Номын сан
80-р хичээл: Иохан 21


80-р хичээл

Иохан 21

Оршил

Амилсан Их Эзэн шавь нартаа загасчилж байхад нь үзэгджээ. Есүс эрэг дээр шавь нартайгаа хамт идэж уун, Петрийг Их Эзэний хоньдыг тэжээснээр Түүнд хайраа харуулахад урьжээ. Есүс Петрийн үхэл болон Иоханы хувиралтын талаар зөгнөн хэлжээ.

Заах зөвлөмж

Иохан 21:1–17

Амилсан Их Эзэн Тибер тэнгист (Галилын тэнгис) шавь нартаа үзэгдэв

Самбар дээр том зүрх зур.

Зураг
зүрх

Суралцагчдыг самбарын өмнө гарч ирээд, зүрхний дотор талд өөрсдийн дуртай хоёр юм уу гурван зүйлээ бичихэд урь. Эдгээр нь хүмүүс, эд баялаг, үйл ажиллагааг багтааж болно гэдгийг тайлбарла.

Суралцагчдыг бичиж дууссаны дараа та мөн дуртай хэдэн зүйлээ бичиж болно.

Петр болон бусад зарим шавь нь Есүсийг хоёр өөр тохиолдолд харсныхаа дараа Галилын тэнгисийн эрэг (Тибер тэнгис гэж мөн нэрлэдэг) дээр ирсэн гэдгийг тайлбарлан, Иохан 21:1–2-ыг нэгтгэн дүгнэ. Нэг суралцагчийг Иохан 21:3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Петр юу хийхээр шийдсэнийг олж мэдэхийг хүс.

  • Петр самбар дээрх бидний жагсаалт дээр ямар үйл ажиллагааг нэмэх байх гэж та нар бодож байна вэ? (Суралцагчдыг хариулсны дараа самбар дээрх зүрхний дотор загасчлах гэж бич.)

  • Петр болон бусад шавь нь хэр удаан загасчилсан бэ? Тэд хэр олон загас барьсан бэ?

Петр болон бусад шавь нь ямар ч үр дүнгүй шөнөжин загасчилсны дараа ямар мэдрэмжтэй байсныг бодож үзэхийг суралцагчдаас хүс.

Нэг суралцагчийг Иохан 21:4–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, маргааш өглөө нь юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.

  • Хэн эрэг дээр байсан бэ?

  • Шавь нар Есүсийг эхэндээ таньсан уу?

  • Есүс тэдэнд юу хийхийг зааварласан бэ?

  • Тэднийг Есүсийн зааврыг дагасны дараа юу тохиолдсон бэ?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Гуравхан жилийн өмнө энэ эрчүүд мөн энэ тэнгистээ загасчилж байв. Тэр үед тэд мөн л ‘шөнөжингөө зүдрэн загасчлаад юу ч барьсангүйг’ [Лук 5:5] судрууд өгүүлдэг. Гэтэл эрэг дээр байсан Галилын нэгэн хүний хэлснээр тороо тавьтал тор нь урагдаж эхлэн, ‘маш их хэмжээний загас’ [Лук 5:6] баригдан, бүр хоёр завийг дүүргэхэд тэд живж эхэлсэн байна.

Тэрхүү үйл явдал давтагдах нь тэр” (“Эхний агуу зарлиг,” Ensign эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101).

  • Энэхүү хоёр дахь гайхамшигт загасчлал эрэг дээр байсан хүнийг танихад шавь нарт хэрхэн тусалсан бэ?

  • Хэрэв та нар шавь нартай хамт завин дээр байсан бол ямар бодол, мэдрэмжтэй байх байсан бэ?

Шавь нар загас дүүрэн торыг завь руу татахаар хичээж байх үед Иохан эрэг дээр байсан хүнийг Их Эзэн гэж тунхагласан гэдгийг тайлбарлан, Иохан 21:7–14-ийг нэгтгэн дүгнэ. Петр тэнгис рүү үсрэн орж, Есүсийг чиглэн сэлсэн ба бусад шавь нь завь руугаа явжээ. Шавь нарыг эрэг дээр хүрч ирэхэд Есүс тэдэнд зориулан хоол бэлдэж байлаа.

Петр болон бусад шавийг Аврагчтай хамт хооллосны дараа Есүс “хуучирч элэгдсэн завь, урагдаж сэмэрсэн тор, завин дээрээ овоолсон 153 загасыг [харсан]” (“Эхний агуу зарлиг,” 101) ба тэгээд Петртэй ярьсан гэдгийг заагаад, ахлагч Жэффри Р.Холланд энэ түүхийг нарийвчлан тайлбарласан болохыг тайлбарла.

