Номын сан
11-р хичээл: Матай 6


11-р хичээл

Матай 6

Оршил

Есүс Уулан дээрх номлолоо үргэлжлүүлэв. Тэрээр сүсэг бишрэлийн зөв шударга үйлдэл нь зөв шалтгаанаар хийгдсэн байх ёстой хэмээн зааж мөн тэдгээр нь Тэнгэрлэг Эцэгийг баярлуулахаар хийгдсэн байх ёстойг онцолжээ. Тэр бас шавь нартаа эхлээд Бурханы хаант улсыг байгуулахаар эрэлхийлэхийг зааварлав.

Заах зөвлөмж

Maтай 6:1–18

Аврагч шавь нартаа зөв шударга үйл үйлдэхийг заав

Шагнал болгож өгөх жижиг зүйлсийг (чихэр гэх мэт) ангидаа авчир. Та суралцагчдыг ирэхэд тэднийг ямар нэг сайн зүйл (судруудаа гаргаж ирэх, хэн нэгэнтэй найрсгаар мэндлэх эсвэл сүнслэг хэсгийг төлөвлөхөд туслах гэх мэт) хийж байхыг нь хараад, тэдэнд шагнал өгөн, хийсэн сайн үйлийг нь ангийнханд зарла. Зарим суралцагч шагнал авахын тулд ангийнхныхаа сайн үйлсийг давтан хийж болно. Хичээл эхлэх цаг болтол суралцагчдыг шагнахаа үргэлжлүүл.

Хичээлээ эхлэхдээ шагнал авсан сайн үйлийг яагаад хийснийг нь суралцагчдаас асуу. Матай 6-д цэдэглэгдсэнээр, Аврагч Уулан дээрх номлолоо үргэлжлүүлж, хүн зөв шударга үйлийг үйлдэхдээ өөр өөр шалтгаанаар хийж болох талаар заасан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Матай 6-аас суралцах явцдаа зөв шалтгаанаар шударга үйл үйлдэхэд туслах зарчмуудыг олж мэдэхэд тэднийг урь.

Нэг суралцагчаас Матай 6:1–2-ыг чанга уншихыг хүс. Ангийнхныг дагаж уншаад, зөв шударга үйл үйлдэх буруу шалтгааныг Аврагч юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс. (Өглөг нь ядууст өгөх гэх мэт шашны үйлдэл болохыг онцлон хэл [1-р шүлэг, зүүлт тайлбар б-г үзнэ үү].)

  • Эдгээр шүлэгт цэдэглэснээр, зарим хүн яагаад өглөг өгдөг вэ?

  • Аврагч энэ хүмүүсийг хэн гэж нэрлэсэн бэ? (Та “хоёр нүүрт” гэж орчуулагдсан грек үг нь дүр үзүүлэгч хүмүүсийг хэлдэг гэдгийг онцлон хэлж болно [2-р шүлэг, зүүлт тайлбар a-г үзнэ үү].)

  • “Тэд шагналаа авсан байна” гэсэн өгүүлбэр юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг Матай 6:3–4-ийг чанга уншихыг хүс. Ангийнхныг дагаж уншаад, Аврагч шавь нартаа зөв шударга үйлийг хэрхэн үйлдэх талаар юу гэж заасныг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн яагаад Өөрийн шавь нараас “нууцаар” үйлчлэхийг хүсдэг гэж та нар бодож байна вэ?

  • Зөв шударга үйлийг нууцаар үйлдэх нь уг хүний тэдгээрийг үйлдэж байгаа шалтгааны талаар юуг харуулж байна вэ? (Тэр хүн бусдын анхаарлыг татах гэхээсээ Тэнгэрлэг Эцэгийг баярлуулж, бусдад үйлчлэхийг хүсэж байна.)

  • Аврагч зөв шалтгаанаар зөв шударга үйл үйлдсэн хүмүүст юу амласан бэ?

  • Бид бишрэл шүтлэгийн үйл үйлдэх талаар Аврагчийн зааснаас ямар зарчмыг мэдэж авч чадах вэ? (Суралцагчдад Бид бусдын анхаарлыг татахыг хичээхийн оронд Тэнгэрлэг Эцэгийг баярлуулах бишрэлийн үйл үйлдэх юм бол Тэрээр биднийг ил шагнах болно гэсэн зарчмыг олж тогтооход тусал. Энэ зарчмыг самбар дээр бич.)

