Номын сан
Гэрээр судлах хичээл: Maтай 6:1–13:23 (3-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Maтай 6:1–13:23 (3-р бүлэг)

Гэрээр заах багшид зориулсан бэлтгэх материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Maтай 6:1–13:23-ыг (3-р бүлэг) судлахдаа, сурсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах дүгнэлт нь таны хичээлийн нэг хэсэг болж, заагдахад зориулагдаагүй юм. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын зөвхөн цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ, Ариун Сүнсний өдөөлтийг дага.

Эхний өдөр (Maтай 6–7)

Суралцагчид Уулан дээрх номлолын талаар үргэлжлүүлэн суралцахдаа дараах зүйлсийг ойлгож мэдсэн. Үүнд: Бид бусдын анхаарлыг татахыг хичээхийн оронд Тэнгэрлэг Эцэгийг баярлуулахыг зорьсон үйлсийг үйлдэх юм бол Тэрээр биднийг ил шагнах болно. Бид Бурхан, эд хөрөнгө хоёрт зэрэг үйлчилж чадахгүй. Биднийг үнэнийг мэдэхээр гуйж, хайж, тогших үед Тэнгэрлэг Эцэг бидэнд хувийн илчлэлтийг хариулт болгон өгч, адислах болно. Бид хуурамч бошиглогчдыг үр жимсээр нь таньж чадна.

2 дахь өдөр (Maтай 8–10)

Энэ хичээлээр суралцагчид Есүс биднийг өвчин, сул дорой байдлаас маань эдгээж чаддагийг мөн төлөөлөгчдийг дуудаж, Өөрийн эрх мэдлийг тэдэнд өгдөг талаар мэдэж авсан. Биднийг Их Эзэнд үйлчилж байгаа үед Тэр биднийг хэрэгтэй үед юу хэлэхийг сүнслэгээр мэдүүлж, хэрвээ бид Есүс Христийн төлөө амьдралаа үрэх (цагаа зориулах) аваас амьдралдаа зорилгоо олох болно гэдгийг суралцагчид олж мэдсэн.

3 дахь өдөр (Maтай 11–12)

Бид Есүс Христийн талаар сурч, Түүнийг гэрчлэх аваас бидний Түүний талаарх гэрчлэл хүчирхэгжих бөгөөд хэрэв бид Есүс Христэд ирэх аваас Тэрээр бидний ачааг хөнгөлж, бидэнд амралтыг өгөх болно. Үүнээс гадна, суралцагчид Бурханд чин үнэнч байх тухай болон амьдрал дахь хилэнцэт нөлөөллийг сайн зүйлсээр орлуулах тухай мэдэж авсан.

4 дэх өдөр (Maтай 13:1–23)

Суралцагчид тариачны сургаалт зүйрлэлээс суралцахдаа, дэлхийн зүйлс биднийг сатааруулж, анхаарлыг маань Их Эзэнээс холдуулж, Бурханы үгийн талаарх итгэл, гэрчлэлийг маань багасгаж болно гэдгийг ойлгож авсан. Үүнээс сэргийлж, Аврагчид хөрвүүлэгдэхийн тулд, бид Бурханы үгийг хүлээн авч, гэрчлэлээ гүнзгийрүүлэхээр хичээх ёстой.

Оршил

Maтай 7-д цэдэглэгдсэнээр, Есүс Христ шавь нартаа зөв шударга шүүх тухай зааж, Уулан дээрх номлолоо үргэлжлүүлэв. Тэр бас хувийн илчлэлт хүлээн авах болон Тэнгэрлэг Эцэгийн хүслийн дагуу үйлдэх талаар заасан.

Заах зөвлөмж

Тэмдэглэл: Энэ долоо хоногт, гэрээр судлах хичээлийн 1-р бүлгийн 3-р хичээл дээр суралцагчид Maтай 11:28–30 дахь төгс эзэмших судрын хэсгийг судалсан. Суралцагчидтай хамт энэ хэсгийг давтахад цөөн хэдэн хором зарцуулахыг бодоорой.

Матай 7:1–5

Есүс Христ Уулан дээрх номлолынхоо үеэр шавь нартаа бусдыг зөв шударга шүүх талаар заав

Хичээл эхлэхээс өмнө Бид бусдыг шүүх ёстой юу, эсвэл шүүх ёсгүй юу? гэсэн асуултыг самбар дээр бич. Хичээл эхлэхэд суралцагчдыг уг асуултад хариулахад урь.

