Номын сан
16-р хичээл: Матай 13:24–58


16-р хичээл

Матай 13:24–58

Оршил

Аврагч тэнгэрийн хаант улс, хожмын өдрүүд дэх Өөрийн Сүмийн сэргээлт, өсөлт, зөв шударгуудын цугларалт болон Өөрийн Хоёр дахь ирэлтээр ёсон бусчууд устгагдах талаар заахаар сургаалт зүйрлэлүүдийг өгөв.

Заах зөвлөмж

Матай 13:24–30, 36–43

Их Эзэн улаан буудай ба зэрлэг өвсний сургаалт зүйрлэлийг зааж, тайлбарлав

Хичээл эхлэхээс өмнө самбар дээр дараах асуултуудыг бич:

Дэлхий дээр хилэнц маш их байдгаас болж танд бухимдах үе гарч байсан уу?

Их Эзэн яагаад бидний эргэн тойронд байгаа хилэнцүүдийг зүгээр зайлуулчихдаггүй юм бэ?

Миний эргэн тойронд байгаа зарим хүн шударга бус сонголтынхоо сөрөг үр дагавруудыг эдлэхгүй байгаа юм шиг санагдаж байхад би яагаад зөв шударга байхыг сонгох ёстой юм бэ?

Хичээлийн эхэнд суралцагчдыг самбар дээрх асуултуудыг тунгаан бодож, ангийнхантайгаа санал бодлоо хуваалцахад урь. Суралцагчдыг Матай 13:24–30, 36–43-аас суралцах явцад тэднийг ёс бус дэлхийд зөв шударга амьдрахаар хичээх үедээ тайвшрал олоход нь туслах үнэнийг олж мэдэхэд урь.

буудай ба зэрлэг өвс

Буудай ба зэрлэг өвсний дагалдах зургийг үзүүл эсвэл үүнийг самбар дээр зур. Зэрлэг өвс нь хортой, хогийн ургамлын нэг төрөл гэдгийг тайлбарла. Буудай ба зэрлэг өвс нь нахиалахдаа бараг л ялгагдахгүй адилхан боловч боловсорч гүйцээд ирэхээрээ ялгарч харагддаг.

Аврагч буудай ба зэрлэг өвсний талаар нэгэн сургаалт зүйрлэл заасан гэдгийг тайлбарла. Цөөн суралцагчийг Maтай 13:24–30 болон Maтай 13:30, зүүлт тайлбар б дэх Иосеф Смитийн Орчуулга, Матай 13:29-ийн хэсгийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, буудай ба зэрлэг өвсөнд юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.

  • Буудай ба зэрлэг өвсөнд юу тохиолдсон бэ? (Тэдгээрийг суулгаж [тариалж], хамт зэрэгцэн ургахыг зөвшөөрсөн. Тэгээд буудайг нь агуулахад хийж, зэрлэг өвсийг нь боогоод, шатаасан.)

  • Сайн үр таригч нь зарц нартаа яагаад буудай, зэрлэг өвс хоёрыг “ургац хураатал хамтдаа ургаж байг” гэж хэлсэн гэж та нар бодож байна вэ? (Хэрэв тариа хадагчид буудай ба зэрлэг өвсийг боловсрохоос өмнө зэрлэг өвсийг зулгаах гэж оролдвол ихэнх буудайг бас зулгаачихаж болох байв.)

  • Иосеф Смитийн Орчуулга, Maтай 13:29-д цэдэглэснээр, буудай, зэрлэг өвс хоёрын алийг нь эхэлж хураасан бэ?

Аврагчийг буудай ба зэрлэг өвсний сургаалт зүйрлэлийг өгсний дараа шавь нар нь Түүнээс үүний утгыг тайлбарлахыг хүссэн гэдгийг тайлбарла. Цөөн суралцагчийг Матай13:36–43-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, уг сургаалт зүйрлэлийн талаарх Аврагчийн тайлбарыг олж мэдэхийг хүс.

  • Хэн сайн үр суулгасан буюу тарьсан бэ? (Аврагч)

  • Хэн зэрлэг өвс суулгасан буюу тарьсан бэ? (Чөтгөр)

  • Буудай ба зэрлэг өвс юуг төлөөлдөг вэ? (Зөв шударга болон ёс бус хүмүүсийг төлөөлдөг. Ёс бус хүмүүс нь нүглүүдээ наманчлахыг сонгодоггүй хүмүүс гэдгийг тайлбарла [Сургаал ба Гэрээ 29:17-г үзнэ үү].)

