Номын сан
94-р хичээл: Үйлс 17


94-р хичээл

Үйлс 17

Оршил

Филиппойгоос явсныхаа дараа Паул, Силас хоёр Тесалоник, Берой хотуудад сайн мэдээг заасан. Эдгээр хотын үл итгэгчдийн хавчлагаас болж Паул Афин руу зугтах болсон бөгөөд тэнд Марсын уулан дээр гарч, Бурханы жинхэнэ мөн чанарын тухай хүмүүст заажээ.

Заах зөвлөмж

Үйлс 17:1–15

Тесалоник дахь зарим иудей хүн Паулын сайн мэдээ номлохыг болиулахыг оролдож байв.

Суралцагчдыг дараах жишээнүүдэд байгаа хүмүүст ямар зөвлөмж өгөх байсан талаар тайлбарлахад урь.

  1. Сүмийн гишүүн нэгэн залуу эрэгтэй Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүний Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх гэрлэлт, гэр бүлийн ач холбогдлын тухай ярихыг сонсож байв. Залуу эрэгтэйн зарим найз төлөөлөгчийн хэлсэн сургамжтай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Залуу эрэгтэй төлөөлөгчийн сургаал үнэн эсэхийг өөрөө мэдэхийг хүсэж байна.

  2. Нэгэн залуу эмэгтэй Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихын ач холбогдлын талаар эргэлзэж байна. Түүний ихэнх найз ням гаргуудыг дэлгүүр хэсэн, унтаж өнгөрөөдөг бөгөөд сүмд явах талаар санаа тавьдаггүй. Залуу эмэгтэйн ээж ням гарагт Их Эзэнийг хүндэтгэснээр хэрхэн адислагдахыг тайлбарласан ч уг залуу эмэгтэй Хүндэтгэлийн өдрийг ариунаар хадгалахын ач холбогдолд итгэхгүй хэвээр байна.

Суралцагчдыг Үйлс 17-г судалж байхдаа Их Эзэний үйлчлэгчдээс бидний хүлээн авдаг захиасуудын үнэн байдлыг өөрсдөө мэдэхэд туслах зарчмуудыг олж мэдэхэд урь.

Паул, Силас хоёр Тесалоник руу аялсан бөгөөд тэнд Иудейн синагогт заасан гэдгийг тайлбарла. (Та суралцагчдыг Библийн газрын зургаа гаргаад, газрын зураг 13, “Төлөөлөгч Паулын номлолын аяллууд” дээрээс Тесалоникийг олоход урьж болно.) Нэг суралцагчийг Үйлс 17:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул иудейчүүдэд заахын тулд юу ашигласныг олж мэдэхийг хүс.

  • Паул иудейчүүдэд заахын тулд юу ашигласан бэ?

Нотлоод (3-р шүлэг) гэдэг нь үзүүлэх, тунхаглах гэсэн утгатайг тайлбарла. Паул Есүс бол Христ гэдгийг тунхаглахаар буюу үзүүлэхээр судрын хэсгүүдийг ашигласан.

Нэг суралцагчийг Үйлс 17:4–5-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас Тесалоникийн хүмүүс Паулын сургаалд хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс. Та нийлэх гэдэг нь хамтдаа цугларах юм уу нэгдэх мөн хэрцгий гэдэг нь хилэнцэт гэсэн утгатайг тайлбарлаж болно.

  • Паулын сургаалд хүмүүсийн хандсан хандлага хэр өөр байсан бэ?

Үл итгэгчдийн бүлэг Паул, Силас хоёрыг олохыг хичээсэн гэдгийг тайлбарлан, Үйлс 17:6–9-ийг нэгтгэн дүгнэ. Балмад хүмүүс тэднийг олж чадахгүй болохоороо Тесалоникийн удирдагчид дээр очоод Паулын сургаал Цезарийн эрх мэдэлд заналхийлсэн гэж зүтгэжээ.

