Номын сан
Гэгээн Иоханы цэдэглэсэн сайн мэдээний оршил


Гэгээн Иоханы цэдэглэсэн сайн мэдээний оршил

Энэ номыг яагаад судлах хэрэгтэй вэ?

Христэд итгэгчдийг хавчих явдал ихсэж, урвалт болон Есүс Христийн мөн чанарын талаар эргэлзэн, маргалдах нь нэмэгдэж байсан үед төлөөлөгч Иохан Аврагчийн тухай энэхүү гэрчлэлийг цэдэглэсэн юм. Иоханы сайн мэдээг судлах нь Тэнгэрлэг Эцэгийг Өөрийнх нь Хүү Есүс Христээр дамжуулан илүү сайн мэдэхэд суралцагчдад туслах болно. Иоханы цэдэглэсэн зүйлсэд Есүс Христийн сургаалын дагуу амьдрах хүмүүс агуу их адислал хийгээд мөнх амьдралыг хүлээн авах болно гэж заадаг.

Хэн энэ номыг бичсэн бэ?

Төлөөлөгч Иохан энэ номыг бичсэн. Энэ номын туршид тэр өөрийгөө “Есүсийн хайрласан шавь” гэсэн байдаг (Иохан 13:23; 19:26; 20:2; 21:7, 20-ийг үзнэ үү).

Иохан, түүний дүү Иаков хоёр загасчид байсан (Матай 4:21-ийг үзнэ үү). Иохан Есүс Христийн шавь ба төлөөлөгч болохын өмнө Иохан Баптистын дагалдагч байсан бололтой (Иохан 1:35–40; Судруудын удирдамж, “Иохан, Зебедийн Хүү,” scriptures.lds.org-ыг үзнэ үү).

Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?

Иохан яг хэзээ энэ номыг бичсэн гэдгийг бид тодорхой мэдэхгүй. Бичсэн хэмээн таамаглаж байгаа үе нь МЭ 60-аас МЭ 100 оны хооронд багтдаг. Эртний Христийн шашинтан болох МЭ 2-р зууны бичээчид Иохан нь уг судрыг Бага Азийн Эфес (орчин үеийн Турк улс) хотод бичсэн хэмээн үзсэн байдаг.

Энэ номыг хэнд зориулан, яагаад бичсэн бэ?

Иоханы бичсэн зүйлс бүгдэд зориулагдсан байдаг боловч хүргэж буй мэдээ нь илүү тодорхой хүрээний уншигчдад чиглэсэн байдаг. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки “Иоханы сайн мэдээ нь гэгээнтнүүдэд зориулсан түүх бөгөөд юуны түрүүнд Сүмд зориулж цэдэглэсэн сайн мэдээ юм” гэж бичжээ (Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973], 1:65). Иохан уг судрыг бичих болсон шалтгаанаа “Есүс бол Христ, Бурханы Хүү мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд бичсэн бөгөөд ингэснээр итгэлээр дамжуулан та нар Түүний нэрээр амьтай болох юм” (Иохан 20:31) гэдэгт бусдыг ятгах зорилготой гэж мэдэгдсэн. “[Иоханы] дүрсэлсэн Есүсийн амьдралын зураглал нягт нямбай сонгогдон, дээрх зорилгыг харуулахад чиглэгдсэн байна” (Судруудын удирдамж, “Иоханы сайн мэдээ” ).

Энэ ном ямар ямар онцлог талтай вэ?

Иоханы сайн мэдээний материалын 92 орчим хувь нь бусад сайн мэдээний түүхэнд байдаггүй. Яагаад гэвэл Иоханы хандаж буй уншигчид Есүс Христийн талаар тодорхой ойлголт авчихсан Сүмийн гишүүд учраас Матай, Марк, Лук нарын хандсан уншигчдаас тэс ялгаатай байж болох юм. Иоханы цэдэглэсэн долоон гайхамшгийн тав нь бусад сайн мэдээнд гардаггүй. Матай, Марк, Лук гурав ихэвчлэн Есүсийн Галилд хийсэн тохинууллын талаар их хэмжээний мэдээлэл өгсөн байхад Иохан Иудейд болсон олон үйл явдлыг цэдэглэсэн байна. Иоханы сайн мэдээ сургаалын хувьд баялаг агуулгатай бөгөөд зарим чухал сэдэв нь Бурханы Хүү болох Есүсийн тэнгэрлэг байдал, Христийн Цагаатгал, мөнх амьдрал, Ариун Сүнс, дахин төрөх хэрэгцээ, бусдыг хайрлахын ач тус, Аврагчид итгэхийн амин чухал ач холбогдол зэрэг сэдвүүд болно.

