Номын сан
105-р хичээл: 1 Коринт 5–6


105-р хичээл

1 Коринт 5–6

Оршил

Төлөөлөгч Паул гэгээнтнүүдэд ёс бус хүмүүсийн нөлөөнд орохгүй байхыг анхааруулсан. Тэрээр гэгээнтнүүдэд Коринт хотод түгсэн ёс суртахуунгүй үзэл бодол, зан үйлээс зайлсхийхийг сэрэмжлүүлсэн.

Заах зөвлөмж

1 Коринт 5

Паул гэгээнтнүүдэд нүгэл санаатай үйлддэг хүмүүстэй нийлэхгүй байхыг анхааруулав

Самбар дээр тавагтай шинэхэн жимсэн дунд нэг ялзарсан жимс хийсэн энгийн зураг зур. Эсвэл та ялзарсан ямар нэг жимс харуулж болно.

Зураг
зураг, тавагтай жимс
  • Хэрэв та ялзарсан жимсийг шинэ жимснүүдтэй хамт нэг тавганд байлгавал юу болох вэ?

  • Ялзарсан жимс бидний амьдрал дахь юуг төлөөлж болох вэ? (Бидэнд хор хөнөөлтэй нөлөөнүүдийг)

Суралцагчдыг 1 Коринт 5-ыг судалж байхдаа өөрсдийн амьдрал дахь хор хөнөөлтэй нөлөөнүүдэд хэрхэн хандахаа илүү сайн мэдэхэд туслах үнэнийг олж мэдэхэд урь.

Нэг суралцагчийг 1 Коринт 5:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Коринтын гэгээнтнүүдийн дунд байсан ёс бус дадлуудыг олж мэдэхийг хүс.

  • Коринтын гэгээнтнүүдийн дунд ямар ёс бус дадал байсан бэ? (Садар самуун гэдэг нь гэрлэлтээс гадуурх ямар нэгэн бэлгийн харьцааг хэлнэ гэж тайлбарла. Коринтын Сүмийн гишүүдийн нэг нь хойд эхтэйгээ бэлгийн харьцааны гэм нүгэл үйлдсэн байна.)

  • 2-р шүлэгт цэдэглэснээр, Паул Сүмийн удирдагчдад уг хүний асуудлаар хэрхэхийг зөвлөсөн бэ? (2-р шүлэгт буй “та нарын дундаас зайлуулагдах” гэсэн үгс нүгэл үйлдэгчийг Сүмээс хөөх хэрэгтэй гэсэн утгатайг тайлбарла.)

Сүмийн удирдагчид Сүмийн ямар нэг сахилгын арга хэмжээ авах юм уу Сүмээс хөөхөөс өмнө тухайн гишүүнтэй холбоотой олон хүчин зүйлийг анхааралтай авч үздэг гэдгийг онцол. Сүмийн удирдагчид уг гэм нүглийн хэр ноцтойг бодож үзэхээс гадна тухайн хүнийг наманчлахад туслах мөн уг хүний үйлдэл юм уу түүний итгэдэг зүйлсээ дэлгэн тараах явдал нь бусдад сөргөөр нөлөөлөхөөс хамгаалах, түүнчлэн Сүмийн заадаг зүйлсийн ариун нандин байдлыг хамгаалах зэрэг Сүмийн сахилгын арга хэмжээний өөр өөр зорилгуудыг ч бас авч үздэг (“Church Discipline,” mormonnewsroom.org/articles/church-discipline).

Нэг суралцагчийг 1 Коринт 5:6–7-г чанга уншихад урьж, ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул уг хүнийг яагаад Сүмээс хөөх хэрэгтэй гэдгийг тайлбарлахад ашигласан харьцуулалтыг олохыг хүс.

  • Паул наманчилдаггүй нүгэлтнүүдийг юутай зүйрлүүлсэн бэ? (Хөрөнгө буюу исгэгч нь талхыг яваандаа муутгаж, хөгцрүүлдэг гэдгийг тайлбарла.)

  • Зуурсан гурилыг хөөлгөхөд хэр их хөрөнгө хэрэгтэй вэ?

  • Зуурсан гурил юуг төлөөлж байна вэ? (Есүс Христийн Сүмийг)

  • Та нар энэ адилтгалын утгыг хэрхэн зарчим болгож тоймлох вэ? (Суралцагчид Хэрэв бид нүгэлд дурладаг хүмүүстэй ойртон нөхөрлөвөл тэдний ёс бус байдал бидэнд нөлөөлөх болно гэсэнтэй төстэй зарчмыг өөрсдийн үгээр тодорхойлох ёстой. Энэ үнэнийг самбар дээр бич.)