Нэг суралцагчийг Үйлс 17:10–12-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул, Силас хоёрын хаашаа зугтаасныг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

  • 12-р шүлэгт цэдэглэснээр, Берой дахь иудейчүүд Паулын сургаалд хэрхэн хандсан бэ?

Дараах гүйцэд биш тэгшитгэлийг самбар дээр хуулж бич:

__________________________ + _____________________________ = Итгэл үнэмшил

  • 11-р шүлэгт цэдэглэснээр, Паулын сургаалд тэднийг итгэхэд хүргэсэн юуг хүмүүс эхэлж хийсэн бэ? (Суралцагчдыг хариулсны дараа Тэд Паулын үгийг дуртайяа хүлээн авч байв гэсэн мэдэгдлийг тэгшитгэлийн эхний хэсэг болгон самбар дээр бич.)

Суралцагчдад “үгийг дуртайяа [хүлээн авав]” гэдэг нь юу гэсэн утгатайг ойлгоход туслахын тулд ангид нэг бөмбөг авчраад хоёр суралцагчийг самбарын өмнө гарч ирэхэд урь. Тэдний нэгээс бөмбөгийг барьж авахад бэлтгэлтэй байхыг хүсээд, нөгөө суралцагчийг эхний суралцагч руу бөмбөгөө шидэхийг зааварла. Дараа нь ангийнхнаас эхний суралцагчийг бөмбөг барьж авахдаа бэлэн байсан гэдгийг хэрхэн хэлж чадахыг асуу.

Дараа нь эхний суралцагчийг бөмбөг барихад бэлэн биш байдалтай байхад мөн нөгөө суралцагчийг бөмбөгөө дахин шидэхэд тэр хэвээрээ зогсоход урь. Нөгөө суралцагчаас бөмбөгөө (ямарваа гэмтэл учруулахгүйгээр болгоомжтой) шидэхийг хүс. Ангийнхнаас эхний суралцагчийг бөмбөг барьж авахдаа бэлэн биш байсныг хэрхэн хэлж чадахыг асуу. Хоёр суралцагчийг суудалдаа эргэн суухад урь.

Ангийнхныг Бурханы үйлчлэгчийн үгийг хүлээн авахад бэлэн байх нь ямар харагдахыг үзүүлэхэд урь. Тэгээд тэднийг хэн нэг нь Бурханы үйлчлэгчийн үгийг хүлээн авахад бэлэн биш байх нь ямар харагдахыг үзүүлэхэд урь. (Жишээлбэл, суралцагчид судруудаа хааж, хөрштэйгөө ярьж эсвэл электрон хэрэгсэлд сатаарсан зэрэг байдлыг үзүүлж байж болно.)

  • Түүний гадаад төрх байдлаас гадна сайн мэдээг хүлээн авахад бэлэн хэн нэгний зүрх сэтгэл, оюунд юу тохиолдож байж болох вэ?

Суралцагчдын анхаарлыг самбар дээрх тэгшитгэлийн хоёр дахь хоосон зайнд хандуул.

  • 11-р шүлэгт цэдэглэснээр, Паулын сургаалд тэднийг итгэхэд хүргэсэн өөр юуг хүмүүс хийсэн бэ? (Суралцагчдыг хариулсны дараа самбар дээр тэгшитгэлийн хоёр дахь хэсэг болгон Тэд Паулын үгийг ойлгохын тулд өдөр бүр судраас судалж байв гэсэн мэдэгдлийг бич.)

  • Бид Үйлс 17:10–12-оос Бурханы үйлчлэгчдийн үгэнд итгэл үнэмшлээ хүчирхэгжүүлэх ямар зарчмыг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид Бурханы үйлчлэгчдийн үгийг дуртайяа хүлээн авч, өдөр бүр судраас судалж байвал тэдний үгэнд итгэх бидний итгэл үнэмшил хүчирхэгжинэ гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)

Хичээлийн эхэнд үзүүлсэн жишээнүүдийг эргэн хар.

