Номын сан
10-р хичээл: Матай 5:17–48


10-р хичээл

Матай 5:17–48

Оршил

Аврагч Галил дахь Уулан дээрх номлолоо үргэлжлүүлэхдээ Мосегийн хуулийг устгахаар биш, харин биелүүлэхээр ирсэн гэдгээ тайлбарласан. Аврагч шавь нартаа Тэнгэрлэг Эцэгтэй адил төгс болохын тулд дагавал зохих зарлигуудыг өгсөн юм.

Заах зөвлөмж

Матай 5:17–48

Есүс Христ шавь нартаа хэрхэн Тэнгэрлэг Эцэгтэй адил төгс болохыг заав

Хичээл эхлэхээс өмнө дараах асуултыг самбар дээр бич. Аль нь хүмүүст дагахад хамгийн хэцүү зарлиг гэж та нар бодож байна вэ? Хичээл эхлэхэд суралцагчдыг уг асуултад хариулахыг хүс. Хариултуудыг самбар дээр бич.

Нэг суралцагчийг Матай 5:48-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, дагахад хэцүү нэг зарлигийг олж мэдэхийг хүс. Та суралцагчдад Maтай 5:48, зүүлт тайлбар a дахь Иосеф Смитийн Орчуулгыг тэмдэглэхийг санал болгож болно.

  • Төгс болох зарлиг нь та нарт ямар санагдаж байна вэ?

  • Төгс байх гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдыг Maтай 5:48, зүүлт тайлбар б-г дотроо уншиж, төгс гэдэг үгийн утгыг олж мөн тэднийг олж мэдсэн зүйлээ хэлэхэд урь. Бүрэн дүүрэн хөгжинө гэдэг нь Тэнгэрлэг Эцэгтэй адилхан болох гэсэн утгатай болохыг тайлбарла.

Суралцагчдыг Матай 5 дахь Уулан дээрх Аврагчийн номлолоос үргэлжлүүлэн суралцах явцад Тэнгэр дэх Эцэгтэй адил төгс болохоор хөгжин дээшлэхийн тулд тэдний дагах хэрэгтэй зарчмуудыг олж мэдэхийг урь.

Матай 5:17–20-ийг дүгнэн, Аврагч Мосегийн хуулийг устгахаар биш, харин биелүүлэхээр буюу Мосегийн хуулин дахь мөнхийн үнэнүүдийг гүйцэтгэхээр ирсэн хэмээн заасан гэдгийг тайлбарлан ярьж өг. Есүс Христ ёсон бусаас болон урвалтаас болж алдагдсан сайн мэдээг бүрэн дүүрэн сэргээж, буруу заалтуудыг засаж залруулан, Хуучин Гэрээний бошиглогчдын хэлсэн бошиглолуудыг биелүүлсэн юм. Яваандаа, сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлтийн нэг хэсэг болгон Мосегийн хуулийн зарим заалтыг буюу хөвч хөндөх, амьтан золиослох зэргийг зогсоожээ.

Матай 5:21–48 нь иудейчүүдийн Мосегийн хуульд нэмж, өөрчилсөн мөн тэдний янз бүрийн хууль, уламжлалуудын талаар заасан Аврагчийн сургаалуудыг багтаадаг гэдгийг тайлбарла. Есүс Христ уг хуулиудын үнэн утгыг тайлбарлахдаа зөв шударгын илүү дээд замыг заажээ. Түүний хаант улсын гишүүд энэ дээд хуулийн дагуу амьдрах ёстой. Эдгээр дээд хууль нь Есүс Христийн шавь нарыг Бурханы зарлигуудыг зөрчихөөс зайлсхийхэд туслах удирдамжаар хангажээ.

Суралцагчдыг уур хилэнгийн талаар заасан Аврагчийн сургаалаас суралцахад бэлтгэхийн тулд тэднийг хэн нэгэнд уурласан үеийнхээ талаар бодоход урь.

  • Уур хилэнгээ хянахгүй байхын зарим аюул нь юу байж болох вэ?

Нэг суралцагчийг Матай 5:21–22-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Мосегийн хууль хэрцгий байдал ба уур хилэнгийн тухай юу заасныг мөн Их Эзэн дээд хуулийн нэг хэсэг болгож уур хилэнгийн талаар ямар ямар нэмэлт үнэнийг заасныг олж мэдэхийг хүс.

