Номын сан
64-р хичээл: Иохан 5


64-р хичээл

Иохан 5

Оршил

Аврагч Иерусалимд нэгэн зоогт оролцож (Дээгүүр өнгөрөх баяр бололтой) мөн Бетзада гэдэг цөөрмийн дэргэд өвчтэй хүнийг эдгээсэн. Есүс Христ Өөрийгөө Тэнгэрлэг Эцэгийг төлөөлдөг хэмээн зааж, хүмүүс яагаад Бурханы Хүүг хүндлэх ёстой талаар тайлбарлав. Мөн Өөрийнх нь бурханлаг байдлыг гэрчилдэг өөр олон гэрч байдаг тухай заасан.

Заах зөвлөмж

Иохан 5:1–30

Есүс нэгэн өвчтэй хүнийг Хүндэтгэлийн өдөр эдгээж мөн Өөрөө Эцэгтэй ямар харилцаатай байдаг тухай заав

хагархай сав

Хагархай хувин савны эсвэл тавагны хэлтэрхийг дүрсэлсэн зураг үзүүл (эсвэл хагархай тавагны зургийг самбар дээр зур).

Хэрэв ямар нэгэн чухал эсвэл үнэтэй зүйл хагалж байсан бол гараа өргөхийг суралцагчдаас хүс. Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн хувьд бид чухал бөгөөд агуу үнэ цэнтэй гэдгийг тайлбарла. Гэвч өөрсдийнхөө хийсэн сонголтоос эсвэл бидэнд тулгарч буй сорилтоос болоод заримдаа бид өөрсдийгөө өчүүхэн үнэ цэнтэй мэт эсвэл хагарч эвдэрсэн мэт санадаг.

  • Хэн нэгэн сүнсний болон маханбодын эсвэл сэтгэцийн хувьд хагархай мэт санагдаж болох ямар зарим арга зам байдаг вэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр жагсаан бич.)

Суралцагчдыг Иохан 5:1–9-өөс судалж байхдаа хагарсан юм шиг санагдах үед маань биднийг тайтгаруулж, бидэнд найдвар өгөхөд тусалж чадах үнэнийг олоход урь.

Есүс Христ Галилд тохинуулсны дараа Дээгүүр өнгөрөх баярын зоог байж болох магадлалтай иудейчүүдийн зоогт оролцохоор Иерусалим руу очсон гэдгийг тайлбарлан (Иохан 5:1, зүүлт тайлбар a-г үзнэ үү), Иохан 5:1-ийг нэгтгэн дүгнэ. Тэр Иерусалимд байхдаа ариун сүмийн дэргэдэх нэгэн цөөрөм дээр хүрч ирсэн.

Нэг суралцагчийг Иохан 5:2–4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, цөөрөм дээр ямар хүмүүс цугларсан байсныг олж мэдэхийг хүс.

  • Бетзада цөөрөм дээр ямар хүмүүс цугларсан байсан бэ? (Өвчтэй, сохор, доголон болон хатингар [3-р шүлэг] гэдэг нь ямар нэгэн байдлаар хүнд өвчтэй, сул дорой, тахир дутуу хүмүүс байсан гэдгийг онцлон хэл.)

  • Зовлон зүдгүүрт автсан энэ хүмүүс юу хүлээж байсан бэ? (Тэнд нэг булаг байж болох байсан бөгөөд үе үе цөөрөм рүү урсаж, усны гадаргууг буцалж байгаа мэт болгодог байсан ба энэ нь хүмүүсийн өвчин зовиурыг намдаадаг байсан байж болох юм гэдгийг тайлбарла [Bible Dictionary, “Bethseda”-г үзнэ үү].)

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн дараах мэдэгдлийг чанга уншихад урь.

Ахлагч Брүс Р.Макконки

“Бетзада цөөрөм нь эмчилгээ сувиллын эрдэс бүхий рашаан байсан гэдэг нь тодорхой. Харин тэнгэр элч бууж ирээд, усыг буцалж байгаа мэт болгосон, тэгснээр үүн рүү хамгийн эхэлж орсон хүн эдгэрэх болно гэдэг таамаглал мухар сүсэг байжээ. Эдгээх гайхамшгууд ийм маягаар тохиодоггүй юм” (Doctrinal New Testament Commentary, 3 боть, [1965–1973], 1:188).

