Номын сан
23-р хичээл: Матай 21:1–16


23-р хичээл

Maтай 21:1–16

Оршил

Есүс амьдралынхаа сүүлчийн долоо хоногийн эхээр Иерусалим руу ялгуусан байдлаар оров. Тэнд байхдаа Тэрээр ариун сүмийг хоёр дахь удаагаа цэвэрлэж, Өөрийг нь зорьж ирсэн сохор, доголон хүмүүсийг эдгээв.

Заах зөвлөмж

Тэмдэглэл: Энэ хичээлийн төгсгөлд “Есүс Христийн сүүлчийн долоо хоног, Цагаатгал ба Амилалт” гэсэн гарчигтай нэг хуудас үзүүлэн байгаа. Аврагчийн зуурдын амьдралын сүүлчийн долоо хоногийн талаарх энэхүү товч тойм нь танд болон таны суралцагчдад Есүс Христийн үхэл ба Амилалт руу хөтөлсөн үйл явдлуудыг ойлгоход тусална. Та мөн энэ тоймыг Марк, Лук, Иоханы номон дээр ашиглаж болно.)

Матай 21:1–11

Есүс Христ Иерусалимд ялгуусан байдлаар оров.

Нэг хүнсний зүйл үзүүлээд, нэрийг нь самбар дээр бич. Суралцагчдаас энэ хүнсийг амсаж үзсэн эсэхийг мөн бусдад идэхийг санал болгох эсэхийг асуу. Бусдад уг хүнсийг санал болгох нэг суралцагчийг самбарын өмнө гарч ирэхэд урь. Өөр хэн ч уг хүнсийг амсаж үзээгүй гэж төсөөлөхийг түүнээс хүс. Уг суралцагчаас энэ хүнсний зүйлийг амсах хүслийг хэн нэгэнд төрүүлэхэд туслахын тулд юу гэж хэлэхээ үзүүлэхийг хүс. Дууссаных нь дараа уг суралцагчийг суудалдаа буцаж суухыг урь. Дараа нь ангийнхнаас асуу:

  • Хэрвээ та нар энэ хүнсний зүйлийг амсаж үзэж байгаагүй бол одоо амсаж үзье гэж бодож байна уу? Яагаад?

Есүс Христ

Аврагчийн зургийг үзүүл. Олон хүн Есүс Христийн талаар болон Түүний сайн мэдээний талаар маш бага мэдлэгтэй байдаг бөгөөд Түүний тухай мэдэж авахад нь бусдад туслах үүрэг бидэнд байдаг гэдгийг тайлбарла.

Есүс Христийн талаар илүү ихийг мэдэхийг хүсэхэд нь хэн нэгэнд туслахын тулд юу хийх талаараа тунгаан бодохыг суралцагчдаас хүс. Тэднийг Maтай 21:1–11-ийг судалж байхдаа Есүс Христийн талаар илүү ихийг мэдэж авахад нь бусдыг урамшуулахад туслах нэг зарчмыг олж мэдэхэд урь.

Матай 21 нь Аврагчийн цовдлолтоос таван өдрийн өмнө тохиолдсон үйл явдлуудыг цэдэглэсэн гэдгийг тайлбарла. Есүс төлөөлөгчидтэйгөө Иерихогоос Иерусалим руу аялахад маш олон хүн дагасан гэдгийг суралцагчдад сануул (Maтай 20:17–18, 29-ийг үзнэ үү).

Нэг суралцагчийг Матай 21:1–5-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Есүс хоёр шавьдаа юу хийхийг зааварласныг олж мэдэхийг хүс.

  • Есүс эдгээр шавь нарт юу хийхийг зааварласан бэ?