Уулан дээрх номлол зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 39; мөн LDS.org-оос үзнэ үү). Есүс Уулан дээрх номлолоо үргэлжлүүлэхдээ шавь нартаа бусдыг шүүх талаар заасан гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг Матай 7:1-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Их Эзэн бусдыг шүүх талаар юу заасныг олж мэдэхийг хүс. 1-р шүлгийг бид хэзээ ч шүүх ёсгүй гэж буруугаар ойлгох нь олонтоо байдаг гэдгийг онцлон хэл. Нэг суралцагчийг Maтай 7:1, зүүлт тайлбар a-г уншихыг хүс.

  • Аврагч бусдыг шүүх талаар юу заасан бэ?

  • Зөв шударга шүүх гэдгийг ямар утгатай гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг Матай 7:2-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, бидний бусдыг шүүдэг арга зам дээр үндэслэн бидэнд юу тохиолдохыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. (“Та нарын хэмжүүрийн жишиг” гэдэг нь та нарын бусдыг хэмжих буюу шүүх арга зам гэсэн үг гэдгийг та тайлбарлаж болно.)

  • Хэрэв бид бусдыг зөв шударга шүүх юм бол юу тохиолдох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа тэдэнд Хэрэв бид бусдыг зөв шударга шүүх юм бол Бурхан бидэнд үүнтэй адил нигүүлсэл, шударга ёсыг үзүүлэх болно гэсэн зарчмыг тодорхойлоход тусал.

Хэрэв боломжтой бол суралцагч бүрд Итгэлдээ үнэнч байх нь товхимлоос дараах өгүүлбэрийг хуулбарлан тарааж өг. Нэг суралцагчийг үүнийг чанга уншихад урь. Ангийн нэг хагасаас дагаж уншаад, бидний хийх ёстой, ёсгүй шүүлтийн хэв маягуудыг мөн бид хэрхэн зөв шударга шүүх талаар олж мэдэхийг хүс.

“Бусдыг ямар нэг байдлаар шүүх нь буруу гэж зарим хүн үздэг. Бусдыг шударга бусаар шүүх эсвэл зэмлэх нь буруу ч та амьдралынхаа турш бодол санаа, нөхцөл байдал, хүмүүсийн талаар шүүн үзэж байх хэрэгтэй байдаг.” …

“Шүүлт нь сонголтыг ашиглахад чухал бөгөөд ялангуяа таныг бусад хүний тухай шүүлт хийхэд маш их анхаарал шаарддаг. Таны бүхий л шүүлт шударга жишгээр удирдагдах ёстой. Хүн бүрийн зүрх сэтгэлийг мэддэг зөвхөн Бурхан л хувь хүмүүсийн хамгийн эцсийн шүүлтийг хийж чадна гэдгийг сана” (Илчлэлт 20:12; 3 Нифай 27:14; C ба Г 137:9-ийг үзнэ үү) …

“… Чадах чинээгээрээ хүмүүсийг шүүхээс илүүтэйгээр хүмүүсийн нөхцөл байдлыг шүү. Боломжтой бол, хангалттай баримт нотолгоотой болохоос нааш шүүлт бүү гарга. Шийдвэрүүдийг тань удирдаж чадах Ариун Сүнсэнд үргэлж мэдрэмжтэй бай” (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалтууд [2004], 62–63).

  • Бид ямар төрлийн шүүлтүүдийг хийж байх ёстой вэ?

  • Бид хэрхэн илүү зөв шударга шүүж чадах вэ?

  • Хүн зөв шударга шүүлт хийх хэрэгтэй болох үеийн зарим жишээ юу вэ?

Модны жижиг нарийхан зомгол мөн урт зузаан мод үзүүл. Аврагч шавь нартаа бусдыг шүүх талаар заахдаа жижиг нарийхан зомголыг үртэс, урт зузаан модыг дүнз хэмээн нэрлэсэн болохыг тайлбарла (Maтай 7:3, зүүлт тайлбар 3б болон 3в-г үзнэ үү). Нэг суралцагчийг Матай 7:3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Аврагч бусдыг шүүх талаар юу заасныг олж мэдэхийг хүс.

  • Аврагчийн зүйрлэлд үртэс, дүнз хоёр юуг төлөөлж байж болох вэ? (Тэдгээр нь том, жижиг гэм буруу, дутагдлыг эсвэл нүглийг төлөөлдөг.)

  • Та 3-р шүлэгт хэлсэн Аврагчийн сургамжийг хэрхэн өөр үгээр илэрхийлэх вэ?

Хоёр суралцагчийг самбарын өмнө гарч ирэхэд урь. Нэг суралцагчаас нүднийхээ харалдаа дүнз барихыг хүс. Хоёр дахь суралцагчаас асуу:

  • Чи нүдэндээ дүнзтэй ангийнхаа хүүхдээр нүдэн доторх үртсээ авахуулмаар байна уу? Яагаад үгүй гэж?