  • Тэнгэр элч бууж ирж, усанд түрүүлж орсон хүнийг эдгээдэг байсан гэдэг итгэлийн талаар ахлагч Макконки юу заасан бэ?

  • Усанд түрүүлж орсон нь эдгэрэх болно гэдэгт найдсан олон өвчтөн цугларсан цөөрөм дэх нөхцөл байдал ямар байсан гэж та нар бодож байна вэ?

Цөөн суралцагчийг Иохан 5:5–7-г ээлжлэн уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагч цөөрмийн дэргэд хэвтэж байсан ямар хүнийг харсан гэдгийг олж мэдэхийг хүс.

Христ Бетзада цөөрөмд өвчтөнг эдгээв

Христ Бетзада цөөрөмд өвчтөнг эдгээсэн нь зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], д. 42; мөн LDS.org дээрээс үзнэ үү).

  • Эдгээр шүлэгт Аврагчийн харсан хүнийг хэрхэн дүрсэлсэн байна вэ?

Суралцагчдыг Иохан 5:8–9-ийг дотроо уншиж, тэр хүнд Аврагч хэрхэн хариулсан тухай олж мэдэхэд урь. Тэднээс олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Тэднийг “өнөөх хүн тэр даруй эрүүл болж” (9-р шүлэг) гэснийг тэмдэглэн авч үзэх талаар бодож үзэхэд урь.

Самбар дээр Бетзада гэсэн үг бич. Бетзада гэдэг нь “нигүүлслийн гэр” хэмээн орчуулагдаж болно гэдгийг тайлбарла (Bible Dictionary, “Bethseda”). Энэхүү тодорхойлолтыг Бетзада гэдэг үгийн хажууд самбар дээр бич. Нигүүлсэл гэдэг нь өрөвч нинжин бөгөөд сайхан сэтгэл гэдгийг тайлбарла. Нигүүлслийн хамгийн агуу үйл нь Есүс Христийн Цагаатгал байсан юм.

  • Яагаад Бетзада гэдэг нь ялангуяа Аврагч энэ хүнийг эдгээсний дараа тухайн газарт тохиромжтой нэр байсан бэ?

  • Бид ямар байдлаар энэ Бетзада цөөрмийн дэргэдэх хүнтэй төстэй байж болох вэ?

  • Аврагч энэ хүнийг эдгээсэн явдлаас бид ямар үнэнийг мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Есүс Христийн хүч чадал, нигүүлслээр бид бүрэн бүтэн болж чадна гэдгийг олж тогтоосон эсэхийг бататга.)

Энэ үнэнийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг ахлагч Мэррилл Ж.Бэйтмэний Тэргүүлэх бишопоор үйлчилж байхдаа энэ талаар ярьсан үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас Аврагч биднийг хэрхэн бүрэн бүтэн болгож чадах талаар сонсохыг хүс.

Ахлагч Мэррилл Ж.Бэйтмэн

“Бетзада цөөрмийн дэргэд байсан хазгар доголон хүн өөрөөс нь илүү хүчтэй нэгэн өөрийг нь эдгээхийг хүсэж байсан шиг (Иохан 5:1–9-ийг үзнэ үү), бид ч бас хэрвээ бодгаль маань уй гашуу, гуниг зовлон, нүглээс ангижран, бүрэн бүтэн болох хэрэгтэй бол Христийн Цагаатгалын гайхамшигт тулгуурладаг. … Зөвхөн Христээр дамжин, харууссан зүрхэнд тайтгарал болон санаа зовох, уй гашууд автагдсан байдалд амар тайван байдал ирэх боломжтой байдаг” (“The Power to Heal from Within,” Ensign, 1995 оны 5-р сар, 13).

  • Бид Есүс Христийн нигүүлсэл ба Түүний Цагаатгалаар дамжуулан бүрэн бүтэн болж чадах зарим арга зам юу вэ? (Бид энэ амьдралдаа эсвэл дараагийн амьдралдаа бүрэн бүтэн болгогдож болно гэдгийг тайлбарлан өгч болно.)

