Гэрээр судлах хичээл
Maтай 23:1–26:30 (6-р бүлэг)
Гэрээр заах багшид зориулсан бэлтгэх материал
Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм
Суралцагчдын Матай 23:1–26:30-аас (6-р бүлэг) судлахдаа олж мэдсэн үйл явдал, сургаал, зарчмуудын дараах дүгнэлт нь таны хичээлийн нэг хэсэг болж заагдахад зориулагдаагүй юм. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын зөвхөн цөөн хэд дээр төвлөрнө. Суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.
Эхний өдөр (Maтай 23)
Есүс иудейчүүдийн удирдагчдыг хэрхэн зэмлэсэн талаар судалж, бид бусдын хоёр нүүр гаргаж байгааг харсан үедээ ч Бурханы хуулиудыг дагахыг сонгож чадна гэдгийг суралцагчид мэдэж авсан. Хэрэв бид өөрсдийгөө бусдаас дээгүүр өргөмжлөхийг хичээх аваас доош буулгагдаж мөн хэрэв бид даруухан байж, бусдад үйлчлэх аваас Их Эзэн биднийг өргөмжлөх болно гэдгийг мэдсэн. Тэд түүнчлэн бид дотроосоо сүнслэг байдлаараа цэвэр ариун байхыг хичээвэл энэ нь бидний гаднах сонголтуудад нөлөөлөх болно гэдгийг мөн хэрвээ бид Аврагчаар цуглуулагдахыг хүсвэл Түүний халамж, хамгаалалтыг хүлээн авах болно гэдгийг ойлгосон.
2 дахь өдөр (Maтай 24)
Суралцагчид Аврагчийн Хоёр дахь ирэлтийн талаар ярьсан зүйлээс хэрэв бид тууштай байж, дийлэгдэхгүй аваас аврагдах болно гэдгийг мэдэж авсан. Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнө Их Эзэний сонгомол хүмүүс цуглуулагдаж, дэлхий даяар сайн мэдээ тунхаглагдах болно. Хэрвээ бид Их Эзэний үгийг хадгалан хураах аваас мэхлэгдэхгүй. Хоёр дахь ирэлт хэзээ тохиохыг зөвхөн Тэнгэрлэг Эцэг мэддэг. Хэрвээ бид тэмдгүүдийг ажиглаж, Их Эзэний зарлигуудыг дагах аваас бид Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэлтэй байх болно.
3 дахь өдөр (Maтай 25)
Суралцагчид арван охины сургаалт зүйрлэлээс суралцахдаа, бид сүнслэг бэлтгэлийг бусдаас зээлж авч чадахгүй мөн өдөр тутам зөв шударга байж, өөрсдийн гэрчлэл, хөрвүүлэлтийг нэмэгдүүлснээр Хоёр дахь ирэлтэд бэлтгэдэг гэдгийг мэдсэн. Тэд түүнчлэн Их Эзэнийг ирэхэд бэлэн байж, Түүний дэргэд үлдэх зохистой байхын тулд Түүнийг мэддэг болох хэрэгтэй гэдгийг мэдэж авсан. Суралцагчид талантын сургаалт зүйрлэлийг товчхон судалсан. Их Эзэний бидэнд өгсөн авьяас чадваруудыг хэрэглэхэд айдас маань саад болж болдог бөгөөд хэрвээ бид сүнслэг бэлгүүдээ хөгжүүлэхгүй, сайны төлөө ашиглахгүй аваас, тэдгээрийг алдах болно гэдгийг ойлгосон.
4 дэх өдөр (Maтай 26:1–30)
Суралцагчид Есүс Христийн мөнх бус амьдрал дахь тохинууллын эцсийн өдрүүдийн талаар судлахдаа, Есүс Христийн шавь нар Их Эзэний үгсийг сонсох үедээ өөрсдийн амьдралыг шинжиж, энэ нь тэдгээрт хэрхэн хамаарч болох талаар боддог гэдгийг мэдэж авсан. Тэд ариун ёслолын бэлгэдлүүд нь Есүс Христийн бидний төлөө золиосолсон бие ба цусыг төлөөлдөг болохыг мөн бид Өөрийг нь болон бидний төлөө хийсэн Цагаатгалыг нь санаж байхын тулд ариун ёслол танилцуулагдсан гэдгийг ойлгосон. Түүнчлэн тэд наманчлан, ариун ёслолоос чин сэтгэлээсээ хүртэх үед нүглүүдээсээ ангижирч чадна гэдгийг ойлгож мэдсэн.
Оршил
Есүс Христ Чидуны уулан дээр Өөрийн Хоёр дахь ирэлтийн талаар шавь нартаа зааж байхдаа талантын тухай сургаалт зүйрлэл хэлжээ.
Заах зөвлөмж
Maтай 25:14–30
Есүс Христ шавь нартаа талантын тухай сургаалт зүйрлэл заав
Хичээл эхлэхээс өмнө ангийн нэг талд таван зоос, нөгөө талд хоёр зоос тавь. Өөр найман зоосыг халаасандаа хий.
