэгчид” (Лук 1:2) байсан юм. Бид Лукийн сайн мэдээг хаана бичсэнийг мэдэхгүй.

Энэ нь хэнд зориулагдаж, юуны учир бичигдсэн бэ?

Лук сайн мэдээгээ харийнханд голчлон уншуулахыг зорьжээ. Мөн тэрээр Есүс Христ бол иудейчүүд, харийнхны аль алиных нь Аврагч гэдгийг харуулсан. Лук сайн мэдээгээ ялангуяа “Теофилд” (Лук 1:3) хандан бичсэн. Теофил гэдэг нь грекээр “Бурханы найз” эсвэл “Бурханы хайрт нэгэн” гэсэн утгатай (Bible Dictionary, “Theophilus”-ийг үзнэ үү). Теофил өмнө нь бас Есүс Христийн амьдрал, сургаалын талаар заавар хүлээн авч байсан нь илэрхий байдаг (Лук 1:4-ийг үзнэ үү). Лук Аврагчийн номлол, тохинууллын дэс дараалалтай түүхийг санал болгосноор илүү нэмэлт заавар өгөхөөр найдаж байв. Тэрээр өөрийнх нь гэрчлэлийг унших хүмүүст “Бурханы Хүү, Түүний өрөвч нигүүлсэнгүй сэтгэл, Цагаатгал, Амилалтын “гарцаагүй үнэнийг … таниулахыг” (Лук 1:4) хүсжээ.

Энэ ном ямар ямар онцлог талтай вэ?

Лук бол дөрвөн сайн мэдээний хамгийн урт нь бөгөөд Шинэ Гэрээн дэх хамгийн урт ном юм. Сайн мэдээг тунхаглагчдын хамгийн алдартай түүхүүдийн зарим нь Лукийн сайн мэдээнд байдгаараа онцлогтой. Тухайлбал: Иохан Баптистын төрөлтийн нөхцөл байдлууд (Лук 1:5–25, 57–80-ыг үзнэ үү); Христийн төрөлтийн түүх (Лук 2:1–20-ийг үзнэ үү); Ариун сүм доторх 12 настай Есүсийн түүх (Лук 2:41–52-ыг үзнэ үү); сайн самари хүний сургаалт зүйрлэл (Лук 10:30–37-г үзнэ үү), үрэлгэн хүү (Лук 15:11–32-ыг үзнэ үү), баян хүү, Лазар хоёр (Лук 16:19–31-ийг үзнэ үү); 10 уяман өвчтэй хүний түүх зэрэг сургаалт зүйрлэлүүд (Лук 17:11–19-ийг үзнэ үү); Еммау хүрэх зам дээр шавь нарынхаа дэргэд алхаж буй амилсан Их Эзэний түүх (Лук 24:13–32-ыг үзнэ үү).

Бусад онцлог тал нь гэвэл, Лукийн багтаасан Иохан Баптистын сургаал бусад сайн мэдээнд байдаггүй (Лук 3:10–14-ийг үзнэ үү); Есүс Христийн залбирал бүхий байдлыг онцолсон (Лук 3:21; 5:16; 9:18, 28–29; 11:1-ийг үзнэ үү); Далын дуудлага, бэлтгэл, номлолын ажлын талаар өгүүлсэн зэрэг юм (Лук 10:1–22-ыг үзнэ үү). Түүгээр ч үл барам, Лук бол Аврагчийг Гетсеманид цусаа урсгасан гэдгийг мөн тэнгэр элч Түүнд тохинуулсан гэдгийг цэдэглэсэн цорын ганц сайн мэдээний бичээч билээ (Лук 22:43–44-ийг үзнэ үү).

Лукийн сайн мэдээ ариун сүмд эхэлж мөн дуусдаг учраас Бурханы хүн төрөлхтөнтэй гэрээ зөвшилцөл хийдэг чухал газрынх нь хувьд ариун сүмийн ач холбогдлыг онцолдог (Лук 1:9; 24:53-ыг үзнэ үү).

Тойм

Лук 1–3-т Иохан Баптист, Есүс Христ хоёрын төрөлт, номлолын талаар урьдчилан зөгнөжээ. Гэрчүүд нялх Есүс бол Мессиа гэдгийг гэрчилсэн. Есүс Христ 12 настайдаа ариун сүмд заав. Иохан Баптист наманчлалыг тунхаглаж, Есүс Христэд баптисм хүртээжээ. Лук Есүс Христийн удмын бичгийг цэдэглэсэн.

Лук 4–8-д Есүс Христ цөлд уруу татагдав. Тэрээр Назарт байхдаа Өөрийгөө Мессиа гэдгийг тунхаглаж, хүмүүс Түүнийг эсэргүүцжээ. Есүс Христ арванхоёр төлөөлөгчийг сонгож, шавь нартаа заав. Тэрээр нүглүүдийг уучилж, олон гайхамшиг үйлджээ.

Лук 9–14-т арванхоёр төлөөлөгчийг номлож, бусдыг эдгээлгэхээр илгээжээ. Есүс Христ таван мянган хүнийг хооллож, уулан дээр хувирсан юм. Тэрээр Далыг дуудаж, тэднийг бусдад заалгуулахын тулд илгээв. Есүс Христ шавь байх, хоёр нүүр гаргах ба шүүлтийн тухай заажээ. Тэрээр сайн самари хүний сургаалт зүйрлэлийг хэлэв.

Лук 15–17-д Есүс Христ сургаалт зүйрлэлүүдээр заажээ. Тэрээр гомдол, итгэл, уучлалын талаар заав. Тэрээр арван уяман өвчтэй хүнийг эдгээж, Өөрийнхөө Хоёр дахь ирэлтийн талаар заасан юм.

Лук 18–22-т Есүс Христ сургаалт зүйрлэлээр үргэлжлүүлэн заав. Тэрээр сохор хүнийг эдгээж, Закхайд заажээ. Тэр Иерусалим руу ялгуусан байдалтай орж, хотын төлөө уйлж, ариун сүмийг цэвэрлэв. Есүс Христ Иерусалимын устгалыг урьдчилан хэлж, Өөрийнх нь Хоёр дахь ирэлтийн өмнө ирэх тэмдгүүдийг хэлсэн байна. Тэрээр ариун ёслолыг танилцуулж, төлөөлөгчдөдөө зааж, Гетсеманид зовж шаналав. Түүнээс урваж мөн Түүнийг баривчлан, доог тохуу хийж, зодож, байцаажээ.

Лук 23–24-т Есүс Христ Пилат, Херод хоёрын өмнө шүүгдэж, цовдлогдон, булшлагдав. Булшин дээрх тэнгэр элчүүд ба Еммау хүрэх зам дээрх хоёр шавь Есүс Христийг амилсан гэдгийг гэрчилжээ. Аврагч Иерусалимд шавь нартаа үзэгдэн, Өөрийнх нь төлөөлөгчид Бурханы хүчийг хүлээн авах болно гэдгийг амлаж, тэнгэр рүү дээшлэн одов.