  • Энэ зарчим тэдгээр нөхцөлд байгаа хүмүүст хэрхэн тусалж болох вэ?

  • Өдөр бүр судраас судлах нь бидний үнэнд итгэх чадварт ямар ямар арга замаар нөлөөлдөг вэ?

Суралцагчдыг энэ зарчмын үнэнийг гэрчилсэн үеэ тунгаан бодоход урь. Та тэдний цөөн хэдийг туршлагаасаа хуваалцахад урьж болно.

Суралцагчдыг бошиглогч, удирдагч, багш нар болон эцэг эхийнхээ үгсийг “дуртайяа” хүлээн аваад, өдөр бүр судраас уншихад урамшуулан дэмж.

Тесалоник дэх иудейчүүд Паулыг Беройд номлож байгааг сонсоод, Беройгийн хүмүүсийг өдөөн хатгахаар ирснийг тайлбарлан, Үйлс 17:13–15-ыг нэгтгэн дүгнэ. Паул дахиад л зугтах хэрэгтэй болсон учраас Афин руу аялав.

Үйлс 17:16–34

Паул Марсын уулан дээр номлов

Суралцагчдыг Библийн хавсралт дахь Библийн гэрэл зургууд, д. 29 “Афин”-ийг гаргахад урь. Энэ гэрэл зураг дээр хуурамч бурхдыг шүтэхэд ашиглаж байсан Афин дахь хэд хэдэн ариун сүмийн нэгийг үзүүлсэн гэдгийг онцол. Эдгээр ариун сүмийн дотор талд хүний гараар бүтсэн бурхдын хөшөө байдаг байв. Гадна талд нь золиослолоо эдгээр хуурамч бурханд өргөдөг тахилын ширээнүүд байжээ.

Паул Афин дахь хиймэл шүтээн шүтэх байдалд ихэд санаа зовж байсан бөгөөд түүний тэнд синагогт болон зах зээлийн газруудаар зааж байсныг тайлбарлан, Үйлс 17:16–21-ийг нэгтгэн дүгнэ. Гүн ухаантнууд Паулыг “шинэ сургаал”-аа (19-р шүлэг) Марсын уулан дээр цугласан шүүхийн зөвлөлд тайлбарлахад урьсан.

Нэг суралцагчийг Үйлс 17:22–23-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул Афины тахилын ширээнүүдийн нэгэн дээр юу байхыг анзаарсныг олж мэдэхийг хүс.

  • Паул Афины тахилын ширээнүүдийн нэгэн дээр юу байхыг анзаарсан бэ?

22-р шүлэг дээр Паул афинчуудыг “хэт шашинлаг” буюу “тэнгэрлэг зүйлст болгоомжтой” гэдэг утгаар “их шүтлэгтэй” (Үйлс 17:22, зүүлт тайлбар a) гэж хэлж магтсан гэдгийг тайлбарла. “Үл мэдэгдэх бурханд” (23-р шүлэг) зориулсан тахилын ширээ нь мэдэгдээгүй байгаа бурхан эсвэл нэрээр нь мэдэхгүй байгаа аливаа бурхныг тайвшруулах гэсэн афинчуудын оролдлого байжээ. Тэд ямар ч бурхныг гомдоох юм уу үл тоохыг хүсээгүй аж.

Үйлс 17:23 дээрх сүүлийн өгүүлбэрийг онцлоод, асуу.

  • Паул яагаад энэ “үл мэдэгдэх бурханд” зориулсан тахилын ширээний тухай ярьсан бэ? (Тэр үүнийг жинхэнэ Бурхан, Тэнгэрлэг Эцэг болон тэдний үл мэдэх Бурханыг танилцуулахад ашиглажээ.)