  • Бид Аврагчийн Цагаатгалаар дамжуулан нигүүлсэл, эдгэрэл хүлээн авахын тулд юу хийх ёстой вэ?

Суралцагчдаас өөрсдөд нь эсвэл сүнслэг байдал, бие махбод, сэтгэл санааны хувьд эвдэрч хагарсан хэн нэгэнд Есүс Христийн хүч чадал, нигүүлсэл, нинжин сэтгэл туслахыг харсан юм уу мэдэрсэн үеийнхээ талаар тунгаан бодохыг хүс. Аврагч нигүүлсэл, нинжин сэтгэлээр дүүрэн гэдгийг би мэднэ, яагаад гэвэл … гэсэн бүрэн бус өгүүлбэрийг самбар дээр бич.

Энэ өгүүлбэрийг хэрхэн дуусгах тухай бодохыг суралцагчдаас хүс. Цөөн суралцагчаас хариултаа хуваалцахыг хүс.

Аврагч хожим нь тэр хүнийг ариун сүмд олоод “дахиж нүгэл бүү үйлд” (Иохан 5:14) гэж зөвлөсөн тухай тайлбарлан, Иохан 5:10–16-г нэгтгэн дүгнэ. Иудейчүүдийн удирдагчид Есүс тэр хүнийг Хүндэтгэлийн өдөр эдгээсэн тухай олж мэдээд, Аврагчийг хавчиж, алахыг хичээв.

Нэг суралцагчийг Иохан 5:17–18-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, иудейчүүдийн удирдагчид Есүст уурлаж байсан өөр нэг шалтгааныг олж мэдэхийг хүс.

17-р шүлэгт цэдэглэснээр, Аврагч иудейчүүдийн удирдагчдад энэ хүнийг эдгээснээр Тэнгэрлэг Эцэгийн ажлыг гүйцэлдүүлснээ заасан гэдгийг тайлбарла. Дараа нь Аврагч Эцэгтэй ямар харилцаатай байсан тухайгаа заасан.

  • 18-р шүлэгт цэдэглэснээр, иудейчүүдийн удирдагчид Есүст хилэгнэх болсон өөр нэг шалтгаан юу байсан бэ? (Есүс Бурханыг Өөрийн Эцэг хэмээн хэлэн, Өөрийгөө Бурхантай адилтгасан учраас Бурханыг доромжилсон гэж тэд итгэж байсан.)

Аврагч Өөрөө бидний Тэнгэрлэг Эцэгтэй ямар харилцаатай болох талаар юу гэж заасан бэ? гэсэн асуултыг самбар дээр бич. Суралцагчдыг хос болгон хуваарил. Хос бүрийг Иохан 5:19–22, 26–27, 30-ийг хамтдаа чанга уншихад урь. Тэднийг энэ асуултын хариултыг олж мэдэхэд урь.

Хангалттай хугацаа өгсний дараа суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. (Самбар дээр Тэр өөрийн бүх үйлдэлд Тэнгэрлэг Эцэгийг төлөөлдөг бөгөөд Түүний хүслийг дуулгавартай дагахыг хичээдэг гэсэн үнэнийг бичээд, тэдний дээрх асуултад хариулсан хариултыг нэгтгэн дүгнэ. Аврагч биднийг адилхан үйлдэл хийхэд урьдаг гэдгийг тайлбарла.)

  • Есүс Христ Өөрийн бүх үйлдэлд Тэнгэр дэх Эцэгийн төгс төгөлдөр төлөөлөгч байдаг гэдгийг ойлгох нь яагаад чухал вэ?

