43-р хичээл
Лук 1
Оршил
Тэнгэр элч Габриел Захариад үзэгдэж, Захариа, түүний эхнэр Элизабет хоёрыг хүүтэй болж, түүнийг Иохан хэмээн нэрлэх ёстой гэж мэдэгджээ. Зургаан сарын дараа өнөөх тэнгэр элч Мариад үзэгдэж, түүнийг Бурханы Хүүгийн эх болно хэмээн мэдэгдэв. Мариа Элизабетийнд зочилж, Аврагчийг ирнэ гэдгийг мэдээд тэд хамтдаа баясжээ. Гурван сарын дараа Элизабет Иоханыг төрүүлсэн.
Заах зөвлөмж
Лук 1:1–4
Лук энэхүү сайн мэдээг бичиж байгаа шалтгаануудаа тайлбарлав
Дараах зургуудыг үзүүлээд, зураг бүр дээрх үйл явдлыг тайлбарлахыг суралцагчдаас хүс: Иосеф, Мариа хоёр Бетлехем рүү явсан нь (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 29; мөн LDS.org дээрээс үзнэ үү), Тэнгэр элч хоньчдод үзэгдсэн нь (д. 31), Симеон бяцхан Христийг бишрэн хүндэтгэж байгаа нь (д. 32), Ариун сүмд буй Есүс хүү (д. 34), Сайн санаат самари хүн (д. 44), Мариа, Марта хоёр (д. 45) ба уяман өвчтэй арван хүн (д. 46). Лук эдгээр үйл явдлыг болон Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинууллын өөр бусад үйл явдал, сургаалыг цэдэглэсэн ба тэдгээр нь Матай, Марк, Иоханы сайн мэдээнд цэдэглэгдээгүй гэдгийг онцлон хэл.
Ариун сүмд буй Христ, Хэйнрик Хофманн; зураг чимэглэлийг С.Харрисон Конрой Co., Inc.
© Providence Collection/Licensed from GoodSalt.com
Лук “Теофил” (3-р шүлэг) хэмээх хүнтэй ярьж байгаагаар мөн үүнийг бичсэн шалтгаануудаа өөрөө тайлбарласнаар сайн мэдээгээ эхлүүлсэн гэдгийг тайлбарлан, Лукийн сайн мэдээг товчхон танилцуул. Теофил гэдэг нь “Бурханы найз” (Bible Dictionary, “Theophilus”) гэсэн утгатай. Нэг суралцагчийг Лук 1:1–4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Лукийн сайн мэдээгээ бичсэн шалтгаануудыг олж мэдэхийг хүс.
-
Лук ямар ямар шалтгаанаар энэ түүхийг бичсэн бэ?
-
Лук 1:4 дээр үндэслэвэл, бид Лукийн сайн мэдээнээс суралцсанаар ямар ашиг тусыг хүртэж болох вэ?
Суралцагчид Лукийн сайн мэдээг судалснаар Есүс Христийн тухай заалгасан үнэнийнхээ “гарцаагүй үнэнийг” (4-р шүлэг) мэдэж авах болно гэдгийг бататгаж хэл.
Лук 1:5–25
Тэнгэр элч Габриел Захариад Иоханы төрснийг зарлаж мөн Элизабет хөл хүндтэй болов
Суралцагчдаас Бурханаас хүлээн авахыг хүсэн хүлээж, найдаж буй адислал эсвэл хариултаа тунгаан бодохыг хүс. Суралцагчдыг Лук 1-ийг судалж байхдаа Бурханаас адислал эсвэл хариулт хүлээж байх үед нь туслах үнэнийг олж мэдэхэд урь.
Нэг суралцагчаас Лук 1:5–7-г чанга уншихыг хүсээд, ангийнхнаас хэн амьдралынхаа ихэнх хугацаанд тодорхой адислал хүлээж байсныг олж мэдэхэд урь.
-
Бид эдгээр шүлгээс Захариа, Элизабет хоёрын талаар ямар мэдээллийг олж мэддэг вэ?
Тахилчийн амьдралд ганцхан удаа тохиолддог хүндэтгэл байж болох Иерусалимын ариун сүмд хүж утлага уугиулах үүрэг Захариад ноогдсон байсан гэдгийг тайлбарлан, Лук 1:8–10-ыг нэгтгэн дүгнэ.
Суралцагчдаас Лук 1:11–13-ыг дотроо уншаад, Захариаг ариун сүмд байхад юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.
