Номын сан
143-р хичээл: Иаков 4–5


143-р хичээл

Иаков 4–5

Оршил

Иаков гэгээнтнүүдэд чөтгөрийг эсэргүүцэж, Бурханд ойртож, Аврагчийн Хоёр дахь ирэлтийг хүлээхдээ зовлонг тэвчээртэй туулахыг зөвлөсөн. Өвчтэй хүмүүст өөрсдөд нь тохинуулах “чуулганы ахлагчдыг дууда[хыг]” (Иаков 5:14) тэрээр заажээ. Иаков түүнчлэн нүгэлтнүүдийг нүглээ наманчлахад туслахын ач холбогдлыг заасан.

Заах зөвлөмж

Иаков 4

Иаков гэгээнтнүүдэд Бурханд ойртож, чөтгөрийг эсэргүүцэхийг зөвлөв

Суралцагчдыг өөрт нь ойр байдаг гэр бүлийн гишүүний эсвэл найзынхаа талаар бодоход урь.

  • Та нар хэний тухай бодсон бэ? Та түүнд яагаад ойр байдаг вэ?

  • Та түүнд хэрхэн ойртсон бэ?

Суралцагчдаас Бурханд хэр ойрхон гэж мэдэрдгээ тунгаан бодохыг хүс:

  • Бурхантай бат бөх харилцаатай байх нь бидний амьдралыг хэрхэн адислах вэ?

Суралцагчдыг Иаков 4-ийг судалж байхдаа Бурхантай харилцах харилцаагаа сайжруулахад туслах үнэнүүдийг олж тогтооход урь.

Иаков гэгээнтнүүдийг дэлхийн хүсэлд автсаных нь төлөө буруушаасан гэдгийг тайлбарлан, Иаков 4:1–3-ыг нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчийг Иаков 4:4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Иаковын гэгээнтнүүдэд анхааруулсан нөхөрлөлийн талаар олж мэдэхийг хүс. Дайсагнал гэсэн үг нь үзэн ядах, дайсагнасан харьцаа гэсэн утгатай гэдгийг тайлбарла.

  • Иаков гэгээнтнүүдэд ямар нөхөрлөлийн талаар сэрэмжлүүлсэн бэ?

  • “Ертөнцийн найз” байх гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? (Хэрэв шаардлагатай бол 4-р шүлэг дэх Иаковын зөвлөгөө нь Сүмийн гишүүн бус хүмүүсээс зайлсхийх ёстой гэсэн үг биш болохыг тайлбарла. Харин бид дэлхийн буруу сургаал, зүй бус хүсэл, жишиг, заншлуудаас зайлсхийх ёстойг хэлж байгаа юм.)

  • Иаковын хэлснээр дэлхийн зүйлстэй нөхөрлөдөг хүнд юу тохиолддог вэ?

Суралцагчдыг Иаков 4:6–8-ыг дотроо уншаад, Иаковын гэгээнтнүүдэд юу хийхийг зөвлөснийг олж мэдэхэд урь.

  • Иаков гэгээнтнүүдэд юу хийхийг зөвлөсөн бэ?

  • Бурханд өөрсдийгөө захируулах нь чөтгөрийг эсэргүүцэхэд бидэнд хэрхэн туслах вэ?

  • 8-р шүлэгт цэдэглэснээр, бид Бурханд илүү ойртохын тулд юу хийх ёстой вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Биднийг Бурханд ойртох тусам Тэр бидэнд ойртох болно гэсэн зарчмыг самбар дээр бич.)

  • Бид Бурханд ойртохын тулд юу хийж болох вэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр жагсааж бич.)

Бурханд ойртох нэг арга замыг суралцагчдад ойлгуулахын тулд “гараа цэвэрлэ,” “зүрхээ ариусга” гэсэн Паулын зааварт анхаарал хандуул (Иаков 4:8). Сударт гар нь үйлдлийг, зүрх нь бидний хүслийг илэрхийлдэг гэдгийг тайлбарла.

  • Цэвэр гар, ариун зүрхтэй байх нь Бурханд ойртоход бидэнд хэрхэн тусална гэж та нар бодож байна вэ?

Иаков 4:9–12, 17-г чанга уншихыг нэг суралцагчаас хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, гэгээнтнүүдэд Бурханд ойртоход нь туслах Иаковын өгсөн бусад зөвлөгөөг олж мэдэхийг хүс. “Инээд чинь гашуудал болог” (9-р шүлэг) гэдэг нь нүглийнхээ төлөө бурханлаг гашуудлыг мэдрэх гэсэн утгатай гэдгийг тайлбарла.