  • Тэнгэрлэг Эцэг биднийг ил шагнана гэдэг нь та нарт ямар санагдаж байна вэ?

Суралцагчдыг хос хосоороо ажиллахаар хуваарил. Хосуудын нэгийг Maтай 6:5–6-г, нөгөөг нь Maтай 6:16–18-ыг уншихад урь. Тэнгэрлэг Эцэгийг баярлуулахын тулд зөв шударга үйл үйлдэх зарчмыг харуулахаар Аврагчийн ашигласан жишээг олж мэдэхэд суралцагч бүрийг урь. Тэднийг олж мэдсэн зүйлээ нөгөө суралцагчтайгаа хуваалцахад урь. Дараа нь ангийнхнаас асуу:

  • Энэ хоёр шүлэгт, Есүс шашны ямар дадлыг нууцаар үйлдэж байх хэрэгтэй хэмээн хэлсэн бэ?

Нийтийн дунд залбирах нууцаар хийгээгүй болохоор буруу болно гэсэн үг биш гэдгийг суралцагчид ойлгож байгаа эсэхийг бататга. Залбирлыг болон шашны бусад зан үйлийг чин сэтгэлээсээ, бүхнээ зориулан үйлдэж байгаа бол олон нийтийн дунд үйлдэж болдог.

  • Та нарын судалсан шүлгүүдэд цэдэглэснээр, хоёр нүүртнүүд яагаад залбирч, мацаг барьдаг вэ?

Та 16-р шүлгэн дээрх “баргар царай” мөн “нүүр царайгаа барайлгах” гэдэг үгс нь өөрсөд рүүгээ анхаарал татахын тулд мацаг барьж байгаагаа гадаад төрхөөрөө харуулсан хүмүүсийг хэлж байгааг тайлбарлаж болох юм.

Самбар дээр бичсэн зарчмыг дахин дурд. Тэнгэрлэг Эцэгийг баярлуулахаар залбирах, мацаг барих гэх мэт сүсэг бишрэлийн үйлийг үйлдсэн үеийнхээ талаар бодоход суралцагчдыг урь. Тэднийг чин сэтгэлээсээ шүтэн биширснээрээ адислал мэдэрсэн арга замуудаа тунгаан бодохыг хүс. Хэрэв хүсэж байвал хүлээн авсан адислалуудынхаа талаар хуваалцахыг цөөн суралцагчаас хүс.

Матай 6:7–15-ыг дүгнэн, Аврагч залбирах зөв арга замыг зааж, удирдамж өгсөн гэдгийг тайлбарлан ярьж өг. Түүний Өөрийнх нь залбирлын жишээг Их Эзэний Залбирал хэмээн нэрлэдэг. Бид Их Эзэний жишээнээс залбирлын талаар юу сурч болохыг олж мэдэхийн тулд эдгээр шүлгийг товч нягтлахыг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. (Энэ ярилцлагын нэг хэсэг болгож, та Их Эзэний “хоосон үг бүү давт” гэсэн сэрэмжлүүлэг нь адил төстэй үгийг залбирах болгондоо зайлшгүй хэрэглэж болохгүй гэсэн үг биш гэдгийг тайлбарлаж болох юм. Их Эзэн бас бодох юмгүй шууд урсган, утгагүй, хоосон залбирахгүй байхыг сэрэмжлүүлж байгаа юм. Бидний залбирлууд даруухан, чин сэтгэлийн мөн итгэлээр хэлэгдэх ёстой.)

Матай 6:19–24

Есүс Христ цугласан олонд тэнгэрт баялаг хураах талаар заадаг

Зураг
эрдэнэсийн авдар

Эрдэнэсийн авдрын зургийг үзүүл. Эрдэнэс гэдэг нь бидний ихэд үнэлж цэгнэдэг зүйл гэдгийг тайлбарла.

  • Та нар юуг эрдэнэс гэж үздэг вэ?

Нэг суралцагчийг Матай 6:19–21-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Их Эзэн эрдэнэсийн талаар юу гэж заасныг олж мэдэхийг хүс.

  • Аврагч шавь нараа ямар төрлийн эрдэнэсийг эрж хай хэмээн заасан бэ?

  • Дэлхийд нөөцөлсөн болон тэнгэрт нөөцөлсөн эрдэнэсийн хоорондох ялгааг Аврагч юу гэж хэлсэн бэ?