Иохан 5:31–47

Түүний тэнгэрлэг байдлыг гэрчилдэг олон гэрчийн талаар Есүс заав

Ангид хальстайгаа байгаа нэг жижигхэн самар авчир (эсвэл вандуйны үр байж болно). Уг самрыг суралцагчид харж чадахгүйгээр гартаа барь. Хүний нүдэнд харагдаж байгаагүй нэг зүйлийг гартаа барьж байгаа гэдгээ тайлбарла. Хэрэв танд итгэж байгаа бол гараа өргөхийг суралцагчдаас хүс. Энэ нь үнэн эсэхэд эргэлзэж байгаа нэг суралцагчийг зарим суралцагчаас сонгож, энэ зүйлийг үзэхэд урь. Тухайн суралцагчдад тэр зүйлийг үзүүлж, тэднийг ангийнханд өөрийнхөө үнэн хэлсэн эсэхийг хэлэхэд урь.

  • Аливаа хэлсэн зүйл нэгээс илүү гэрчтэй бол түүний үнэн эсэхийг хэрхэн баталгаажуулдаг вэ?

Самрыг ангийнханд үзүүлж, үүний доторхыг хүн нүдээрээ хэзээ ч харж байгаагүй болохыг тайлбарла.

Нэг суралцагчийг Иохан 5:31-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагч Өөрийнх нь Тэнгэрлэг Эцэгтэй ямар харилцаатай байдгийг гэрчлэх гэрчийн талаар юу хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Иосеф Смитийн Орчуулга нь 31 ба 32-р шүлгийг илүү тодорхой болгосон байдаг гэдгийг онцлон тэмдэглэ. “Хэрэв Би Өөрийнхөө тухай гэрчилдэг бол Миний гэрчлэл үнэн болой. Учир нь би ганцаараа биш” (Иосеф Смитийн Орчуулга, Иохан 5:32–33). Аврагч иудейчүүдийн удирдагчдад Өөрийнх нь гэрчлэлээс гадна тэдэнд олон гэрч байгаа гэдгийг зааж байсан гэдгийг тайлбарла.

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич: Иохан 5:32–35; Иохан 5:36; Иохан 5:37–38; Иохан 5:39; Иохан 5:45–47. Эшлэл тус бүрийг нэг эсвэл нэгээс илүү суралцагчид хуваарил. Тэднээс эдгээр шүлгийг уншаад, Есүсийн тэнгэрлэг байдлыг гэрчилсэн бусад гэрчийн тухай олж мэдэхийг хүс. Суралцагчдыг самбар дээр өөрсдөд нь хуваарилагдсан эшлэлүүдийн дэргэд олж мэдсэн зүйлээ бичихэд уриад, эдгээр гэрчийн жагсаалтыг гаргахад тусал.

Есүс Христийн тухай гэрчилсэн олон гэрч байсаар байтал иудейчүүдийн удирдагчид Есүсийн тэнгэрлэг байдалд итгээгүй гэдгийг тайлбарла. 39-р шүлэгт, Есүс судруудын талаар ярихдаа “тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог” гэж хэлснийг онцлон хэл.

  • Есүс ямар алдаатай итгэлийг иудейчүүдэд онцлон хэлж байсан бэ? (Есүсийн өдрүүдэд ихэнх иудей хүн зөвхөн судраас судлах нь мөнх амьдралыг авахад хангалттай гэж үздэг байсан гэдгийг тайлбарла. Тэд судрууд өөрсдийг нь Есүс Христ рүү чиглүүлэх зорилготой байсан гэдгийг ойлгож чадаагүй юм. “Та нарт мөнх амь бий гэж та нар боддог. Гэхдээ судруудыг судал, учир нь тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ” гэж Тэр голчлон хэлж байсан.)

Нэг суралцагчийг Иохан 5:40-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, иудейчүүд мөнх амьдрал олж авахын тулд юу хийх ёстой байсныг олж мэдэхийг хүс.

  • Иудейчүүд судраас судалдаг байсан боловч мөнх амьдралыг хүлээн авахад өөрсдөд нь тусалж болох юуг хийхийг эсэргүүцдэг байсан бэ?

  • 39 ба 40-р шүлэг дэх Аврагчийн сургаалын дагуу, бид мөнх амьдралыг хүлээн авахын тулд юу хийх ёстой вэ? (Бид зөвхөн Есүс Христэд ирснээр мөнх амьдралыг олж авч чадна гэсэнтэй төстэй зарчмыг тодорхойлоход суралцагчдад тусал. Энэ зарчмыг самбар дээр бич.)

