Номын сан
82-р хичээл: Үйлс 1:9–26


82-р хичээл

Үйлс 1:9–26

Оршил

Есүс Христ шавь нартаа 40 хоногийн турш зааварласныхаа дараа тэнгэр өөд өргөгджээ. Төлөөлөгчид болон бусад хүн залбирал, айлтгалд нэгдэв. Урваж мөн үхсэнээр Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгыг орхисон Искариотын Иудасын оронд Маттиа сүнслэг удирдамжаар дуудагдав.

Заах зөвлөмж

Үйлс 1:9–12

Аврагч тэнгэр өөд өргөгдөв

Үнэн үү? Худал уу? гэсэн асуултыг самбар дээр бич.

Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн тухай дараах мэдэгдлийг чанга унш. Суралцагчдыг дараах мэдэгдэл үнэн эсвэл худал эсэхийг хэлэхэд урь. (Тэмдэглэл: Хичээлийн энэ үед суралцагчид асуулт бүрийн хариултыг мэдэж авах юм уу хариултуудаа ярилцахад их цаг зарцуулах хэрэггүй.)

  1. Есүс Христ хожмын өдрүүдэд дэлхий дээр эргэж ирэх болно.

  2. Есүс Христ хоёр дахь удаа ирэхдээ зөвхөн зөв шударга хүмүүст үзэгдэнэ.

  3. Есүс Христ дахин ирэхдээ гадаад төрхөө өөрчилсөн байх учраас ихэнх хүн Хоёр дахь ирэлт тохиосныг мэдэхгүй.

Та мэдэгдэл бүрийн хариултуудыг товчхон давтаж болно. (1) Үнэн (Moсе 7:60-ыг үзнэ үү); (2) Худал (Иосеф Смит—Mатай 1:26; C ба Г 101:23-ыг үзнэ үү); (3) Худал (C ба Г 49:22–23-ыг үзнэ үү).

Есүс Христ мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа турш зарим хүн хожмын өдрүүдэд Өөрийнх нь Хоёр дахь ирэлтийн тухай хуурамч сургаалыг сурталчлах болно хэмээн бошиглосон гэдгийг тайлбарла (Иосеф Смит—Mатай 1:22–25-ыг үзнэ үү).

  • Бид Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаарх тодорхой сургаалууд үнэн эсвэл худал эсэхийг хэрхэн мэдэж болох вэ? (Хэрэв бид Аврагчийн болон Түүний бошиглогчдын үгсэд анхаарал хандуулбал хууртагдахаас зайлсхийж чадна [Иосеф Смит—Mатай 1:37-г үзнэ үү].)

Суралцагчдыг Үйлс 1-ийг үргэлжлүүлэн судалж байхдаа Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаарх чухал үнэнийг олж мэдэхэд урь.

Аврагч амилсныхаа дараа 40 хоногийн турш шавь нартаа зааварласан гэдгийг суралцагчдад сануул (Үйлс 1:3-ыг үзнэ үү). Есүс тэнгэрт өргөгдсөн нь зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], дугаар 62; мөн LDS.org-оос үзнэ үү).

Зураг
Есүс тэнгэрт өргөгдөв

Нэг суралцагчийг Үйлс 1:9–12-ыг чанга уншихад урь. Ангийнхныг шүлгийг дагаж уншаад, Аврагчийг төлөөлөгчдөдөө зааварлаж дууссаны дараа тохиолдсон зүйлийг олж мэдэхийг хүс.

  • Аврагчийг төлөөлөгчдөдөө зааварлаж дууссаны дараа юу тохиолдсон бэ?

  • Хэрэв та нар Аврагчийг тэнгэрт өргөгдөж байгааг харвал ямар бодол, сэтгэгдэл төрөх байх гэж бодож байна вэ?

Эртний Израильд заримдаа үүл нь Бурханы оршихуй хийгээд алдар суугийн харагдахуйц төлөөлөл болдог байсныг тайлбарла (Египетээс гарсан нь 40:34-ийг үзнэ үү). Үйлс 1:9-д дурдсан үүл бол алдар суугийн үүл (Bible Dictionary, “Cloud”-ийг үзнэ үү), мөн 10-р шүлэгт дурдсан хоёр хүн тэнгэр элч байжээ.

  • Тэнгэр элчүүд төлөөлөгчдөд юу гэж хэлсэн бэ?

  • Есүс дээш өргөгдсөн “лугаа адил” (Үйлс 1:11) дахин ирэх болно гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Аврагч хоёр дахь удаа ирэхдээ тэнгэрээс алдар суундаа бууж ирнэ гэсэн үнэнийг самбар дээр бич.)

Аврагчийн тэнгэрт өргөгдсөн үйл явдал Чидуны уулан дээр тохиосон гэдгийг онцол (12-р шүлгийг үзнэ үү). Аврагч дахин ирэхдээ Чидуны уулан дээр чухамдаа зогсож харагдах болно гэдгийг тайлбарла (Зехариа 14:4; C ба Г 45:47–53; C ба Г 133:19–20-ийг үзнэ үү). Энэ бол Түүний дэлхийд харагдах агуу хийгээд сүрлэг байдал болох юм (Исаиа 40:5-ыг үзнэ үү).

  • Аврагчийн эргэж ирэх арга замыг мэдэх нь биднийг Хоёр дахь ирэлтийг хүлээж байхдаа хууртагдахаас зайлсхийхэд хэрхэн туслах вэ?

