Номын сан
158-р хичээл: Илчлэлт 17–19


158-р хичээл

Илчлэлт 17–19

Оршил

Иохан сүнслэг Вавилон буюу ёс бус ертөнц Бурханы Хурганы эсрэг дайтаж, Хурга хилэнцийг ялан дийлэхийг харсан. Гэгээнтнүүдийг сүнслэг Вавилоноос гарч ирэхийг дууддаг бөгөөд цэвэр, зөв шударга хүмүүс Хурганы хуримын зоогонд уригдах болно. Есүс Христ Өөрийнх нь эсрэг тэмцэх хүмүүсийг устгахаар агуу хүчтэй ирж байгааг Иохан харсан.

Заах зөвлөмж

Илчлэлт 17–18

Иохан сүнслэг Вавилоны сүйрлийг урьдчилан харав

Далын ахлагч Линн Ж.Роббинсын хэлсэн дараах үгийг самбарт бичээд, нэг суралцагчийг чанга уншихад урь. (Энэ тодорхойлолт нь “Avoid it” дотор бий [Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт, 2013 оны 9-р сарын 17], 1, speeches.byu.edu).

“Уруу таталтыг эсэргүүцэхээс илүү уруу таталтаас зайлсхийх нь амархан байдаг” (ахлагч Линн Ж.Роббинс).

  • Та яагаад уруу таталтыг эсэргүүцэхээс илүү зайлсхийх нь амархан гэж бодож байна вэ?

  • Хэрвээ бид өөрсдийгөө уруу таталтыг эсэргүүцэх нөхцөл байдалд байнга оруулаад байвал юу болж болох вэ?

Суралцагчдыг Илчлэлт 17–18-ыг судалж байхдаа дэлхийн ийм их уруу таталт, нүглээс хэрхэн зайлсхийхийг мэдэхэд туслах үнэнийг олж мэдэхэд урь.

Иохан үзэгдэлдээ хожмын өдрүүдэд ёс бусчууд дээр гамшиг буулгаж буй долоон тэнгэр элчийг харсан гэдгийг суралцагчдад сануул (Илчлэлт 16-г үзнэ үү). Нэг суралцагчийг Илчлэлт 17:1-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, долоон тэнгэр элчийн нэг нь Иоханд юу харуулъя гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Тэнгэр элч Иоханд юуг харуулъя гэж хэлсэн бэ?

Суралцагчдыг Илчлэлт 17:15-ыг дотроо уншаад, ус юуг төлөөлж байсныг олж мэдэхэд урь.

  • 15-р шүлэгт цэдэглэснээр, тэр эмэгтэйн суух ус нь юуг төлөөлдөг вэ? (Тэр эмэгтэйн хүч чадлыг болон нөлөөлж чаддаг ард түмэн, үндэстнүүдийг [1 Нифай 14:11-ийг үзнэ үү].)

Цөөн суралцагчийг Илчлэлт 17:2–6-г ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, тэр эмэгтэйг болон түүний дэлхий дээрх нөлөөллийг тодорхойлсон үг, хэллэгийг олж мэдэхийг хүс.

  • Тэр эмэгтэйг тодорхойлсон ямар ямар үг, хэллэг байна вэ?

  • 2-р шүлэгт цэдэглэснээр, тэр эмэгтэйн дэлхийн эрх баригчид, ард түмэнд үзүүлэх нөлөөллийг хэрхэн тодорхойлсон бэ?

  • Та нар 6-р шүлэг дээр тэр эмэгтэй гэгээнтнүүдийн болон алагдагсдын цусанд согтож байгаа нь юуг төлөөлдөг гэж бодож байна вэ? (Эрин зууны турш олон зөв шударга хүн ёс бусчуудад алагдсан бөгөөд зөв шударга хүмүүсийг алах нь аллага үйлдсэн хүмүүст согтууруулах нөлөө үзүүлдэг байсан гэж судрын хэлэнд үздэг байна.)

3-р шүлэгт дүрсэлсэн араатан нь Иоханы өдрүүд дэх Ромыг, түүнчлэн ялзарсан хаант улс, үндэстнүүдийг төлөөлж байж болохыг тайлбарла (Илчлэлт 17:8–13-ыг үзнэ үү).

