Петрийн хоёр дахь нийтлэг захидлын оршил
Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?
Бошиглогч Иосеф Смит “Петр төлөөлөгчдийн алинаас нь ч илүү яруу сайхан хэлээр бичдэг байлаа” гэж хэлжээ (History of the Church, 5:392-ыг үзнэ үү). Яруу сайхан гэдэг нь бодол санаагаараа өргөгдсөн, асар үнэ цэн бүхий, бусдын бахархлыг төрүүлэхүйц гэсэн утгатай.
Есүс Христийн хувиралтыг өөрийн биеэр харсан гэрчийн хувьд (2 Петр 1:16–18-ыг үзнэ үү) Петр уншигчдаа “бурханлаг мөн чанарын” хуваалцагч болохын тулд Есүс Христийн мэдлэгт өсөж, Бурханы мөн чанаруудыг олж авахыг эрэлхийлэхийг ухуулсан (2 Петр 1:4–8). Тэр энэхүү сүнслэг өсөлт нь тэднийг “дуудан, сонгосныг бататгахад” (2 Петр 1:10) туслах болно гэж уншигчдадаа батлан хэлсэн байдаг. “Их Эзэн тэнгэрээс агуу алдар суу болон шүүлтээр дэлхийд ирэхийг Петр дахин баталсан” (Bible Dictionary, “Peter, Epistles of”). Суралцагчид Петрийн хоёр дахь захидлыг судалснаар Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлж, Түүнтэй илүү адил болоход туслах зааварчилгаа, сүнслэг удирдамжийг хүлээн авч чадна.
Хэн энэ номыг бичсэн бэ?
Петрийн хоёр дахь захидлын зохиогч бол Есүс Христийн тэргүүн төлөөлөгч Симон Петр юм (2 Петр 1:1-ийг үзнэ үү).
Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?
Бид энэ захидлыг хэзээ, хаана бичсэнийг тодорхой мэдэхгүй. Петр энэ захидлыг барагцаалбал МЭ 64 онд бичигдсэн 1 Петрийн дараа, Ромд байхдаа бичсэн гэж үздэг (Bible Dictionary, “Peter, Epistles of”-ийг үзнэ үү).
Үүнийг хэнд зориулан, юуны учир бичсэн бэ?
Петр “биднийхтэй ижил үнэтэй итгэлийг хүлээн авсан хүмүүст” бичиж байгаа гэж хэлсэн (2 Петр 1:1). Энэ нь Петрийн захиаг хүлээн авагчид бол Петрийн эхний захидлыг хүлээн авсан Христэд итгэгч харийнхан байж магадгүйг илтгэж байна (2 Петр 3:1-ийг үзнэ үү). 2 Петр 1:12–15-ын агуулгаас харахад Петр энэ захиагаараа уншигчидтайгаа салах ёс гүйцэтгэдэг.
Гэгээнтнүүдэд хавчлага дарамтад байхад нь тусалсан Петрийн эхний захидлаас ялгаатай нь хоёр дахь захидлыг Сүмийн ирээдүйд заналхийлж байсан Сүм доторх урвалтад зориулан бичжээ. Хуурамч эш үзүүлэгчид, багш нар “өөрсдийг нь худалдан авсан Эзэнийг хүртэл үгүйсгэж, … хөнөөлт тэрс үзлийг [буруу сургаал]” тарааж байв (2 Петр 2:1). Петр энэ захидлыг Их Эзэний мэдлэгт өсөж, өөрсдийг нь “дуудан, сонгосныг бататгахад” гэгээнтнүүдийг дэмжих зорилгоор бичжээ (2 Петр 1:10).
Энэ ном ямар ямар онцлог талтай вэ?
“Хоёр дахь захидлыг эхний захидлыг хүлээн авсан сүмүүдэд зориулж бичсэн нь тодорхой байдаг ([2 Петр] 3:1). Үүнийг удахгүй үхэж ч болох тийм нөхцөл байдалд бичжээ ([2 Петр] 1:14 (Bible Dictionary, “Peter, Epistles of”). Энэ нь түүнчлэн Петрийн хамгийн шаардангуй, хүчтэй үгсийг болон сүүлчийн гэрчлэлийг агуулдаг.
2 Петрт гардаг гол санаа бол Есүс Христийн тухай мэдлэгт өсөхийн ач холбогдол юм. Хэрэв бурханлаг шинж чанарыг эрэлхийлж, бурханлаг мөн чанарыг өөртөө бий болгохыг хичээвэл “Эзэн Есүс Христийг мэдэхэд та нарыг үр ашиггүй, үр жимсгүй байлгахгүй” (2 Петр 1:8) бөгөөд өөрсдийн “дуудан, сонгосныг бататгах” болно хэмээн Петр уншигчдадаа амласан (2 Петр 1:10).
Петр Есүс Христийн үнэн мэдлэгийг урвагчдын тарааж байсан хуурамч мэдлэг, тэрс үзэлтэй сөргүүлэн тавьжээ (2 Петр 2-ыг үзнэ үү). Захидлынхаа төгсгөлд Петр гэгээнтнүүдийг “бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн нигүүлсэл болон мэдлэг дотор өсө[хөд]” сүүлийн удаа урьсан байна (2 Петр 3:18).
Тойм
2 Петр 1 Есүс Христийн амлалтууд нь гэгээнтнүүдийг “бурханлаг мөн чанарын хуваалцагч” болоход тусалдаг гэдгийг Петр тайлбарлав (2 Петр 1:4). Тэрээр тэднийг өөрсдийнхөө “дуудан, сонгосныг бататгахыг” (2 Петр 1:10) урамшуулан дэмжив. Петр алдар сууг хүлээн авсан Христийг харж, Эцэгийн дууг хоолойг сонссон Хувиралтын уулан дээрх туршлагаа хуваалцав. Петрт “илүү баттай болгогдсон эш үзүүлэгийн үгтэй” гэдгээ хэлэв (2 Петр 1:19).
2 Петр 2 Петр Сүмийн гишүүдэд өөрсдийнх нь дунд ирж, уруу татах хуурамч бошиглогчид, багш нараас болгоомжлохыг анхааруулжээ. Энэ ёс бус багш нар Их Эзэнийг үгүйсгэж, “үнэний замыг” муугаар хэлэх болно (2 Петр 2:2). Петр гэрээнд орчихоод сахихгүй байснаас сайн мэдээг хүлээн аваагүй байсан нь дээр хэмээн заав.
2 Петр 3 Христ Өөрийн цагт ирж, дэлхийг галаар цэвэршүүлэн, ёс бусчуудыг устгаж, итгэлтэй мөн хичээнгүй хүмүүсийг аврахаар ирнэ гэж Петр баталсан юм. Петр гэгээнтнүүдийг “Есүс Христийн нигүүлсэл болон мэдлэг дотор өсө[хөд]” уриалжээ (2 Петр 3:18).