Номын сан
67-р хичээл: Иохан 8:1–30


67-р хичээл

Иохан 8:1–30

Оршил

Аврагчийг Майхан баярын үеэр Иерусалимд байхад нь зарим хуулийн багш болон фарисайчууд садар самууны хэрэгт буруутай нэгэн эмэгтэйг Түүн дээр авчраад, түүн рүү чулуугаар шидэх эсэхийг асуужээ. Тэр буруутгагчдыг зэмлэж, эмэгтэйд нигүүлсэл үзүүлэв. Бурхан Эцэг Өөрийг нь гэрчилдэг хэмээн Есүс заажээ.

Заах зөвлөмж

Иохан 8:1–11

Садар самууныг үйлдэгч нэгэн эмэгтэйг Аврагчийн өмнө авчрав

Суралцагчдыг Их Эзэний жишигт нийцээгүй гадаад төрхтэй эсвэл зан байдалтай хүмүүстэй тааралдаж эсвэл харилцаж байсан үеэ санахад урь.

  • Их Эзэний жишигт нийцэхээргүй гадаад төрхтэй эсвэл зан байдалтай хүмүүстэй хамт байх үед бидэнд ямар бэрхшээл тулгарч болох вэ? (Бид тийм хүмүүсийг шударга бусаар шүүж, тэдэнтэй зохисгүй харьцахад уруу татагдаж магадгүй гэж суралцагчид хариулж болно.)

Дараах асуултыг самбар дээр бич.

Их Эзэний жишигт нийцэхээргүй гадаад төрх, зан байдалтай хүмүүстэй хамт байхдаа бид юу хийх ёстой вэ?

Суралцагчдыг Иохан 8:1–11-ээс судалж байхдаа энэ асуултад хариулахад туслах үнэнийг олж мэдэхэд урамшуул.

Майхан баяр болж өнгөрсний дараа Есүс Христ Иерусалимд хэсэг хугацаагаар үлдэж, ариун сүмд хүмүүсийг сургаж байсан гэдгийг тайлбарла (Иохан 8:1–2-ыг үзнэ үү).

Нэг суралцагчийг Иохан 8:3–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүсийг хүмүүст заах үед юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.

  • Есүсийг хүмүүст заах үед юу тохиолдсон бэ?

  • Хуулийн багш нар болон фарисайчууд Аврагчаас юу асуусан бэ?

  • 6-р шүлэгт өгүүлснээр, хуулийн багш нар болон фарисайчууд ямар санаатай байсан бэ? (Тэд Есүсийг олон хүний өмнө хуурамч гэж харуулахыг хичээж, буруутгах шалтаг хайж байсны учир нь тэд Түүнээс баривчлан алах шалтгаан олохыг хүсэж байсан [Иохан 7:1, 32-ыг үзнэ үү].)

Хэрэв Есүс хүмүүст эмэгтэй рүү чулуу шид гэж хэлсэн бол иудейчүүдийн дунд нийтлэг бус мөн Ромын хуулиар хориглосон шийтгэлийг дэмжих байсан гэдгийг тайлбарла. Хэрэв Есүс эмэгтэйг чулуугаар шидэж болохгүй гэж хэлсэн бол Мосегийн хуулийг үл хүндэтгэн, хуучны хүлээн зөвшөөрөгдсөн заншлыг үл тоомсорлосон хэрэгт буруутгагдах байжээ. (Брүс Р.Макконки, Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973], 1:450–451-ийг үзнэ үү.)

Нэг суралцагчийг Иохан 8:7–8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагч юу гэж хариулсан тухай олж мэдэхийг хүс.

  • 7-р шүлэгт цэдэглэснээр, Есүс юу гэж хариулсан бэ?

  • Аврагч “Та нарын дундаас нүгэлгүй хүн нь эхлээд энэ эмэгтэй уруу чулуу шид” хэмээн хэлэхдээ тэдэнд юуг ухааруулахыг хүссэн гэж та нар бодож байна вэ? (7-р шүлэг).

Нэг суралцагчийг Иохан 8:9-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, фарисайчууд болон хуулийн багш нар Аврагчийн хэлсэн үгийг бодож үзэх үед юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.

  • “Үүнийг сонсоод, тэд нэг нэгээрээ гарч явсаар” гэдэг үгс ямар утгатай гэж та нар бодож байна вэ?

  • Энэ хүмүүс гарч явснаар юуг хүлээн зөвшөөрсөн бэ?

