Номын сан
Гэрээр судлах хичээл: Марк 10–Лук 4 (9-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Марк 10Лук 4 (9-р бүлэг)

Гэрээр заах багшид зориулсан бэлтгэх материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Марк 10Лук 4-ийг (9-р бүлэг) судлахдаа ойлгож мэдсэн үйл явдал, сургаал, зарчмуудын дараах дүгнэлт нь таны хичээлийн нэг хэсэг болж заагдахад зориулагдаагүй юм. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын зөвхөн цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Марк 10–16)

Суралцагчид Аврагчийн бяцхан хүүхдүүдэд өгсөн Өөр рүү нь ирэх урилгын талаар судлахдаа бид бяцхан хүүхдүүдтэй адил сайн мэдээг хүлээн авснаар Бурханы хаант улсад ороход бэлтгэгдэх болно гэдгийг мэдэж авсан. Тэд Есүс Христийн баян залуу захирагчид өгсөн сэрэмжлүүлгийг уншихдаа Тэрээр бидэнд хайртай учраас Түүнийг дагахаар хичээж зүтгэхэд бидэнд юу дутагдаж байгааг мэдэхэд туслах ба хэрэв бид Их Эзэнээс асуух юм бол Тэрээр мөнх амьдралыг өвлөн авахын тулд юу хийх ёстойг маань бидэнд заах болно гэдгийг сурсан. Зэс зоос өгч байгаа бэлэвсэн эмэгтэй, Аврагчийг тосолж байгаа Мариагийн түүхүүд хэрэв бид байгаа бүхнээ Их Эзэнд өргөхөд бэлэн байвал Тэрээр бусдынхтай харьцуулахад жижиг байсан ч гэсэн бидний өргөлийг хүлээн авах болно мөн биднийг чадах бүхнээ өгөх үед Аврагч баярладаг гэдгийг мэдэхэд суралцагчдад тусалсан.

2 дахь өдөр (Лук 1)

Энэ хичээлээр суралцагчид Захариа, Элизабет хоёрт өгөгдсөн тэнгэр элч Габриелийн амлалтыг судалсан. Түүнчлэн тэд тэнгэр элч Габриел Мариад Бурханы Хүүгийн эх болно гэж хэлсэн гэдгийг мэдэж авсан. Суралцагчид эдгээр судраас дараах үнэнүүдийг ойлгосон. Тухайлбал: Их Эзэний үйлчлэгчдээрээ дамжуулан хэлсэн үгс цаг нь болохоор биелэгдэх болно. Есүс Христ бол Бурхан Эцэгийн Хүү юм. Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй. Хэрэв бид Их Эзэний бидэнд өгсөн үүрэг хариуцлагыг биелүүлэхийг үнэнчээр хичээх юм бол Тэрээр бидний амьдралд агуу үйлийг хийж чадна.

3 дахь өдөр (Лук 2)

Суралцагчид Есүс Христийн төрөлтийн тухай судлахдаа Аврагч дэлхийд мэндэлсэн учраас бид үлэмж баяртай байж болно гэдгийг мэдэж авсан. Мөн бид тэнгэрлэг заавруудад анхаарал тавих юм бол Есүс Христийн тухай өөрсдийн гэрчлэлийг хүлээн авч болох ба Есүс Христийн тухай гэрчлэл хүлээн авахдаа гэрчлэлээ бусадтай хуваалцахыг хүсдэг гэдгийг тэд сурсан. Суралцагчид Есүсийн залуу насны тухай судлахдаа бид мэргэн ухааныг хүлээн авч, бие махбод, сүнслэг байдал, бусадтай харилцах харилцааны хувьд өссөнөөр Есүсийн үлгэр жишээг дагаж чадна гэдгийг мэдэж авсан.

4 дэх өдөр (Лук 3–4)

Энэ хичээлээр суралцагчид Иохан Баптистын мөн Есүс Христийн баптисмын тухай судалсан. Тэд мөн Есүс Назарт Өөрийгөө Мессиа гэдгийг тунхагласан гэдгийг мэдэж авсан. Суралцагчид эдгээр түүхээс дараах үнэнүүдийг мэдэж авсан. Тухайлбал: Есүс Христ зөв шударга хүмүүсийг ёс бусчуудаас тусгаарладаг. Есүс бол шархалсан зүрхтэй хүмүүсийг эдгээж, сүнслэгээр боолчлогдсон хүмүүсийг чөлөөлөхөөр ирсэн Мессиа юм. Бид Есүс Христэд итгэх итгэлээ нотлон харуулснаар гайхамшгууд тохиолдож байгааг харж чадна.