Дараахыг самбар дээр бич:

Дэлхий дээрх эрдэнэс

Тэнгэр дэх эрдэнэс

Суралцагчдыг гарч ирж, самбарт дэлхий дээрх болон тэнгэр дэх эрдэнэсийн жишээнүүдийг жагсаан бичихэд урь.

Нэг суралцагчийг Матай 6:22–24-ийг чанга уншихад уриад, ангийнхныг бидэнд тэнгэрт эрдэнэс нөөцлөхөд юу тус болж чадна гэж Аврагч заасныг олж мэдэхийг хүс.

  • Бидэнд тэнгэрт эрдэнэс хураахад туслах юуг Аврагч 22–23-р шүлэгт заасан бэ? (22-р шүлгийн Иосеф Смитийн Орчуулга нь “тиймийн тул чиний нүд Бурханы алдар суунд чин үнэнч байх аваас” гэж хэлдгийг онцолж хэл [Maтай 6:22, зүүлт тайлбар б]. Та суралцагчдад “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь” Бурханы ажил мөн алдар суу гэдгийг сануулж болох юм [Мосе 1:39].

  • Бид Бурханы алдар суунд чин үнэнч байхын тулд юу хийж чадах вэ?

  • Аврагч 24-р шүлгийн төгсгөлд тэнгэрт эрдэнэс хураахаа санахад маань бидэнд туслах ямар үнэнийг заасан бэ? (Суралцагчид Бид Бурхан, эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй гэсэн үнэнийг тодорхойлох ёстой. Эд баялаг гэж эд хөрөнгийг хэлж байгааг тайлбарла.)

  • Эд баялагт “үйлчилнэ” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (Өөрсдийн зүрх сэтгэлийг Бурханаас холдуулах байдлаар дэлхийн зүйлс дээр тавих.)

Суралцагчдын Матай 6:24-т олж тогтоосон үнэнийг харуулахын тулд хоёр гуурсны дээд талыг скочдож холбо. Талд нь хүртэл усаар дүүргэсэн аяга тавиад, нэг гуурсыг устай аяганд, нөгөө гуурсыг аяганы гадна талд байхаар байрлуул. Нэг суралцагчийг гуурснуудыг хэрэглэн, аягатай усыг уухаар хичээхэд урь. (Энэ үзүүлэнт хичээлийг үр дүнтэй болгохын тулд уг суралцагч хоёр гуурснаас зэрэг ууж байгаад анхаар.) Дараа нь суралцагчаас асуу:

  • Чи уснаас яагаад сайн ууж чадахгүй байсан бэ?

Ангийнхнаас асуу:

  • Хэрвээ гуурснууд биднийг төлөөлж байгаа юм бол ус юуг төлөөлж болох вэ? (Бидний Бурханд үйлчлэх хичээл зүтгэлийг)

  • Яагаад бид Бурхан, эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй гэж та нар бодож байна вэ? (Мөн Иаков 1:8-ыг үзнэ үү.)

  • Бид усыг нь уухын тулд гуурснуудыг яах ёстой вэ? Энэ нь бидний Бурханд үйлчлэх хичээл зүтгэлтэй ямар хамааралтай вэ?

Суралцагчдыг дараах асуултын хариултыг тунгаан бодоход урь. Та суралцагчдыг хариултаа хичээлийн дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичиж авахад урьж болно.

  • Өөрсдийн зүрх сэтгэлийг дэлхийн зүйлс дээр тавьснаар Бурханд үйлчилж мөн тэнгэрт эрдэнэс нөөцлөхөд саад болж болох ямар жишээ та нарын амьдралд байна вэ?

Матай 6:25–34

Аврагч шавь нартаа эхлээд Бурханы хаант улсыг эрэлхийлэхийг зааварчлав

Матай 6:25–34-ийг дүгнэн, Аврагч шавь нартаа өөрсдийн үндсэн хэрэгцээг хангахдаа хэт их санаа зовохгүй байхад сургасан гэдгийг тайлбарлан ярьж өг. Матай 6:25–27-ийн Иосеф Смитийн Орчуулга нь Аврагч Өөрийнх нь сайн мэдээг тунхаглахаар явах хүмүүст голчлон хандаж, ярьж байсан гэдгийг ойлгоход бидэнд тусалдаг.