39-р шүлэгт дурдагдсан “ургац” эсвэл “энэ үеийн төгсгөл” гэдэг нь Аврагчийн Хоёр дахь ирэлтийн үе дэх ёсон бус хүмүүсийн устгалыг хэлж байгааг Иосеф Смитийн Орчуулгад тодотгодог болохыг тайлбарла. Иосеф Смитийн Орчуулга нь эцсийн өдрүүдэд Их Эзэн зөв шударга хүмүүсийг ёс бусчуудаас салгахад туслах тэнгэр элчүүдийг болон элчүүдийг илгээх болно гэдгийг ойлгоход бидэнд тусалдаг (Иосеф Смитийн Орчуулга, Maтай 13:39–44-ийг үзнэ үү [Bible appendix]).

  • Энэ сургаалт зүйрлэлд цэдэглэснээр, эцсийн өдрүүдэд зөв шударга болон ёс бус хүмүүст юу тохиолдох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Их Эзэн эцсийн өдрүүдэд зөв шударга хүмүүсийг цуглуулаад, дараа нь Өөрийн ирэлтээр ёс бусчуудыг устгах болно гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга. Суралцагчдын хэлсэн үгсийг ашиглан, энэ үнэнийг самбар дээр бич.)

  • Биднийг энэ хилэнцэт дэлхийд амьдрах үед энэ үнэн бидэнд хэрхэн тайвшрал авчирч болох вэ? (Их Эзэн эцэст нь дэлхий дээрээс ёс бусчуудыг зайлуулж, зөв шударга хүмүүсийг шагнах болно.)

Бидэнд сонгох эрх байгаа учраас бид өөрсдийн сонголтоор зөв шударга хүмүүсийн хамт цуглуулагдах уу эсвэл хилэнцэт хүмүүстэй хамт зовох уу гэдгээ шийддэг болохыг суралцагчдад тайлбарла.

  • Бид Их Эзэнээр цуглуулагдахын тулд юу хийх ёстой вэ?

Бид Их Эзэнээр цуглуулагдахын тулд юу хийх ёстойг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарийн хэлсэн дараах мэдэгдлийг чанга уншихад урь.

Ахлагч Дэвид А.Бэднар

“Их Эзэний хүмүүс Түүнд итгэж, Түүний зарлигуудыг дагах үед Тэрээр Өөрийнхөө хүмүүсийг цуглуулна. …

… Их Эзэн Өөрийн хүмүүсийн шүтлэг бишрэлд мөн Сүмийг өсгөн бэхжүүлж, хамгаалан, зөвлөгөө ба зааврыг хүлээн авахад туслахын тулд тэднийг цуглуулдаг. …

Бошиглогч Иосеф Смит бүх үе дэх цугларалтын бурханлаг зорилго бол ариун сүмүүдийг барьснаар Их Эзэний хүүхдүүд хамгийн дээд ёслолуудыг хүлээн авч мөн тэгснээр мөнх амьдралыг олох явдал юм гэж тунхаглажээ [Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 467–477]” (“The Spirit and Purposes of Gathering” [Айдахо дахь Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт, 2006 оны 10-р сарын 31], byui.edu).

  • Ахлагч Бэднарийн өгүүлснээр, бид Их Эзэнээр цуглуулагдахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

  • Их Эзэнээр цуглуулагдсаны дараа та нарын амьдралд ямар ямар адислал ирсэн бэ?

номлогчид: ахлагчид
номлогчид: эгч нар
Солт Лэйкийн ариун сүм

Номлогчид: Ахлагчид; Номлогчид: Эгч нар болон Солт Лэйкийн ариун сүм зургуудыг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], 109, 110, 119; мөн LDS.org-оос үзнэ үү).

  • Бид Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг цуглуулахад нь Аврагчид туслахын тулд юу хийж болох вэ?

  • Та нар Их Эзэнийг зөв шударга хүмүүсийг цуглуулахад нь номлолын ажлаар эсвэл ариун сүмийн ажлаар дамжуулан туслах явцдаа ямар ямар адислал хүлээн авсан бэ?

Бид бүгд алдаа гаргадаг учраас Аврагч биднийг наманчлахад урьдаг ба тэгснээр бид зөв шударга хүмүүстэй цуглуулагдаж чадна гэдгийг суралцагчдад баталж хэл. Суралцагчдыг өөрсдийгөө, гэр бүлээ болон бусдыг Аврагчид болон Түүний Сүмд цуглуулахын тулд тэд юу хийж чадах талаараа тунгаан бодоход урь. Суралцагчдыг хүлээн авах сүнслэг өдөөлтүүдийн дагуу үйлдэхэд урь.