  • Аврагч хэрцгий байдал ба уур хилэнгийн талаар юу гэж заасан бэ? (22-р шүлэг дэх хоосон толгой гэдэг үг нь тэнэг, мунхаг, бодолгүй хүнийг хэлдэг гэдгийг тайлбарла.)

  • Эдгээр шүлэгт цэдэглэснээр, хэрвээ бид уур хилэнгээ хянаж сурахгүй бол юу тохиолдох вэ?

Нэг суралцагчийг Maтай 5:22, зүүлт тайлбар б дэх Иосеф Смитийн Орчуулгын өөрчлөлтийн тухай уншихад урь.

  • Энэ шүлгээс “шалтгаангүйгээр” гэдэг үгсийг хасах нь яагаад чухал вэ?

  • Уур хилэнгээ хянах нь биднийг төгс болох замд урагшлахад хэрхэн тусалдаг вэ?

Тиймийн тул, хэрэв та нар надад ирэх аваас, өөрөөр хэлбэл надад ирэхийг хүсэх аваас … гэсэн өгүүлбэрийг самбар дээр бич.

Иосеф Смитийн Орчуулга нь 23-р шүлгийн эхэнд “хэрэв та нар надад ирэх аваас, өөрөөр хэлбэл надад ирэхийг хүсэх аваас” гэдэг үгсийг нэмснээр, энэ нь “Тиймийн тул, хэрвээ та нар надад ирэх аваас, өөрөөр хэлбэл надад ирэхийг хүсэх аваас, иймээс хэрэв чи тахилын ширээнд өргөл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг санавал” гэж уншигдана (Иосеф Смитийн Орчуулга, Maтай 5:25).

Нэг суралцагчийг Maтай 5:23–24-ийг Иосеф Смитийн Орчуулгаас нэмэгдсэн үгстэй хамт чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, хэрвээ бид Түүнд ирэхийг хүсэж байгаа бол биднийг бусдад уурласан уураа яах ёстой хэмээн Аврагч заасныг олж мэдэхийг хүс.

  • “Өргөлөө тахилын ширээний өмнө орхиод, замаараа буц” гэдэг нь ямар утгатай вэ? (Хүмүүс Их Эзэнд өргөл өргөхөөсөө өмнө, эхлээд бусад хүнтэй харилцах харилцаагаа засах хэрэгтэй байсан.)

  • 24-р шүлэгт цэдэглэснээр, хэрвээ бид Христэд ирэхийг хүсэх аваас юу хийх ёстой вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Есүс Христэд ирэхийг хүсэх аваас эхлээд бусадтай харилцах харилцаагаа засах ёстой гэсэн үнэнийг тодорхойлж байгаа эсэхийг бататга.

  • Хэн нэгэнтэй харилцах харилцаагаа засна гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Энэ нь харилцаан дахь маргааныг намдаах эсвэл эв нэгдэлтэй байдлыг сэргээхийг хэлнэ. Энэ нь бидэнд найрсаг бус ханддаг хүмүүсийг болон бидний өөрсдийн найрсаг бус бодож явдаг хүмүүсийг багтаана.)

  • Яагаад та нар Христэд ирэхийн тулд бусадтай маргаанаа шийдэх ёстой гэж бодож байна вэ?

Нэг суралцагчийг Матай 5:25–26-г чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, бид бусадтай эвлэрэхийн тулд юу хийж чадна гэж Аврагч хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Өстөнтэйгөө хурдхан эвлэрэх гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? (Хэрэв суралцагчдад тусламж хэрэгтэй бол тэднийг Maтай 5:25, зүүлт тайлбар a -г үзэхэд урь.

  • Хэн нэгний талаар найрсаг бодолтой байх нь маргааныг шийдэхэд эсвэл түүнтэй эвдэрсэн харилцаагаа сэргээхэд бидэнд хэрхэн тусалж болох вэ?