Суралцагчдаас 1–6-р шүлэг дээр тодорхойлсон эмэгтэйгээр хэнийг эсвэл юуг төлөөлсөн байж болохыг бодож үзэхийг хүс. Суралцагчдыг Илчлэлт 17:18-ыг дотроо уншаад, тэр эмэгтэй юуг төлөөлж байсныг олж мэдэхийг хүс.

  • 18-р шүлэгт цэдэглэснээр, уг эмэгтэй юуг төлөөлдөг вэ?

“Агуу хот” (18-р шүлэг) нь сүнслэг Вавилоныг хэлдэг гэдгийг тайлбарла (С ба Г 133:14-ийг үзнэ үү). Эртний Вавилоны дэлхийн шинж чанар, ялзралаас болж мөн энэ нь Израилийн хүүхдүүдийг боолчилж байсан газар учраас сударт Вавилоныг нүгэл, дэлхийн шинж чанар, дэлхий дээрх чөтгөрийн нөлөөлөл, сүнслэг боолчлол зэргийг төлөөлөхөд ашигладаг (1 Нифай 13:1–9; 14:9–10-ыг мөн үзнэ үү).

Самбар дээр Эмэгтэй = Вавилон буюу дэлхийн ёс бус зүйлс гэж бич.

Суралцагчдыг Илчлэлт 17:14-ийг дотроо уншаад, Вавилон хэний эсрэг тулалдахыг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Энэ дайны үр дүн нь юу байх вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Хожмын өдрүүдэд Есүс Христ дэлхийн ёс бусыг ялах болно гэсэн үнэнийг самбар дээр бич.)

  • Энэхүү үнэнийг мэдэх нь Есүс Христийн дагалдагчийн хувьд танд хэрхэн тусалж болох вэ?

Өөр нэгэн тэнгэр элч ёс бус Вавилоны уналтыг зарласан гэдгийг тайлбарлан, Илчлэлт 18:1–3-ыг нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчийг Илчлэлт 18:4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Их Эзэн Өөрийн хүмүүст юу хийхийг зааварласныг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн Өөрийн хүмүүст юу хийхийг зааварласан бэ?

  • Их Эзэн Вавилоноос гарах ямар ямар шалтгааныг Өөрийн хүмүүст өгсөн бэ? (Дэлхийн нүгэл болон ёсон бусчуудад ирэх гамшиг, шүүлтээс зайлсхийхийн тулд)

  • Их Эзэний Өөрийн хүмүүст өгсөн дэлхийн ёс бусчуудаас өөрсдийгөө салгах зааварчилгаанаас бид ямар үнэнийг олж тогтоож болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч тэднийг Дэлхийн ёс бус зүйлсээс өөрсдийгөө салангид байлгах нь хожмын өдрүүдэд ёс бусчуудад ирэх нүгэл, шүүлтээс зайлсхийхэд бидэнд тусална гэсэнтэй адил үнэнийг олж тогтоосон эсэхэд анхаар. Та суралцагчдад энэ үнэнийг зааж буй 4-р шүлэг дээрх үгсийг тэмдэглэхийг санал болгож болно.)

Суралцагчдыг хоёроос дөрвөн бүлэг болгон хуваарил. Дараах асуултуудыг бүлэг бүрд тараах материал болгон өгөөд, суралцагчдад асуултуудыг бүлэгтэйгээ ярилцахыг зааварла.

Зураг
тараах материал, Сүнслэг Вавилоноос өөрсдийгөө тусгаарлах

Сүнслэг Вавилоноос өөрсдийгөө тусгаарлах

Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—158-р хичээл

  • Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ биднийг дэлхийн ёс бус зүйлсээс өөрсдийгөө тусгаарлахад хэрхэн тусалдаг вэ?

  • Бид өөрсдийнхөө жишгийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүстэй хамт амьдарч, тэднийг хайрлаж, харилцаатай хэвээр байхдаа дэлхийн ёс бусаас өөрсдийгөө тусгаарлахын тулд юу хийж болох вэ?

  • Зөв шударга бус нөлөө, үйл ажиллагаанаас өөрсдийгөө тусгаарлах нь танд болон таны мэдэх бусдад дэлхийн зарим нүгэл, уруу таталтаас зайлсхийхэд хэрхэн тусалсан бэ?

