Номын сан
Иоханы хоёр дахь захидлын оршил


Иоханы хоёр дахь захидлын оршил

Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?

Иохан хоёр дахь захидалдаа Сүм доторх урвагч нөлөөллийн талаар санаа зовж байгаагаа илэрхийлсэн. Үүний зэрэгцээ тэрээр сайн мэдээнд хүчтэй, үнэнч үлдсэн Сүмийн гишүүдийн төлөө баясаж буйгаа бас илэрхийлсэн (2 Иохан 1:4). Тэр үгс Их Эзэнд итгэлтэй үлдсэн хүмүүсийн төлөө Сүмийн удирдагчдын мэдэрсэн баяр баясал, талархлыг харуулдаг. Суралцагчид 2 Иоханыг судалж байхдаа нэг нэгнээ хайрлах, Бурханы зарлигуудад дуулгавартай байх, Христийн сургаалд итгэлтэй үлдэх зэрэг Иоханы сануулгаар хүчирхэгжиж болно.

Хэн энэ номыг бичсэн бэ?

Зохиолч нь өөрийгөө “ахлагч” (2 Иохан 1:1) гэж тодорхойлсон бөгөөд домог яриагаар бол анхны Арванхоёр төлөөлөгчийн нэг Иохан энэ захидлыг бичсэн гэж үздэг (Библийн тайлбар толь, “Иоханы захидлууд”-ыг үзнэ үү).

Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?

2 Иоханыг яг хэзээ, хаана бичсэн нь тодорхойгүй.

Иохан Ефест удаан хугацаагаар амьдарч байсан тухай домог яриа үнэн бол тэр энэ захидлыг тэндээс МЭ 70—100 оны хооронд бичсэн байж болох юм.

Энэ номыг хэнд зориулан, юуны учир бичсэн бэ?

Иоханы хоёр дахь захидал нь “сонгогдсон эзэгтэй болон түүний хүүхдүүдэд” хандан бичигдсэн (2 Иохан 1:1). Иохан өөрийн гэр бүлд эсвэл өөр тодорхой бүлэг хүнд хандан хэлсэн эсвэл зүйрлэсэн утгаар Сүмд бүхэлд нь хандан ярьсан эсэх нь тодорхойгүй.

2 ба 3 Иохан нь Иоханы ойрын гэр бүлийнхээ гишүүдэд бичсэн хувийн захидал байж магадгүй гэж Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брус Р.Макконки бичсэн байдаг (Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973], 3:409–410, 412–414-ийг үзнэ үү).

Өөр нэгэн таамаглалаар, “сонгогдсон эзэгтэй” гэдэг нь Христийн цуглааныг хэлж байж мэднэ (2 Иохан 1:13-ыг үзнэ үү). Сүм гэдэг грек үг нь эм үг бөгөөд иймд Сүмийг эмэгтэй хүнээр төлөөлөн ярих нь элбэг байсан (Ефес 5:25–27, 32; Иосеф Смитийн Орчуулга, Илчлэлт 12:1–3, 7 [Библийн хавсралтад]; Илчлэлт 19:7–8-ыг үзнэ үү).

1 Иоханы адилаар Есүс Христ дэлхий дээр махан биеэр жинхэнээсээ ирээгүй гэдэг хуурамч сургаалын хариу болгон Иохан энэ захидлыг бичсэн. Тэрээр Христэд бие махбод байдаггүй гэж заадаг гишүүдийг гэртээ эсвэл цуглаандаа хүлээн авах ёсгүй гэж тайлбарлажээ (2 Иохан 1:7–10-ыг үзнэ үү).

Энэ ном ямар ямар онцлог талтай вэ?

Иохан энэ захидалдаа Сүмд орж ирсэн хуурамч багш нарын талаар сэрэмжлүүлдэг. Тэрээр Сүмийн гишүүдийг энэ хүмүүст анхаарал тавихгүй, нөхөрлөхгүй байхыг зөвлөсөн.

Тойм

2 Иохан 1 дээр Иохан бие биенээ хайрлах тухай зарлигийг Сүмд сануулдаг. Тэрээр Сүм доторх хуурамч багш нар, хууран мэхлэгчдийн талаар сэрэмжлүүлж, Сүмийн гишүүдэд тэр хүмүүсийг цуглаандаа үлдээж болохгүй гэж зөвлөжээ.