Суралцагчдаас аюулгүй байдалдаа санаа зовж байсан болон Их Эзэний хамгаалалтыг мэдэрсэн үеийнхээ талаар бодохыг хүс. Та нэг юм уу хоёр суралцагчаас дэндүү хувийн шинжтэй биш бол, туршлагаасаа хуваалцахыг хүсэж болно. Суралцагчдыг бусадтай маргаанаа шийдвэрлэснээрээ Тэнгэр дэх Эцэгтэй адил төгс болох замд урагшилна гэдгийг урамшуулан дэмж.

багваахай цэцэг

Суралцагчдад зэрлэг ургамлыг (эсвэл зэрлэг ургамлын зургийг) үзүүл.

  • Хэрэв цэцэрлэгээс зэрлэг ургамлыг нь зулгаахгүй бол юу тохиолдож болох вэ?

  • Зэрлэг ургамал юугаараа нүгэлтэй адил байж болох вэ?

Нэг суралцагчийг Матай 5:27–28-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Аврагчийн сэрэмжлүүлсэн нүглийг болон Түүний шавь нараасаа дагахыг хүсдэг дээд хуулийг олж мэдэхийг хүс.

  • Аврагч тачаангуй бодол, хүсэл хадгалж явдаг хүмүүсийн талаар юу гэж заасан бэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч энэ нь хэрвээ бид тачаангуй бодол, хүслийг хадгалахаар сонгох юм бол энэ нь зүрх сэтгэлдээ садар самууныг үйлдэхтэй адил гэдгийг тодорхой харуулж байгаа эсэхийг анхаар.)

Бид оюун санаандаа цэвэр бус зүйл бодогдоход дандаа саад болж чадахгүй ч тэдгээрийг оюун санаандаа үлдэхэд нь саад болж чадна гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг Матай 5:29–30-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Аврагч цэвэр бус бодлын талаар юу гэж заасныг олж мэдэхийг хүс.

  • Бид цэвэр бус бодлыг холдуулахын тулд юу хийх ёстой гэж Аврагч хэлсэн бэ?

  • Эдгээр шүлэгт нүдээ ухаж хая мөн гараа тасдаж хая гэж байгаа нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг Maтай 5:30, зүүлт тайлбар б-г чанга уншихад урь. Нүдээ ухаж, гараа тасдаж хая гэдгийн утгыг ойлгоход Иосеф Смитийн Орчуулга бидэнд хэрхэн тусалдгийг олж мэдэхийг ангийнхнаас хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Бид Их Эзэний Maтай 5:29–30-д заасан дээр үндэслэн, амьдралаасаа нүглүүдийг холдуулахгүй аваас юу тохиолдож болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, самбар дээр Хэрэв бид амьдралаасаа нүглээ холдуулахгүй байхаар сонговол энэ нь биднийг сүнслэг байдлын хувьд устгах болно гэсэн зарчмыг бич.)

  • Бид амьдралаасаа нүглийг холдуулахын тулд юу хийж чадах вэ?

  • Бид амьдралаасаа нүглийг холдуулахын тулд мөн тэдгээр нүглийг дахин үйлдэхгүй байхаа бататгахын тулд юу хийх ёстой вэ?

Суралцагчдыг амьдралаасаа зайлуулмаар байгаа нэг нүглийг бодоход мөн тэгээд наманчилж, үүнийг зөв шударга үйлсээр орлуулах зорилго тавихад урамшуулан дэмж.

Их Эзэн салах, гэрлэх, тангараг өргөх талаар Матай 5:31–37-д заасан гэдгийг тайлбарлан, дүгнэн хэлж өг.

Сургууль дээр нэг найз нь тэдний талаар муухай, найрсаг бус зүйлсийг хэлж байгаагаар төсөөлөн бодоход суралцагчдыг урь. Суралцагчдаас тэд хэрхэн хандахыг нь асуу.

Нэг суралцагчийг Матай 5:38-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, хүмүүсийг тэдний нүгэл, буруу үйлдлийнх нь төлөө шийтгэх талаар Мосегийн хууль юу гэж заасныг олж мэдэхийг хүс. Тэднээс олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. “Нүдийг нүдээр, шүдийг шүдээр” гэдэг нь Мосегийн хуулийн дагуу шийтгэл нь гэмт хэргийнхээ ноцтой байдалтай тэнцэх ёстой байсан гэдэг утгатай гэдгийг тайлбарла.