Хичээлээ эхлэхийн тулд Есүс Христ Өөрийн Хоёр дахь ирэлтийн талаарх зааврынхаа нэг хэсэг болгон шавь нартаа заасан нэг сургаалт зүйрлэлийг үйлдэж үзүүлэхэд туслах гурван суралцагчийг ангийн өмнө гарч ирэхэд урь.
Нэг суралцагчийг Матай 25:14–18-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, боол тус бүр юу хүлээж авсныг мөн тэд түүгээрээ юу хийснийг олж мэдэхийг хүс.
-
Эзэн нь боол бүрдээ юу өгсөн бэ? (Энэ сургаалт зүйрлэл дэх талантууд нь мөнгө гэдгийг тайлбарла. Халаасандаа байгаа найман зоосыг гаргаад, тавыг нь нэг суралцагчид, хоёрыг нь дараагийн суралцагчид мөн нэгийг гурав дахь суралцагчид өг.)
-
Боол тус бүр өөрт нь өгсөн зоосоор юу хийсэн бэ?
Таван зоостой суралцагчийг өрөөний нэг талаас ахиад таван зоос очиж авахад урь. Хоёр зоостой суралцагчийг өрөөний нөгөө талаас ахиад хоёр зоос очиж авахад урь. Нэг зоостой суралцагчийг зоосоо нууж эсвэл булж байгаа дүр үзүүлэхэд урь.
Суралцагчдаас зооснуудаа танд буцааж өгөөд, суудалдаа суухыг хүс. Самбар дээр сургаалт зүйрлэлүүдийн дараах гол хэсгүүдийг бич (хаалтан доторх хөрвүүлгийг бичихгүй):
Боолуудын эзэн (Их Эзэн Есүс Христ)
Боолууд (Их Эзэний шавь нар)
Талантууд (Их Эзэний шавь нартаа өгдөг авьяас, чадварууд)
-
Сургаалт зүйрлэлийн гол хэсгүүд юуг төлөөлсөн байж болох вэ? (Шаардлагатай бол, гол хэсгүүд нь хэнийг эсвэл юуг төлөөлж байгааг тодорхойлоход суралцагчдад тусал. Самбар дээр гол хэсгүүдийн хажууд хөрвүүлгийг бич. Бидний энэ мөнх бус амьдралд хүлээж авсан авьяас чадваруудын зарим нь бидэнд өмнөх сүнсний амьдралд өгөгдөж мөн бид үүнийг хөгжүүлж байсан гэдгийг тайлбарла. Бид тэдгээр авьяас чадварыг мөнх бус амьдралдаа үргэлжлүүлэн хөгжүүлж чадна.)
-
Матай 25:15-д цэдэглэснээр, яагаад эзэн нь боолууддаа өөр өөр хэмжээний зоос өгсөн бэ? (Суралцагчдыг хариулсны дараа “чадварынх нь дагуу” гэдэг нь Бурхан бидний хүн нэг бүрд нөхцөл байдалд маань тохирсон авьяас чадваруудыг өгдөг гэдгийг харуулж байгааг онцлон хэл. Хүн бүрд Бурханаас сүнслэг бэлэг өгөгдсөн байдаг [C ба Г 46:11-ийг үзнэ үү]. Бидэнд өгөгдсөн авьяас чадварын хэмжээ бидний хувийн үнэ цэнийн үзүүлбэр биш гэдгийг тайлбарла.)
Дараах асуултуудыг чанга уншаад, суралцагчдыг тунгаан бодоход урь. Үүнд:
-
Аль боол нь та нартай илүү адилхан гэж бодож байна вэ? Таван таланттай нь уу, хоёр таланттай нь уу аль эсвэл нэг таланттай боол уу? Яагаад?
Нэг суралцагчийг Матай 25:19–21-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, таван талант хүлээн авсан боолд эзэн нь юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.
-
Эзэн нь эхний боолд юу гэж хэлсэн бэ?
“Чамд ихийг хариуцуулъя” болон “Эзэнийхээ баяр баясгаланд ор” (Maтай 25:21) гэдэг нь тэнгэрлэг чадавхдаа хүрч, Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрах мөнх амьдралыг хүлээн авахыг хэлж байгаа гэдгийг тайлбарла.
-
Бид эхний боолын туршлагаас ямар зарчим мэдэж авч чадах вэ? (Суралцагчдын тодорхойлж болох нэг зарчим бол Хэрвээ бид Их Эзэний бидэнд өгсөн авьяас чадваруудыг үнэн зөв ашиглавал тэнгэрлэг чадавхдаа хүрч, мөнх амьдрал хүлээн авч чадна гэсэн зарчим юм.)
-
Их Эзэний бидэнд өгсөн авьяас чадваруудыг үнэн зөв ашиглах ямар зарим жишээ байна вэ?
Хоёр дахь боол нь эхний боол таван талант авсныг мөн өөрөө хоёрхныг авснаа хараад, гомдоллож болох байсныг онцлон хэл. Харин тэр өөрт нь өгөгдсөн талантуудыг зөв ашигласан.
Нэг суралцагчийг Матай 25:22–23-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, хоёр талант хүлээн авсан боолд эзэн нь юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.