Maтай 21:4–5-д гардаг бошиглол нь Зехариа 9:9–10 дээрх бошиглолыг ярьж байгаа гэдгийг тайлбарла. (Суралцагчдыг 5-р шүлгийн дэргэд энэ судрын эшлэлийг бичихэд урьж болно.) Энэ бошиглол нь амлагдсан Мессиагийн талаар буюу “ирэхийг нь иудейчүүд нэн их хүсэн хүлээж асан тослогдсон Бошиглогч, Санваартан, Хаан түүнчлэн Чөлөөлөгч”-ийн тухай байсан юм (Судруудын удирдамж, “Meссиа,” scriptures.lds.org). Библийн цаг үед илжиг нь “Иудейчүүдийн язгууртны бэлгэ тэмдэг байсан. … Илжиг унасан нь … Есүсийг дайнд ялаад морь унаад ирж байгаа ялан дийлэгчийн хувьд биш, харин амар амгалан, ‘эгэл даруухан’ Аврагчийн хувьд ирснийг харуулдаг” гэдгийг онцлон хэл (Шинэ гэрээний суралцагчийн гарын авлага [Church Educational System manual, 2014], 64).

  • Өөр өөр соёл уламжлалд язгууртныг хүндэтгэж байгаагаа харуулдаг ямар ямар үйлдэл байдаг вэ?

Нэг суралцагчийг Матай 21:6–8-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Есүс Христийг Иерусалим руу явах үед “цугласан хүмүүс“ (8-р шүлэг) юу хийснийг олж мэдэхийг хүс. (Иосеф Смитийн Орчуулга, Maтай 21:5 [Maтай 21:7, зүүлт тайлбар a] нь зөвхөн ганц илжиг авчраад, унасан байсан гэдгийг тодорхой болгож өгдгийг та суралцагчдад онцлон хэлж болох юм.)

  • Цугласан хүмүүс Есүсийг Мессиа гэдгийг хүндэтгэлтэйгээр хүлээн зөвшөөрөх юуг хийсэн бэ? (Иоханы сайн мэдээ нь цугласан хүмүүс “далдуу модны мөчрийг” барьж байсан гэдгийг тодорхой хэлдэг гэдгийг та онцлон хэлж болох юм [Иохан 12:13]. Далдуу модны мөчир нь дайсныг дийлсэн ялалт, ялгуусан байдлын иудейчүүдийн бэлгэ тэмдэг байв. Цугласан олон түмэн мөчир, хувцас зэргийг ашиглан замыг бүрхсэн шиг ийм зам тавих нь язгууртан эсвэл баатруудыг хүндэтгэж байгаагаа харуулдаг үйлдэл байжээ. Ийн үйлдсэнээрээ, цугласан олон Есүсийг өөрсдийн Чөлөөлөгч болон Хаан гэдгийг хүлээн зөвшөөрч, ийнхүү угтжээ.)

Христийн ялгуусан ирэлт

Ялгуусан ирэлт зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], д. 50; мөн LDS.org-ыг үзнэ үү). Суралцагчдыг энэ зураг дээр байгаа хүмүүсийн нэг гэж өөрсдийгөө төсөөлөн бодохыг хүс. Матай 21:9-ийн эхний хэсгийг чанга уншаад, ангийнхныг тэд уг цугласан олны дунд байгаа мэтээр энэ шүлгийн хоёр дахь хэсэг дэх цугласан олны үгсийг хамт зэрэг уншихад урь.

  • Хүмүүс ямар үгийг давтан хэлж байсан бэ? (Хосанна.)

Хосанна гэдэг нь “одоо авраач” гэсэн утгатайг тайлбарла (Bible Dictionary, “Hosanna”). Та суралцагчдаас энэ тодорхойлолтыг 9-р шүлгийн хажууд, судар дээрээ бичихийг хүсэж болно.

Цугласан хүмүүсийн хэлсэн зүйлсийн энэ хэсэг нь Дуулал 118:25–26 дээр байдаг мессиагийн талаарх бошиглолыг биелүүлсэн гэдгийг тайлбарла. Та энэ эшлэлийг Maтай 21:9-ийн дэргэд бичихийг суралцагчдад санал болгож болно. “Давидын Хүү” гэдэг язгууртны, мессиагийн нэр нь (9-р шүлэг) Давидын сэнтийг зөвхөн залгамжлагчид нь өгдөг гэсэн утгатай гэдгийг тайлбарла.

