Номын сан
Иаковын нийтлэг захидлын оршил


Иаковын нийтлэг захидлын оршил

Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд Иаковын захидлыг залуу Иосеф Смитийг Бурханаас үнэнийг асуухад хөтөлсөн Иаков 1:5 дээрх чухал эшлэлээр нь сайн мэддэг. Захидлынхаа турш Иаков биднийг “зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун” хэмээн онцолсон байдаг (Иаков 1:22). Энэ номыг судлах нь суралцагчид өөрсдийн итгэлийг “үйлсээрээ” буюу үйлдлээрээ үзүүлэхийн ач холбогдлыг ойлгоход туслах бөгөөд (Иаков 2:14–26-г үзнэ үү) “Эзэний Өөрийг нь хайрлагсдад амласан амийн титмийг” хүлээн авахад сүнслэгээр нөлөөлөх болно (Иаков 1:12).

Хэн энэ номыг бичсэн бэ?

Энэхүү захидлын эхэнд зохиогч нь “Бурхан ба Эзэн Есүс Христийн зарц Иаков” гэж бичсэн байдаг (Иаков 1:1).

Христийн шашинтнуудын уламжлалаар Иаковыг Иудатай адил Мариа, Иосеф хоёрын хүү буюу Есүсийн эх нэгтэй дүү хэмээн үздэг аж (Матай 13:55; Марк 6:3; Галат 1:19-ийг үзнэ үү). Матай 13:55 дээр гардаг Есүсийн эх нэгтэй дүү нарын жагсаалтын хамгийн эхэнд бичигдсэнийг үзэхэд тэрээр хамгийн ахмад нь байсан бололтой. Их Эзэний эх нэгтэй бусад дүүтэй адил тэрээр анхандаа Есүсийн дагалдагч байгаагүй юм (Иохан 7:3–5-ыг үзнэ үү). Гэвч Есүсийг амилсны дараа амилсан Нэгэн болон үзэгдэхийг харсан хүмүүсийн нэг нь Иаков байсан юм (1 Коринт 15:7-г үзнэ үү).

Хожим нь Иаков төлөөлөгч болсон бөгөөд эртний Христийн шашинтан түүхчдийн бичсэнээр Иерусалим дахь Сүмийн анхны бишоп байжээ (Үйлс 12:17; 21:18; Галат 1:18–19; 2:9-ийг үзнэ үү). Тэрээр Сүмийн удирдагчийн хувьд Иерусалимд болсон зөвлөлд голлох үүрэг гүйцэтгэсэн (Үйлс 15:13). Иаков Есүстэй садан төрлийн холбоотой байсан нь Сүм дэх түүний нөлөөлөлд нэмэр болж байсан нь гарцаагүй ч өөрийгөө Есүсийн дүү гэлгүй, харин даруухнаар Их Эзэний зарц хэмээн танилцуулсан юм (Иаков 1:1-ийг үзнэ үү).

Үүнийг хэзээ, хаана бичсэн бэ?

Иаков энэ захидлыг хэзээ бичсэн нь тодорхойгүй байдаг. Иаков Иерусалимд амьдарч, Сүмийн үйл ажиллагааг удирдаж байсан тул тэнд бичсэн байх магадлалтай.

Түүнчлэн Иаков МЭ 50 оны орчим болсон Иерусалимын чуулганы (Үйлс 15-ыг үзнэ үү) тухай дурдаагүй нь энэ захидлыг тэр үеэс өмнө бичсэн байж болохыг харуулж байна. Хэрвээ энэ захидлыг үнэхээр Иерусалимын чуулганы өмнө бичсэн юм бол энэ нь Шинэ Гэрээн дэх хамгийн анхны захидлуудын нэг болох юм.

Үүнийг хэнд зориулан, юуны учир бичсэн бэ?

Иаков энэ захиагаа “харь газар тархсан арван хоёр овогт” хэмээн хаягласан нь (Иаков 1:1) Израилийн бүх угсааг хэлж байгаа бөгөөд тэрээр тэднийг “сайн мэдээг хүлээн авч … Христийн хороонд ирэхийг” урьсан (Брүс Р.Макконки, Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973], 3:243). Иаков Сүмийн гишүүдийг амьдралаа Есүс Христэд итгэх итгэлийнхээ төлөөлөл болгох ёстой хэмээн заав.

Энэ ном ямар ямар онцлог талтай вэ?

Иаковын захидлыг заримдаа Хуучин Гэрээний Сургаалт үгс ном шиг мэргэн ухааны талаарх номын ангилалд хамруулдаг. Захидал нь Христэд итгэн амьдрахын зарчмуудыг товч тайлбарласан хэсгүүдээс бүрддэг. Мөн Матай 5–7 дээр цэдэглэсэн Аврагчийн уулан дээрх номлол, Иаковын үгсийн хоорондох адил төстэй зүйрлэлүүдээс бүрддэг. Зарим адил төстэй сэдвийг дурдъя. Үүнд: хавчлагыг туулах (Иаков 1:2–3, 12; Матай 5:10–12-ыг үзнэ үү); “төгс” болох эсвэл сүнслэг байдлаар төлөвших (Иаков 1:4; 2:22; Матай 5:48-ыг үзнэ үү); Бурханаас асуух (Иаков 1:5; Матай 7:7–8-ыг үзнэ үү); Бурханы хүслийг гүйцэлдүүлэх (Иаков 1:22; Матай 7:21–25-ыг үзнэ үү); бусдыг хайрлах (Иаков 2:8; Матай 5:43–44; 7:12-ыг үзнэ үү); үр жимсээр нь сайн мууг ялгаж мэдэх (Иаков 3:11–12; Матай 7:15–20-ийг үзнэ үү); амар тайвныг тогтоогч байх (Иаков 3:18; Матай 5:9-ийг үзнэ үү); тангараг үл тавих (Иаков 5:12; Матай 5:34–37-г үзнэ үү).

Тойм

Иаков 1–2 Иаков уншигчидтайгаа мэндчилээд, бэрхшээлийг даван туулах, мэргэн ухааныг эрж хайх, итгэлтэйгээ амьдралаа нийцүүлж амьдрах зэрэг захидлынхаа гол санаануудыг танилцуулдаг. Бурханы үгийг сонсогчид нь үгийг хэрэгжүүлэгчид байх ёстой. Иаков “цэвэр ариун сүсэглэлийг” өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг асарч, нүглээс ангид амьдрахыг хичээх явдал хэмээн тайлбарлав (Иаков 1:27-г үзнэ үү). Гэгээнтнүүд хөршөө хайрлаж, итгэлээ үйлдлээрээ харуулах хэрэгтэй.

Иаков 3–4 Иаков үг яриагаа хянаагүйгээс ирэх хохирлыг үлгэрлэн тайлбарласан ба үүнийг амар амгаланг тогтоогчдын шударга үр жимстэй харьцуулав. Тэрээр уншигчдаа дэлхийтэй нөхөрлөхгүй байж, чөтгөрийг эсэргүүцэж, Бурханд ойртохыг захив.

Иаков 5 Иаков ёс бус баячуудад сэрэмжлүүлэв. Тэр захидлаа Сүмийн бусад гишүүний төлөө хүлээсэн гэгээнтнүүдийн үүргийн талаар товчхон зөвлөснөөр дуусгажээ. Тэрээр гэгээнтнүүдийг Их Эзэнийг ирэх хүртэл тэвчээртэй үргэлжлүүлэн, бүх үг яриандаа үнэнч байхыг зөвлөсөн. Иаков ахлагчдыг дуудан, тэднээр тослуулахыг өвчтөнүүдэд зөвлөжээ.