  • Энэ түүхээс бид бусдыг буруутгахаас зайлсхийх талаар ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Өөрсдийнхөө төгс бус байдлыг хүлээн зөвшөөрөх нь бусдыг буруутгахаас зайлсхийхэд бидэнд тусалж болно гэсэн зарчмыг тодорхойлох ёстой. Энэхүү зарчмыг самбар дээрх асуултын доор бич.)

  • Бид өөрсдийн төгс бус байдлыг хүлээн зөвшөөрөх нь бусдыг буруутгахаас зайлсхийхэд хэрхэн тусалдаг гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдад тэр эмэгтэй садар самуун үйлдсэн хэрэгт буруутгагдсан байсан бөгөөд энэ нь маш хүнд ноцтой нүгэл юм гэдгийг сануул (Алма 39:3–5-ыг үзнэ үү).

  • Хийсэн нүглийг нь Есүсийн болон цугларсан олон хүний өмнө дэлгэхэд тэр эмэгтэйд ямар санагдаж байсан гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг Иохан 8:10–11-ийг чанга уншихад урь. Тэр суралцагчаас мөн 11-р шүлэг, зүүлт тайлбар в дэх Иосеф Смитийн Орчуулгыг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагч тэр эмэгтэйд хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс.

  • Аврагч ямар арга замаар энэ эмэгтэйд хайр, нигүүлслээ үзүүлсэн бэ?

  • Аврагч эмэгтэйд ямар заавар өгсөн бэ?

Аврагч энэ эмэгтэйн нүглийг өөгшүүлээгүй гэдгийг ойлгоход суралцагчдад туслахын тулд нэг суралцагчаас ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын хэлсэн дараах үгийг чанга уншихыг хүс.

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Түүнээс тэр эмэгтэйд өгсөн тушаал нь ‘Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд’ гэсэн тушаал байлаа. Тэрээр нүгэлт эмэгтэйг өөрийн замаар явж, хилэнцэт амьдралаа зогсоон, дахин нүгэл үйлдэхээ больж, амьдралаа өөрчлөхөд чиглүүлж байв. Яв эмэгтэй, наманчил хэмээн тэр хэлсэн төдийгүй зөрчлүүдээ зогсоох эхний алхмыг түүнд үзүүлж байсан” (The Miracles of Forgiveness [1969], 165).

  • Бид 10–11-р шүлгээс Аврагчийн талаар ямар үнэнийг мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Аврагч бидэнд наманчлах боломжийг олгосноор нигүүлслээ үзүүлдэг гэсэн үнэнийг тодорхойлох ёстой. Энэ үнэнийг самбар дээр бич.)

  • Энэ үнэнийг ойлгох нь биднийг нүгэл үйлдсэн үед хэрхэн туслах вэ?

  • Бидний тодорхойлсон хоёр үнэн нь Их Эзэний зарлиг тушаал, жишигт нийцээгүй гадаад төрхтэй эсвэл зан авиртай хүмүүстэй байх үедээ тухайн нөхцөл байдалд зөв арга замаар хандахад бидэнд хэрхэн туслах вэ?

  • 11-р шүлгийн Иосеф Смитийн Орчуулгад цэдэглэснээр Аврагчийн нигүүлсэл нь тэр эмэгтэйд хэрхэн нөлөөлсөн бэ?

Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ Аврагчийн нигүүлсэл үзүүлж, наманчлах боломжийг бидэнд өгөхөд бэлэн байдгийн улмаас төрсөн мэдрэмжээ бичихэд урь.

Иохан 8:12–30

Есүс Эцэгээ Өөрийнх нь талаар гэрчилдэг хэмээн заав

Суралцагчдыг нүдээ аниад, ямар нэг тодорхой зүйлийн хялбар зураг зурахад урь. Дараа нь суралцагчдаас нүдээ нээгээд, зурсан зургаа дэргэдээ байгаа нэгнийхээ зурагтай харьцуулахыг хүс.

  • Гэрэлтэй үед та нар ямар зүйлийг илүү сайн хийж чадах вэ?

Нэг суралцагчийг Иохан 8:12-ыг чанга уншихад урь. Ангийнхныг шүлгийг дагаж уншаад, Есүс Өөрийнхөө талаар юу гэж тунхагласныг олж мэдэхийг хүс.

  • Есүс Өөрийгөө хэн гэж нэрлэсэн бэ? (Есүс Христ бол ертөнцийн гэрэл мөн гэсэн сургаалыг самбар дээр бич.)