Нэг суралцагчийг 1 Коринт 5:9–11-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паулын Коринтын гэгээнтнүүдэд өгсөн зөвлөгөөг олж мэдэхийг хүс.

  • Паул Коринтын гэгээнтнүүдэд юунаас зайлсхийх заавар өгсөн бэ?

Завхайрагч эсвэл нүгэлд дуртай хүмүүстэй бүү нөхөрлө гэсэн Паулын зөвлөгөөг ойлгоход суралцагчдад туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэллийн дараах мэдэгдлийн хувийг тарааж өг. Нэг суралцагчаас чанга уншихыг хүс.

Зураг
Ахлагч Нийл А.Максвэлл

“Завхайрагчидтай бүү нөхөрлө. К.С.Льюисийн бичсэнээр, та нар тэдэнтэй харьцуулахад сүрхий сайндаа биш, харин хангалттай сайн биш учраас юм шүү. Муу нөхцөл байдал сайн хүмүүсийг ч муутгадаг гэдгийг санагтун” (“The Stern but Sweet Seventh Commandment,” New Era, 1979 оны 6-р сар, 42).

  • Нүгэлд дурлагч хүмүүстэй нөхөрлөх нь бидний зөвийг сонгох чадварыг хэрхэн сулруулж болох вэ?

  • Сайн хүмүүсийг муутгаж болох муу нөхцөл байдлын ямар ямар жишээ байдаг вэ?

  • Нүгэлд дурласан хүмүүст өөрсдийн жишгийг бууруулалгүйгээр туслахын тулд бид юу хийж болох вэ? (Бид тэдний төлөө залбирч, Бурханы хүүхдүүдийнх нь хувьд тэднийг хүндлэн, сайхан хандаж, зарлигуудыг дагаснаар зөв үлгэр дуурайл үзүүлж чадна.)

Суралцагчдыг жишгээ бууруулалгүй бусдад эергээр нөлөөлөхийн тулд хийж болох зүйлсийн талаар залбирч, бодоход урь.

Сүм гишүүдийг наманчлахад дуудах үүрэгтэй бөгөөд зарим үед ноцтой гэм нүгэл үйлдсэн хүмүүсийг “[Сүмийн] дундаас зайлуулдаг” (13-р шүлэг) үүрэгтэй талаар Паулын заасныг тайлбарлан, 1 Коринт 5:12–13-ыг нэгтгэн дүгнэ.

1 Коринт 6

Паул гэгээнтнүүдэд нэгдмэл байдал болон ариун явдлын хуулийн талаар заав

Самбар дээр тавагтай ялзарсан жимс дунд нэг шинэ жимс хийсэн өөр нэг зураг зур. Эргэн тойронд нүглээр дүүрсэн байхад үүнээс хэрхэн зайлсхийх талаар бодож байсан эсэхээ тунгаахад суралцагчдыг урь. Энэ нь Коринтын гэгээнтнүүдэд тулгарсан асуудал байсныг онцол.

Зураг
зураг, аягатай жимс

Суралцагчид 1 Коринт 6-г судалж байхдаа ёс бус нөлөөгөөр хүрээлэгдсэн байсан ч зөв шударга амьдрахад нь тэдэнд туслах Паулын заасан үнэнийг олж мэдэхэд тэднийг урь.

Паул Коринтын гэгээнтнүүдэд маргаанаа шууд иргэний шүүхээр шүүлгэхээр шийдэхийн оронд өөрсдийн дунд зөв шударгаар шийдвэрлэхийг зөвлөсөн гэдгийг тайлбарлан, 1 Коринт 6:1–8-ыг нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчийг 1 Коринт 6:9–11-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул Сүмийн гишүүдэд Коринт дахь ямар нүгэлт үйлдлүүдээс зайлсхийхийг заасан тухай олж мэдэхийг хүс.

  • Паул Сүмийн гишүүдэд ямар ямар нүгэлт зан чанараас зайлсхийх хэрэгтэй гэж заасан бэ?

  • 11-р шүлэгт цэдэглэснээр, Паул гэгээнтнүүдэд өөрсдийнх нь тухай юуг сануулсан бэ? (Коринтын олон хөрвөгч Сүмд нэгдэхээсээ өмнө эдгээр нүгэлт зан үйлд оролцож байсан ч наманчилж, нүглээсээ цэвэршсэн.)