Суралцагчдыг хос болгон хуваарил. Хосуудын нэгийг Maтай 5:39–42-ыг, нөгөөг нь Maтай 5:43–47-г уншихад урь. Тэднээс дээд хуулийг олж мэдэхийг хүс. Хангалттай хугацаа өнгөрсний дараа, суралцагчдыг бүлгийнхээ нөгөө гишүүнтэй дараах асуултуудыг ярилцахыг хүс (та эдгээр асуултыг самбар дээр бичиж эсвэл тараах материал болгон өгч болно):

Аврагчийн өгүүлснээр, дээд хууль гэж юу вэ?

Биднийг гомдоосон хүмүүст бид хэрхэн хандах ёстой талаар энэ дээд хууль юу зааж байна вэ?

Хангалттай хугацаа өнгөрсний дараа, хэдэн суралцагчийг ангийнхантайгаа хариултаа хуваалцахад урь.

Нэг суралцагчийг Матай 5:45-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, хэрвээ бид дайснуудаа хайрлан, биднийг үзэн яддаг хүмүүст сайныг үйлдвэл юу тохиолдохыг олж мэдэхийг хүс.

  • Хэрэв бид дайснуудаа хайрлан, биднийг үзэн яддаг хүмүүст сайныг үйлдвэл юу тохиолдох вэ?

  • Бид бүгдээрээ Бурханы сүнсэн хүүхдүүд гэдгийг мэддэг болохоор энэ шүлэгт Тэнгэр дэх Эцэгийн хүүхдүүд байна гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ? (Энэ нь Түүнтэй адил байж, Түүний хаант улсад өв залгамжлагч болно гэсэн үг.)

  • Аврагч амьдралынхаа туршид Өөрийн дайснуудыг хайрлан, бусдад сайныг үйлдэх жишээг хэрхэн харуулсан бэ?

Суралцагчдыг Maтай 5 дээрээс Тэнгэрлэг Эцэгтэй адилхан төгс болохын тулд бид юу хийх ёстой талаар мөн юуг мэдэж авсан тухайгаа бодоход урь.

  • Бидний Тэнгэр дэх Эцэгтэйгээ адил төгс болохын тулд хийх ёстой зарим зүйл юу вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Аврагчийн сургаал, зарлигуудыг дагах үед Тэнгэр дэх Эцэгтэйгээ адил төгс болж чадна гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.

Бид зөвхөн Есүс Христээр болон Түүний ач ивээлээр дамжуулан төгс болгогдож чадна гэдгийг суралцагчдад сануул (Moронай 10:32-ыг үзнэ үү).

Суралцагчдад төгс болох үйл явцыг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоний дараах үгсийг чанга уншихад урь.

Ахлагч Рассэлл М.Нэлсон

“Хэрэв бидний төгс төгөлдөр болох гэсэн хичээнгүй чармайлт одоогоор давагдашгүй [хэцүү] бөгөөд дуусашгүй мэт санагдаж байгаа бол бид шантрах хэрэггүй. Төгс байдал хүлээж байгаа. Энэ нь зөвхөн амилуулалтын дараа мөн зөвхөн Их Эзэнээр дамжуулан бүхлээрээ ирнэ. Энэ нь түүнийг хайрлаж, зарлигуудыг нь дагах тэдгээр бүх хүнийг хүлээдэг” (“Perfection Pending,” Ensign, 1995 оны 11-р сар, 88).

  • Ахлагч Нэлсоний өгүүлснээр, бид хэзээ төгс төгөлдөр байдалд хүрэх вэ?

  • Энэ мэдэгдэл нь өөрийн төгс бус байдалд урам хугарч, зүрхшээж байгаа хэн нэгэнд хэрхэн тусалж болох вэ?

Суралцагчдад Бурханы зарлигуудыг дагахаа үргэлжлүүлснээр эцэст нь Тэнгэрлэг Эцэгтэй адил болж чадна хэмээн урамшуул.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Maтай 5:22. Хоосон толгой гэдэг үг нь ямар утгатай вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки Хоосон толгой гэдэг үгийн талаар дэлгэрүүлж тайлбарлахдаа:

“Бүдүүлэг, муухай үгс улсаас улсад, үеэс үед өөрчлөгддөг, гэхдээ энэ шүлгийн зорилго нь бусдын тухай муухай мэдрэмж төрүүлдэг ямар ч үгийг буруутгах зорилготой юм” гэжээ Doctrinal New Testament Commentary, 3 боть, [1965–1973], 1:222).

