Номын сан
3-р хичээл: Суралцагчийн үүрэг


3-р хичээл

Суралцагчийн үүрэг

Оршил

Сайн мэдээнээс суралцахад багш, суралцагч, Ариун Сүнс гурвын аль аль нь өөрийн гэсэн чухал үүрэгтэй. Энэ хичээл нь энэ үүргүүдийг ойлгоход суралцагчдад тусалснаар тэдний суралцах хичээл зүтгэлийг үр дүнтэй болгоно. Та сайн мэдээнээс суралцах үүрэг хариуцлагыг нь суралцагчдад сануулахын тулд энэ хичээлд заасан зарчмуудыг тогтмол сануулж байх хэрэгтэй байж болох юм.

Заах зөвлөмж

Сайн мэдээнээс суралцахад Ариун Сүнс, багш, суралцагч гурвын гүйцэтгэх үүрэг

Нэг суралцагчийг дараах нөхцөл байдлыг чанга уншихад урь:

Нэг залуу эмэгтэй семинарт явахдаа сүнслэгээр өдөөгдөн, өсөж хөгжиж байв. Тэрээр тэнд Ариун Сүнсний нөлөөллийг мэдэрч, сурсан зүйлсдээ маш их талархдаг байлаа. Өөр нэгэн залуу эмэгтэй яг тэр семинарын ангид явдаг байжээ. Харин тэр ихэнхдээ уйтгарлан, ангиас нэг их юм сурч чадахгүй байна гэсэн мэдрэмжтэй байдаг байв.

  • Ямар шалтгааны улмаас энэ хоёр охин семинарын нэг ангид явдаг хэрнээ ийм тэс өөр сэтгэгдэлтэй байна вэ? (Дараах хариултууд байж болно. Үүнд: Эхний залуу эмэгтэй хичээлд илүү идэвхтэй оролцдог байж болно; мөн түүнд сүнслэгээр суралцаж байсан өмнөх туршлага байсан болохоор энэ ангид үргэлжлүүлэн суралцах суурь нь тавигдсан байж болох юм; хоёр дахь залуу эмэгтэй бусад асуудлаасаа болоод анхаарал нь сарнисан байж болно.)

Суралцагчдыг өнөөдрийн хичээлээс семинарын үүргээ биелүүлэхэд болон Есүс Христийн сайн мэдээний талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд туслах сургаал, зарчмуудыг олж мэдэхэд урь.

Семинарт сайн мэдээг судлахад Ариун Сүнс, багш, суралцагч гэсэн гурван тал өөр өөрийн гэсэн чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тайлбарла.

Нэг суралцагчийг Иохан 14:26-г мөн өөр нэгэн суралцагчийг Иохан 16:13-ыг тус тус чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншихыг мөн Ариун Сүнсний зарим үүргийг олж мэдэхийг хүс.

  • Бид эдгээр шүлгээс Ариун Сүнсний үүргийн талаар ямар үнэнийг сурч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хариулж болох ч Ариун Сүнс үнэнийг заадаг гэсэн сургаалыг олж тогтоох ёстой.)

  • Ариун Сүнс үнэнийг зааж байна гэдгийг бид хэрхэн мэдэж болох вэ? (Та суралцагчдад Сургаал ба Гэрээ 8:2–3-ыг уншихыг санал болгож болно.)

Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 50:13–14-ийг чанга уншихыг хүс. Ангийнхныг дагаж уншаад, сайн мэдээний багшийн үүргийг олж мэдэхэд урь. Суралцагчийг уншихаас өмнө, эдгээр шүлэг нь сайн мэдээг бусдад заахаар томилогдсон эхэн үеийн гэгээнтнүүдэд өгөгдсөн гэдгийг тайлбарла.

  • Сайн мэдээний багш ямар үүрэгтэй вэ? (Мөн С ба Г 42:14-ийг үзнэ үү.)

Нэг суралцагчийг 2 Нифай 33:1-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншихыг мөн үнэнийг Ариун Сүнсний хүчээр зааж байх үед Тэр бидэнд хэрхэн нөлөөлдөг болохыг олж мэдэхийг хүс.

  • Энэ шүлэгт өгүүлснээр, Ариун Сүнс бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Зүрх сэтгэлдээ үнэнийг мэдрүүлдэг Ариун Сүнсийг хэрхэн урьж болохыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд, ангийн нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 88:118-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншихыг мөн бид хэрхэн суралцахыг эрэлхийлж болох талаар олж мэдэхийг хүс.

