Номын сан
1-р хичээл: Шинэ Гэрээний оршил


1-р хичээл

Шинэ Гэрээний оршил

Оршил

Шинэ Гэрээ нь гол төлөв Есүс Христийн мөнх бус амьдрал, сургаал, Цагаатгал ба Түүний Сүмийн үүсгэн байгуулагдсан болон тэнгэр өөд авагдсаныхаа дараа хэрхэн эртний шавь нараа үргэлжлүүлэн удирдан залж байсан талаар мөн тэдний тохинууллын талаар өгүүлсэн цэдэг юм. Энэ хичээл нь Аврагчийн Над руу ир хэмээн олонтоо давтан урьсан урилга мөн бусдад үүний адил үйлдэхэд нь туслах шавь нарынх нь үүрэг хариуцлага гэсэн Есүс Христийн болон Түүний эртний төлөөлөгчдийн сургаалд буй хоёр гол сэдвийг танилцуулах замаар суралцагчдыг Шинэ Гэрээнээс суралцахад бэлтгэн, урамшуулах зорилготой.

Заах зөвлөмж

Шинэ Гэрээ биднийг Христэд ирэхэд тусалдаг

Хичээл эхлэхээс өмнө Бидний энэ үед өсвөр үеийнхэнд ямар ямар хүнд дарамт байна вэ? гэсэн асуултыг самбар дээр бич.

Хоосон хайрцаг эсвэл үүргэвч, дотор нь хийх том чулуу, ном гэх мэт хүнд зүйлсийн хамт ангид авчир. Нэг суралцагчийг ангийн өмнө гарч ирэхэд уриад, түүнээс хоосон хайрцгийг барихыг эсвэл хоосон үүргэвчийг үүрэхийг хүс. Ангийнхнаас самбар дээрх асуултад хариулахыг хүсээд, харин өөр нэгэн суралцагчаас тэдний хариултыг самбар дээр бичихийг хүс. Хариулах тоолонд, хүнд зүйлсээс хайрцгийг эсвэл үүргэвчийг дүүртэл хийгээд бай.

  • Хэрэв та өдрийн туршид ийм хүнд ачааг тээж явах болбол танд ямар санагдах байсан бэ?

Самбар дээр жагсаан бичсэн зарим дарамт хэн нэгэнд сорилт, бэрхшээл учруулж болзошгүйг тайлбарлахыг суралцагчдаас хүс.

Шинэ Гэрээ нь Есүс Христийн мөнх бус болон Амилалтын дараах үеийн тохинууллын, тухайлбал Түүний сургаал, гайхамшиг, цагаатгагч золиослол, эртний сүмийн шавь нар дээрээ айлчлан ирсэн зэргийн тухай бидэнд заадаг болохыг тайлбарла. Түүний сургаалд болон бусадтай харьцах харьцаанд тээж явдаг ачаагаа хөнгөлөхөд маань бидэнд туслах үнэнүүд олон давтагдсан байдаг.

Энэ жил Шинэ Гэрээнээс суралцаж байхдаа олонтоо олж харах энэхүү гол сэдвийн жишээ Матай 11-р бүлэгт өгөгдсөн байдгийг суралцагчдад тайлбарла. Нэг суралцагчийг Матай 11:28-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншихыг мөн хүнд дарамт үүрсэн хүмүүст хандсан Аврагчийн урилгыг олж мэдэхийг хүс.

  • Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ?

  • Түүний амралтыг авахын тулд бид юу хийх ёстой хэмээн Аврагч хэлсэн бэ? (Суралцагчдын хариултыг ашиглан дараах зарчмыг самбар дээр бич: Бид ачаа дарамтаа үүрэн, Есүс Христ дээр ирэх юм бол Тэр бидэнд амралт өгөх болно.)

  • Есүс Христэд ирэх гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдад Христэд ирэх гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Maтай 11:29–30-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншихыг мөн Түүн рүү ирэхийг хүссэн хүмүүст зориулсан Аврагчийн зааврыг олж мэдэхийг хүс.

  • Энэ шүлгүүдэд цэдэглэснээр, бид Есүс Христэд ирэхийн тулд юу хийх ёстой вэ?

Самбар дээр шарын буулганы зургийг зур эсвэл зургийг үзүүл.

Модон буулга

Буулга нь ихэвчлэн хос шар юм уу өөр хос малыг хооронд нь холбосноор тэдэнд ачаа чирэх боломж олгодог модон тэгнээ болохыг тайлбарла.

  • Буулганы ашиг тус, зориулалт нь юу вэ? (Хэдийгээр буулга нь ачаа, дарамт болдог ч гэсэн хоёр амьтны хүч чадлыг нэгтгэн, ажлын бүтээмжийг сайжруулдаг байна.)