Матай 5:27–28. “Эмэгтэй хүнийг тачаадан харах хүн”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд тачаангуй байдлын нүглийн ноцтой байдлын тухай хэлэхдээ:

“Шунал тачаал яагаад аюултай байдаг вэ? Энэ нь Ариун Сүнсийг биднээс холдуулснаар оюун санааг маань мөхөөдгийн хамт мөнх бус энэ амьдралд Бурханаас бидэнд өгсөн хамгийн эрхэм, ариун нандин харилцааг бузарладаг нүгэл мөн гэж би боддог. Энэ харилцаа нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биеэ хайрлах хайр, мөнхийн байж болох гэр бүлдээ үр хүүхэдтэй байх хүсэл юм. … Хайр нь биднийг өөрийн эрхгүй Бурханд болон бусад хүмүүст хандахад хүргэдэг. Шунал тачаал бурханлаг байдлаас бүр ч хол, өөрийгөө өөгшүүлэн дэвэргэж, аминч үзлийг магтан дуулдаг юм. Хайр нь сунгасан гар, нээлттэй зүрх сэтгэлээр ирдэг бол шунал тачаал зөвхөн сувдаг шунахай сэдэлтээр ирдэг” гэжээ (“Бодгальд минь дайсанд өгөх зай үгүй,” Ensign эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51–54).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс порнографын үр нөлөө тэдгээрийг ашигладаг хүмүүст ямар байдаг талаар:

“Порнограф нь эсрэг хүйсийнхээ хүнтэй харилцах сэтгэлийн, романтик, сүнслэг хэвийн харилцаанаас баяр баясал олж авах чадварыг гэмтээдэг. Энэ нь зохисгүй, гаж буруу, хууль бус байдлын эсрэг зогсох ёс суртахууны хаалтыг устгадаг. Ухамсар нь мэдрэлээ алдах үед порнографыг үзсэн хүмүүс өөрсдийн болон бусдын амьдралд тохиолдох нөлөөг харгалзахгүйгээр харсан зүйлсээ үйлддэг” гэжээ (“Pornography,” Ensign эсвэл Liahona, 2005 оны 5-р сар, 89).

Матай 5:31–37. “Эхнэрээсээ салах хэн боловч”

Есүсийн өдрүүдэд, бүлэг иудейчүүд Мосегийн жишгийг (Дэд хууль 24:1–2-ыг үзнэ үү) гэрлэлтийг өчүүхэн шалтгаануудаас болж цуцлахыг зөвшөөрсөн арга замаар хөрвүүлжээ. Жишээлбэл, хэрвээ нэг эр илүү залуу, илүү царайлаг эхнэр авахыг хүсвэл эсвэл хэрвээ нэг эрийн эхнэр нь оройн хоолыг нь бүтэлгүй болгосон, толгойгоо бүтээхгүйгээр олон нийтэд харагдсан бол, эсвэл санал нийлэхгүй байсан бол уг эрийн хувьд салалт хүсэх нь зөвшөөрөгддөг байв. Матай 5:31–37-д цэдэглэгдсэнээр, Уулан дээрх номлолд болон өөр газруудад Есүс шавь нараа зөв шударга байдлын илүү өндөр жишгийг дагахад урихыг мөн гэрлэлт нь Адам, Ева хоёрын мөнхийн гэрлэлтээр Бурханаас бий болгогдсон хэв маягийн дагуу хадгалагдан, хүндлэгдэх ёстойг заахыг хичээж байсан. (Брүс Р.Макконки, The Mortal Messiah, 4 боть, [1979–1981], 3:291–297; түүнчлэн Maтай 19:3–9-ийг үзнэ үү.)

Maтай 5:43. “… хэлснийг та нар сонссон”

“Хөршөө хайрла” хэмээх зарлиг нь Левит 19:18-д байдаг, гэхдээ Хуучин Гэрээнд ямар ч судар дайснуудаа үзэн яд гэж бидэнд зарлиг болгодоггүй. Аврагч Өөрийн өдрүүдэд түгээмэл байсан хэллэгийг давтаж байсан байж болзошгүй.