Нэг суралцагчийг Иохан 21:15–17-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүсийн Петрт дахин тавьсан асуултыг олж мэдэхийг хүс. Та суралцагчдад олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг санал болгож болно.

  • Есүс Петрт ямар асуултыг гурван удаа тавьсан бэ?

  • Есүс “Чи намайг тэднээс илүү хайрладаг уу?” (15-р шүлэг) хэмээн асуусан бөгөөд та нар тэднээс гэдэг нь юуг хэлж байна гэж бодож байна вэ? (Есүс овоолсон загасыг эсвэл загасчны амьдралтай холбоотой өөр зүйлсийг хэлсэн байж болно. Чи намайг тэднээс илүү хайрладаг уу? гэсэн асуултыг самбар дээрх зүрхний ойролцоо бич.)

  • Петр юу гэж хариулсан бэ?

  • Хэрэв та нар Петрийн оронд байсан бол мөн Есүс та нараас Өөрийг нь хайрладаг эсэхийг гурван удаа асуусан бол та нарт ямар санагдаж болох байсан бэ?

Есүс энэ асуултыг яагаад гурван удаа тавьсныг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг ахлагч Холландын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Есүс түүний энэ хариултад иймэрхүү янзаар хариулсан болов уу (Миний энэхүү зохиомол түүх судруудад байхгүй гэдгийг дахин хэлье). ‘Петр ээ, тэгвэл чи яагаад энд байгаа юм бэ? Яагаад бид нөгөөх л эрэг дээрээ, нөгөөх л нэгэн загасны торныхоо дэргэд мөн нөгөө л зүйлээ ярьцгааж байгаа билээ? Тэр үед ч гэсэн, одоо ч гэсэн, хэрвээ надад загас хэрэгтэй байсан бол загасаа барьж чадна гэдэг нь тодорхой байгаа бус уу? Надад шавь нар хэрэгтэй. Мөнхөд надтай хамт байх шавь нар хэрэгтэй. Хоньдыг минь тэжээж, хургануудыг минь аврах хүмүүс надад хэрэгтэй. Сайн мэдээг минь номлож, итгэлийг минь хамгаалах хүмүүс надад хэрэгтэй. Намайг хайрладаг, бүр чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс хэрэгтэй. Мөн Тэнгэр дэх бидний Эцэг надад итгэл хүлээлгэн өгсөн ажлыг хийх дуртай хүмүүс надад хэрэгтэй. … Тиймээс хоёр дахь буюу магадгүй хамгийн сүүлийн удаа Петр чамаас загасчлах ажлаа орхиж, Миний амийг егүүтгэсэн шиг чиний амийг хөнөөх тэр өдрийг хүртэл хүмүүст зааж, гэрчлэн, хөдөлмөрлөөч хэмээн хүсэж байна’” (“Эхний агуу зарлиг,” 101–102).

  • Бид Петрийн туршлагаас ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Хэрэв бид Аврагч, Тэнгэрлэг Эцэг хоёрыг бүхнээс илүү хайрладаг бол Тэдний хоньдыг тэжээх болно гэсэн зарчмыг самбар дээр бич.)

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хоньд гэж хэн бэ? Бид хэрхэн тэднийг тэжээдэг вэ?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Робэрт Д.Хэйлс

“Энэ бол өнөөдрийн Христийн шашинтан бүрд өгсөн Христийн дуудлага. ‘Миний хургануудыг тэжээ. … Миний хоньдыг тэжээ’—хөгшин залуу харгалзалгүй бүгдийг өөдрөгөөр дэмжиж, адисалж, тайвшруулан, урамшуулан зоригжуулж мөн бусдыг хүчирхэгжүүлэн төлөвшүүлж ялангуяа биднээс өөр ойлголт, өөр итгэлтэй тэдгээр хүнтэй Миний сайн мэдээг хуваалц” (“Христтэй илүү адил Христийн шашинтан байх нь,” Ensign эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 110).

Тэдний дөнгөж тодорхойлсон зарчим хэрхэн тэдэнтэй холбогдож байгааг ойлгоход суралцагчдад туслахын тулд гурван суралцагчийг дараах жишээнүүдийг ээлжлэн чанга уншихад урь. (Та эдгээр жишээг суралцагчдынхаа хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн өөрчилж болно.) Жишээ бүрийг уншсаны дараа дагалдах асуултуудыг тавь.

  1. Хэсэг хөвгүүн нэгэн залуу эрэгтэйгээс үдийн хоолны үеэр өөрсөдтэйгөө хамт суухыг хүсэхэд тэр тэдэнтэй найз болно гэж найджээ. Тэднийг ярилцаж байх хооронд хамт сууж байсан хөвгүүдийн нэг нь өөр нэгэн хөвгүүнийг олны өмнө шоолж эхлэв.