Оршил

Энэ хичээл суралцагчдад Есүс Христ Цагаатгалынхаа нэг хэсэг болгон ямар зовлон шаналлыг амссаныг ойлгоход туслах болно. Түүнээс гадна, суралцагчид Аврагч бидний төлөө зовж шаналсны зарим шалтгааныг ойлгох болно.

Заах зөвлөмжүүд

Марк 14:10–16:20

Есүс Гетсеманид бидний нүглийн төлөө зовж шаналснаар Цагаатгалаа эхлүүлсэн; Искариотын Иудас Түүнээс урваж, Түүнийг иудейчүүдийн удирдагчдын өмнө авчрав

Суралцагчдаас дараах асуултуудыг дотроо эргэцүүлэн бодохыг хүс.

  • Та нарыг эсвэл та нарын туулж байгаа зүйлсийг хэн ч ойлгохгүй байна гэж хэзээ нэгэн цагт та нарт бодогдож байсан уу?

  • Үйлдсэн нүглүүдээсээ өршөөгдөж чадахгүй гэж хэзээ нэгэн цагт та нарт бодогдож байсан уу?

Суралцагчдыг Марк 14-өөс судалж байхдаа эдгээр мэдрэмжийг мэдэрч байж болзошгүй хэн нэгэнд туслах үнэнүүдийг олж мэдэхэд урь.

Нэг суралцагчийг Марк 14:32–34-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, Аврагч Гетсеманий цэцэрлэгт юу мэдэрснийг олж мэдэхийг хүс.

  • Аврагч Гетсеманий цэцэрлэгт байхдаа юу мэдэрсэн бэ?

Суралцагчдыг хариулсны дараа ихэд зовж, шаналж, үхтлээ шаналж гэсэн үгсийг самбар дээр бич.

Эдгээр үг нь Есүс Христ Өөрийн Цагаатгалын нэг хэсэг болгон туулсан зовлон шаналлыг хэлж байгаа гэдгийг тайлбарла.

  • Эдгээр үг нь Есүс Христийн Цагаатгалын талаар бидэнд юу зааж байна вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Есүс Христ Өөрийн Цагаатгалын нэг хэсэг болгон Гетсеманий цэцэрлэгт зовж шаналсан гэсэн үнэнийг самбар дээр бич.)

Суралцагчдад энэ сургаалыг ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэллийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Нийл А.Максвэлл

“Есүс Гетсеманид байхдаа ‘ихэд зовж’ (Марк 14:33), өөрөөр хэлбэл грекээр ‘гайхаж’,‘цочирдсон’ юм.

Энэ дэлхийн мөн бусад дэлхийн Бүтээгч Иехова ‘цочирдсон’ гээд төсөөл дөө! … Тэрээр өмнө нь Цагаатгалын гашуун мөн хүнд хэцүү үйл явцыг хэзээ ч туулж байгаагүй. Тиймээс тарчлал нь бүрэн дүүрнээрээ ирэх үед, энэ нь ер бусын оюун ухаантай Түүний төсөөлж байснаас ч илүү хүнд хэцүү байсан юм! Тэнгэр элчүүд түүнийг хүчирхэгжүүлж байсанд гайхах зүйл үгүй билээ! (Лук 22:43-ыг үзнэ үү.)

“Өнгөрсөн, одоо, ирээдүйн бүхий л мөнх бусчуудын гэм нүглийн нэгдмэл ачаалал нь тэрхүү төгс, нүгэлгүй, эмзэг Бодгаль дээр буусан! Бидний бүх өвчин зовлон ямар нэг байдлаар Цагаатгалын аймшигт тооцооллын нэг хэсэг байсан билээ. (Алма 7:11–12; Исаиа 53:3–5; Матай 8:17-г үзнэ үү.) …

Тэрээр энэхүү туйлын хүнд нөхцөлд, магадгүй тэр ой шугуй дахь хуцыг аварна гэж найдсан уу? Би мэдэхгүй байна. Хязгааргүй аймшигт байдал мэт Түүний зовлон шаналал Түүнийг загалмай дээрээ уйлахад хүргэсэн бөгөөд Тэр орхигдсондоо уйлсан байв. (Матай 27:46-г үзнэ үү.) …

Гайхамшигт мөн алдар суут Цагаатгал бүхий л хүн төрөлхтний түүхэн дэх гол үйл явдал байв. Энэ бол эцэстээ чухал болох бүх зүйл эргэлдэх тэрхүү хаалганы нугас мэт байлаа. Гэвч энэ нь Есүсийн сүнслэг дуулгавартай байдал дээр эргэлдсэн юм” (“Willing to Submit,” Ensign, 1985 оны 5-р сар, 72–73).

Цөөн суралцагчийг Марк 14:35–42-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, Аврагч үлэмж их зовж шаналсны улмаас юу хийснийг олж мэдэхийг хүс.