Тухайн үеийн эртний коринтчууд ёс суртахуунгүй байдлаараа алдартай байсан бөгөөд бидний бие махбод зугаа цэнгэлийн төлөө бүтээгдсэн гэх санааг олонх нь дэмждэг байсныг тайлбарла. Паулын зөв, буруу гэж байхгүй гэх гүн ухааны үзлийн эсрэг заасныг тайлбарлан, 1 Коринт 6:12-ын Иосеф Смитийн Орчуулгыг нэгтгэн дүгнэ.

  • Коринт дахь зан үйл, үзэл бодол өнөөгийн дэлхийн чиг хандлагатай юугаараа төстэй байна вэ?

Нэг суралцагчийг 1 Коринт 6:13-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул бидний бие махбодын зорилгын талаар юу заасныг олж мэдэхийг хүс.

  • Бидний бие махбодын талаар Паул юу заасан бэ? (Коринтын олон хүн бие махбод нь зугаа цэнгэлийн тулд бүтээгдсэн гэдэгт итгэдэг байхад Паул бидний бие махбод Их Эзэний зорилгуудыг биелүүлэхийн тулд бүтээгдсэн хэмээн зааж, уг үзлийг залруулав.)

Сүмд нэгдсэн хүмүүс Христийн биеийн нэгэн сүнслэг “хэсэг” болж Түүнтэй нэг болдог гэдгийг тайлбарлан, 1 Коринт 6:14–17-г нэгтгэн дүгнэ. Паул түүнчлэн бэлгийн ёс суртахуунгүй байдал Есүс Христтэй харилцах сүнслэг харилцаатай нийцдэггүй гэдгийг тайлбарласан.

Нэг суралцагчийг 1 Коринт 6:18-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул Коринтын гэгээнтнүүдэд юу хийхийг заасан талаар олж мэдэхийг хүс. (Та 1 Коринт 6:18-ын Иосеф Смитийн Орчуулга нь “биеийнх нь гадна” гэдгийг “Христийн биеийн эсрэг” хэмээн өөрчилснийг онцолж болно.)

  • Паул Коринтын гэгээнтнүүдэд юу хийхийг заасан бэ?

  • Садар самуун үйлдэгчдийн талаар Паул ямар үнэнийг заасан бэ? (Та суралцагчдыг 18-р шүлгээс Садар самууныг үйлдэгчид нь өөрсдийн биеийн эсрэг нүгэл үйлддэг гэсэн үнэнийг заадаг үгсийг тэмдэглэхийг санал болгож болно.)

Дараа нь Паул садар самуун эсвэл бэлгийн ёс суртахуунгүй байдал нь яагаад “[тухайн хүний] өөрийнхөө биеийн эсрэг” үйлдсэн нүгэл болдог тухай заасныг тайлбарла.

Нэг суралцагчийг 1 Коринт 6:19-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул бидний биеийг юутай зүйрлүүлснийг олж мэдэхийг хүс.

  • Паул бидний биеийг юутай зүйрлэсэн бэ?

Ариун сүмийн зураг үзүүл.

  • Ариун сүм бусад барилгаас юугаараа ялгаатай вэ?

  • 19-р шүлэгт Паулын заасан үнэнийг та нар хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бидний бие бол Сүнс оршиж болох Бурханы ариун сүм юм гэсэн сургаалыг олж тогтоосон эсэхийг бататга.)

  • Бидний бие бол ариун сүм гэдгийг ойлгох нь бидний өөрсдийн болон бусдын биед хандах хандлагад хэрхэн нөлөөлөх вэ?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас энэ үнэнийг ойлгох нь өөрсдийнхөө биед хандах хандлагад хэрхэн нөлөөлж болох тухай нэмэлт ойлголтуудыг олж сонсохыг хүс.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Бид [1 Коринт 6:19–20 дахь] үнэнийг … хүлээн зөвшөөрснөөр өөрсдийнхөө биенд шивээс хийлгэн үзэмжгүй болгох эсвэл хар тамхи гэх мэтийг хэрэглэн муутган доройтуулах, аль эсвэл садар самуун явдал үйлдэх, даруу бусаар хувцаслах зэргээр биеэ бузарлахгүй байх ёстой юм. … Бидний бие бол сүнсний маань зэмсэг бөгөөд бид үүнд чадах хэрээрээ анхаарах нь чухал. Бид өөрсдийн бие махбодын хүчийг Христийн ажлыг үргэлжлүүлэн, үүнд үйлчлэхэд өргөл болгох ёстой” (“Өргөл болгосон амьдралын тухай бодол эргэцүүлэл,” Ensign эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19).