Матай 13:31–35, 44–52

Аврагч тэнгэрийн хаант улсын талаар заахдаа сургаалт зүйрлэлүүдийг ашиглав

Дараах зүйлсийн зургийг үзүүлж эсвэл самбар дээр зур: гичийн үр, хөрөнгө буюу исгэгч (эсвэл талх—хөрөнгөний иссэн хэсэг нь хоол хийхэд хэрэглэгддэг бөгөөд болгохын өмнө хөөлгөхөд туслахын тулд талхны гурилтай хольдог гэдгийг тайлбарла), сувд, жижиг эрдэнэсийн авдар, загасны тор.

гичийн үр, хөрөнгө, сувд, эрдэнэсийн авдар, загасны тор

Хэд хэдэн сургаалт зүйрлэлд Аврагч эдгээр зүйлийг тэнгэрийн хаант улстай харьцуулдаг гэдгийг тайлбарла. Тэнгэрийн хаант улс нь Аврагчийн Сүмийг болон сайн мэдээг төлөөлдөг гэдгийг суралцагчдад сануул. Самбар дээр дараах эшлэлүүдийг бич: Maтай 13:31–32; Maтай 13:33; Maтай 13:44; Maтай 13:45–46; Maтай 13:47–50. Суралцагчдыг хос болгон эсвэл жижиг бүлгүүдэд хуваарилаад, самбар дээр байгаа эшлэлүүдийн нэгийг хос бүрд эсвэл бүлэг бүрд даалгаж өг. Хос эсвэл бүлэг бүрийг дараах үйл ажиллагаануудыг хийхэд урь (та энэ жагсаалтыг тараах материал болгон өгч болох юм). Үүнд:

  1. Өөрсдөдөө оноогдсон шүлгүүдийг хамтдаа унш.

  2. Аврагч ямар зүйл(с)ийг Өөрийн Сүмтэй болон Өөрийн сайн мэдээтэй адилтгасан болохыг ярилц.

  3. Аврагч энэ сургаалт зүйрлэлд Өөрийн Сүм ба Өөрийн сайн мэдээний талаар ямар үнэнийг зааж байна гэж бодож байгаа талаараа ярилц. Тэрхүү үнэнийг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бич.

Хангалттай хугацаа өнгөрсний дараа иссэн хөрөнгөний талаарх болон гичийн үрний талаарх сургаалт зүйрлэл оноосон суралцагчдыг өөрсдийн сургаалт зүйрлэлүүдийг ангийнхандаа чанга уншиж өгөхөд урь.

Цөөн суралцагчаас өөрсдийн бичсэн үнэнийг ангийнхандаа уншихад урь. (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Есүс Христийн Сэргээгдсэн Сүм багахан эхлэлээс бүхэл дэлхийг бүрхтэл өсөх болно гэсэнтэй төстэй үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ үнэнийг самбар дээр бич.)

Нэг суралцагчийг, Есүс Христийг дагагчдыг иссэн хөрөнгөтэй хэрхэн адилтгаж болохыг заасан ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн хэлсэн дараах үгийг уншихад урь.

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит

“Биднийг дэлхий дээрх хүмүүсийн тоотой харьцуулбал хэдхэн хүн хэмээн хэлж болох нь үнэн хэдий ч бид Аврагчийн хэлснээр бүхэл дэлхийг эцэст нь исгэх талхны хөрөнгөтэй адилтгагдаж болох юм” (Gospel Doctrine, 5 дахь хэвлэл, [1939], 74).

  • Аврагчийн Сүмийг өсгөхөд туслахын тулд хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бид юу хийж болох вэ?

Талбай дахь эрдэнэсийн болон агуу үнэт сувдны мөн торны сургаалт зүйрлэлд хуваарилагдсан суралцагчдыг оноогдсон сургаалт зүйрлэлүүдээ ангийнхандаа уншихад урь. Цөөн суралцагчаас өөрсдийн бичсэн үнэнийг ангийнхандаа уншихад урь. (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч тэд Сайн мэдээний адислалууд нь мөнхийн чанартай учраас ямарваа нэгэн золиослолын үнэ цэнтэй юм гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга. Суралцагчдын хэлсэн үгсийг ашиглан, энэ үнэнийг самбар дээр бич.)