  • Аврагчийн буулгыг өөр дээрээ авна гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын дараах мэдэгдлийг чанга уншихад урь. Бид Аврагчийн буулгыг хэрхэн өөрсөд дээрээ авах, ингэснээр хэрхэн адислагдаж болох талаар олж сонсохыг ангийнхнаас хүс.

Ахлагч Дэвид А.Бэднар

“Хос малыг хамт зүтгүүлж, ачаа чирүүлэх боломжтой болгохын тулд буулгыг тэдний чээжинд угладаг.

“‘Буулгыг минь өөр дээрээ ав’ хэмээн хүн бүрд өгсөн Их Эзэний ер бусын урилгыг бодож үзнэ үү. Ариун гэрээнүүдийг хийж, сахих нь биднийг Их Эзэн Есүс Христтэй нэг болгон нэгтгэдэг билээ. Чухамдаа бидний хамгийн сайн хүчин чармайлт Аврагчийнхтай эн зэрэгцэхгүй бөгөөд харьцуулах аргагүй ч Тэр биднийг Өөрт нь найдлага тавихад болон Өөртэйгөө хамт хөдөлмөрлөхөд урьдаг. Бид мөнх бус аяллынхаа үедээ Түүнд итгэж, Түүнтэй хамт ачаагаа үүрсэн үед Түүний буулга үнэхээр амархан, ачаа нь хөнгөн байдаг.

“Бид ганцаархнаа биш бас хэзээ ч ганцаардахгүй. Бид өдөр тутмын амьдралдаа тэнгэрлэг тусламж авч, урагш тэмүүлж чадна. Аврагчийн Цагаатгалын тусламжтайгаар [бид] ‘өөрсдөө олж авч чадахаас хавьгүй илүү’ чадвар, хүч чадлыг хүлээн авч чадна (‘Lord, I Would Follow Thee,’ Hymns, д. 220)” (“Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд,” Ensign, 2014 оны 5-р сар, 88 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 106).

  • Юу биднийг Аврагч Есүс Христтэй буулганд оруулдаг вэ?

  • Ахлагч Бэднарийн хэлснээр, бид Аврагчийн буулганд орсноор ямар адислал хүлээн авах вэ?

Матай 11:28–29 дээрх Аврагчийн “амралтын” амлалт нь Тэр бидний асуудал эсвэл саад бэрхшээлийг байнга шийдвэрлэж өгнө гэсэн утгатай биш болохыг онцол. Ихэвчлэн Аврагч бидэнд бэрхшээлээ даван туулж, тэсвэрлэн гарахад хэрэгтэй амар амгалан, хүч чадлыг өгснөөр бидний ачааг хөнгөлөх болно. Хэрэв бид мөнх бус амьдралын саад бэрхшээлүүдийг итгэлээр даван туулах юм бол Бурхантай мөнхөд хамт байх эцсийн амралтыг олж авах болно (С ба Г 84:23–24-ийг үзнэ үү).

Аврагчид ирэх үед Тэрээр хэрхэн тэдэнд амралт өгч байсан талаар тунгаан бодохыг суралцагчдаас хүс. Өөрсдийн туршлагаас ангийнхантайгаа хуваалцахад цөөн суралцагчийг урь. Та өөрийнхөө туршлагаас хуваалцах талаар бодож үз.

Энэ жилийн туршид Шинэ Гэрээнээс суралцангаа Есүс Христэд ирж болох арга замын талаар тодорхой зорилго тавихад суралцагчдыг урь. Энэ жил өдөр тутам судруудыг судлан, Шинэ Гэрээг бүхэлд нь уншиж дуусгах төлөвлөгөөг зорилгодоо оруулахад тэднийг урамшуулан дэмж.

Есүс Христийн шавь нар бусдыг Түүн дээр ирэхэд нь туслах үүрэг хариуцлага хүлээдэг.

Суралцагчдаас өөрийн туршлагыг эсвэл харсан, уншсан, сонссон ямар нэгэн зүйлээ хэн нэгэнд хэлэхийн хүслэн болж явсан амьдралынхаа тэр үеийг бодохыг хүс. Цөөн суралцагчийг хэн нэгэнд хэлэхсэн гэж бодож явсан тэр зүйлээ хуваалцахад урь.

Шинэ Гэрээнд Их Эзэнээр хүчирхэгжин, заалгаж, адислагдсаныхаа дараа, Түүний талаар бусдад хэлэх хүсэл төрсөн хувь хүний олон жишээ байдаг. Хэд хэдэн суралцагчийг Иохан 1:37–42-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Есүсийн тухай түүний гэрчлэлийг сонсож, Иохан Баптистын хоёр шавь юу хийсэн тухай олж мэдэхийг хүс.

