Паулын колоссайчуудад бичсэн захидлын оршил
Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?
Паул захидлаа ноцтой алдаа гаргаж байсан колоссайчуудад хандан бичжээ (Библийн толь бичиг, “Паулын захидлууд”-ыг үзнэ үү). Колоссай дахь хуурамч сургаал, зан үйл тэндхийн гэгээнтнүүдэд нөлөөлж, тэдний итгэлд заналхийлж байлаа. Түүнтэй адил соёлын дарамт шахалт өнөөгийн Сүмийн гишүүдэд асуудал учруулдаг билээ. Есүс Христийн бурханлаг бөгөөд авралын ажлыг онцлон харуулахын зэрэгцээ хэрхэн худал хуурмагийг танин мэдэж, илчилдэгт энэ номын ач холбогдол оршино. Суралцагчид Колоссай номыг судалснаар Аврагчид хөрвөгдсөнөө улам гүнзгийрүүлж, худал хуурмагаас болон нүглээс хамгаалагдах болно.
Хэн энэ номыг бичсэн бэ?
Паул, Тимот нар колоссайчуудад зориулан захидал илгээсэн (Колоссай 1:1, 23; 4:18-ыг үзнэ үү). Паул мэндчилгээгээ уг номын төгсгөлд бичсэн байдаг нь (Колоссай 4:18-ыг үзнэ үү) магадгүй Тимот бичээч хийж, уг номын гол хэсгийг бичихэд түүнд тусалсан болохыг илтгэдэг.
Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?
Энэ номыг Паул Ромд МЭ 60–62 оны үед анх удаа шоронд хоригдож байхдаа бичжээ (Судруудын удирдамж, “Паулын захидлууд,” scriptures.lds.org-оос үзнэ үү). Паул колоссайчуудад бичсэн захидлаа филиппойчууд, ефесчүүд мөн Филемонд захидал бичих үедээ бичсэн байж магадгүй юм.
Энэ номыг хэнд зориулан, юуны учир бичсэн бэ?
Энэ номыг одоогийн Турк улсын нутагт байрлах Колоссай хотод байдаг итгэлтэй гэгээнтнүүдэд зориулан бичсэн. Паул энэхүү захидлыг ойролцоо байдаг Лаодик хотын Сүмийн гишүүдтэй хуваалцахыг Колоссайн гэгээнтнүүдэд зааварласан (Колоссай 4:16-г үзнэ үү).
Паул энэ номыг “[Колоссай] дахь Сүмийн сургаалыг түгээгч Епафр түүн дээр айлчлан ирж уулзсаны дараа бичсэн [Колоссай 1:7–8-ыг үзнэ үү]. Епафр колоссайчуудыг тодорхой гадуурх ёслолуудыг нарийвчлан хийж [Колоссай 2:16-г үзнэ үү], бие махбодын зарим хэрэгцээнээс татгалзан, тэнгэр элчүүдэд мөргөж [Колоссай 2:18-ыг үзнэ үү], ноцтой алдаа хийж байгааг Паулд хэлсэн. Эдгээр зан үйл өөрсдийгөө ариусгаж буй мэдрэмжийг колоссайчуудад өгдөг байв. Тэд мөн ертөнцийн нууцуудыг Сүмийн гишүүдээс илүү ойлгож байгаа мэт мэдэрдэг байсан. Паул захидалдаа гэтэлгэл зөвхөн Христээр дамжин ирдэг бөгөөд бид ухаалаг байж, Түүнд үйлчлэх хэрэгтэй хэмээн сургаж, тэдний алдааг засаж залруулсан” (Судруудын удирдамж, “Колоссайчуудад бичсэн захидал,” scriptures.lds.org).
Энэ ном ямар ямар онцлог талтай вэ?
Паул колоссайчуудад бичсэн захидалдаа Есүс Христийн бурханлаг байдал, авралын номлол, гарамгай амжилтыг онцлон тэмдэглэж, Колоссай дахь хуурамч сургаалын эсрэг үйлдэл хийсэн (Колоссай 1:15–23-ыг үзнэ үү). Тэрээр Христийг Бурхан Эцэгийн дүр тусгал, Бүтээгч, Сүмийн Тэргүүн, хамгийн анх амилсан, Гэтэлгэгч хэмээн заасан. Тэр бол “бүх удирдлага ба эрх мэдлийн тэргүүн нь мөн” (Колоссай 2:10) бөгөөд Эцэгийнхээ удирдлаган дор Өөрийн тэнгэрлэг номлолыг гүйцэтгэдэг (Колоссай 1:19; 3:1-ийг үзнэ үү).
Паул жинхэнэ сүнслэг байдлыг онцгой зан үйл, баяр ёслол, хоол ундаар олж авна гэж заадаг хүмүүсээс болгоомжлохыг сануулсан (Колоссай 2:16–18, 20, 23-ыг үзнэ үү). Харин тэрээр сүнслэг байдлын төлөвшилт болон Бурханы талаарх мэдлэг нь “оюун ухаанаа дээгүүрх зүйлс дээр” төвлөрүүлж (Колоссай 3:2), зөв шударга бус үйлээ зогсоон (Колоссай 3:5–9-ийг үзнэ үү), Христийн адил зан чанаруудыг хөгжүүлснээр (Колоссай 3:12–17-г үзнэ үү) ирдэг хэмээн заасан. Паул уншигчдаа сайн мэдээний дотор “үргэлжид байж, суурилагдсан бөгөөд бат тогтон” (Колоссай 1:23) мөн “[Есүс Христ] дотор бат үндэслэгдэн, байгуулагдаж, итгэл дотроо баталгаажин” (Колоссай 2:7) байхыг зөвлөсөн.
Тойм
Колоссай 1:1–23 Паул Колоссайн гэгээнтнүүдтэй мэндчилж, Есүс Христ бол Гэтэлгэгч, бүх бүтээлтийн Ууган хүү, Бүтээгч, бүх тэнгэрлэг төгс төгөлдрийн Их Эзэн, түүгээр дамжуулан ертөнцийн эвлэрүүлэлт болдог хэмээн тунхагладаг. Паул гэгээнтнүүдийг Есүс Христэд итгэлтэй болохыг ухуулдаг.
Колоссай 1:24–2:23 Паул тэнгэр элчүүдэд мөргөх, бие махбодын үндсэн хэрэгцээнээсээ татгалзахыг сүнслэг зарчмын нэг хэлбэр болгон хэт туйлшрах хүмүүний хуурамч гүн ухаан буюу зан заншилд итгэхээс сэрэмжлүүлдэг.
Колоссай 3:1–4:18 Паул гэгээнтнүүдийг зүрх сэтгэлээ дээгүүр зүйлс дээр төвлөрүүлэн, өмнөх амьдралынхаа гэм нүглийг хөсөр хаяж, бие биендээ нигүүлсэнгүй хандахад уриалдаг. Тэр гэгээнтнүүдэд хэрхэн шүтэн бишрэх талаар зааварчилж, дараа нь эхнэр, нөхөр, хүүхэд, эцэг эх, боол, эзэн хүмүүст зөвлөдөг билээ. Тэрээр захидлаа магтаал, мэндчилгээ, сүүлчийн зааварчилгаа болон адислалаар төгсгөсөн.