Суралцагчдыг хос болгон эсвэл жижиг бүлгүүдэд хуваарил. Бүлэг бүрийг Үйлс 17:24–31-ийг судлаад, Афины хүмүүсийн мэддэггүй байсан Бурханы тухай аль болох олон үнэнийг олоход урь. Тэднийг судалж байхад шүлэг бүрийн дугаарыг (24–31) самбарт жагсаан бич. Хангалттай хугацаа өгсний дараа хэд хэдэн суралцагчаас самбарын өмнө гарч ирээд, олсон үнэнээ үүнийг олсон шүлгүүдийнх нь хажууд бичихэд урь. (Суралцагчдыг Үйлс 17:27 дээр цэдэглэсэн үнэнийг олж тогтооход туслахын тулд та тэднийг Иосеф Смитийн Орчуулгын Үйлс 17:27, зүүлт тайлбар б-г үзэхийг хүсэж болно.)

Та эдгээр үнэн бүрийг судар дээрээ тэмдэглэхийг суралцагчдад санал болгож болно. Тэдний самбар дээр жагсаан бичсэн үнэний зарим нь дараах зүйлийг багтааж болно.

  • 24-р шүлэг: Бурхан дэлхийг бүтээсэн.

  • 25-р шүлэг: Бурхан бүх зүйлд амьдрал өгдөг.

  • 26-р шүлэг: Бурхан бүх амьд зүйлийг захирдаг.

  • 27-р шүлэг: Хэрэв бид Бурханыг эрэлхийлэхэд бэлэн бол Тэрээр биднээс хол биш байдгийг олж мэдэх болно.

  • 28-р шүлэг: Бид бол Бурханы үр удам юм.

  • 29-р шүлэг: Бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн.

  • 30-р шүлэг: Бурхан хүн бүрд наманчлахыг тушаадаг.

  • 31-р шүлэг: Бурхан биднийг шүүнэ; Бурхан бүх хүнийг үхэгсдээс босгох болно.

Суралцагчдыг самбар дээрх үнэнээс өөрсдөдөө утга учиртай санагдсан нэг үнэнийг сонгоход урь. Цөөн суралцагчаас аль үнэнийг сонгосон хийгээд энэ нь яагаад тэдэнд утга учиртай байгааг хуваалцахыг хүс.

“Бид Бурханы үр удам” гэдэг сургаалыг онцлон хэл.

  • Бурханы “үр удам” байна гэдэг нь юу гэсэн үг вэ? (Бид бол Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдүүд юм.)

  • Энэ сургаалыг ойлгох нь яагаад маш чухал байдаг вэ? (Энэ нь биднийг Тэнгэрлэг Эцэгт хэмжээлшгүй үнэ цэнтэй хийгээд Түүнтэй адил болох чадвартайгаа мэдэхэд тусалж чадна.)

  • Энэ сургаалыг үл ойлгосноор ямар асуудал эсвэл будлиан үүсэж болох вэ?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг чанга уншихад урь. Яагаад бид өөрсдийгөө Бурханы хүүхдүүд гэдгээ нэгдүгээрт, хамгийн түрүүнд харахаа санах ёстойг олж сонсохыг ангийнхнаас хүс.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Өөрсдийгөө хэрхэн тодорхойлоход болгоомжтой ханд. Ямар нэг түр зуурын шинж чанараар өөрийгөө битгий тодорхойлж илэрхийл. Биднийг тодорхойлох цорын ганц шинж чанар бол бид Бурханы хүү эсвэл охин мөн гэсэн чанар юм. Энэ бодит үнэн яс үндэс, мэргэжил, бие махбодын мөн чанар, нэр хүнд эсвэл бүр шашинд нэгдэх зэрэг бусад бүх шинж чанарыг давамгайлж байдаг” (“How to Define Yourself,” New Era, 2013 оны 6-р сар, 48).

  • Яагаад өөрсдийгөө Бурханы хүүхдүүд гэдгээ нэгдүгээрт, эн тэргүүнд санаж байх нь чухал вэ?

“Хэрэв бид Бурханыг эрэлхийлэхэд бэлэн бол Тэрээр биднээс хол биш байдгийг олж мэдэх болно” гэсэн зарчимд анхаарлаа хандуул.