Хангалттай цаг гаргаж өгсний дараа цөөн суралцагчийг бүлэг дотроо ярилцсан зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад урь. Суралцагчдаас нэг цаасан дээр (1) өөрсдийгөө тусгаарлах хэрэгтэй байгаа шударга бус нөлөөлөл эсвэл үйл ажиллагааг мөн (2) үүнийг хэрхэн хийх гэж байгаагаа бичихийг хүс. Тэднийг цаасаа үргэлж харж байж болох газар хадгалахад уриад, бичсэн зүйлийнхээ дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.

Иохан Вавилоны уналтыг болон түүнийг дэмжигчдийн уй гашууг харсан гэдгийг тайлбарлан, Илчлэлт 18:5–24-ийг нэгтгэн дүгнэ.

Илчлэлт 19

Есүс Христ Өөрийнх нь эсрэг тэмцэгчдийг устгахаар агуу хүчтэй ирж байгааг Иохан харав

Суралцагчдад сүйт бүсгүй, сүйт залуу хоёрын зургийг үзүүл. Суралцагчдаас ирээдүйн хань ижилдээ өгөх хамгийн сайн бэлэг юу байх болно гэж боддогийг нь асуу. Суралцагчдыг хариулсны дараа Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг унш.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Хуримынхаа өдөр мөнхийн ханьдаа барих хамгийн сайхан бэлэг бол бие махбод, зүрх сэтгэлийн цэвэр ариун байдал буюу мөнхийн ханиасаа үүнийг хүсэн хүлээхүйц зохистой байх явдал тань юм” (“Personal Purity,” Ensign, 1998 оны 11-р сар, 77).

  • Та нар яагаад хуримын өдөр хань ижилдээ барих хамгийн сайн бэлэг нь цэвэр, ариун байх явдал гэж бодож байна вэ?

Илчлэлт 19 нь Аврагчийн Хоёр дахь ирэлтийг дүрслэхдээ гэрлэлтийг ашигласан гэдгийг тайлбарла. Иохан зөв шударга хүмүүс ёс бусчуудад Бурханы шүүлт ирэхийн төлөө Бурханыг магтан дуулсныг харсан гэдгийг тайлбарлан, Илчлэлт 19:1–6-г нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчийг Илчлэлт 19:7-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, тэнгэр элч Иоханд хэний хуримыг зарласныг олж мэдэхийг хүс.

  • Тэнгэр элч Иоханд хэний хуримыг зарласан бэ?

  • Иохан Хурганы эхнэрийн талаар юу ойлгож авсан бэ?

“Хурганы хурим” (Илчлэлт 19:7) гэдэг нь Аврагчийн Хоёр дахь ирэлтийг хэлж байгааг тайлбарла. Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хэлсэн дараах үгийг уншихад урь. Ангийнхнаас Хурганы сүйт бүсгүй нь хэн болохыг олж сонсохыг хүс.

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Энэ эрин үед Бурханы Хурга болох Хүргэн нь түүнийг эргэж ирэхийг харуулдан хүлээсэн итгэлтэй гэгээнтнүүдээс бүрдсэн сүм болох өөрийн сүйт бүсгүйг авахаар ирэх болно” (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 469).

  • Гэр бүлийн харилцаа нь ямар арга замаар Есүс Христтэй хийсэн бидний гэрээний харилцаатай холбоотой бэлгэ тэмдэг болдог вэ? (Та гэр бүлийн харилцаа нь итгэлтэй байдал, золиослол, хайр, амлалт, итгэл найдварыг шаарддаг гэдгийг тайлбарлаж болно.)

Нэг суралцагчийг Илчлэлт 19:8–9-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, гэгээнтнүүд Аврагчийн Хоёр дахь ирэлтэд өөрсдийгөө бэлэн байлгахын тулд юу хийж болохыг олж мэдэхийг хүс. (Та нарийн маалинга нь ариун гэгээн, цэвэр нямбай, зөв шударга байдлыг бэлгэддэг гэдгийг тайлбарлаж болно.)

  • Бид Хурганы эхнэрийн хувцсыг бэлгэдэл болгосноор Их Эзэний Хоёр дахь ирэлтэд өөрсдийгөө бэлтгэхийн тулд юу хийх ёстой вэ? (Суралцагчдыг хариулсны дараа самбар дээр Хэрэв бид цэвэр, зөв шударга байвал Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлэн байх болно гэсэн зарчмыг бич.)

8-р шүлэгт буй хувцаслах болжээ гэдэг үг нь өгсөн эсвэл бэлэглэсэн гэсэн үг болохыг тайлбарла. Нүглээсээ ангижирч, зөв шударга болох нь Бурханаас өгсөн бэлэг юм.