  • Бид суралцахыг хэрхэн эрэлхийлэх вэ? (Судлахын хамт итгэлээр сур.)

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарийн дараах мэдэгдлийг чанга уншихад урь. Бид итгэлээр суралцахыг эрэлхийлэх нь юуг тохиолгох боломжтой болдог тухай сонсохыг хүс:

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Багш агуу сүнслэг хүч, үр нөлөөтэйгөөр тайлбарлан үзүүлж, ухуулан мөн гэрчилж чадна. Гэхдээ эцсийн эцэст зөвхөн хүлээн авагч захиасын утга учир ба Ариун Сүнсний гэрчлэлийг зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л энэ нь нэвтрэн ордог. Итгэлээр суралцах нь зүрх сэтгэлд хүрэх замыг нээдэг” (“Seek Learning by Faith,” Ensign, 2007 оны 9-р сар, 61).

  • Бид итгэлээр суралцахыг эрэлхийлснээр юу тохиолдож болох талаар ямар зарчмыг энэ мэдэгдлээс сурч болох вэ? (Суралцагчдад Хэрэв бид итгэлээр суралцахыг эрэлхийлэх юм бол зүрх сэтгэлд маань үнэнийг гэрчлэн заахад Ариун Сүнсийг урьдаг гэсэн зарчмыг олж тогтооход тусал. Энэ үнэнийг самбар дээр бичих талаар бодож үз.)

Итгэл нь зүгээр нэг идэвхгүй үзэл бодлоос илүү чухал болохыг онцол. Бид үйлдлээр дамжуулан итгэлээ илэрхийлдэг.

  • Итгэлээр суралцах гэсэн нь ямар утгатай гэж та бодож байна вэ?

Итгэлээр суралцах нь ямар утгатай болохыг харуулахын тулд хөл бөмбөг хэзээ ч тоглож байгаагүй нэг хүнийг сайн дураараа гарч ирэхэд урь. (Та энэ үйл ажиллагааг сагс болон хөгжмийн зэмсэг тоглож, жонглёрдож эсвэл зангиа зангидаж үзээгүй хэн нэгнийг оролцуулан явуулж болно.) Та сайн дураараа гарч ирсэн хүнд түүнийг хөл бөмбөгийн багт тоглохуйц сайн тоглож сургах зорилготой байгаагаа хэл. Түүнээс зааж сургах таны чадварт болон өөрийнхөө суралцах чадварт итгэлтэй байгаа эсэхийг асуу. Дараа нь хөл бөмбөг хэрхэн залахыг үзүүлэн тайлбарла, гэхдээ түүгээр хийлгэж болохгүй. Хөл бөмбөг хэрхэн дамжуулахыг тайлбарлаж өг. Дараа нь түүн рүү бөмбөг дамжуулж үзүүлэхдээ түүнд тань руу бөмбөгийг эргүүлэн өшиглөх боломж олголгүй буцааж ав. Түүнчлэн талбайгаас гадагш гарсан хөл бөмбөгийг шидэхдээ мөн адил түүнд боломж олголгүй буцааж ав. Дараа нь түүнд дараах асуултыг тавь:

  • Та өөрийгөө хөл бөмбөгийн багт тоглоход хэр бэлтгэгдсэн гэж бодож байна вэ? Яагаад?

  • Хэдийгээр хөл бөмбөг тоглох талаар сурч, бусдын тоглохыг харах нь тус болж болох ч шаардлагатай ур чадварыг хөгжүүлж, амжилтад хүрэхийг хүсэж байвал та юу хийх ёстой вэ?

  • Энэ нь итгэлээр суралцахтай хэрхэн холбоотой вэ? (Зөвхөн Сүнс бидэнд зааж чадна гэж итгэж найдах нь хангалтгүй. Бид Бурханы үнэнүүдийн талаарх мэдлэгийг олж авахын тулд хичээл зүтгэл гарган суралцаж, сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх шаардлагатай.)