Дүнзтэй суралцагчаас асуу:

  • Чи ангийнхаа хүүхдийн нүдэнд байгаа үртсийг авч чадахуйц тод сайн харж чадахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

Хоёр суралцагчийг суухад урь. Нэг суралцагчаас Матай 7:4–5-ыг чанга уншихыг хүс. Ангийнхныг дагаж уншаад, Аврагч биднийг хэний бурууд санаа зовж байх хэрэгтэй гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Бидний санаа зовох ба залруулах байдал бусдын гэм буруун дээр төвлөрөх ёстой юу эсвэл өөрсдийнхөө гэм буруун дээр төвлөрөх ёстой юу? Яагаад?

  • Бид бусдыг шударга бус шүүхээс зайлсхийхэд бидэнд туслах ямар зарчмыг эдгээр шүлгээс мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид өөрсдийн гэм нүгэл, сул талуудыг засахад төвлөрөх юм бол бусдыг шударга бус шүүх тохиолдол маань багасах болно гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ зарчмыг самбар дээр бич.)

  • Бид бусдын дутагдлыг харах үед энэ зарчим бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

Та энэ зарчмыг сануулахын тулд суралцагчдад жижигхэн мод өгч болно. Суралцагчдыг амьдралаасаа холдуулж болох нүгэл, сул талуудынхаа талаар тунгаан бодоход урь. Бусдыг шударга бус шүүхийн оронд өөрсдийн дутагдлаас салахаар Их Эзэнээс тусламж гуйхад тэднийг урамшуулан дэмж.

Maтай 7:24–27

Аврагч Эцэгийн тааллаар үйлддэг хүмүүст аврал амласан

Нэг чулуу, хэсэг элс үзүүл. Суралцагчдаас гэр орноо чулуун дээр барихыг хүсэх үү эсвэл элсэн дээр барихыг хүсэх үү гэдгийг асуу. Суралцагчдыг шалтгаанаа тайлбарлахад урь.

Нэг суралцагчаас Матай 7:24–27-г чанга уншихыг хүс. Ангийнхныг дагаж уншаад, Есүс гэрээ чулуун дээр барих болон элсэн дээр барих нь ямар байдаг гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • 24-р шүлэгт цэдэглэснээр, ямар ямар үйлдэл хүнийг гэрээ чулуун дээр барьсан мэргэн хүнтэй адил болгодог гэж Аврагч хэлсэн бэ?

  • 26-р шүлэгт цэдэглэснээр, ямар ямар үйлдэл хүнийг гэрээ элсэн дээр барьсан мунхаг хүнтэй адил болгодог гэж Аврагч хэлсэн бэ?

  • Эдгээр зүйрлэл дэх бороо, үер, салхи юуг төлөөлдөг гэж та нар бодож байна вэ (27-р шүлэг; түүнчлэн Хиламан 5:12-ыг үзнэ үү)?

  • Бид эдгээр зүйрлэлээс Их Эзэний сургамжийн дагуу үйлдэх талаар ямар зарчим сурч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах зарчмуудыг олж тогтоосон эсэхийг бататга: Хэрэв бид Их Эзэний сургаалуудыг сонсож мөн үйлдэх аваас Тэр биднийг бэрхшээлээ тэвчин гарахад маань хүчирхэгжүүлэх болно. Хэрэв бид Их Эзэний сургаалуудыг сонсчхоод дагахгүй байх юм бол бэрхшээл тулгарахад хэрэгтэй тусламж дэмжлэг бидэнд байхгүй байх болно.

Аврагчийн заасан зарчмуудын дагуу үйлдэхээр шийдсэнээр мэргэн хүнтэй адил байхад суралцагчдыг урь. Та суралцагчдад энэ хичээлээс эсвэл Аврагчийн Уулан дээрх номлолын сүүлийн хэсгээс судлахдаа сурсан зарчмуудаас нэг юм уу түүнээс илүүг хэрхэн хэрэгжүүлэх талаар бичих цаг гаргаж өгч болох юм.

Дараагийн бүлэг (Maтай 13:24–17:27)

Суралцагчдад дараагийн долоо хоногт Иохан Баптистыг үхэлд хүргэсэн хилэнцэт хуйвалдааны талаар унших болно гэдгийг хэл. Түүнчлэн тэд дараах асуултуудын хариултыг мэдэж авах болно. Үүнд: Херод яагаад Иоханыг цаазалсан бэ? Петр усан дээр амжилттай алхсаныхаа дараа яагаад живсэн бэ? Дотны найз эсвэл гэр бүлийн гишүүн нь нас барахад ямархуу санагддаг талаар бодохыг суралцагчдаас хүс. Тэднийг дараагийн бүлгээс суралцаж байхдаа Аврагч хайртай хүн нь нас барахад хэрхэн хандсан тухай болон Хувиралтын уулан дээр юу тохиолдсоныг мэдэж авахад урь.