  • 1 Коринт 6:19 дэх “Та нар өөрсдийнх биш” гэдгээр Паул юуг хэлсэн гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг 1 Коринт 6:20-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, бидний бие яагаад биднийх биш болохыг олж мэдэхийг хүс.

  • Бидний бие яагаад биднийх биш болохыг аль үгс харуулж байна вэ? (“Үнээр худалдан авсан” гэдэг нь Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан гэтэлгэгдсэн эсвэл буцаан худалдаж авсан гэсэн утгатайг тайлбарла.)

  • Та нар 19–20-р шүлгээс нэг үнэнийг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчдыг хариулсны дараа тэднийг 19–20-р шүлгийн хажууд Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан буцаан худалдагдсан учраас бидний бие биднийх биш юм гэсэн үнэнийг бичихэд урьж болно.)

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг уншихад урь.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“‘Үүнд хэн хохирох юм? Яагаад жаахан эрх чөлөөтэй байж болохгүй гэж? Би одоо нүгэл үйлдсэн ч дараа нь наманчилчихаж болно шүү дээ’ гэж хэзээ ч бүү хэлээрэй. Хэзээ ч ийм тэнэг, балмад байж болохгүй. Та шийтгэл хүлээлгүйгээр ‘Христийг дахиад цовдолж’ чадахгүй [Еврей 6:6-г үзнэ үү]. ‘Садар самуун явдлаас зугтан явагтун’ [1 Коринт 6:18] гэж Паул тунхаглаж, ‘энэ мэт ямар ч зүйлээс’ зугтагтун [С ба Г 59:6, тодотгол нэмсэн] хэмээн Сургаал ба Гэрээнд нэмж хэлсэн. Яагаад? Бид зугтаж чадахын тулд дэлхийн Аврагчийн бие, сүнсний аль алинаар нь тэвчсэн дүрслэхийн аргагүй зовлон шаналал нэгэн шалтгаан болох юм [ялангуяа C ба Г 19:15–20-ийг үзнэ үү]. Бид үүнийх нь төлөө Түүнд өртэй хүмүүс. Үнэндээ бид Түүнд бүх зүйлээрээ өртэй” (“Personal Purity,” Ensign, 1998 оны 11-р сар, 76).

  • Бидний бие биднийх биш гэдгийг санах нь өөрсдийнхөө биед хамаарах сонголтуудад хэрхэн нөлөөлөх вэ?

Суралцагчдыг самбар дээрх ялзарсан жимсэн дундах шинэхэн жимсний зургийг анхаарахад урь.

  • Бид өөрсдийн бие махбодын талаарх эдгээр үнэнийг ойлгосноор ёс бус байдлаар хүрээлэгдсэн үед цэвэр ариун үлдэхэд хэрхэн туслах вэ?

Ярилцсан үнэнүүдийн талаар гэрчил. Суралцагчдыг хичээлийн үеэр мэдэрсэн мэдрэмж, өдөөлтөө тунгааж, тэдгээрийн дагуу үйлдэхэд урь.

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—1 Коринт 6:19–20

Суралцагчдыг 1 Коринт 6:19–20 дээр үндэслэн богино хэлэх үг бэлдэхэд урь. Тэдэнд дараах зүйлсийг оролцуулахад урамшуул. Үүнд: (1) энэ судрын хэсэгтэй холбоотой нөхцөл байдлын тухай мэдээлэл (төгс эзэмших судрын картан дээрээс нөхцөл байдлын мэдээллийг олж болно), (2) үүний заадаг зарчим, (3) энэ судрын хэсгийн заадаг үнэнийг харуулсан хувийн туршлага. Та цөөн суралцагчийг үгээ ангийнхантай хуваалцахад урьж болно. Суралцагчдыг бэлдсэн үгээ гэртээ эсвэл Сүм дээр хуваалцах боломж гаргахад урамшуул.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

1 Коринт 5:9. “Завхайрагчидтай бүү нөхөрлө”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллард Сүмийн гишүүдийн хувьд бид “багтаан оруулах сургаалд” итгэдэг хэмээн заасан. Ахлагч Баллард энэ сургаалыг заахдаа:

“[Аврагч] иудейчүүдийг болон самаричуудыг жишээндээ оруулдаг нь бид бүгдээрээ хөршүүд бөгөөд шашин шүтлэг, улс төр, ёс заншил зэрэг эрс тэс ялгаануудаасаа үл хамааран бие биенээ хайрлаж, хүндэлж, үйлчилж байх ёстой гэдгийг тодорхой заадаг. …