Есүс уг тунхаглалыг Майхан баярын үеэр хийсэн гэдгийг суралцагчдад сануул. Найман өдрийн туршид тэмдэглэх тухайн баярын үдэш бүр менорах буюу том хэмжээний дэнлүүнүүдийг сүмийн гаднах талбайд асааж гэрэлтүүлдэг байсан бөгөөд энэ нь Иерусалимд баяр тэмдэглэхээр ирсэн олон хүнийг гэрлээр хангадаг байжээ.

  • Есүс Христ садар самуун хэрэгт баригдсан эмэгтэйг болон түүнийг буруутгаж байсан хүмүүсийг хэрхэн гэрлээр хангасан бэ?

  • 12-р шүлэгт буй Аврагчийн үгсээс бид ямар зарчмыг сурч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид Аврагчийг дагах юм бол сүнслэг харанхуйгаас зайлсхийж, Түүний гэрлээр дүүргэгдэх болно гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)

  • Аврагч та нарт сүнслэг харанхуйд алхахаас зайлхийхэд хэрхэн тусалдаг гэж бодож байна вэ?

Хуучин Гэрээний хэд хэдэн бошиглолд Мессиа нь бүх үндэстний гэрэл нь болно (Исаиа 49:6; 60:1–3) гэж өгүүлдэг болохыг тайлбарла. Тийм ч учраас Өөрийгөө энэ ертөнцийн гэрэл мөн хэмээн тунхаглахдаа Есүс Өөрийгөө Мессиа мөн гэж тунхагласан.

Нэг суралцагчийг Иохан 8:13-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагчийн тунхаглалд фарисайчууд хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс.

  • Фарисайчууд Аврагчийн тунхаглалд хэрхэн хандсан бэ?

  • Тэд яагаад Есүсийн ярьсан зүйл буюу гэрчлэлийг үнэн биш гэсэн бэ? (Яагаад гэвэл Тэр Өөрийнхөө талаар гэрчлэлээ хуваалцсан болохоор.)

Есүс фарисайчуудад Мосегийн хуулиар үнэнийг тогтоохын тулд доод тал нь хоёр хүний гэрчлэл байх ёстой гэж сануулсан болохыг тайлбарла (Иохан 8:17; Дэд хууль 17:6-г үзнэ үү). Нэг суралцагчийг Иохан 8:18-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс бол амлагдсан Мессиа мөн гэж өөр хэн гэрчилснийг олж мэдэхийг хүс.

  • 18-р шүлэгт цэдэглэснээр, Өөрийнх нь тэнгэрлэг байдлын талаар гэрчлэх хоёр дахь гэрчлэгчийг хэн байсан гэж Аврагч хэлсэн байна вэ? (Энэхүү мэдэгдлээр Есүс, Бурхан Эцэг хоёр бол тусдаа хоёр биес болохыг баталсан юм гэдгийг онцлон тэмдэглэж болно.)

Нэг суралцагчийг Иохан 8:19-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, фарисайчууд Есүс ба Түүний Эцэгийн талаар юуг ойлгохгүй байсныг олж мэдэхийг хүс.

  • 19-р шүлэгт өгүүлснээр, фарисайчууд яагаад Бурхан Эцэгийг мэддэггүй байсан бэ? (Фарисайчууд Есүсийг болон Түүнийг үнэндээ хэн болохыг мэдэхгүй байсан учраас Эцэгийг мэдэхгүй байсан юм.)

  • Аврагчийн фарисайчуудад хэлснээр, бид Тэнгэрлэг Эцэгийг мэддэг болохын тулд юу хийж чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Есүс Христийн талаар суралцсанаар бид Бурхан Эцэгийг мэддэг гэдгийг тодорхойлж байгаа эсэхийг бататга. Суралцагчдын үгсийг ашиглаад, энэ зарчмыг самбар дээр бич.)

Суралцагчдад энэ зарчмыг ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах мэдэгдлийг чанга уншихад урь.

Ахлагч Жэффри Р.Холланд

“Есүсийн хэлж, хийхээр ирсэн бүх зүйл, ялангуяа Өөрийн цагаатгах зовлон шаналал, золиослолоор Тэр бидэнд Бурхан бидний Мөнхийн Эцэг хэн болох мөн ямархуу байхыг, түүнчлэн бүх насны болон бүх үндэстний хүүхдүүддээ Өөрийгөө бүрэн зориулдгийг харуулсан. Есүс үг, үйлдлээрээ Өөрийн Эцэг, бидний Тэнгэр дэх Эцэгийн үнэн мөн чанарыг бидэнд илчилж, бидэнд хамааруулах гэж хичээж байв. …

Тэгээд өлссөнийг хооллох, өвчтөнийг эдгээх, хоёр нүүртнийг зэмлэх, итгэлтэй байхыг гуйх—энэ бүхэн Христ бидэнд ‘өршөөнгүй, нинжин сэтгэлтэй, уурлахдаа удаан, тэсвэртэй, сайн сайхнаар дүүрэн’ Эцэгийн маань арга замыг харуулж байгаа нь тэр юм. Өөрийнхөө амьдралын туршид, ялангуяа Өөрийнхөө үхлээр ‘энэ бол Бурханы болон Өөрийнхөө нинжин сэтгэлийг та нарт үзүүлж байгаа юм’” гэдгийг Христ үргэлж тунхаглаж байсан болно (“The Grandeur of God,” Ensign эсвэл Liahona, 2003 оны 11-р сар, 70, 72).