-
Хоёр талант хүлээн авсан боолд эзэн нь юу гэж хэлсэн бэ?
-
Эзэн нь эхний хоёр боолдоо өөр өөр хэмжээний зоос өгсөн байтал яагаад тэр хоёр эзнээсээ адилхан хариулт хүлээж авсан гэж та нар бодож байна вэ?
-
Бид хоёр талант авсан хүний туршлагаас ямар зарчим мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Их Эзэний өгсөн авьяас чадваруудыг хэр олон эсвэл ямар гэдгээс нь үл хамааран, үнэн зөв ашиглах аваас Тэр биднийг адислах болно гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга. Суралцагчдын хэлсэн үгсийг ашиглаад, энэ зарчмыг самбар дээр бич.)
Ангийнхнаас тэд хэзээ нэгэн цагт өөр хүнд өөрсдөд нь байдгаас илүү олон, илүү сайн авьяас чадвар байна гэж бодож байсан эсэхийг тунгаан бодохыг хүс. Самбар дээр бичсэн зарчмыг дахин дурд.
-
Бид өөр хүнийг биднээс илүү олон эсвэл илүү сайн авьяас чадваруудыг хүлээж авсан гэж бодох үедээ энэ зарчмыг санадаг байвал бидэнд хэрхэн тус болох вэ?
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Квинтин Л.Күкийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.
“Бидний өөрсдийн авьяас чадварын хөгжилт хувийн хөгжил дэвшлийг маань харуулах хамгийн сайн үзүүлбэр юм. … Адислалуудыг харьцуулах нь баяр хөөрийг үгүй болгодог гэдэг нь бараг тодорхой. Бид талархал, атаархал хоёрыг нэгэн зэрэг үйлдэж чадахгүй. Хэрвээ бид үнэхээр Их Эзэний Сүнстэй байж, баяр хөөр, аз жаргал мэдрэхийг хүсвэл өөрсдөдөө буй адислалуудад баясаж, талархдаг байх ёстой” (“Rejoice!” Ensign, 1996 оны 11-р сар, 29, 30.)
-
Бид Их Эзэний өгсөн авьяас чадваруудыг хэрхэн олж мэдэж болох вэ?
Суралцагч бүрд нэг жижиг цаас өгөөд, дээр нь өөрийнхөө нэрийг бичихийг хүс. Суралцагчдыг цаасаа хажуудаа сууж байгаа хүүхдүүд рүү дамжуулахад урь. Нэр нь цаасан дээр бичигдсэн хүүхдийн авьяас чадваруудыг бичихийг суралцагчдаас хүс. Бусдаас ажигласан авьяас чадваруудыг бичээд, уг цааснуудаа ангийг тойруулан үргэлжлүүлэн дамжуулахыг тэдэнд зааварчил.
Хэдэн минутын дараа, цааснуудыг эзэнд нь буцааж өгөхийг суралцагчдаас хүс. Бусад хүн өөрсдөөс нь ямар ямар авьяас чадвар олж харж байдгийг унших цагийг суралцагчдад гаргаж өгөөрэй. Тэгээд тэднээс цаасан дээрээ дараах асуултад хариулж бичихийг хүс:
-
Их Эзэний ажлыг урагшлуулахын тулд авьяасаа ашиглаж болох нэг арга зам юу вэ?
Талантын сургаалт зүйрлэл нь бидэнд өгөгдсөн авьяас чадваруудын талаар сэрэмжлүүлдэг болохыг онцлон хэл. Хэдэн суралцагчийг Матай 25:24–30-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, талантыг нуусан боолд эзэн нь хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс. 27-р шүлгийг уншсаны дараа хүү гэдэг нь мөнгө зээлүүлснээр эсвэл хөрөнгө оруулснаар олдог ашгийг хэлдэг гэдгийг тайлбарла.
-
Гурав дахь боол нь яагаад талантаа нуусан бэ? Энэ боолын сонголтод эзэн нь юу гэж хариулсан бэ?
-
Боол нь эзнийхээ мөнгийг алдаагүй байхад энэ боолын үйлдэл юугаараа буруу байсан бэ?
-
Уг боол хоёр талантыг буцааж авчирсан бол эзэн нь түүнд юу гэж хариулах байсан гэж та нар бодож байна вэ?
Суралцагчдыг ярилцсан зарчмуудын талаар гэрчлэлээ хуваалцахад урь. Тэднийг авьяас чадвараа Их Эзэний ажлыг урагшлуулахад ашиглахад нь урамшуулан дэмж.
Дараагийн бүлэг (Maтай 26:31–Maрк 3)
Дараагийн долоо хоногт суралцагчид Есүс Христийн Цагаатгалын тухай болон Гетсеманий цэцэрлэгт зовж шаналснаас нь эхлээд, хууль бус шүүлт, доромжлол, ташуурдалтыг туулсныг мөн Тэрээр цовдлогдон нас барж, эцэст нь Түүний ялгуусан Амилалтаар төгссөнийг нарийвчлан судлах болно гэдгийг тайлбарла.