  • Хүмүүс ингэж хашхирахдаа Есүсийг хэн гэж зарлаж байсан бэ?

  • Хэрэв та нар энэ үед Иерусалимд амьдарч байсан бол Аврагчийн ялгуусан ирэлтийг нүдээр үзэхдээ ямар бодол, сэтгэгдэлтэй байж болох вэ?

Өөр олон мянган хүн тэр үед Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэхээр Иерусалимд ирсэн байсан гэдгийг онцлон хэл. Нэг суралцагчийг Матай 21:10–11-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, цугласан хүмүүсийн авир Иерусалимд байсан бусад хүнд хэрхэн нөлөөлснийг олж мэдэхийг хүс.

  • Цугласан хүмүүсийн гаргасан авирын улмаас бусад хүн юу асуусан бэ?

  • Энэ түүхэнд үзүүлснээр, бид Есүс Христийн тухай олны өмнө ярьж, хүлээн зөвшөөрөх үед юу тохиолдож болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Есүс Христийн тухай олны өмнө ярьж, хүлээн зөвшөөрөх үед Түүний талаар илүү ихийг мэдэх хүсэл төрөхөд нь бусдад тусалж чадна гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга. Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)

  • Сүмийн цуглаануудаас гадна бидэнд Есүс Христийн талаар олны өмнө ярьж, хүлээн зөвшөөрч болох ямар орчин нөхцөл байдаг вэ? (Бид тохиромжтой үед олон нийтийн мэдээллийн сүлжээгээр дамжуулан албан байдлаар найз, гэр бүлийн гишүүд, хөршүүдтэйгээ ярилцаж байхдаа үүнийг хийж чадна гэдгийг ойлгоход суралцагчдад тусал. )

  • Бид бусдад Есүс Христийн талаар илүү ихийг мэдэхийг хүсэхэд нь туслах арга замаар хэрхэн олон нийтийн өмнө Түүний тухай ярьж мөн хүлээн зөвшөөрч болох вэ?

  • Хэрэв та нараас Есүс Христ гэж хэн бэ? гэж асуувал та нар юу гэж хариулах вэ?

Самбар дээр дараах асуултуудыг бичээд, суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ эдгээрийн аль нэг асуултад хариулж бичихэд урь:

Өөр хэн нэгэн хэзээ Есүс Христийн талаар олны дунд ярьж, хүлээн зөвшөөрч байсан нь та нарыг Түүний тухай илүү ихийг мэдэхийг хүсэхэд хүргэж байсан бэ?

Та нар (эсвэл таньдаг хүн чинь) Есүс Христийн талаар олон нийтийн өмнө ярьж, хүлээн зөвшөөрч байсны улмаас хэзээ хэн нэгэнд Түүний талаар илүү ихийг мэдэх хүсэлтэй болоход нь тусалсан бэ?

Хангалттай хугацаа өнгөрсний дараа бичсэн зүйлсээ хуваалцах хүсэлтэй цөөн суралцагчийг урь.

Суралцагчдад Есүс Христийн талаар тохиромжтой цагт зөв танилцуулан ярих боломжуудыг хайж, ашиглахад урамшуулан дэмж.

Матай 21:12–16

Есүс ариун сүмийг цэвэрлэж, сохор, доголон хүмүүсийг эдгээсэн

Та нарын амьдардаг газарт ойр орших хожмын үеийн гэгээнтнүүдийн ариун сүмийн зургийг үзүүл. Суралцагчдыг сүүлийн удаа ариун сүмд очиход төрсөн мэдрэмж, бодлынхоо талаар тунгааж, дүрслэн хэлэхэд урь. Суралцагчид хэзээ ч ариун сүмд орж байгаагүй бол тэднээс ариун сүм дотор ямар мэдрэмж төрнө гэж бодож байгаа талаар дүрслэн хэлэхийг хүс.

  • Эдгээрийг мэдрэх боломж олгодог ямар зүйл ариун сүмд бидэнд тохиолддог вэ?