  • Ахлагч Жэффри Р.Холландын өгүүлснээр, бид Есүс Христийн талаар суралцахдаа Тэнгэрлэг Эцэгийнхээ тухай юуг мэдэж авдаг вэ?

Фарисайчууд хэрэв Өөрт нь итгэхгүй байвал тэд нүгэлдээ үхэх болно хэмээн Аврагч тэдэнд сэрэмжлүүлсэн гэдгийг тайлбарлан, Иохан 8:21–24-ийг нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчийг Иохан 8:25–30-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс фарисайчуудад Өөрийнхөө болон Тэнгэрлэг Эцэгийн талаар ямар нэмэлт үнэнийг заасан тухай олж мэдэхийг хүс. Та суралцагчдаас олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг хүсэж болно.

  • Есүс Христ Өөрийнхөө болон Тэнгэрлэг Эцэгийн тухай өөр ямар нэмэлт үнэнийг заасан бэ?

  • Эдгээр шүлэгт буй Аврагчийн сургаал нь Аврагч, Тэнгэрлэг Эцэг хоёрын хоорондох харьцааг ойлгоход бидэнд хэрхэн илүү их тусалж чадах вэ?

Суралцагчдыг энэ жил Шинэ Гэрээнээс Есүс Христийн хэлсэн үг, хийсэн үйлдлийн талаар (тухайлбал, садар самуун хийж байгаад баригдсан эмэгтэй) суралцсан түүхүүдийг давтаж, тунгаан бодоход цөөн хэдэн минут зарцуулахад урь. Мөн та Сайн мэдээний зургийн цуглуулгаас ([2009] болон LDS.org-оос үзнэ үү) Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинууллын үйл явдлуудыг харуулсан зурагнуудыг үзүүлж болно. Цөөн суралцагчийг бодсон түүхээ товч ярьж өгөөд, уг түүх Тэнгэр дэх Эцэгийн маань талаар юу заадаг тухай тайлбарлахад урь.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар гэрчлэлээ хуваалцсанаар хичээлээ төгсгө.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Иохан 8:7. “Та нарын дундаас нүгэлгүй хүн нь эхлээд энэ эмэгтэй уруу чулуу шид”

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф, бид заримдаа чулуу шиддэг буруутай байж болох талаар өөрсдийгөө шалгах дараах асуултуудыг өгчээ.

Хайрт ах эгч нар минь ээ, дараах асуултуудыг хувийн шалгалт гэж бодоорой.

Та нар хэн нэгний эсрэг атаа хорсол өвөрлөдөг үү?

Хэдийгээр хэлж байгаа тань үнэн байж болох магадлалтай ч гэсэн та нар хов жив ярьдаг уу?

Тэд ямар нэг буруу зүйл хийсэн учир бусдыг гадуурхаж, цааш түлхэж эсвэл ялладаг уу?

Та нар далдуур хэн нэгэнд атаархдаг уу?

Та хэн нэгэнд хор уршиг учруулахыг хүсдэг үү?

Хэрэв та нар эдгээр асуултын аль нэгэнд тийм гэж хариулсан бол өмнө хэлсэнчлэн Үүнийгээ зогсоо! гэсэн хоёр үгээс бүрдэх зааврыг хэрэгжүүлж болох юм.

Буруутгалаар дүүрэн, нөхөрсөг бус дэлхийд хэн нэгнийг үзэн ядаж, үл хүндлэх шалтаг олоход амархан. Гэвч хэн нэгнийг үзэн ядахаасаа өмнө бидний Багш, үлгэр жишээ Нэгэний: “Та нарын дундаас нүгэлгүй хүн нь эхлээд энэ эмэгтэй уруу чулуу шид” гэсэн үгсийг санацгаая.

Ах эгч нар аа, чулуугаа доош хаяцгаая” (“Өршөөнгүй хүмүүс өршөөл энэрлийг хүлээн авна,” Ensign эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 78).