Суралцагчдад энэ зарчмыг ойлгоход туслахын тулд самбар дээр дараах гарчгуудыг бич. Үүнд:

Сайн мэдээний адислалууд

Адислалуудыг хүлээн авахаар гаргах золиослолууд

Суралцагчдаас сайн мэдээний зарим адислалыг жагсааж бичихийг хүс (судруудаас мэдлэг олж авах, амьд бошиглогчдоос удирдамж авах, авралын ёслолууд болон мөнхийн гэрлэлт гэх мэт жишээ байж болно). Жагсааж бичсэн адислал бүр дээр уг адислалыг олж авахын тулд тэд ямар золиослол гаргах хэрэгтэй байж болохыг тайлбарлахыг суралцагчдаас хүс. Суралцагчдын хариултыг самбар дээр бич.

Суралцагчдаас самбар дээрх адислалуудаас нэгийг сонгон, яагаад уг адислалыг олж авах нь ямар нэг золиослол гаргах үнэ цэнээр олддог болохыг тайлбарлахыг хүс.

  • Та нар эсвэл та нарын мэддэг хэн нэгэн хэзээ сайн мэдээний адислалыг хүлээж авахын тулд ямар нэг зүйлийг золиосолж байсан бэ?

Самбар дээр дараах асуултуудыг бичээд, суралцагчдаас хариултыг нь хичээлийн дэвтэр юм уу судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Үүнд:

Та нар сайн мэдээний ямар адислал олж авахыг хүсэж байна вэ?

Та нар яагаад энэ адислалыг хүсэж байна вэ?

Чи энэ адислалыг хүлээн авахын тулд хэрхэн золиослол гаргах хэрэгтэй байж болох вэ?

Матай 13:53–58

Есүс Назарт зааж, Өөрийнхөө хүмүүсээр эсэргүүцэгдэв

Матай 13:53–58-ыг дүгнэн, Назарын хүмүүс Аврагчийг болон Түүний сургамжуудыг эсэргүүцсэн гэдгийг тайлбарлан ярьж өг. Тэдний итгэлгүй байдлаас болж, Аврагч тэдний дунд олон гайхамшиг үйлдээгүй юм (түүнчлэн Moронай 7:37-г үзнэ үү).

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Maтай 13. Израилийн цугларалт

Бошиглогч Иосеф Смит Maтай 13 дахь сэдвийг дүгнэж,

“Сайн мэдээний Матайн 13-р бүлэгт цэдэглэгдсэний дагуу, Аврагчийн үгс нь … Библид цэдэглэгдсэн цугларалтын чухал сэдвийг тодорхой ойлгоход бидний анхаарлыг хандуулдаг” гэж заажээ (History of the Church, 2:264).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон бид гивлүүрийн аль ч талд байсан бай, Израилийг цугларахад тусалж чадна хэмээн заахдаа:

“Цугларалтын сургаал нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн чухал сургаалуудын нэг юм. … Бид энэ сургаалыг заагаад зогсохгүй, үүнд оролцдог. Бид Их Эзэний сонгогдсон хүмүүсийг гивлүүрийн хоёр талд цуглуулахад тусалснаар үүнийг хийдэг. …

… Бид угийн бичгийг цуглуулж, гэр бүлийн бүлгүүдийн хүснэгтийг бий болгон, хүмүүсийг Их Эзэнд мөн тэднийг гэр бүлд нь цуглуулахаар ариун сүмийн ажлыг эрч хүчтэй хийдэг” гэжээ (“The Gathering of Scattered Israel,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 11-р сар, 80–81).

Дараах хүснэгт нь Maтай 13 дахь сургаалт зүйрлэл хэрхэн Түүний мөнх бус амьдрал дахь тохинууллын өдрүүдээс эхлэн Түүний Хоёр дахь ирэлт хүртэлх Аврагчийн Сүмийн болон Израилийн цугларалтын талаар заадгийг харуулдаг.

Maтай 13 дахь сургаалт зүйрлэл

Цугларалт

Тариачин (3–23-р шүлэг)

Есүс Христ болон Түүний төлөөлөгчид өөрсдийн өдрүүдэд сайн мэдээний үрийг тарьсан юм.

Буудай ба зэрлэг өвс (24–30, 36–43-р шүлэг)

Зөв шударга болон ёс бус хүмүүс Шинэ Гэрээний цаг үед хамтдаа өссөн бөгөөд эцэстээ Их урвалтад ороход хүргэсэн юм. Эцсийн өдрүүдэд зөв шударга хүмүүс Сүмд цуглуулагдаж, ёс бус хүмүүс устгагдах болно.