  • Иаков хэн нэгэнд Бурханд ойртоход нь туслах өөр ямар зөвлөгөө өгсөн бэ?

  • 17-р шүлэгт цэдэглэснээр, Иаков юуг нүгэл гэж заасан бэ? (Суралцагчдыг хариулсны дараа Бид сайн зүйл хийх ёстойгоо мэддэг ч хийхгүй бол нүгэл үйлдэж буй хэрэг гэсэн зарчмыг самбар дээр бич.)

  • Бид сайн зүйл хийх ёстойгоо мэдэж байгаа ч хийхгүй байхыг сонгох нь яагаад гэм нүгэл болдог гэж та бодож байна вэ?

Нэг суралцагчаас Тэргүүн Зөвлөлд үйлчилсэн ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын хэлсэн дараах үгийг чанга уншихыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст

“Бидний үйлдсэн хамгийн том нүглүүдийн зарим нь хайхрамжгүй байдлын нүгэл гэж би эмээж байна. Эдгээр нь Аврагчийн хэлсэн биелүүлэхгүй орхиж болохгүй хэмээн хэлсэн хуулийн чухал нөхцөлүүд юм [Матай 23:23]. Эдгээр нь санаа тавьж, халамжлах ёстой байтал хийлгүй орхисноос болж, гэм буруутай гэсэн мэдрэмж бидэнд төрүүлдэг үйлс юм.

“Намайг бага байхад нэгэн зуны аагим халуун өдөр ферм дээр эмээ Мари Финлинсон маань халуун зууханд амттай хоол бидэнд хийж өгч байсныг би санадаг. Зуухны хажуугийн түлээний хайрцаг хоосон болоход эмээ маань дуугүйхэн босоод, хайрцгийг авч гаран, овоолсон түлээнээс дүүргэж, хүнд хайрцаг өргөн, гэрт оруулж ирж байв. Би гал тогооны өрөөнд болж байсан ярианд автаад ямар ч сөхөөгүй байсан ба эмээгээрээ түлээ зөөлгөөд өөрөө зүгээр сууж байсан. Би өөрөөсөө үнэхээр ичсэн бөгөөд энэхүү хайхрамжгүй байдлын нүглийнхээ төлөө бүх амьдралынхаа турш харамсаж билээ. Хэзээ нэгэн цагт би түүнээс уучлал гуйна гэж найддаг” (“The Weightier Matters of the Law: Judgment, Mercy, and Faith,” Ensign, 1997 оны 11-р сар, 59).

  • Ерөнхийлөгч Фауст залуудаа ямар сайн үйлийг хийлгүй орхисон бэ? Үр дүнд нь тэр юу мэдэрч үлдсэн бэ?

  • Биднийг Бурханд ойртоход саад болох хайхрамжгүй байдлын ямар ямар нүглийн жишээ байдаг вэ?

  • Есүс Христийн сайн мэдээний заадаг сайн үйлсийг хийхэд бидэнд юу саад болдог вэ?

  • Та хэзээ танд заасан сайн зүйлсийг хийснээрээ Бурханд илүү ойртсон бэ?

Суралцагчдыг Бурханд илүү ойртохын тулд юу хийхээ хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Тэднийг хүлээн авсан сүнсний өдөөлт бүрийнхээ дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.

Иаков 5

Иаков гэгээнтнүүдийг зовлон зүдгүүрээ тэвчээртэй туулж, өвдсөн хүмүүст ахлагчдыг дуудахыг зааварлав

Иаков баялгаа буруу зүйлд ашиглаж, зөвт хүмүүсийг хавчсан баячуудыг буруушаасан гэдгийг тайлбарлан, Иаков 5:1–6-г нэгтгэн дүгнэ. Тэднийг гаслан, шүүлт хүлээж байгааг тэрээр анхааруулсан.

Иаков 5:7–11-ийг ээлжлэн чанга уншихыг цөөн суралцагчаас хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Иаков гэгээнтнүүдэд Есүс Христийн Хоёр дахь ирэлтийг хүлээх үед тулгарах бэрхшээлүүдийг хэрхэн туулах талаар ямар заавар өгснийг олж мэдэхийг хүс.

  • 7–8-р шүлэгт цэдэглэснээр, Иаков гэгээнтнүүдэд Аврагчийн Хоёр дахь ирэлтийг хүлээхдээ юу хийхийг зөвлөсөн бэ?

  • 10-р шүлэгт цэдэглэснээр, гэгээнтнүүд зовлон зүдгүүрийг тэвчээртэй туулсан ямар ямар хүний жишээг үлгэрлэж болох вэ?