  • Аврагч үлэмж их зовж шаналснаасаа болж юу хийсэн бэ? (Есүсийн зовлон шаналал маш хүнд хэцүү байсан учраас Тэр үүнийг амсахгүй байж болох арга байгаа эсэхийг асуусан гэдгийг суралцагчдад ойлгоход тусал.)

Есүс Христ … болохын тулд … туулсан юм гэсэн үгсийг самбар дээр бич.

Бусад судрын хэсэг бидэнд Есүс Христийн зовлон шаналлыг болон Түүнийг яагаад бидний төлөө зовоход бэлэн байсныг ойлгоход тусалдаг гэдгийг тайлбарла.

Исаиа 53:3–5 мөн Алма 7:11–13 гэсэн судрын эшлэлүүдийг самбар дээр бич. Суралцагчдыг хос болгон хуваарилаад, тэднийг шүлгүүдийг хамтдаа уншиж, Аврагч хэрхэн зовсныг мөн яагаад зовсныг олж мэдэхэд урь. Суралцагчдаас хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ Исаиа 53:3–5 мөн Алма 7:11–13-аас сурсан зүйлс дээрээ үндэслээд самбар дээрх өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичихээ бичиж тэмдэглэхийг хүс. (Алма 7:12 дээрх халамжлах гэдэг үг нь хэн нэгнийг тайвшруулж, туслахаар яаравчлах гэсэн утгатай.)

Хангалттай хугацаа өгсний дараа цөөн суралцагчийг уг өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичсэнээ хуваалцахад урь. Тэдний хариулт дараахтай төстэй байх ёстой. Үүнд: Есүс Христ биднийг хэрхэн халамжлахаа мэдэж болохын тулд бидний шаналал, өвчин, уруу таталт, зовлон зүдгүүр, уй гашууг туулсан. Тэрээр бидний зөрчлүүдийг арилгаж болохын тулд бидний нүглийн төлөө зовж шаналсан юм. Аврагчийн хүн төрөлхтний нүглийн төлөөх зовлон шаналал Гетсеманид эхэлсэн ба загалмай дээрх Түүний цовдлуулалтаар дамжуулан төгсгөл болсон гэдгийг суралцагчдад сануул.

  • Аврагчийн хэрхэн зовж шаналсныг мөн яагаад зовж шаналсныг мэдэх нь та нарт сорилт, бэрхшээл, өвчин, зовлонг даван туулахад хэрхэн тусалж болох вэ? (С ба Г 45:3–5-ыг үзнэ үү.)

  • Хэзээ та нар өвчин, зовлон, гунигтай үедээ Аврагчийн та нарыг халамжилж байгааг мэдэрсэн бэ?

  • Та нар Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан наманчилж, нүгэл тань арилж байгааг мэдрэх үедээ ямар мэдрэмжүүдийг мэдэрч байсан бэ?

Есүс Санхедриний өмнө хууль бусаар шүүгдэж, үхэх ял авсан гэдгийг тайлбарлан, Марк 14:43–16:20-ийг нэгтгэн дүгнэ. Аврагч загалмай дээр амиа өргөж, амилсныхаа дараа төлөөлөгчдөдөө үзэгдэж, тэднийг номлуулахаар илгээжээ. Тэрээр мөн тэдэнд итгэдэг хүмүүсийг тэмдгүүд дагалдах болно хэмээн амлажээ. (Тэмдэглэл: Есүс Христийн үхэл, оршуулга, Амилалтыг суралцагчид Матай 27–28-ыг судлахдаа нарийвчлан судалсан байгаа.)

Нэг суралцагчаас Марк 16:15-ыг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, Их Эзэний төлөөлөгчдөдөө өгсөн үүрэг даалгаврыг олж мэдэхийг хүс.

  • Та сайн мэдээг “бүх дэлхийгээр” тунхаглах үүрэг даалгаврыг өнөөдөр мөн ирээдүйд биелүүлэхэд хэрхэн тусалж чадах вэ?

Та ярилцсан үнэнүүдийнхээ талаар гэрчлэлээ хуваалцаж, хичээлээ дуусгаж болно.

Дараагийн бүлэг (Лук 5:1–10:37)

Суралцагчдаас гэм нүглээсээ өршөөгдөж чадах эсэхтээ эргэлзэж байсан эсэхээ тунгаан бодохыг хүс. Тэд ирэх долоо хоногт Лук 5:1–10:37-г судалж байхдаа тэдний нүглийг өршөөхөд Аврагч бэлэн байдаг талаар мөн тэд өршөөгдөхийн тулд юу хийж чадах талаар мэдэж авах болно гэдгийг тайлбарла.