  • Бурхан биднийг нүглээсээ ангижирч, зөв шударга болох арга замаар хангахын тулд юу хийсэн бэ?

  • Та яагаад цэвэр, зөв шударга байх нь Аврагчийг дахин ирэхэд Түүнд өгөх хамгийн сайн бэлгийн нэг гэж бодож байна вэ?

Суралцагчдаас Илчлэлт 19:10-ыг дотроо уншаад, Иохан тэнгэр элчийн тунхагласныг сонссоны дараа ямар хариу үйлдсэнийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Тэнгэр элч Иоханд өөрт нь (тэнгэр элчид) болон Бурханы бусад үйлчлэгчид юу байдаг гэж тунхагласан бэ? (Есүсийн гэрчлэл бол эш үзүүлэгчийн сүнс мөн.)

“Эш үзүүлэгчийн сүнс” (10-р шүлэг) гэдэг нь хэн нэгэнд Бурханы үгийг хүлээн авч, ярихыг зөвшөөрдөг, Түүнээс өгсөн илчлэлт, сүнслэг нөлөөллийн бэлгийг хэлдэг болохыг тайлбарла (Судруудын удирдамж, “Бошиглол, бошиглох,”scriptures.lds.org-ийг үзнэ үү).

  • Есүсийн тухай гэрчлэлтэй хүн Хоёр дахь ирэлтэд хэрхэн бэлтгэх вэ?

Цөөн суралцагчийг Илчлэлт 19:11–16-г Иосеф Смитийн орчуулсан Илчлэлт 19:15-ыг оролцуулан ээлжлэн чанга уншихад урь (Илчлэлт 19:15, зүүлт тайлбар а). Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагчийг Хоёр дахь ирэлтэд дүрсэлсэн үг, хэллэгүүдийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

11-р шүлэгт дурдсан цагаан морь нь эзэгнэл, ялалтын бэлгэ тэмдэг байсан гэдгийг тайлбарла. Аврагч нүгэл хилэнц, ёс бусыг устгахаар ирэх болно.

  • 13-р шүлэгт цэдэглэснээр, Аврагчийн хувцсыг хэрхэн дүрсэлсэн бэ? (“Цусанд дүрэгдсэн дээл” гэдэг хэллэг нь Түүний хувцас цусан улаан өнгөтэй байх болно гэсэн утгатайг тайлбарла. Энэ өнгө нь Түүний ирэлтээр [С ба Г 133:46–51-ийг үзнэ үү] ёс бусчууд устгагдахыг бэлгэддэг ба Цагаатгал хийх үедээ амссан зовлон зүдгүүрийг нь бидэнд сануулдаг.)

Иосеф Смитийн орчуулсан Илчлэлт 19:15 дээр Иохан Аврагчийг хаадын Хаан, эздийн Эзэн байхаар ирээд, Бурханы үгээр үндэстнүүдийг захирах болно гэдгийг харсан болохыг онцолж хэл. Иохан Бурханы Хурганы эсрэг тулалдах тэдний устгалыг (Иосеф Смитийн орчуулсан Илчлэлт 19:18 дээр харсан гэдгийг тайлбарлан, Илчлэлт 19:17–21-ийг нэгтгэн дүгнэ [Илчлэлт 19:18, зүүлт тайлбар а]).

Суралцагчдаас өөрсдийгөө Есүс Христийг ирэхэд бэлтгэхийн тулд юу хийж болох тухай тунгаан бодохыг хүсэн, хичээлээ дуусга. Тэднийг хүлээн авсан сүнслэг өдөөлт бүрийнхээ дагуу үйлдэхэд урамшуул.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Илчлэлт 17:5. “Агуу их Вавилон”

Иоханы Вавилоны тухай үзэгдэл нь Нифайн агуу хийгээд жигшүүрт сүм буюу чөтгөрийн сүмийн үзэгдэлтэй олон талаараа эн зэрэгцдэг (1 Нифай 13–14-ийг үзнэ үү). Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки:

“Агуу их Вавилон нь чөтгөрийн сүм; энэ нь хүнийг авралаас холдуулаад, мөнхийн дэлхийд доогуур алдар суутай хаант улс руу удирддаг, гүн ухааныг дэмждэг эсвэл шалтгааныг урамшуулдаг шашин, иргэн, улс төр, ах дүүгийн эсвэл өөр аль нь ч байсан хамаагүй бүх хилэнц, хүсэл тачаалын дэлхий; бүх зүйл, төрөл, хэлбэрийн байгууллага юм” гэж заасан (Doctrinal New Testament Commentary, 3 боть. [1966–1973], 3:558).