Миний Эцэгийн өргөө

Миний Эцэгийн өргөө зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], д. 52; мөн LDS.org-оос үзнэ үү). Аврагч Иерусалимд орж ирсний дараа, ариун сүмийн газар дээр очсон. Нэг суралцагчийг Матай 21:12–13-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, зарим хүн Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийг гомдоох юу хийж байсныг олж мэдэхийг хүс.

  • Зарим хүн Бурханы өргөөнд хэрхэн хандаж байсан бэ?

Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэхээр Иерусалимд ирсэн байсан аялагчид өөрсдийн шүтлэгийн нэг хэсэг болгон ариун сүмд өргөл өргөхийн тулд амьтдыг худалдаж авах хэрэгтэй байсан гэдгийг тайлбарла. Зоос солигчид Ромын болон өөр бусад мөнгийг ариун сүмийн мөнгөн нэгжээр сольсноор амьтан худалдаж авч болдог байсан ба бусад худалдаачин амьтдыг зарж байсан.

  • Ариун сүмийн газар дээр иймэрхүү худалдаа хийхийн буруу зүйл нь юу вэ?

Та энэ худалдаа нь шаардлагатай, сайн зорилготой байсан хэдий ч худалдаачид үүнийг хаана, хэрхэн явуулж байсан нь доромжлол, хүндэтгэлгүй байдлыг харуулж байсан гэдгийг онцлон хэлж болох юм. 13-р шүлэгт зоос солигчид болон худалдаачид Бурханыг шүтэн биширч, бусдад ийн үйлдэхэд туслахаасаа мөнгөн ашиг олоход илүү анхаарч байсан гэдгийг харуулдаг.

  • Бид Аврагчийн үгс, үйлдлээс ариун сүмийн талаар ямар үнэнийг мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Их Эзэний өргөө ариун газар бөгөөд Тэр үүнд хүндэтгэл бишрэлтэй хандаасай хэмээн биднээс хүсдэг гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)

  • Бид Их Эзэний өргөөнд хэрхэн хүндэтгэл бишрэлээ үзүүлж болох вэ?

  • Ариун сүмд зохистойгоор ирэх нь хэрхэн хүндэтгэл бишрэлийг үзүүлж болох вэ?

Нэг суралцагчийг Матай 21:14-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Аврагч ариун сүмийг цэвэрлэсний дараа юу хийснийг олж мэдэхийг хүс.

  • Аврагч ариун сүмд Өөр дээр нь ирсэн сохор, доголон хүмүүсийн төлөө юу хийсэн бэ?

  • Энэ түүхээс биднийг ариун сүмд ирэх үед Их Эзэн бидний төлөө юу хийж чаддаг талаар юу сурч болох вэ? (Суралцагчид Биднийг ариун сүмд ирэх үед Их Эзэн биднийг эдгээж чадна гэсэн үнэнийг тодорхойлж байгаа эсэхийг бататга.)

  • Биднийг ариун сүмд ирэх үед Их Эзэн биеийн өвчнөөс гадна өөр ямар өвчнийг эдгээж, ямар ямар сорилтыг шийдэж өгч чадах вэ?

Нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын хэлсэн дараах үгсийг чанга уншихад урь. Суралцагчдаас тэдний тодорхойлсон үнэний талаарх ерөнхийлөгч Фаустын гэрчлэлийг сонсохыг хүс.

Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст

“Их Эзэн Өөрийнх нь эдгээх нөлөөг хүлээн авч болох олон арга замыг бэлтгэж, бидэнд өгсөн. Их Эзэн дэлхий дээр ариун сүмийн ажлыг сэргээсэнд би талархдаг. Энэ нь амьд болон нас барсан хүмүүсийн төлөөх авралын ажлын чухал хэсэг юм. Манай ариун сүмүүд бидэнд дэлхийн олон зовнилыг ардаа орхин орж болох ариун газраар хангаж өгдөг. Манай ариун сүмүүд амар амгалан, тайван байдлын газар юм. Эдгээр ариун газруудад Бурхан ‘эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг анагааж, тэдний шархыг боодог.’ (Дуулал 147:3.)” (“Spiritual Healing,” Ensign, 1992 оны 5-р сар, 7).