Гичийн үр (31–32-р шүлэг)

Есүс Христийн Сүм сэргээгдэх болно. Энэ нь өчүүхэн багаас эхлэн, тархсаар, дэлхий даяарх сүрлэг том Сүм болно.

Исгэсэн хөрөнгө (33-р шүлэг)

Хожмын үеийн Сүм гурван гэрчийн гэрчлэлээр болон хожмын үеийн судруудаар исгэгдсэнээр дэлхий даяар тархах болно.

Нуугдсан эрдэнэс (44-р шүлэг) болон агуу үнэт сувд (45–46-р шүлэг)

Зөв шударга нь Бурханы хаант улсад цугларах болно. Хожмын үеийн гэгээнтнүүд Сионыг барихаар золиослол хийж мөн хөдөлмөрлөх болно.

Загасны тор (47–50-р шүлэг)

Бүхий л төрлийн хүмүүс Сүмд цуглуулагдах болно. Дэлхийн төгсгөлд ёс бус хүмүүс хаягдаж, устгагдах болно.

(New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 43–44.)

Матай 13:31–32. Гичийн үр ба хөрөнгөний сургаалт зүйрлэл

Бошиглогч Иосеф Смит, гичийн үр ба хөрөнгөний сургаалт зүйрлэлийн талаар дараах тайлбарыг өгчээ.

“Тэнгэрийн хаанчлал бол гичийн нэг үртэй адил юм. …’ [Матай 13:31.] Энэхүү бэлгэдэл нь эцсийн өдрүүдэд урагш гарч ирэх Сүмийг төлөөлж байгааг бид төвөггүй хэлж чадна. …

“Хүн үүнийг авч, талбайдаа нууж, итгэлээрээ хадгалан, эцсийн өдрүүдэд буюу зохих цагт нь гарган авчирсан Мормоны Номыг аваад үзье л дээ. Энэ нь чухамдаа бүх үрээс хамгийн жижиг нь боловч мөчир нь салаалан, тийм ээ, бүр гичийн үр лүгээ адил, сүрлэг мөчрүүдтэй, Бурханы сүр жавхланг санагдуулам аварга өндөр мод, бүх ургамлаас хамгийн агуу нь болон газраас гарч ирснийг харагтун. Үнэн нь газраас оргилон, зөв шударга байдал нь тэнгэрээс өнгийн хардаг [Дуулал 85:11; Moсе 7:62-ыг үзнэ үү]. Бурхан Өөрийн хүч, бэлгүүдийг доош илгээн, тэнгэр элчүүд тэрхүү аварга модны мөчир дээр үүрээ засдаг билээ. …

‘… Тэнгэрийн Хаант улс нь исгэсэн хөрөнгөтэй төстэй. …’[Матай 13:33.] Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гурван гэрчид орших бяцхан исгэх хөрөнгөнөөс өсөлт хөгжилтийнхөө гарааг эхэлсэн хэмээн ойлгож болно. Болгоогтун, энэ нь сургаалт зүйрлэлтэй хэчнээн адилхан байгааг харагтун! Энэхүү исгэх хөрөнгө удалгүй дэлхийн нэгэн хэсгийг түргэн исгэх болно” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 340, 342).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс Есүсийн дагагчдыг хэрхэн исгэх хөрөнгөтэй адилтгаж болохыг заахдаа:

“Бид дэлхий дээр амьдрах ёстой ч дэлхийнх байх ёсгүй. Бид Есүс Өөрийн Хаант улсын гурилыг бүхэлд нь исгэх чадалтай “хөрөнгө лугаа адил” хэмээн сургаалт зүйрлэлдээ заасан шиг, энэ ертөнц дээр амьдрах ёстой (Лук 13:21; Maтай 13:33-ыг үзнэ үү; мөн 1 Коринт 5:6–8-ыг үзнэ үү). Хэрэв Түүний дагалдагчид зөвхөн өөрсөдтэйгөө адил итгэл үнэмшил, дэг жаяг бүхий хүмүүстэй уулзаж харьцдаг байсансан бол энэ бүхнийг хийж чадахгүй байх байсан юм” гэжээ (“Бусдыг хайрлаж, өөр үзэл бодол бүхий хүмүүстэй зэрэгцэн амьдрах нь,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий Чуулган, 27).