-
13-р шүлэгт цэдэглэснээр Захариа, Элизабет хоёрын ямар залбирал хариулагдах байсан бэ? (Захариа, Элизабет хоёр олон жилийн туршид хүүхэдтэй болохын төлөө залбирсан байх гэдгийг онцол. Та энэ шүлгэн дэх “чиний гуйлт сонсогдсон” гэдэг үгсийг тэмдэглэж авахыг суралцагчдад зөвлөж болно.)
-
Элизабет тэр хоёр “хоёулаа өтөлсөн” байсан ч хүүтэй болно гэдгийг сонсоод, Захариад ямар мэдрэмж төрсөн байж болох вэ? (7-р шүлэг).
Захариа Элизабетийн хамт “баяр жаргалтай болж” (14-р шүлэг), тэдний хүү олон хүнийг Их Эзэний төлөө бэлтгэх болно хэмээн тэнгэр элч Габриел хэлсэн гэдгийг тайлбарлан, Лук 1:14–17-г нэгтгэн дүгнэ.
Нэг суралцагчийг Лук 1:18–20-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас Захариа тэнгэр элчид юу гэж хариулсныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
-
Тэнгэр элчийн үгсэд эргэлзсэн учраас Захариад юу тохиолдсон бэ?
-
20-р шүлэгт өгүүлснээр, тэнгэр элчийн Захариад хэлсэн үгсэд юу тохиолдоно гэж хэлсэн байдаг вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Их Эзэний үйлчлэгчдээрээ дамжуулан хэлсэн үг цаг нь болохоор биелэгдэх болно гэсэн үнэнийг тодорхойлсон эсэхийг бататга. Энэ үнэнийг самбар дээр бич.)
-
“Цаг нь болохоор” гэдэг үг юу гэсэн утгатай вэ? (Их Эзэний цагаар.)
Самбар дээрх өгүүлбэрт анхаарлыг нь хандуулаад, дараах асуултыг тавь.
-
Энэ үнэнийг мэдэх нь Их Эзэний амлалтуудад үзүүлэх хариу үйлдэлд маань хэрхэн нөлөөлөх вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Их Эзэний үгс цаг нь болохоор биелэгдэх учраас бид Их Эзэний амлалтуудад итгэж болно гэсэн өгүүлбэрийг бүтээхийн тулд самбар дээрх өгүүлбэрийг зас.)
-
Энэ үнэн нь тэнгэрлэг амлалт биелэгдээсэй хэмээн хүсэн хүлээж байгаа хэн нэгэнд хэрхэн туслах вэ?
Захариа ариун сүмээс гарах үедээ ярьж чадахгүй болсон байсан гэдгийг тайлбарлан, Лук 1:21–24-ийг нэгтгэн дүгнэ. Хожим нь Элизабет тэнгэр элчийн амласнаар хөл хүндтэй болсон.
Нэг суралцагчаас (залуу эмэгтэй байвал сайн) Лук 1:25 дээрх Элизабетийн үгсийг чанга уншихыг хүс. Ангийнхныг Элизабет хүүхэдтэй болохоор бэлтгэж байхдаа ямар мэдрэмжтэй байсныг бодож үзэхэд урь. Их Эзэн “хүмүүсийн дунд буй шившгийг минь зайлуул[сан]” хэмээх Элизабетийн үгс хүүхэдгүй байх нь Бурханы шийтгэл хэмээх эртний соёл уламжлалд байдаг байсан буруу үзэл суртлаас болж тэрээр ичиж зовдог байсныг харуулж байгааг та тайлбарлаж болно.
Лук 1:26–38
Тэнгэр элч Габриел Мариагаас төрөх Есүсийн төрөлтийн тухай зарлав
Тэнгэр элч Габриел Мариад үзэгдэв
Зар: Тэнгэр элч Габриел Мариад үзэгдэв (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д 28; мөн LDS.org-ийг үзнэ үү) зургийг үзүүлээд, суралцагчдаас гэнэт тэнгэр элч тэдэнд үзэгдвэл ямар мэдрэмж төрж болох талаар төсөөлөхийг хүс. Элизабетийг зургаан сартай жирэмсэн байхад нь тэнгэр элч Габриел Назар дахь залуу эмэгтэй Мариа руу явуулсан гэдгийг тайлбарлан, Лук 1:26–27-г нэгтгэн дүгнэ.
Нэг суралцагчийг Лук 1:28–33-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Мариад Бурханы өөрт нь өгч байгаа үүргийн ач холбогдлыг ойлгоход тусалсан байж болох үгсийг олж мэдэхийг хүс.
-
Ямар үг Мариад Бурханы өөрт нь өгч байгаа үүргийн ач холбогдлыг ойлгоход тусалсан байж болох вэ?