  • Яагаад Их Эзэний өргөөнд шүтэн бишрэх нь Түүний эдгээх нөлөөг мэдрэхэд бидэнд тусалдаг вэ?

Ариун сүмд шүтэн биширснээр бидний мэдрэх эдгэрэл энэ түүхэнд дүрслэгдсэн сохор, доголон хүмүүсийн хувьд байсан шиг тэр даруй байж болно эсвэл энэ нь хэсэг хугацааны дараа тохиож болно.

  • Та нар (эсвэл та нарын мэддэг хэн нэгэн) хэзээ ариун сүмд шүтэн биширснээр Их Эзэний эдгээх нөлөөг мэдэрч байсан бэ? (Та мөн өөрийнхөө туршлагыг хуваалцаж болно.)

Maтай 21:15–16-г дүгнэн, ахлах тахилч, хуулийн багш нар Есүсийн ариун сүмд хийсэн зүйлд мөн хүмүүс Түүнд хандан “Хосанна” гэж хашхирч байсанд дургүйцэж байсныг тайлбарлан, ярьж өг. Хүмүүс Түүнийг нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа нь нэгэн бошиглолыг гүйцэлдүүлсэн болохыг Есүс онцлон хэлсэн (Дуулал 8:2-ыг үзнэ үү).

Хичээл дээр ярилцсан үнэнүүдийн тухай гэрчлэлээ хуваалцан, энэ хичээлээ төгсгө.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Maтай 21:8. Есүсийн өмнө далдуу модны навч болон хувцсаа дэлгэн тавьсан

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки, Есүсийг Иерусалимд ирэх үед далдуу модны мөчрийг (Иохан 12:13-ыг үзнэ үү) болон хувцсаа дэлгэн тавьсан нь уг хүмүүсийн хувьд ямар учиртай байсныг заахдаа:

“Зөвхөн хаад, байлдан дагуулагчдыг л үүн шиг ер бусын хүндэтгэл үзүүлэн хүлээж авдаг байлаа. (Хаадын дэд 9:13.) … Магтаалын уухай болон аврал, чөлөөлөлтийн гуйлт дунд, шавь нар нь ялалтын бэлгэдэл болгон далдуу модны мөчрийг Их Эзэний зам дээр дэвсэж байсныг бид харж байна. Энэхүү сэтгэл догдлом үйл явдал нь ирээдүйд …‘цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан,’ ‘хэн ч тэднийг тоолж чадамгүй’ ‘үй олон хүн’ цуглан, ‘сэнтийний өмнө, Хурганы өмнө зогсон,’ ‘чанга дуугаар,’ ‘Аврал бол сэнтийд залрагч бидний Бурханд ба Хурганд байдаг’ хэмээн хашхирахыг зөгнөсөн юм. (Илчлэлт 7:9–10.)” (Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973], 1:578).

Maтай 21:9–11. Олон түмэн “Хосанна“ гэж хашхирав

Хосанна гэдэг нь “биднийг аварна уу” гэсэн утгатай еврей үг бөгөөд магтаал, залбиралд хэрэглэгддэг. … Их Эзэн Иерусалим руу ялгуусан байдалтай орох үеэр цугларсан олон “Хосанна“ хэмээн хашхирч, Есүсийг дээр нь гишгэн явахад зориулж далдуу модны мөчир дэвсэн, Есүс бол Израилийг эрт дээр үед чөлөөлсөн тэрхүү Их Эзэн мөн гэдгийг харуулж байв (Дуулал 118:25–26; Матай 21:9, 15; Марк 11:9–10; Иохан 12:13). Энэ хүмүүс Христийг удаан хүлээсэн Мессиа мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байв (Судруудын удирдамж, “Хосанна”; scriptures.lds.org). ‘Бүх хотынхон үймэлдэж’ (Maтай 21:10) гэдэг нь Есүсийн ялгуусан ирэлт хот даяар сонсогдож мөн олон хүн үүнийг мэдэж байсан гэдгийг харуулж байна” (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 64–65).

Есүс Христийн сүүлчийн долоо хоног