  2. Нэгэн залуу эмэгтэй хөл бөмбөг тоглох дуртай байжээ. Тэр долоо хоногт олон цагийг хөл бөмбөг тоглоход зарцуулдаг бөгөөд гэр бүлийн үдэш, хувиараа судар судлах зэрэг бусад зүйлд зарцуулах цаг багатай байв.

  3. Нэгэн залуу эрэгтэй хичээлийн болон хичээлээс гадуурх үйл ажиллагаануудаас болж маш их завгүй байдаг байв. Тэр долоо хоногийн турш баасан гаргийн орой найзуудтайгаа багахан цагийг зугаатай өнгөрүүлэхийг тэсэн ядан хүлээж байв. Түүнийг найзуудынхаа нэг рүү залгахаас өмнө гэрийн багшийн хамтрагч нь хуваарилагдсан гэр бүлдээ яаралтай тусламж үзүүлэх хэрэгтэй болсон тул хамт явж чадах эсэхийг мэдэхээр түүн рүү залгажээ.

  • Энэ хүн ямар ямар сонголтыг хийх боломжтой вэ?

  • Энэ хүн Их Эзэнийг хайрладгаа харуулахын тулд юу хийж болох вэ? Энэ үйлдэл Их Эзэнийг хайрлах хайрыг хэрхэн харуулах вэ?

Ахлагч Холландын хэлсэн дараах үгийг уншихыг нэг суралцагчаас хүс.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Хайрт ах эгч нар аа, Шүүлтийн өдөр бидэнд юу тохиолдох бол гэдгийг би мэдэхгүй байна. Гэхдээ тэрхүү ярилцлагын үеэр Христийн Петрт тавьсан ‘Та нар намайг хайрласан уу?’ гэх асуултыг Бурхан асуухгүй бол би маш их гайхах болно” (“Эхний агуу зарлиг,” 102).

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг бүх зүйлээс илүү хайрлахыг сонгохын мөн Тэдний хоньдыг тэжээснээр хайраа харуулахын ач холбогдлын тухай гэрчлэлээ хуваалц.

Самбар дээрх зүрхэн дотор жагсаасан зүйлсийг болон тэдгээрийн дэргэд бичсэн “Чи намайг тэднээс илүү хайрладаг уу” гэсэн асуултыг дахин дурд. Тэднээс гэдэг үгийн доогуур зураад, суралцагчдыг дараах асуултуудад хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хариулж бичихэд урь.

  • Хэрэв Есүс та нарт адилхан асуулт тавьсан бол “тэднээс” гэдэг үгийг та нарын амьдрал дахь ямар зүйлсэд хамааруулж хэлэх байсан бэ?

  • Та нар Түүний асуултад хэрхэн хариулах байсан бэ?

  • Та нар Их Эзэнийг хайрладгаа хэрхэн харуулах вэ?

Иохан 21:18–25

Есүс Петрийн үхэл, Иоханы хувиралтыг зөгнөн хэлэв

Есүс Петрийг өтлөхдөө “гараа сунган,” (18-р шүлэг) явахыг хүсээгүй газар руугаа аваачигдах болно гэж бошиглосон гэдгийг тайлбарлан, Иохан 21:18–21-ийг нэгтгэн дүгнэ. Петрийг цовдлуулж үхсэн гэдэгт хүмүүс итгэдэг. Петр өөрийгөө Аврагчтай адил үхэхэд зохисгүй гэж үзсэн учраас доошоо харж цовдлуулахыг хүссэн гэж ярьдаг (Жозеф Фийлдинг Смит, Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 боть, [1954–1956], 3:151–152).

Петр энэ бошиглолыг сонссоныхоо дараа хайрт Иохан гэгдэх төлөөлөгч Иоханд юу тохиолдохыг асуужээ. Нэг суралцагчийг Иохан 21:22–23-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагч Петрт юу гэж хариулсныг олж мэдэхийг хүс.

  • Петр Иоханы талаар юу олж мэдсэн бэ?

22-р шүлэгт буй байлгая гэдэг үг нь дэлхий дээр амьд үлдэх гэсэн утгатай гэдгийг тайлбарла. Иймээс Иохан Есүс Христийн Хоёр дахь ирэлт хүртэл хувирсан биет болон дэлхий дээр үлдэх болно. Хувирсан хүмүүн бие “өөрчлөгдсөнөөр үхэшгүй байдалд амилуулагдах хүртлээ өвчин, үхлийг амсахгүй болдог” (Судруудын удирдамж, “Хувиргагдсан хүмүүн биес,” scriptures.lds.org).