“[Гэсэн ч] би … биднийг болон бидний гэр бүлийг сүнслэг байдлын хувьд эрсдэлд оруулах ямар нэг харилцаа холбоог үүсгэх хэрэгтэй гэж зөвлөж байгаа хэрэг биш юм шүү” (“Doctrine of Inclusion,” Ensign, 2001 оны 11-р сар, 37).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс бусад хүн Сүмийн гишүүдийн итгэдгээс өөр зүйлд итгэж, хийдгээс өөр зүйлс хийдэг байсан ч тэднийг хүндлэх тухай заасан.

“Сүмийн болон сургуулийн олон багш зарим өсвөр үеийнхнийг, тэр дотор зарим ХҮГ хүүхдийг нэг нэгэнтэйгээ хэрхэн харьцаж байгааг хараад, сэтгэл нь зовнисон байна. Шашин шүтлэг, арьс өнгө, соёл, санхүүгийн нөхцөл байдлаас үл хамааран нэг нэгнийгээ хайрлаж, хүндлэх нь бие биенээ хайрла гэсэн тушаалд яах аргагүй орно. Бусдыг дээрэлхэж, доромжлох эсвэл бусдыг өвтгөж, сэтгэлийг нь сэвтүүлэх үг хэллэг, үйлдлийг санаатай хийхгүй байхыг бид бүх өсвөр үеийнхнээс хүсэж байна. Энэ бүх зүйл Аврагчийн бие биенээ хайрла гэсэн зарлигийг зөрчдөг билээ” (“Бусдыг хайрлаж, өөр үзэл бодол бүхий хүмүүстэй зэрэгцэн амьдрах нь,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий Чуулган, 27).

1 Коринт 5:13. “Хилэнцэт хүнийг өөрсдийнхөө дундаас зайлуул”

Сүм ноцтой нүгэл үйлдээд байгаа хүнийг албан ёсоор зайлуулахад түүнийг Сүмийн сахилга гэдэг. Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт дахь дараах хэсэг нь Сүмийн сахилгын үйл явцын талаар тайлбарладаг.

“Бишоп, салбарын ерөнхийлөгчид болон гадас, номлол, дүүргийн ерөнхийлөгчид нь гишүүдэд наманчлалаар дамжуулан алдсыг даван туулахад туслах үүрэг хариуцлагатай байдаг. Хамгийн ноцтой алдсууд болох иргэний хуулийг ноцтой зөрчих, гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийлэл, завхайрал, хүчин, цус нэгтэнтэйгээ бэлгийн харьцаанд орох зэрэг нь ихэнхдээ Сүмийн албан ёсны сахилгын арга хэмжээг шаарддаг. Сүмийн албан ёсны сахилгын арга хэмжээнд Сүмийн гишүүнчлэлээс хасах, Сүмийн гишүүнчлэлийн онцгой эрхийг хязгаарлах зэргийг хамруулж болно.

Албан ёсны сахилгын арга хэмжээний үйл явц нь тэргүүлэх санваарын удирдагч сахилгын зөвлөлийг дуудсанаар эхэлдэг. Сахилгын зөвлөлүүдийн зорилго нь алдас үйлдэгч бодгалийг аврах, гэмгүй нэгнийг хамгаалах, цэвэр ариун, зарчимч байдлыг хангах хийгээд Сүмийн сайн нэрийг хамгаалахад оршдог.

Сүмийн сахилгын арга хэмжээ нь бурханлагаар нөлөөлөгдсөн үйл явц болон тодорхой хугацаа шаарддаг. Гишүүн энэхүү үйл явцаар болон Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан нүглийн уучлалыг хүлээн авч, оюун санаандаа амар амгаланг болон ирээдүйд алдахаас зайлсхийх хүчийг олж авч чадна. Сүмийн сахилгын арга хэмжээ нь үйл явцын төгсгөл байх албагүй. Энэ нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд хичээж зүтгэснээр Сүмийн бүрэн адислал хийгээд нөхөрлөлд эргэн очиход туслахад зориулагдсан юм. Хүссэн үр дүн нь хүн бүрэн наманчлахын тулд шаардлагатай гэх аливаа өөрчлөлтийг хийх явдал билээ” (“Сүмийн сахилгын зөвлөлүүд,” Итгэлдээ үнэнч байх нь, [2004], 185–186).