Нэг суралцагчийг Матай 6:31–34-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Аврагч амьдралдаа эхлээд юуг эрж хай гэж шавь нартаа заасныг олж мэдэхийг хүс. (33-р шүлгийн зүүлт тайлбар a-аас Иосеф Смитийн Орчуулга дахь үгсийг онцлон хэл.)

  • Аврагч амьдралдаа эхлээд юуг эрж хай гэж шавь нартаа заасан бэ?

  • Дэлхийн зүйлсийг олж авахаар эрэлхийлэхийн оронд Бурханы хаант улсыг (эсвэл Түүний Сүмийг) байгуулахыг эрэлхийлж байгаа хүмүүст Есүс Христ юу амласан бэ? (Суралцагчдыг хариулсны дараа Хэрвээ бид эхлээд Бурханы хаант улсыг байгуулахыг эрэлхийлэх аваас Тэр Өөрийн мэддэг, бидэнд хэрэгцээтэй байгаа тэр зүйлсээр биднийг адислах болно гэсэн зарчмыг самбар дээр бич.)

Суралцагчдад энэ зарчмыг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоний дараах мэдэгдлийг чанга уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Бид Бурханыг амьдралынхаа бусад юм бүхний өмнө тавих ёстой. …

“Бид Бурханыг нэгдүгээрт тавьсан үед бусад бүх зүйл зохих байрандаа орох буюу эсвэл бидний амьдралаас гээгдэж алга болдог. Их Эзэнийг хайрлах бидний хайр нь бусдыг энэрэх, цаг хугацаагаа зохицуулах, өөрсдийн сонирхдог зүйлсийг хөөцөлдөх болон эн тэргүүнд анхаарах ёстой зүйлсийн маань дэс дарааг тогтоон өгч, удирдан чиглүүлж, туслах болно.

“Бид Бурханыг өөрсдийн амьдрал дахь хэний ч өмнө тавих ёстой” (“The Great Commandment—Love the Lord,” Ensign, 1988 оны 5-р сар, 4).

  • Та нар өөрсдийн амьдралд Тэнгэрлэг Эцэгийг эн тэргүүнд тавихыг хичээснээр хэзээ Түүний адислалуудыг мэдэрч байсан бэ?

Тэнгэрлэг Эцэгийг өөрсдийн амьдралд эн тэргүүнд тавьснаас ирэх адислалуудын талаар гэрчлэлээ хуваалцахыг бодно уу.

Суралцагчдыг дэлхийн зүйлс дээр зүрх сэтгэлээ тавихдаа хэрхэн уруу татагдаж болох тухай түр зуур дахин бодоход урь. Тэднийг хичээлийн дэвтэр юм уу судрын тэмдэглэл дээрээ, Тэнгэрлэг Эцэгийг өөрсдийн амьдралд эн тэргүүнд тавихыг эрэлхийлэх нэг арга замыг бичсэнээр энэ уруу таталтыг ялан дийлэх зорилго тавихад урамшуулан дэмж.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Maтай 6:22. “Хэрэв нүд чинь цэвэр бол”

“Энэ шүлэг дээр хэрэглэгдсэн цэвэр гэдэг үг нь ‘эрүүл, чийрэг, энгийн, чин сэтгэлийн’ гэдэг утгатай грек үг юм. Энэ тодорхойлолтыг мэдэх нь Аврагчийн өглөг өгөх, залбирах, мацаг барих талаарх сургамжийг ойлгоход бидэнд тусалдаг. Эдгээрийг Тэнгэр дэх Эцэгтээ эсвэл хүлээн авагч хүн дээр чин сэтгэлээсээ, энгийн байдлаар төвлөрснөөр хийх ёстой. Бид дараахтай адил асуултуудыг бодож үзэж болох юм: Би ядуу хүнд өгөхдөө Бурханд алдар суу авчрахад найдаж байна уу эсвэл өөртөө алдар суу авчрахад найдаж байна уу? Би Их Эзэнд үйлчлэхдээ Их Эзэнээр магтуулах гэж хийж байна уу эсвэл хүмүүсээр магтуулах гэж хийж байна уу? Би нийтийн дунд залбирахдаа Бурханд хандаж залбирч байна уу эсвэл цугларсан олонд хандаж залбирч байна уу? (2 Нифай 2:30; С ба Г 88:67–68; Moсe 4:2; Иосеф Смит—Түүх 1:46)” (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 29-ийг үзнэ үү).