  • Зовлон зүдгүүрийг тэвчээртэй туулсан ямар ямар бошиглогчийн жишээ судар дээр байдаг вэ?

Өвдөж, зовсон хүмүүст өгсөн Иаковын зөвлөгөө Иаков 5:13–16-д байдаг. Нэг суралцагчаас дараах зохиолын хэсгийг чанга уншихыг хүс.

Нэг найз маань: “Бие маань маш их өвдөж байна. Би долоо хоног өвчтэй байлаа. Би эмчид очиж, эм ууж байгаа боловч дээрдсэн юм огт алга. Би өөр юу хийхээ мэдэхгүй байна” гэж хэлэв.

Суралцагчдыг найздаа юу хэлэх байсныг тунгаан бодоход урь. Нэг суралцагчаас Иаков 5:13–16-г чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Иаков өвдөж, зовсон хүмүүст юу хий хэмээн зөвлөснийг олж мэдэхийг хүс.

  • Иаков өвдөж, зовсон хүмүүст юу хийхийг зөвлөсөн бэ?

  • Иаков өвдсөн хүмүүст зориулаад юу хий гэж ахлагчдад зааварласан бэ? (Санваарын эрх мэдлээр өвчтөнүүдийг тосолж, адислах.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс “Өвчтэй хүнд тос түрхэж, тос түрхэлтийг лацаддаг ахлагчид Их Эзэний тухайн хүний төлөө хүссэн адислалаа юүлэхэд зориулан тэнгэрийн цонхыг нээж өгдөг” гэжээ (“Өвчтөнийг эдгээх нь,” Ensign эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 57).

  • Санваарын хүчнээс гадна өөр юу өвчтөнийг эдгээнэ гэж Иаков хэлсэн бэ? (“Итгэлийн залбирал” [Иаков 5:15].)

  • Өвчтэй хүмүүс хэрхэн эдгэрдэг талаар Иаковоос ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Итгэлийн залбирал, санваарын хүчээр өвчтөнүүд эдгэрч чадна гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ үнэнийг самбарт бич.)

Суралцагчдад энэ үнэнийг ойлгоход нь туслахын тулд ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг тарааж өг. Суралцагчдыг хос болгон хуваарилж, хос бүрийг хэлсэн үгийг чанга уншихад урь. Итгэлийн залбирал, санваарын эдгээх хүчний талаар ахлагч Өүксийн заасан зүйлсийг олж мэдэхийг тэднээс хүс.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Бид Бурханы санваарын эргэлзээгүй хүчийг ашиглах үедээ итгэлийн залбирлыг сонсож, хариулдаг гэсэн Түүний амлалтыг санан, санваартны итгэл, эдгээх хүчийг Түүний хүслийн эсрэг хэрэглэж болохгүй гэдгийг үргэлж санах ёстой. Санваар бол Түүнийх юм. …

“… Эдгэрэх хангалттай итгэл байгаа үед ч гэсэн Их Эзэний Тэнгэрлэг хүчийг ашиглаж буй Түүний үйлчлэгчид хэрвээ Их Эзэний хүсэлд нийцэхгүй байгаа бол хүнийг эдгээх санваарын адислалыг өгч чадахгүй.

Бидний үүрд мөнхийн сайн сайхан байдалд юу хамгийн сайн болохыг Тэр мэддэг гэдгийг мөн Түүний агуу хайрыг мэддэг Бурханы хүүхдүүд бид Түүнд итгэдэг. Сайн мэдээний анхны зарчим нь Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл юм. Итгэл гэдэг нь найдвар гэсэн үг. … Мөн арван хэдэн настайдаа нас барсан сор болсон нэг охины эцгийн хэлсэн үгэнд би тийм найдварыг мэдэрсэн юм. Тэрээр ‘манай гэр бүлийн итгэл Есүс Христэд төвлөрдөг бөгөөд энэ нь бидний итгэлийн үр дүнгээс хамаардаггүй. Тэдгээр сургаал миний хувьд үнэн юм. Бид хайрт нэгнийгээ эдгэрэхийн төлөө чадах бүхнээ хийдэг. Харин үр дүн нь ямар байхыг бид Их Эзэнд даатгадаг”’ гэж хэлж билээ (“Өвчтөнийг эдгээх нь,” 58).

  • Ахлагч Өүксийн сургаал бидэнд санваарын эдгээх хүчийг ойлгоход хэрхэн тусалж байна вэ?