Суралцагчдад мөнх амьдрал нь Тэнгэрлэг Эцэгтэй адил болох ба гэр бүлийнхээ зохистой гишүүдийн хамт Түүний оршихуйд үүрд мөнх хамт амьдрахыг багтаадаг гэдгийг сануул.

  • Есүс Христэд ирнэ гэдэг нь ямар утгатай вэ? (Христэд ирнэ гэдэг нь Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэх, гэм нүглээ наманчлах, Түүний зарлигуудад дуулгавартай байхыг хэлнэ.)

  • Яагаад мөнх амьдралыг хүлээн авахын тулд Есүс Христэд ирэх нь амин чухал вэ?

Суралцагчдыг самбар дээр жагсаасан гэрчүүд хэн нэгнийг Аврагчид ирэхэд тусалж болох арга замуудын талаар тунгаан бодоход урь.

  • Есүс Христийн эдгээр гэрчийн аль нь танд Есүс Христэд ирэхэд тусалсан бэ?

Суралцагчдаас мөнх амьдралыг хүлээн авахын тулд Аврагчид бүрэн дүүрэн ирэхийн тулд тэд юу хийх талаар тунгаан бодохыг хүс.

Иохан 5-д заасан үнэний талаар гэрчлэлээ хуваалцсанаар хичээлээ дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Иохан 5:17–47. “Миний Эцэг одоо болтол ажилласаар байна. Би Өөрөө ч ажиллаж байна”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Талмэйжийн өгүүлснээр, Иохан 5:17–47-д цэдэглэгдсэн иудейчүүдийн удирдагчдад Есүсийн өгсөн хариулт нь “Мөнхийн Эцэг болон Түүний Хүү Есүс Христийн хоорондох харилцааны амин чухал сэдвийн талаар судрууд дахь хамгийн ойлгомжтой сургаал” юм (Jesus the Christ, 3 дахь хэвлэл [1916], 208).

Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгаас 1916 оны 6-р сарын 30-ний өдөр өгөгдсөн сургаалын тухай мэдэгдэлд:

“Есүс Христ Эцэгийнхээ нэрээр ярьж, тохинуулсан бөгөөд хүч чадал, эрх мэдэл, бурханлаг байдлын хувьд Түүний үг, үйлдлүүд Эцэгийнх байсан болой” хэмээн заажээ (“The Father and the Son: A Doctrinal Exposition by the First Presidency and the Quorum of the Twelve Apostles,” Ensign, 2002 оны 4-р сар, 17).

Иохан 5:29. Хүн төрөлхтний амилуулалт

Бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Иохан 5:29-ийн талаар тунгаан бодох үедээ Сургаал ба Гэрээ 76-д цэдэглэгдсэн үзэгдлийг хүлээн авсан. Уг үзэгдэл тэдэнд амилуулалт ба авралын төлөвлөгөөний талаар нэмэлт ойлголт өгчээ (С ба Г 76:11–19-ийг үзнэ үү).

Иохан 5:39. “Судруудыг судалдаг … Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон:

“Эцэст нь, судруудын гол зорилго бол Бурхан Эцэг ба Түүний Хүү Есүс Христэд итгэх итгэлээр бидний оюун санааг дүүргэж өгдөг юм. Тэд байдаг гэдэгт итгэх итгэлээр, бидний үхэшгүй байдал болон мөнх амьдралд зориулсан Эцэгийн төлөвлөгөөнд итгэх итгэлээр, аз жаргалын төлөвлөгөөг боломжтой болгогч Есүс Христийн Амилалтад болон Цагаатгалд итгэх итгэлээр, Есүс Христийн сайн мэдээг амьдралынхаа замнал болгох итгэлээр, ‘Цорын ганц үнэн Бурхан болон Түүний илгээсэн Есүс Христийг’ (Иохан 17:3) танин мэдэх тэрхүү итгэлээр судрууд бидний бодгалийг дүүргэх болно” гэж заасан (“Судрын адислал,” Ensign эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 39).