Иохан Есүс Христийн тэнгэрлэг байдлыг Бурханы Хүү хэмээн онцлон харуулсан. Иохан нь Есүсийн Бурхан Эцэгийнхээ тухай сургасан мянга гаруй тохиолдлыг цэдэглэсэн байдаг бөгөөд зөвхөн Иохан 14-р бүлэгт гэхэд хорь гаруй удаа дурдсан байна. Иоханы оруулсан бас нэгэн том хувь нэмэр бол Түүнийг баривчлахын өмнөхөн Аврагчийн шавь нартаа заасан сургаалууд, тухайлбал, Гетсемани цэцэрлэгт хийсэн өмгөөллийн залбирлыг оруулсан явдал юм. Иоханы цэдэглэсэн түүхийн энэ хэсэг нь (Иохан 13–17) Иоханы номын нийт хуудасны 18 хувийг эзэлдэг бөгөөд Аврагчийн сургаалыг болон Тэр шавь нараасаа юу хүсэн хүлээдгийг илүү сайн ойлгоход бидэнд тусалдаг.

Тойм

Иохан 1 Иохан Есүс Христийн мөнх бус байдлын өмнөх тэнгэрлэг байдал болон хүн бүрд авралыг санал болгодог үйлчлэлийн талаар гэрчилдэг. Иохан Есүсийн баптисм болон зарим шавиа дуудсан тухай цэдэглэсэн.

Иохан 2–4 Есүс Христ усыг дарс болгон хувиргав. Тэр Никодемд сүнсээр дахин төрөх тухай заасан бөгөөд худгийн дэргэдэх эмэгтэйд өөрийгөө Христ гэдгийг гэрчилсэн. Тэр түшмэлийн хүүг эдгээв.

Иохан 5–7 Аврагч Бетзеда цөөрмийн дэргэд хазгар хүнийг эдгээсэн бөгөөд Өөрийнхөө тэнгэрлэг хүчин чадал, эрх мэдлийг тунхагласан. Тэр таван мянган хүнийг Амийн Талх хэмээх үгээ хэлэхийн өмнө бэлтгэл болгон хооллосон ба өөрийгөө Мессиа гэдгийг тунхагласан мөн Майхан баярын үеэр гагцхүү Өөрийг нь хүлээн авсан хүмүүс мөнх амьдралыг хүлээн авах болно гэдгийг мэдэгдсэн.

Иохан 8–10 Садар самуун үйлдэж баригдсан эмэгтэйн түүхээр Есүс өрөвч сэтгэл, наманчлалын тухай заасан. Тэр өөрийгөө Иехова буюу агуу Би мөн гэдгийг тунхаглав. Тэр төрөлхийн сохор хүнийг эдгээсэн бөгөөд Өөрийгөө хоньдынхоо төлөө амиа өгдөг Сайн Хоньчин гэж тайлбарласан.

Иохан 11–13 Есүс Христ Лазарыг үхлээс босгосон бөгөөд үхлийг дийлэх хүч чадлаа харуулав. Тэр Иерусалимд ялгуусан байдалтай оров. Сүүлчийн зоогийн үеэр Есүс шавь нарынхаа хөлийг угаан, тэдэнд бие биенээ хайрлахыг заасан.

Иохан 14–16 Есүс шавь нартаа хайр, дуулгавартай байдал хоёр хоорондоо ямар холбоотойг зааварчилсан. Тэр Тайтгаруулагч (Ариун Сүнс)-ийг илгээж, шавь нартаа Өөрийн биеэр тохинуулах болно хэмээн амлав. Тэр Өөрийгөө жинхэнэ усан үзэмний мод, мөн дэлхийг ялсан гэдгээ тунхаглажээ.

Иохан 17–19 Есүс өмгөөллийн залбирлыг шавь нарынхаа төлөө болон тэдний номлолд итгэх хүмүүсийн төлөө үйлдсэн. Түүнээс урваж, Түүнийг баривчлан хүлээд, буруутган, ял тулгасан байна. Тэр загалмай дээр тарчлан зовж үхсэн бөгөөд Түүнийг оршуулав.

Иохан 20–21 Амилсан Есүс Христ Магдалын Мариад Цэцэрлэгт булшны дэргэд үзэгдсэн бөгөөд Тэр Иерусалим дахь зарим шавьдаа бас үзэгдсэн. Тэр Галилын Тэнгисийн эрэгт шавь нарынхаа долоод нь үзэгдсэн бөгөөд бусдад тохинуулах ажилд шавь нараа удирдуулахаар Петрийг удирдагчаар томилов.