  • Бид ямар ямар арга замаар Бурханыг мэдэж авч, Түүнд ойртохоор эрэлхийлж чадах вэ?

  • Бурхантай ямар харилцаатайгаа мэдэх нь бидний Түүнийг эрж хайх хүсэлд хэрхэн нөлөөлөх вэ?

  • Хэзээ та нар Тэнгэрлэг Эцэгийг өөртөө ойр байгааг мэдэрч байсан бэ?

Афинчууд Паулыг “Үхэгсдийн амилуулалтын” (32-р шүлэг) тухай дурдахад янз бүрийн хариу үйлдэл үзүүлснийг тайлбарлан, Үйлс 17:32–34-ийг нэгтгэн дүгнэ. Тэдний зарим нь Паулыг дооглож, зарим нь илүү ихийг сонсохыг хүсэж, мөн зарим нь түүнд итгэв.

Та хэдийгээр Бурханыг олон хүн мэддэггүй ч суралцагчид Түүнийг мэдэж мөн ойлгож чадна гэдгийг гэрчлэхийг хүсэж болно. Суралцагчдыг хуудас цаас юмуу тэмдэглэлийн картан дээрээ Мэдэгдэх Бурханд гэж бичээд, Бурхантай харилцаагаа эрэлхийлж мөн хөгжүүлэх аргуудыг жагсаахад урь. Тэднийг зорилгуудыг нь сануулж байх газарт энэ цаасаа өлгөхийг урамшуул.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Үйлс 17:18. Епикур болон стоикууд

“Афинд байхдаа Паул Епикурийн болон Стоикийн гүн ухаантнуудтай таарсан (Үйлс 17:18-ыг үзнэ үү). Епикурийн сургаал нь Епикурийн нэрээр нэрлэгджээ (МЭӨ 341–270). Түүний гүн ухааны дагуу дэлхий тохиолдлоор бий болсон бөгөөд ямар ч зорилго, загваргүй юм. Епикурчууд хэрэв бурхад оршин байдаг бол өөрсдийгөө хүмүүсийн амьдралд орооцолдуулдаггүй бөгөөд аз жаргал бол санаа зовнил, өвчин эмгэг байхгүй үед мөн тааламжтай байхын баяр баясгаланг бага зэргээр амсах үед олддог гэдэгт итгэдэг байв.

Стоикийн гүн ухаан Зено гэдэг нэртэй хүний сургаалаас эхэлжээ (МЭӨ 333–264). Стоикийн гүн ухаан бүх зүйл тэнгэрлэг учир шалтгааны улмаас бүтээгдэж, дараалал, хөдөлгөөнд орсон гэж үздэг. Стоикчууд хүмүүн бол учир шалтгааны оч гэрлээр хишиг хүртсэн бөгөөд юмсын тэнгэрлэг дараалалтай нэгдэхийг эрэлхийлж, идэвхгүй байдлаа даван туулж, ёс суртахуунтай зөв амьдралаар амьдрах ёстой гэдэгт итгэдэг байв” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014 он], 315–316; мөн Bible Dictionary, “Epicureans,” “Stoics”).

Үйлс 17:11. “Тэд үгийг дуртайяа хүлээн авч байлаа”

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф:

“Бид зүрх сэтгэл, оюун ухаанаа Бурхан руу хэчнээн их хандуулна, тэнгэрлэг гэрэл бидэн дээр төчнөөн их хуралдах болно. Мөн бид тэрхүү гэрлийг сайн дураараа, чин сэтгэлээсээ эрэлхийлэх болгондоо илүү их гэрлийг хүлээн авахад бэлэн байгаагаа Бурханд нотлон харуулдаг. Урьд нь бүдэг бүрхэг, тас харанхуй, асар хол мэт байсан зүйлс танил бөгөөд тод томруун болж ирдэг” гэж заасан (“Гэрэл ба үнэний талаарх гэрчлэлийг хүлээн авах нь,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22).