Гэрээр судлах хичээл
Еврей 5–Иаков 1 (28-р бүлэг)
Гэрээр заах багшид зориулсан бэлтгэх материал
Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм
Суралцагчдын Еврей 5–Иаков 1-ийг (28-р бүлэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмын дараах тоймыг энэ хичээлийн нэг хэсэг болж заахад зориулаагүй болно. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын цөөн хэд дээр төвлөрнө. Суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.
Эхний өдөр (Еврей 5–6)
Санваарын эрх мэдлийн талаарх Паулын бичсэн зүйлсээс суралцагчид санваарт томилогддог хүмүүс Бурханы эрх мэдлийг хүлээн авсан үйлчлэгчдийн илчлэлтээр дамжуулан Бурханаар дуудагдах ёстой гэдгийг сурсан. Суралцагчид мөн дараах үнэнийг мэдэж авсан. Үүнд: Бид эцсээ хүртэл тууштай байж, Есүс Христэд итгэж, тэвчээртэй байвал Бурханы бидэнд амласан адислалыг өвлөн авч чадна. Бурханы амлалтад найдах найдвар нь бидний бодгалийн сүнслэг зангуу болж өгдөг.
2 дахь өдөр (Еврей 7–10)
Суралцагчид Еврей 7–10-ыг судалж байхдаа Есүс Христ бидний нүглийн төлөө Өөрийн амийг золиосолсон бөгөөд хэрэв бид Түүнд итгэлтэй байвал Есүс Христийн Цагаатгалын ачаар селестиел хаант улсад орж чадна гэдгийг мэдсэн.
3 дахь өдөр (Еврей 11)
Суралцагчид төлөөлөгч Паулын итгэлийн тухай номлолыг судалж байхдаа итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн гэдгийг сурсан. Тэд түүнчлэн дараах зүйлийг мэдсэн. Тухайлбал: Бид Бурханы тааллыг олохын тулд Түүнд ирж, Түүнд итгэж, Түүнийг тууштай хайгч тэднийг шагнадаг гэдэгт итгэснээр итгэлээ хөгжүүлэх ёстой. Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр зовлонг тэсвэрлэж, гайхамшгуудыг үйлдэж, тэнгэрлэг амлалтуудыг хүлээн авч, Түүний талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэн, төгс байдал руу урагш тэмүүлж чадна.
4 дэх өдөр (Еврей 12–Иаков 1)
Суралцагчид Паулын еврейчүүдэд бичсэн захидлын төгсгөл хэсгийг судалж байхдаа бид Есүс Христийн үлгэр жишээг дагах юм бол нүглээ таягдан хаяж, эсэргүүцлийг тэвчээртэй давах хүчтэй байх болно гэдгийг сурсан. Түүнчлэн тэд хэрэв бид Тэнгэрлэг Эцэгийн зэмлэлийг хүлээн авбал Түүнтэй илүү адил болж, зөв шударга байдлаас ирэх амар амгаланг хүлээн авах болно гэдгийг сурсан. Иаков 1-ийг судалж байхдаа суралцагчид Түүнээс итгэлтэй гуйсан хүмүүст Бурхан мэргэн ухааныг өгөөмрөөр өгдөг гэдгийг мэдэж авсан.
Оршил
Төлөөлөгч Иаков мөн уруу таталтыг тэвчиж, үгийг үйлдэгчид байж, бусдад үйлчлэн, сүнсний хувьд цэвэр ариун байхыг тараагдсан израильчуудад заасан.
Заах зөвлөмж
Тэмдэглэл: Суралцагчид энэ бүлэгт Еврей 12:9 болон Иаков 1:5–6 гэсэн хоёр төгс эзэмших судрын хэсгийг мэдэж авсан. Та эдгээр шүлгийг ангиар нь хамт уншуулах юм уу чээжээр хэлүүлж болох ба суралцагчдыг эдгээр шүлгийн зааж буй сургаал, зарчмуудыг тайлбарлахад урьж болно.
Иаков 1:22–27
Иаков уншигчдаа үгийг сонсогч, хэрэгжүүлэгчид байж, бусдад үйлчлэхэд уриалав
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Квинтин Л.Күкийн хэлсэн дараах үгийг уншихад урь.
“Би саяхан өсвөр насны нэгэн залуу эрэгтэйтэй уулзсан юм. Тэр номлолд явах, боловсрол эзэмших, ариун сүмд гэрлэх, итгэлтэй аз жаргалтай гэр бүлтэй болох хүсэлтэй байв. Би түүний зорилгуудыг сонсоод, маш их баяртай байсан. Гэвч цааш ярилцах хооронд түүний хийж байгаа сонголтууд болон биеэ авч яваа байдал зорилготой нь нийцэхгүй байгаа нь илэрхий болсон юм. Тэр үнэхээр номлолд явахыг хүсэж, номлолд явахад саад болох ноцтой гэм нүглийг үйлдэхээс зайлсхийж байсан ч хийж буй өдөр тутмын үйлдлүүд нь түүнийг тулгарах бие махбод, оюун санаа, нийгмийн болон боловсрол, сүнслэг байдлын саад бэрхшээлд бэлтгэхгүй байна гэж санагдсан. Тэр шаргуу хөдөлмөрлөж сураагүй мөн сургууль, семинартаа нэг их санаа зовдоггүй байсан. Тэр сүмд явдаг ч Мормоны Номыг уншаагүй байв. Тэр ихэнх цагаа видео тоглоомд болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд зориулж байв. Тэр номлолд явахаар очиход л хангалттай гэж бодож байсан” (“Ухаалаг сонголт хий,”Ensign, эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55).