Нэг суралцагчийг ахлагч Бэднарын дараах мэдэгдлийг уншихад урь. Тэр итгэлээр суралцах талаар юу заасныг олж сонсохыг ангийнхнаас хүс (та энэ мэдэгдлийн хувийг суралцагчдад тарааж өгч, тэднийг олж мэдсэн зүйлсээ тэмдэглэхэд урьж болно):

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Зөв зарчмуудын дагуу өөрийн чөлөөт сонголтыг хийгч суралцагч нь өөрийн зүрх сэтгэлийг Ариун Сүнсэнд нээж, Түүний сургаал, гэрчлэгч хүч ба батлагч гэрчийг урьдаг. Итгэлээр суралцахад идэвхгүй хүлээн авах нь биш, харин сүнслэг байдал, оюун ухаан, бие махбодын хувьд хүчин чармайлт гаргах нь шаардлагатай. Бид итгэлээр өдөөгдсөн чин сэтгэлийн, тууштай үйлдлээрээ суралцахыг мөн Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авахыг хүсэж байгаагаа Тэнгэрлэг Эцэгтээ болон Түүний Хүү Есүс Христэд харуулдаг юм. …

“… Итгэлээр суралцах нь лекц уншсанаар болон үзүүлэх сургалт эсвэл туршилтын дадлага хийснээр ирдэггүй, харин суралцагч өөртөө мэдлэг олж авахын тулд итгэлээ хөгжүүлэн, үйлдэх ёстой байдаг” (“Seek Learning by Faith,” Ensign, 2007 оны 9-р сар, 64).

  • Бид үнэнийг зааж, гэрчлэх Сүнсийг урихын тулд сүнслэг байдал, оюун ухаан, бие махбодын хувьд хэрхэн хичээж чармайх ёстой вэ?

Анхааруулга: Яг энэ цаг мөч нь Сургаал ба Гэрээ 88:122-ыг уншиж, ангидаа эмх цэгцтэй, хүндэтгэлтэй хандахын ач холбогдлын талаар ярилцах тохиромжтой цаг байж болно.

  • Семинарын ангид ямар хандлага эсвэл зан чанар үнэнийг заахад Сүнсэнд саад болдог вэ?

  • Итгэлээр суралцахыг эрэлхийлдэг суралцагчийн семинарын туршлага үүнийг эрэлхийлдэггүй суралцагчийн туршлагаас юугаараа ялгаатай байх вэ?

Суралцагчдаас Матай 4-ийг нээхийг хүс. Бид итгэлээр суралцахыг эрэлхийлэх нь Ариун Сүнсийг бидний зүрх сэтгэлд үнэнийг зааж гэрчлэхэд хэрхэн урьдаг талаарх жишээг төлөөлөгч Петрийн туршлагаас олж харж болно гэдгийг тайлбарла. Нэг суралцагчаас Матай 4:18–20-ийг чанга уншихыг хүс. Ангийнхнаас дагаж уншихыг мөн Петр, Андрей хоёрыг урьсан Аврагчийн урилгыг олохыг хүс.

  • Аврагч Петр, Андрей хоёрыг юу хийхэд урьсан бэ?

  • Тэдний хариу үйлдэл хэрхэн итгэлээр суралцахын жишээ болж байна вэ?

Есүс Христийг дагах болсон Петрийн үйлдэл мөнх бус амьдралын тохинууллынх нь туршид Аврагчтай хамт байх боломжийг түүнд олгосныг онцол. Намайг дага хэмээх Аврагчийн дуудлагыг хүлээн авснаар Петрт Түүний зааж байгааг байнга харж, олон гайхамшгийг гэрчлэх ховорхон боломж олдсон юм. Аврагчийн урьснаар Петр усан дээгүүр хүртэл алхаж байсан (Maтай 14:28–29-ийг үзнэ үү).

Нэгэн удаа Есүс шавь нараасаа нэг зүйл асуусан тухай тайлбарла. Нэг суралцагчийг Матай 16:13–14-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншихыг мөн Аврагч юу гэж асуусныг олж мэдэхийг хүс.

  • Аврагч шавь нараасаа юу гэж асуусан бэ?

  • Тэд хэрхэн хариулсан бэ?

Нэг суралцагчийг Матай 16:15–17-г чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншихыг мөн Петр Аврагчийн дараагийн асуултад юу гэж хариулсныг олж мэдэхийг хүс.

  • Петр Аврагчийн асуултад юу гэж хариулсан бэ?

  • Петр хэрхэн мэдлэг олж авсан талаар Аврагч юу гэж тайлбарласан бэ?

  • Энэ хичээлээр бидний олж тогтоосон үнэнүүдийг Петрийн туршлага хэрхэн харуулж байна вэ?