-
“Хамгийн Дээдийн Хүү” (32-р шүлэг) гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Есүс Христ бол Бурхан Эцэгийн Хүү юм гэсэн сургаалыг олж тогтоосон эсэхийг бататга.)
Суралцагчдаас Лук 1:34-ийг дотроо уншаад, Мариагийн асуултыг олж мэдэхийг хүс. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Мариагийн “Би онгон атал” хэмээх өгүүлбэр нь тэр онгон байсан гэсэн утгатай гэдгийг тайлбарла.
Нэг суралцагчийг Лук 1:35–37-г чанга уншихад уриад, суралцагчдаас Мариагийн асуултад өгсөн тэнгэр элчийн хариултыг олж мэдэхийг хүс.
Бид Есүс Христийн эхийнхээ хэвлийд бүрэлдсэн гайхамшгийн тухай судрууд дээрх түүхүүдээс илүүг мэддэггүй бөгөөд энэ нь гайхамшиг байсан мөн уг хүүхэд Бурханы Хүү болж төрнө гэдгийг л мэддэг болохыг тайлбарла.
-
Лук 1:37-д цэдэглэгдсэнээр, тэнгэр элч уг гайхамшигт үйл явдлыг тайлбарлахад туслах ямар үнэнийг тунхагласан бэ? (Суралцагчид Бурханы хувьд бүх зүйл боломжтой гэсэн үнэнийг тодорхойлох ёстой. Та суралцагчдад энэ үнэнийг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно.)
-
Хэрэв бидний итгэж найдаж байсан зүйл боломжгүй мэт санагдвал Мариа эсвэл Элизабет биднийг урамшуулахын тулд юу гэж хэлэх байсан гэж та нар бодож байна вэ?
-
Бурханы хувьд бүх зүйл боломжтой гэдэгт итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлсэн ямар туршлага та нарт байдаг вэ?
Суралцагчдыг Лук 1:38-ыг дотроо уншаад, Мариа тэнгэр элчид юу гэж хэлснийг олж мэдэхэд урь.
-
Та нар Мариа тэнгэр элчийн үгсэд итгэсэн гэдгийг нотлох ямар нотолгоог энэ шүлгээс харж байна вэ?
-
Мариа тэнгэр элчийн үгсийг хэрхэн хүлээн авсан нь ариун сүмд тэнгэр элчийн мэдэгдэлд өгсөн Захариагийн хариунаас ямар ялгаатай байна вэ?
Их Эзэний өөрсдөөс нь хүсдэг ямар ч зүйл Түүний тусламжтай боломжтой байх болно гэдэгт итгэснээр Мариа, Элизабет хоёрын үлгэр жишээг дагахад суралцагчдыг урамшуулан дэмж.
Лук 1:39–56
Мариа Элизабетийнд зочилсон ба хоёулаа Аврагчийн талаар гэрчлэв
Мариа Элизабетийнд зочлов
Хэрэв боломжтой бол Элизабетийнд жирэмсэн байхад нь зочилж байгаа Мариагийн зургийг үзүүл. Суралцагчдаас зурган дээр хэн байгааг мөн ямар үйл явдал болж байгааг мэдэх эсэхийг асуу.
-
Мариа, Элизабет хоёр жирийн эмэгтэйчүүд шиг санагдаж болох ч ямар ямар арга замаар дэлхийг өөрчлөх чухал үүрэг хариуцлагыг гүйцэтгэж байсан бэ?
Нэг суралцагчийг Лук 1:41–45-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Элизабетийн Мариад хэлсэн гэрчлэлийг олж мэдэхийг хүс.
-
Элизабет Мариагийн талаар юуг аль хэдийн ойлгосон байсан бэ?
Нэг суралцагчийг (залуу эмэгтэй байвал сайн) Лук 1:46–49-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Мариа хэрхэн Их Эзэнийг алдаршуулсныг олж мэдэхийг хүс.
-
Мариа Их Эзэний өөрийнх нь төлөө хийсэн зүйлийг дүрслэхийн тулд 49-р шүлэгт цэдэглэгдсэн ямар үгсийг ашигласан бэ? (“Агуу үйлс.”)
Суралцагчдыг Лук 1:38, 45–46-г дотроо дахин уншаад, Мариа өөрийнх нь төлөө “агуу үйлс” хийх боломжийг Их Эзэнд олгохын тулд юу хийснийг олж мэдэхэд урь.
-
Мариа өөрийнх нь төлөө “агуу үйлс” хийх боломжийг Их Эзэнд олгохын тулд юу хийсэн бэ?