  • Андрей Есүстэй ярилцсанаар Түүний тухай юу олж мэдсэн бэ?

  • Есүс Мессиа байсныг олж мэдсэнийхээ дараа Андрей юу хийсэн бэ?

  • Тэр яагаад өөрийн ах Симон Петртэй энэ мэдээг хуваалцахыг ихэд хүссэн гэж та нар бодож байна?

Аврагч, Филип нэртэй хүнийг Өөрийн шавь болоход урьсан тухай суралцагчдад хэлээд, Иохан 1:43–44-ийг хураангуйлан дүгнэ. Нэг суралцагчийг Иохан 1:45–46-г чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншихыг мөн Есүс бол Мессиа байсныг олж мэдсэнийхээ дараа Филип юу хийснийг олж мэдэхийг хүс.

  • Филип Назарын Есүсийн тухай Натанаелд юу гэж хэлсэн бэ?

  • Есүс Мессиа байсан гэсэн Филипийн гэрчлэлд Натанаел хэрхэн хариулсан бэ?

  • Натанаелд хэлсэн Филипийн урилга юу байсан бэ?

Дараах бүрэн бус мэдэгдлийг самбар дээр бич: Бид Есүс Христэд ирснээр,

  • Шинэ Гэрээний эдгээр жишээн дээр үндэслэхэд, бид Есүс Христэд ирснээрээ ямар хүсэлтэй болох вэ? (Суралцагчдыг хариулж байх үед самбар дээрх мэдэгдлийг дараах зарчмыг тусгасан байхаар гүйцээж бич: Бид Есүс Христэд ирснээр бусдыг Түүнд урих илүү их хүсэлтэй болно.)

Суралцагчдад энэ зарчмыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд дараах дагалдах схемийг самбар дээр зур:

нэг сумтай схем
  • Яагаад бид өөрсдөө Христэд ирснээрээ бусдыг Христэд ирэхэд урих илүү их хүсэлтэй болдог гэж та нар бодож байна вэ?

Тэргүүн Зөвлөлийн гишүүн, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг бид бусдыг Христэд ирэхэд урьснаараа агуу их адислагдана гэж заасан. Нэг суралцагчийг дараах мэдэгдлийг чанга уншихад урь:

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Бусдыг зүрх сэтгэлээсээ Есүс Христэд ирэхийг урихад, таны зүрх сэтгэл өөрчлөгдөнө. … Та Христэд ирэхэд нь бусдад тусалснаар өөрөө Христэд ирснээ мэдэх болно” (“Come unto Christ,” Ensign, 2008 оны 3-р сар, 49).

  • Бусдыг Есүс Христэд ирэхэд урьснаар бидний амьдралд юу тохиолдож болох вэ?

Дагалдах схемтэй адилхан харагдуулахын тулд самбар дээрх зурган дээр нэг сум нэмж зур.

хоёр сумтай схем
  • Христэд ирэхэд бусдыг урих нь хэрхэн биднийг Түүнтэй илүү их ойртоход тусалдаг гэж та нар бодож байна вэ?

  • Хэн таныг Аврагчид болон Түүний сургаалд ирэхэд урьсан бэ? Үүний үр дүнд таны амьдрал хэрхэн адислагдсан бэ?

Есүс Христэд ирэхэд хэнийг урьж болох талаар залбирч бодоход суралцагчдыг урамшуул.

  • Бид бусдыг Христэд ирэхэд урихын тулд юу хийж болох вэ?

Суралцагчид найз нөхөд, ангийнхнаа семинарт явахад урих нь хэн нэгнийг Есүс Христ гэж хэн болох, Түүний сайн мэдээ амьдралыг нь хэрхэн адислахыг “ирж, харахад” урих нэг арга зам гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг Иохан 1:47–50-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншихыг мөн Аврагчтай уулзахдаа Натанаел юу мэдэрснийг олж мэд (“заль мэхгүй” гэсэн хэллэг нь хуурмаг бус гэсэн утгатай болохыг тайлбарла).

  • Есүс бол Бурханы Хүү мөн хэмээн Натанаелыг тунхаглахад хүргэсэн ямар зүйлийг Аврагч хэлсэн бэ?

  • 50-р шүлэгт цэдэглэснээр, Аврагч Өөрт нь итгэсний төлөө Натанаелд юу амласан бэ?

Андрей, Петр, Филип ба бусдын адил Натанаел Есүсийн төлөөлөгчдийн нэг нь болсон тухай тайлбарла. Эдгээр төлөөлөгч Есүс Христэд ирэх урилгыг хүлээн авсан учраас олон “агуу зүйлсийг” (50-р шүлэг), тухайлбал Есүс Христийн гайхамшгууд болон сургаалуудыг мөн Түүний Амилалтыг болон Тэнгэр өөд аваачигдахыг харж гэрчилсэн юм.