Суралцагчдыг хичээлийн дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бичихэд урь (та энэ асуултуудыг самбар дээр бичиж болно). Үүнд:

  • Та хэзээ итгэлээр суралцахыг эрэлхийлж байсан бэ? Таныг үүнийг хийж байх явцад Ариун Сүнс сайн мэдээнээс суралцахад гүйцэтгэдэг Өөрийн үүргийг хэрхэн биелүүлсэн бэ? (Та суралцагчдыг Есүс Христийн талаар илүү ихийг суралцахаар эрэлхийлж байсан өмнөх туршлагынхаа талаар бодоход урьж болно.)

Хэрэв суралцагчид хуваалцахыг хүсвэл тэдний дундаас хэдэн суралцагчийг бичсэн зүйлээсээ хуваалцахад урь. Түүнчлэн та өөрийнхөө туршлагаас эсвэл ярилцсан үнэнүүдийн талаарх гэрчлэлээ хуваалцаж болно.

Суралцагчдаас итгэлээр суралцахын тулд хийх мөн зүрх сэтгэлд нь үнэнийг зааж гэрчлэх Ариун Сүнсийг урих нэг эсвэл хоёр зүйлийн талаар бодохыг хүс. Суралцагчдыг хийх зүйлсээ бичихэд урь.

Ерөнхийлөгч Томас С.Монсоны дараах мэдэгдлийг уншаад, хичээлээ өндөрлө:

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Залуучууд аа, та бүхнийг семинарт хамрагдаасай хэмээн хүсэж байна. Судруудаасаа өдөр бүр суралцаж бай. Багш нарыгаа анхааралтай сонс. Сурсан зүйлсийнхээ талаар залбиран, амьдралдаа хэрэгжүүл” (“Participate in Seminary,” 2011 оны 8-р сарын 12, seminary.lds.org).

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Бишрэл хүндэтгэлтэй байдал илчлэлтийг урьдаг

Бишрэл хүндэтгэлтэй хандлага, биеэ авч явах байдал нь итгэлээр суралцахын нэг хэсэг байж болох бөгөөд энэ нь үнэнийг гэрчилж, заахад Сүнсийг урьж чадна. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр бишрэл хүндэтгэлтэй байдал, илчлэлт хоёрын хоорондын уялдаа холбооны талаар заахдаа:

“Сүүлийн хэдэн жилийн туршид бид Сүм дээрх бишрэл хүндэтгэлтэй болон бишрэл хүндэтгэлгүй байдлын загварыг ажиглан харсан. Эдгээрийн олонх нь магтууштай боловч, үнэндээ бид байвал зохих бишрэл хүндэтгэлтэй байдлаас аажим аажмаар холдсоор байна. Бидэнд энэ талаар нухацтай бодох шалтгаан бий.

“Дэлхий улам бүр их чимээ шуугиантай болж байна. …

“Илүү чанга, илүү сэтгэл хөдөлгөм, илүү зөрчилдөөнтэй байхын сацуу хязгаарлалтгүй, намбагүй, ёс журамгүй байх гэсэн энэ хандлага нь тохиолдлын бөгөөд хор хөнөөлгүй, аюулгүй зүйл биш юм.

“Цэргийн дайралт хийхээр завдаж буй захирагчийн анхны тушаал бол буулган авах гэж байгаа талынхаа холбоо барих сувгийг таслах явдал юм.

“Бишрэл хүндэтгэлгүй байдал нь оюун санааны хийгээд сүнсний аль алиных нь илчлэлтийн нарийн, эмзэг сувгуудыг хаах гэсэн дайсны зорилготой нийцдэг билээ. …

“… Удирдагчид бишрэл хүндэтгэлтэй байдал нь илчлэлтийг урьж авчирдгийг заадаг байх ёстой” гэжээ (“Reverence Invites Revelation,” Ensign, 1991 оны 11-р сар, 22).

Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн Маргарэт С.Лиффэрт эгч Сүмийн цуглаанууд дээрх бишрэл хүндэтгэлтэй байдлын тухай заасан бөгөөд түүний энэ зөвлөгөө семинарын ангийнханд ч мөн адил хамаатай:

“Зөвхөн бишрэл хүндэтгэлтэй байдалд Ариун Сүнс сайн мэдээний үнэнийг Бурханы үгсээр болон хөгжмөөр, гэрчлэл ба залбирлаар баталдаг билээ. …

“… Сүмийн цуглаан дээр мессеж бичиж, унших нь зөвхөн үл ойшоосон хүндэтгэлтэй бус хандлага төдийгүй бусдын анхаарлыг сарниулж, тэднийг хүндлэхгүй байгаагийн шинж юм. Тиймээс цуглаануудад хүндэтгэл бишрэлийн үлгэр жишээг үзүүлж, Сионы дууллыг хамтдаа дуулан, үг хэлж буй хүмүүсийг хүндэтгэлтэй сонсоцгооё” (“Хүндэтгэл ба бишрэл,” Ensign, 2009 оны 5-р сар, 13 эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 12).