  • 22-р шүлэгт цэдэглэснээр, Есүс Петрийг Иоханд тохиолдох зүйлд санаа зовохын оронд юунд анхаарлаа төвлөрүүлэхийг хүссэн бэ?

Нэг суралцагчийг Иохан 21:24–25-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Иохан цэдгээ дуусгахдаа хүн бүрийг юуг мэдээсэй гэж хүссэнийг олж мэдэхийг хүс.

  • Иохан цэдгээ дуусгахдаа хүн бүрийг юуг мэдээсэй гэж хүссэн бэ?

Дараах асуултуудыг самбар дээр бич.

Матай, Марк, Лук, Иоханы цэдгүүд дээр бичигдсэн зүйлс дундаас Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинууллын ямар түүх, үйл явдал эсвэл сургаал та нарт хамгийн их нөлөөлсөн бэ? Яагаад?

Суралцагчдыг эдгээр асуултын хариултыг тунгаан бодоход урь. Та “Come, Follow Me” (Hymns, д. 116) гэх мэт дууллыг тавьж, суралцагчдад мэдэж авсан үнэнээ эргэн санахын тулд хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэлээ харах боломжийг өгч болно. Хангалттай хугацаа өгсний дараа цөөн суралцагчийг самбарын өмнө гарч ирээд, асуултуудын хариултаа хуваалцахад урь.

Та Матай, Марк, Лук, Иоханы бичсэн Есүс Христийн мөнх бус амьдрал дахь тохинууллын түүхүүдийн үнэний талаар мөн Цагаатгалын үнэний талаар гэрчлэлээ хуваалцан, хичээлээ дуусгаж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Иохан 21:1–19. Эхний агуу зарлиг

Иохан 21-д цэдэглэсэн, Есүс, Петр хоёрын хоорондох ярианы талаар нэмэлт тайлбар авахыг хүсвэл ахлагч Жэффри Р.Холландын “Эхний агуу зарлиг” хэлсэн үгийг унш (Ensign эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 100–103).

Иохан 21:22–23. “Би ирэх хүртлээ түүнийг байлгая”

“Аврагч мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа эхэн үед ‘Энд зогсож байгаа хүмүүсээс зарим нь Хүний Хүүг хаанчлалынхаа дотор ирэхийг харах хүртэл үхлийг үл амсана’ (Матай 16:28) хэмээн хэлжээ. Амилсан Христ Иоханыг энэ бошиглолыг гүйцэлдүүлэх мөн Өөрийг нь ирэх хүртэл дэлхийд ‘[байх]’ нэгэн байх болно хэмээн зөгнөн хэлжээ (Иохан 21:22–23-ыг үзнэ үү). Аврагч, Петр, Иохан нарын хооронд өрнөсөн ярианы тухай илүү бүрэн дүүрэн түүх ‘Иоханы хийсэн мөн түүний нуусан цэдгийн хөрвүүлэгдсэн хувилбар’ (С ба Г 7-р хэсгийн оршил) болох Сургаал ба Гэрээ, 7-р хэсэг дээр байдаг. Иохан Аврагчаас ‘би амьдарч, мөн бодгалиудыг танд авчирч болохын тулд үхлийн дээрх хүчийг надад өгөөч’ гэж гуйх үед Аврагч түүнд Өөрийнхөө Хоёр дахь ирэлт хүртэл амьдрах хүчийг өгсөн гэдгийг энэ илчлэлт тодорхой болгож өгдөг (С ба Г 7:1–3-ыг үзнэ үү). Иохан тийнхүү ‘хувирсан’ хүмүүн бие болжээ. Иймэрхүү хүмүүн бие нь ‘өөрчлөгдсөнөөр үхэшгүй байдалд амилуулагдах хүртлээ өвчин, үхлийг амсахгүй болдог’ (Судруудын удирдамж, ‘Хувирсан хүмүүн биес’; scriptures.lds.org). Хувирсан хүмүүн биесийн талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл гурван нифай үндэстэн Иоханы эдэлсэн туршлагатай адил туршлагыг эдэлсэн гэдгийг харуулсан 3 Нифай 28:4–40-ийг үзнэ үү (3 Нифай 28:6-г үзнэ үү)” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 271).

Бошиглогч Иосеф Смит 1831 оны 6-р сард Иоханыг тэр үед алдагдсан арван овгийн хүмүүс дунд тохинуулж байсан гэж заажээ (History of the Church, 1:176-г үзнэ үү). Бид энэхүү мэдээллээс бусдаар Иоханы хувирсан биетийн хувьд тохинуулж байгаа талаар мэддэггүй. Иоханы хаана байгаа эсвэл юу хийж, бүтээж байгаа талаар таамаглан ярих нь ухаалаг зүйл биш юм.