  • Есүс Христэд итгэх бидний итгэл санваарын адислалын үр дүнгээс хамаарахгүй байх нь яагаад чухал вэ?

Суралцагчдаас өөрсдөө эсвэл таньдаг хүн нь итгэлийн залбирал, санваарын хүчээр адислагдаж байсан жишээг тунгаан бодохыг хүс. Эдгээр туршлага тэдний итгэл, гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлснийг суралцагчдаас асуу. (Хэт ариун нандин эсвэл хувийн шинжтэй зүйлээ хуваалцах хэрэггүйг тэдэнд сануул.)

15-р шүлэгт өвчтөнийг эдгээх болон нүглийн өршөөл хоёрын хооронд уялдаа холбоо гарч байгааг онцол. Биеийн өвчнөөс илааршихад шаардагддаг даруу байдал болон итгэл нь нүглийн өршөөлийг авахад шаардагддаг даруу байдал болон итгэлтэй адил юм (Брүс Р.Макконки, Mormon Doctrine, 2 дахь хэвлэл [1966 он], 297–298-ыг үзнэ үү).

Иаков бошиглогч Елиаг чин сэтгэлийн залбирлын хүчийг ашигласан хүний үлгэр жишээ хэмээн хэлснийг тайлбарлан, Иаков 5:17–20-ийг нэгтгэн дүгнэ. Иаков түүнчлэн гэгээнтнүүдийг нүгэлтнүүдэд нүглээ наманчлахад туслахыг зөвлөсөн.

Энэ хичээл дээр заасан үнэний талаар гэрчлэлээ хуваалцаж, хичээлээ дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Иаков 4:8. “Гараа цэвэрлэ … зүрхээ ариусга”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар бидэнд хэрхэн гараа цэвэрлэж, зүрхээ ариусгахыг тайлбарласан.

“Аврагчийн Цагаатгалаар дамжуулан эгэл хүний чанараа гээж, нүглээ даван туулж, хилэнцэт сүнсний нөлөөнөөс зайлсхийхэд бидний гар цэвэр болдог. Бид сайн зүйлс хийж, илүү сайн хүмүүс болохын тулд Түүний хүчийг хүлээн авах үед бидний зүрх сэтгэл ариусдаг” (“Clean Hands and a Pure Heart,” Ensign эсвэл Liahona, 2007 оны 11-р сар, 82).

Иаков 5:15. “Хэрэв тэр нүгэл үйлдсэн бол тэдгээр нь уучлагдах болно”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки өвчтөнийг эдгээх болон нүглийн өршөөлийн уялдаа холбоог тайлбарлахдаа

“Итгэл, үйлчлэл, зөв шударга, зохистой байдалд байгаа хүн эдгэрэх боломжтой. Үүнчлэн түүний амьдрал зөв замаар явж байгаа, нүглүүд нь өршөөгдсөн хэмээн гэрчлэх Сүнсийг хүлээн авах боломжтой болох юм. Сүнсний нөхөрлөлийг хүлээн авсан нь үүнийг гэрчилж байгаа бөгөөд хэрвээ тэрээр зохисгүй байсан бол ингэх боломжгүй байсан билээ” гэжээ (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл [1966], 297–298).

Иаков 5:20. “Тоо томшгүй олон нүглийг халхлах болно”

“Нүгэлт хүн хөрвөж, авралын ёслолуудыг хүлээн авснаар түүний нүглүүд Есүс Христийн Цагаатгалаар ‘халхлагдах’ буюу өршөөгдөж, тэрээр сүнслэг үхлээс аврагддаг гэдгийг Иаков заасан” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 499).

Үүнтэй адил бусдыг Есүс Христийн сайн мэдээнд хөрвөхөд тусалдаг хүмүүст агуу адислал ирдэг. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл:

“Бусдын бодгалийг аврах энэхүү номлогчийн ажлаар хүн өөртөө аврал, ариусал авчирдаг. …

Номлогчийн ажил болон Сүмийн бүх л үйлчлэлийг хийх зөв шалтгаан нь мэдээж хөршөө хайрлах хайраас үүдэлтэй боловч энэ ажил нь түүний амьдралд нэмэлт үр дагаврыг үргэлж авчирдаг. Тиймээс бид Бурханы мутарт зэмсэг болж, бусдын амьдралыг өөрчлөх үед бидний амьдрал өргөгдөхөөс өөр аргагүй болдог. Бусдад уулын оргилд гарахад нь тусалж буй хүн өөрөө хамт авирахгүйгээр үүнийг хийж чадахгүй шүү дээ” гэж хэлжээ (The Miracle of Forgiveness [1969], 205).