Семинарт хамрагдахад урьсан бошиглогчийн дуудлага

Ерөнхийлөгч Томас С.Монсон семинарт оролцох тухай дараах захиасыг өгсөн юм.

“Семинар нь хожмын үеийн гэгээнтэн олон зуун өсвөр үеийнхний амьдралыг адисалсан билээ. Би семинараас олж авсан туршлагаа санаж байна. Миний семинарын хичээл дунд сургуулийн маань замын эсрэг талд байрлах жижигхэн байшинд өглөө эрт явагддаг байлаа. Манай багш ийм эрт босож чадаж байгаа юм чинь би ч бас ингэж чадна даа гэж боддог байв.

“Семинар нь танд Есүс Христийн сургаал ба Цагаатгалыг ойлгож, тэдгээрт итгэж, найдахад туслах болно. Та судруудад дуртай болсноор Их Эзэний Сүнсийг мэдэрнэ. Та өөрийгөө ариун сүмд ороход болон номлолд гарахад бэлдэх болно.

“Залуучууд та бүхнээс би семинарт хамрагдахыг хүсэж байна. Судруудаас өдөр бүр суралцаж бай. Багш нарыгаа анхааралтай сонс. Сурсан зүйлсээ залбиралтайгаар амьдралдаа хэрэгжүүл” (“Participate in Seminary,” 2011 оны 8-р сарын 12, seminary.lds.org).

Хичээлд оролцох нь

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт сайн мэдээнээс суралцах туршлагад хэрхэн хамрагдах талаар заахдаа:

“[Суралцагчдын] хичээлд оролцох шийдвэр нь тэдний хувийн хэрэгцээтэй нийцсэн Ариун Сүнсний нөлөөн доорх чөлөөт сонголт юм. Идэвхтэй оролцох уур амьсгалыг бүрдүүлэх нь Сүнс [багшийн] өөрийн чинь зааж чадахаас ч илүү чухал хичээлүүдийг заах магадлалыг нэмэгдүүлдэг.

“Энэхүү оролцоо суралцагчдын амьдралд Сүнсний удирдамжийг авчирна. Таныг асуултад хариулахдаа гараа өргөнө үү гэж суралцагчдад хэлэх үед тэд гараа өргөснөөрөө суралцах хүсэлтэй байгаагаа Ариун Сүнсэнд хэлж байгаа хэрэг юм. Ийнхүү ёс суртахууны сонгох эрхээ ашиглах нь Сүнсэнд тантай хамт байх хугацаандаа таныг урамшуулан, илүү хүчирхгээр чиглүүлэх боломжийг олгодог. Идэвхтэй оролцоо нь Сүнсээр удирдуулах боломжийг хүмүүст олгодог билээ. Тэд сүнслэг удирдамж гэж юу болохыг таньж мэдрэхэд суралцдаг” гэжээ (“To Learn and Teach More Effectively” [Brigham Young University Campus Education Week devotional, 2007 оны 8-р сарын 21, 2007], 4–5, speeches.byu.edu).

Суралцагчдад сайн мэдээнээс суралцах үүргээ биелүүлэхэд нь туслах нэмэлт арга замууд

Суралцагчдад сайн мэдээнээс суралцах үүргээ биелүүлэхэд нь хэрхэн тусалж болох талаар олж мэдэхийн тулд Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны семинар ба институтийн багш, удирдагч нарт зориулсан гарын авлага [2012] дээрх дараах сэдвүүдийг үзнэ үү:

  • “Бид суралцагчдад судлах үүргээ биелүүлэхэд нь тусалж, тэднийг сайн мэдээг бусдад заахад бэлтгэдэг” (1.3.3-р хэсэг, 7-р хуудас).

  • “Суралцагчдаас өөрийн үүргийг биелүүлэхийг хүс” ( 2.2.2-р хэсэг, 15-р хуудас ).

  • “Сүнслэгээр судлах үйл явцын зарчмуудыг ярилц” ( 2.2.3-р хэсэг, 17-р хуудас).

  • “Суралцагчдад үүргээ биелүүлэхэд нь туслахад анхаар” (4.3.4-р хэсэг, 57-р хуудас).