Захариа, Элизабет, Мариа нарт тэнгэрлэг төлөвлөгөөнд гүйцэтгэх өөрсдийн гэсэн үүрэг байсантай адил бидэнд ч бас Их Эзэний тодорхойлсон чухал үүрэг хариуцлага байдаг гэдгийг онцол.
-
Мариагийн жишээн дээр тулгуурлавал, Их Эзэний бидэнд өгсөн үүрэг хариуцлагыг үнэнчээр биелүүлэхийг хичээх үед бидний амьдралд ямар зүйлс тохиолдох вэ? (Суралцагчдад Хэрэв бид Их Эзэний бидэнд өгсөн үүрэг хариуцлагыг үнэнчээр биелүүлэхийг хичээх юм бол Тэрээр бидний амьдралд агуу зүйлсийг хийж чадна гэсэн зарчмыг тодорхойлоход тусал.)
-
Их Эзэн та нараас Өөрийнхөө төлөвлөгөөн дэх ямар ямар үүрэг хариуцлагыг биелүүлээсэй хэмээн хүсдэг вэ?
-
Хэрэв та нар Мариагийн адил Их Эзэнд хариулах юм бол амьдралд тань ямар зүйл тохиолдож болох вэ?
Лук 1:57–80
Иохан Баптист мэндлэв
Элизабет төрж, Захариа уг хүүхдийг Иохан гэж дуудах болно хэмээн тунхагласан гэдгийг тайлбарлан, Лук 1:57–80-ыг нэгтгэн дүгнэ. Тэрээр үүнийг хийсэн даруйд ярих чадвараа буцааж авсан ба Есүс Христ, Иохан хоёрын номлолын тухай бошиглов.
Биднийг Захариа, Элизабет, Мариа нартай адил тэнгэрлэг үүргүүдээ үнэнчээр биелүүлэх үед Их Эзэн бидний төлөө мөн биднээр дамжуулан агуу үйлсийг хийж чадна гэдгийг гэрчил. Суралцагчдыг Их Эзэний төлөвлөгөөн дэх өөрсдийн хүлээх үүргийг биелүүлэхэд урамшуулан дэмж.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Лук 1:34–35. Есүс Христ эхийнхээ хэвлийд бүрэлдсэн нь
Таныг Лук 1:34–35-ыг заах үед Есүс Христийн эхийнхээ хэвлийд хэрхэн бүрэлдсэн тухай асуултууд гарч болзошгүй. Хэрэв асуулт гарч ирвэл ерөнхийлөгч Лийгийн энэ сэрэмжлүүлгийг санаарай:
“Хэрэв багш нар Есүс Христийн эхийнхээ хэвлийд бүрэлдсэн тухай Их Эзэний хэлсэн өчүүхэн зүйлийг ярихдаа ухаалаг байвал энэ сэдвийн талаарх зөвхөн Лук 1:34–35-д цэдэглэгдсэн үгсээр өөрсдийн ярилцлагыг хязгаарлах болно. …
Их Эзэний өгсөн энэхүү тунхаглалыг Их Эзэнд үлдээн, Түүнийг бидэнд илүү ихийг хэлэх тохирох үе хүртэл хүлээцгээе” (The Teachings of Harold B. Lee, ed. Clyde J. Williams [1996], 14).
Лук 1:38. “Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай”
Лукийн Мариагийн үгсийг грекээр орчуулсан орчуулга нь Мариагийн шийдвэрийн хүч чадлыг харуулдаг. Тэр авралын төлөвлөгөөн дэх өөрийн үүргийг дургүйлхэж биш, харин “Тийм ээ. Тэгэлгүй яахав. Би таны хэлснээр Их Эзэний үйлчлэгч байх болно” хэмээн шийдэмгий хүлээн авсан юм. (Мариагийн хариултын талаар илүү их ойлголт авахын тулд Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 142 дээрх Лук 1:38-ын хэсгийг үзнэ үү.)
Лук 1:76. “Хамгийн Дээд Нэгэний эш үзүүлэгч”
Захариа, Элизабет хоёр хоёулаа Аароны үр удам байсан бөгөөд Аароны угсаанаас Израилийн бүх санваартан, дээд санваартан төржээ. Иймээс Иохан бол Аароны санваарын болон үүний удирдлагын жам ёсны залгамжлагч байсан. Бошиглогч Иосеф Смит “Иохан аавтайгаа адил санваартан байсан ба Аароны санваарын түлхүүрүүдийг атгаж байсан” хэмээн заажээ (in History of the Church, 5:257).