Илчлэлт 18:4. “Тэр эмийн нүглүүдэд нь хамтрагч болохгүйн тулд … [Вавилоноос] гарагтун”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт Сүмийн гишүүд дэлхий дээрх хилэнцэт зүйлүүдэд бохирдохгүйгээр амьдарч чадахын тулд юу хийж болохыг заасан.

“Дэлхийн ихэнх нь цэвэр ариун, зөв шударга, үнэнч байдал, уламжлалт гэрлэлт, гэр бүлийн амьдралаас татгалзсанаар бузар муугийн өсөн нэмэгдэж буй гол мөрөнд соруулж байна. …

Халаас дүүрэн муу зүйлсийг үл харгалзвал ерөнхийдөө дэлхий нь олон сайн, үнэнч шударга хүмүүсээр дүүрсэн, гайхамшигтай байдаг. Энэ дэлхий даяар тархсан уруу татах дарамт шахалтад авталгүй амьдрах арга замаар Бурхан хангасан юм. Та Тэнгэр дэх Эцэгийнхээ бүтээсэн Түүний аз жаргалын төлөвлөгөө буюу хамгаалалтын төлөвлөгөөг дагаснаар ариун журамтай, бүтээлч, зөв шударга амьдарч чадна” (“How to Live Well amid Increasing Evil,” Ensign эсвэл Liahona, 2004 оны 5-р сар, 100).

Илчлэлт 18:4. “Түүний гамшгийг хүлээж авахгүйн тулд”

Зөв шударга хүмүүс ёс бусчууд дээр ирэх шүүлттэй холбогдох аливаа сорилт, зовлонгоос хэлтрүүлэгдэхгүй гэж бошиглогч Иосеф Смит заасан.

“Гэгээнтнүүд бүх шүүлтээс мултрах болно, харин ёс бус хүмүүс зовох болно гэсэн санаа хуурмаг юм. Учир нь бүх махан бие зовлонгийн эрхшээлд байдаг ба зөв шударга хүмүүст ч зайлахад хэцүү байх болно … Гэвч зөв шударга хүмүүсээс олон нь махан биеийн сул доройн улмаас өвчин, тахлын хохирогч болох хэдий ч Бурханы хаант улсад аврагдах болно” (History of the Church, 4:11).

Илчлэлт 19:9. “Хурганы хуримын зоог”

“Хурганы хуримын зоог” (Илчлэлт 19:9) нь Есүс Христийн Хоёр дахь ирэлттэй холбоотой бэлгэдэл юм. Бошиглогч Иосеф Смит:

“Их Эзэний зарлигуудыг сахиж, төгсгөл хүртэл дүрмүүдээр нь амьдарсан хүмүүс л гагцхүү сүр жавхлант хуриманд суудалтай байна. …

Ах, [эгч] нар аа, та нар итгэлтэй байснаар … хуримын баярт суудалтай байхаар өөрсдийгөө зохистой гэж үздэг үү хэмээн асууж, хоромхон зуур тунгаан бодоод үз дээ” гэж заасан (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 187–188).

Илчлэлт 19:13. “Цусанд дүрэгдсэн дээл өмсжээ”

Хоёр дахь ирэлт дэх Аврагчийн улаан дээлний талаар Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл дараах зүйлийг заасан.

“Нүх сүв бүрээсээ цус алдсаны учир Гетсеманид Түүний өмсгөл хэр их улаан, нөмрөг нь хэчнээн тод хүрэн улаан байсан гэж санана!

Христ хүч чадал, алдар суутай ирэх үедээ зөвхөн уур хилэнг шахагч шахуургыг илэрхийлээд зогсохгүй Калвари дээр мөн Гетсеманид хүн нэг бүрийн төлөө хэрхэн зовж тарчилсныг бидний ой тойнд суулгахаар улаан дээлтэй ирэх болно гэдэгт гайхах зүйлгүй (С ба Г 133:48-ыг үзнэ үү). (“Overcome … Even As I Also Overcame,” Ensign, 1987 оны 5-р сар, 72).