Суралцагчид энэ жил Шинэ Гэрээнээс суралцсанаараа Өөрт нь ирэхийг хүссэн Аврагчийн цөхрөлтгүй үргэлжлэх гуйлтыг мэдрэх болно гэдгийг гэрчлэн хичээлийг өндөрлө. Тэд энэ жил суралцсан сургаал, зарчмуудаа амьдралдаа хэрэгжүүлснээр эртний төлөөлөгчдийн адил ачааг нь хөнгөлөх Аврагчийн тусламжийг хүлээн авах бөгөөд бусдыг Түүнд ирэхэд нь туслах хүслээр дүүрэн байх болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Матай 11:29–30. “Буулгыг минь өөр дээрээ ав”

Ерөнхийлөгч Ховард В.Хантэр Христийн буулгыг өөрсөд дээрээ авснаар бидэнд ирэх адислалуудын талаар дараах зүйлийг заасан. Тухайлбал:

“Библийн цаг үед буулга нь газар тариалан эрхлэгч хүмүүст асар их тус дэмтэй хэрэгсэл байв. Энэ нь хоёр дахь амьтны хүчийг ганцаар зүтгэх амьтны хүчтэй холбон нийлүүлснээр анжис эсвэл тэргийг чирэх хүнд хөдөлмөрийг нь хагасалж, хөнгөлдөг. Тэд ганцаар үүрэхэд хэт хүндэдсэн юм уу магадгүй даагдашгүй ачааг хоёул хамт нэг буулган дор холбогдсоноор эн тэнцүүхэн, эвтэйхэн үүрэх боломжтой. Түүний буулгыг үүрэхийн тулд нэлээн их бөгөөд үнэн сэтгэлээсээ хичээл зүтгэл гаргах шаардлагатай ч жинхэнээсээ хөрвөгдсөн хүмүүст буулга нь амархан, ачаа нь хөнгөн байна.

“Амьдралын ачааг яагаад ганцаар үүрнэ вэ, эсвэл яагаад тэднийг дорхноо бүдрэн унах түр зуурын тусламжаар шийднэ вэ? хэмээн Христ асуудаг. Хүнд ачаа үүрэгсдэд зөвхөн Христийн буулга, Бурхантай зэрэгцэн зогссоноор ирэх хүч чадал, амар амгалан энэ … мөнх бус амьдралын бэрхшээлтэй нүүр тулан, үүргээ биелүүлэхэд шаардагдах дэмжлэг, тэнцвэр, хүч чадлыг өгдөг юм” (“Come unto Me,” Ensign, 1990 оны 11-р сар, 18; мөн буулганы зураг болон хэрхэн хэрэглэх тайлбарыг “Take My Yoke upon You” [Ensign, 2013 оны 9-р сар, 22–23]-аас үзнэ үү).

Иохан 1:39, 46. “Ир, та нар харна”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн бид бусадтай сайн мэдээг хуваалцахдаа хэрхэн Аврагчийн үлгэр жишээг дагаж болох талаар тайлбарлахдаа:

“Аврагч бидэнд сайн мэдээг хүмүүст хэрхэн хуваалцах талаар заасан билээ. ‘Багш аа та хаана буудаллаж байна вэ? гэж асуусан Андрейн түүх надад таалагддаг. [Иохан 1:38]. Есүс амьдарч байгаа газраа хэлж болох байсан. Гэвч оронд нь Тэрбээр Андрейд ‘Ир, та нар харна’ хэмээн хариулсан [Иохан 1:39]. Аврагчийн энэ үгийг би ‘Зөвхөн Миний хаана амьдардгийг ч биш хэрхэн амьдардгийг минь ирээд хар. Намайг хэн бэ гэдгийг ирээд хар. Ирээд Сүнсийг мэдэр’ гэсэн үг гэж бодох дуртай. …

“Бидний ярилцлагыг сонирхож байгаа хүмүүсийг бид ‘ирээд, хар’ хэмээн урьснаараа Аврагчийн үлгэр жишээг дагаж чадна. Зарим хүн бидний урилгыг хүлээн авч байхад зарим нь хүлээн авахгүй. ‘Ирээд, хар’ хэмээх урилгыг хүлээн авахаасаа өмнө хэд хэдэн удаа уригдсан хэн нэгнийг бид бүгд мэднэ. Нэгэн үе бидэнтэй хамт байсан атлаа одоо ховорхон харагддаг болсон тэр хүмүүсийн талаар бодоцгоож, тэднийг эргэн ирж, дахин нэг удаа харахыг урья” гэжээ (“Энэ бол гайхамшиг,” Ensign, 2015 оны 11-р сар, 79 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 90).