-
Хэрэв та ахлагч Күкийн оронд байсан бол энэ залуу эрэгтэйн номлолд бэлтгээгүй байдлын талаар юунд нь санаа зовох байсан бэ?
Нэг суралцагчийг Иаков 1:22-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Иаков ахлагч Күкийн дурдсан залуу эрэгтэйд тусалж болох юу заасныг олж мэдэхийг хүс.
-
Иаковын заасан зүйлсээс юу энэ залуу эрэгтэйд туслах вэ?
Иаков 1:23–24-т цэдэглэснээр, Иаков үгийг сонсоод хэрэгжүүлдэггүй хүнийг толинд царайгаа харчихаад, эргэж явангуут өөрийнхөө ямар харагдаж байсныг мартдаг хүнтэй зүйрлэсэн гэдгийг тайлбарла.
Нэг суралцагчийг Иаков 1:25-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, өөрсдийн сонссон үнэний дагуу үйлддэг хүмүүст юу тохиолддогийг олж мэдэхийг хүс.
-
Зөвхөн сонсоод зогсохгүй хэрэгжүүлдэг хүмүүст юу тохиолддог вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Хэрэв бид Бурханы үгийг сонсоод, хэрэгжүүлбэл Тэрээр бидний сайн үйлсийг адислах болно гэсэн зарчмыг самбар дээр бич.)
Суралцагчдыг дараах асуултуудын талаар тунгаан бодож, Бурханы үгийг хэр сонсож, хэрэгжүүлдгээ дүгнэж цэгнэхэд урь. Та эдгээр асуултыг уншиж өгч эсвэл самбар дээр бичиж болно.
-
Би судраас болон гэр орон, сүм, семинар дээр сурдаг үнэнүүддээ бүрэн итгэдэг үү?
-
Би мэдсэн үнэнийхээ дагуу хэрэгжүүлэх сүнслэг зорилгуудыг хэр их тавьдаг вэ? Тэдгээр зорилгодоо хэр зэрэг хүрдэг вэ? Тэдгээрийг би хэр их мартдаг вэ?
-
Би зүгээр нэг сонсогч биш, үгийг хэрэгжүүлэгч байхын тулд юуг илүү сайн хийж болох вэ?
Мэдсэн зүйлээ хэрэгжүүлснээр ирэх адислалын тухай гэрчил.
Нэг суралцагчаас Иаков 1:26–27-г чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Иаков биднийг шашныхаа дагуу хэрхэн амьдрахыг зөвлөснийг олж мэдэхийг хүс.
-
Иаковын бичсэнээр, шашныхаа дагуу амьдарч, Бурханд итгэл бишрэлээ харуулж болох ямар ямар арга зам байдаг вэ?
Иаков 27-р шүлэгт “зовж зүдрэх цагт нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг эргэж тойро[х]” гэдгийг бусдыг асран халамжлахын нэг жишээ болгосон ба “өөрийгөө хамгаалан дэлхийгээс бохирдохгүй байх” гэдэг нь ёс бус явдал тархсан дэлхийд сүнсний хувьд цэвэр ариун байхыг хэлж байгаа гэдгийг тайлбарла.
-
Бид Иаков 1:27-оос ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид бусдад анхаарал халамж тавьж, өөрсдийгөө сүнслэг байдлын хувьд цэвэр ариун байлгаснаар ариун шашны үлгэр жишээг үзүүлдэг гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ үнэнийг самбар дээр бич.)
-
Бусдыг асран халамжилж, өөрсдийгөө сүнслэгээр цэвэр байлгах нь ямар ямар арга замаар Бурханыг шүтэн биширдгийг маань харуулах чухал илэрхийлэл болох вэ?
-
Та энэхүү “цэвэр ариун сүсэглэл”-ийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлдэг, үлгэр жишээ хэн нэгнийг мэдэх үү? Энэ хүний ямар үйлдэл нь танд бахархмаар санагддаг вэ?
Ирэх долоо хоногт тусламж хэрэгтэй хэн нэгэнд туслах эсвэл “дэлхийгээс бохирдохгүй” байхын тулд хийх нэг юм уу хоёр зүйл бичиж тэмдэглэхийг суралцагчдаас хүс. Амьдралдаа энэ зарчмыг хэрэгжүүлснээр Бурханы үгийг хэрэгжүүлэгчид болохыг тэдэнд уриал.
Дараагийн бүлэг (Иаков 2–1 Петр 5)
Суралцагчид Иаков 2–1 Петр 5-ыг судалж байхдаа дараах асуултуудын хариултыг олж мэдэх болно гэдгийг тайлбарла. Тухайлбал: Ах, эгч дүүс нь “өмсөх хувцасгүй, өдөр тутмын хоолоор дутагдаж” байхад гэгээнтнүүдийг юу хий гэж Иаков зөвлөсөн бэ? (Иаков 2:15). Бид тусламж хэрэгтэй хүнд туслах юу ч хийхгүй бол яах вэ? Иаков яагаад “үйлсгүй итгэл ч бас үхмэл” гэж хэлсэн бэ? (Иаков 2:26). Иаков биеийн аль эрхтэнийг “гал[тай]” зүйрлэж, “бүх биеийг бузарладаг” гэж хэлсэн бэ? (Иаков 3:6). “Хуурамч замаас нь нүгэлтнийг эргүүлж авчирсан” хүнийг ямар ямар адислал хүлээж байдаг вэ? (Иаков 5:20). Петр нас барагсдад сайн мэдээг тунхаглах шалтгааныг юу гэж тайлбарласан бэ? Суралцагчдыг дараагийн багц судрыг судалж байхдаа эдгээр асуултын хариултыг олж мэдэхэд урь.