Үйлс 1:13–26

Маттиа Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын хоосон орон тоонд сонгогдов

Төлөөлөгчид Иерусалимд эргэж ирснийхээ дараа залбирч мөн бишрэхээр Есүсийн эх Мариаг оролцуулан зарим итгэлтэй эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдтэй нэгдэн цуглажээ. Суралцагчдыг Үйлс 1:13-ыг дотроо уншаад, жагсаан бичсэн төлөөлөгчдийн тоог гаргахад урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Тухайн үед яагаад арван нэгэн төлөөлөгч байсан бэ? (Искариотын Иудас Есүс Христээс урваад, дараа нь өөрийнхөө амийг авчээ [Mатай 27:3–5-ыг үзнэ үү].)

Петр 120 шавийнхаа өмнө зогсоод, Искариотын Иудасын үхлийн тухай хүүрнэснийг тайлбарлан, Үйлс 1:15–20-ийг нэгтгэн дүгнэ. Иудас арван хоёр төлөөлөгчийн нэг байсан учраас шавь нар шинэ төлөөлөгч сонгохоор цуглажээ.

Багийн ахлах, засгийн газрын орон нутгийн удирдагч, хаан эсвэл хатан, компанийн ерөнхийлөгч зэрэг удирдагчийг сонгодог өөр өөр арга замыг дүрслэн хэлэхэд суралцагчдыг урь.

  • Эдгээр удирдлагын албан тушаалд шаардагдах ямар зарим шаардлага байж болох вэ?

Одоо үйлчилж байгаа Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгынхны зураг юм уу нэг зураг үзүүлээд, энэ эрэгтэйчүүд бүгд Есүс Христийн төлөөлөгч гэдгийг гэрчил. Есүс Христийн төлөөлөгч хэрхэн сонгогддог мөн хэн нэгнийг төлөөлөгчөөр үйлчлэхэд юу тэнцүүлдгийг бодож үзэхийг суралцагчдаас хүс.

Суралцагчдыг хос болгон хуваарил. Тэднийг Үйлс 1:21–26-г хамтрагчтайгаа чанга уншаад, Искариотын Иудасыг үхсэний дараа шинэ төлөөлөгчийг хэрхэн сонгосныг олж мэдэхэд урь.

  • “Тэд … шавга хаясан” гэдэг нь ямар утга учиртай вэ? (26-р шүлэг).

Та эрт үед шавга хаях нь Бурханы удирдсанаар үр дүн нь гардаг гэдэгт итгэж байгаагаа үзүүлдэг, шийдвэр гаргах найдвартай хэрэглүүр байсан гэдгийг тайлбарлаж болно (Үйлс 1:26-г үзнэ үү; мөн Сургаалт үгс 16:33-ыг үзнэ үү). “Хэрэв тэд шавга хаявал, энэ нь Их Эзэн үр дүнг сонгож харуулдаг тийм хэв маяг байсан юм. Хэдий тийм ч үүнээс илүүтэйгээр төлөөлөгчийн ариун албанд үйлчлэхээр Бурханы сонгосон хүнийг дэмжихээр ‘тэд саналаа өгсөн,’ магадгүй ‘батлах саналаа’ өгсөн” (Брүс Р.Макконки, Doctrinal New Testament Commentary, 3 боть. [1965–1973], 2:32).

  • 21–22-р шүлэгт цэдэглэснээр, Петр шинэ төлөөлөгч ямар чанаруудтай байх ёстой гэж хэлсэн бэ? (Тэрээр Есүс Христийн тохинуулал, Амилалтыг гэрчлэх дагагч байх ёстой.)

  • 24–25-р шүлэгт цэдэглэсэн төлөөлөгчдийн залбирлын юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлж байна вэ?

  • Есүс Христийн төлөөлөгч хэрхэн дуудагддаг тухай ямар үнэнийг бид 24-р шүлгээс мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Есүс Христийн төлөөлөгчид илчлэлтээр дамжуулан Бурханаар дуудагддаг гэдгийг онцлон хэлж байгааг бататга. Энэ үнэнийг самбар дээр бичээд, суралцагчдыг үүнийг судартаа 24-р шүлгийн дэргэд бичихэд урамшуулан дэмж.)

  • Төлөөлөгч нь дэлхий дээрх бусад удирдагчтай адил арга замаар сонгогдохын оронд яагаад илчлэлтээр дамжуулан Бурханаар дуудагдах нь чухал гэж та нар бодож байна вэ?

Орчин үеийн төлөөлөгч хэрхэн илчлэлтээр дамжуулан Бурханаар дуудагддагийг үзүүлэхийн тулд нэг суралцагчийг ерөнхийлөгч Хибэр Ж.Грантын амьдралаас өгүүлсэн дараах түүхийг чанга уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Хибэр Ж.Грант

“Ерөнхийлөгч [Хибэр Ж.] Грант Сүмийн ерөнхийлөгчийн хувьд Сүмийг бүхэлд нь удирдахаар илчлэлт хүлээн авдаг байсан. Ийм нэгэн илчлэлт түүнийг Сүмийн ерөнхийлөгчөөр дөнгөж томилон адисалсны дараа Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын шинэ гишүүнийг томилохоор Их Эзэний хүслийг эрэлхийлж байхад иржээ. Түүнийг энэ үүрэг хариуцлагаа тунгаан бодож байх үед итгэлтэй хожмын үеийн гэгээнтэн, батлагдсан удирдагч, насан туршийн анд Ричард В.Янг байн байн бодолд нь орж ирээд байлаа. Ерөнхийлөгч Грант энэ магадлалын талаар өөрийн зөвлөхүүдтэйгээ ярилцахад тэд түүний шийдвэрийг дэмжжээ. Тэрээр энэ авсан арга хэмжээндээ итгэлтэй болсныхоо эцэст найзынхаа нэрийг хуудас цаасан дээр бичээд, Тэргүүн Зөвлөл ба Арванхоёрын чуулгатай хийдэг долоо хоног тутмын ариун сүмийн уулзалтандаа авч очсон байна. Хэдий тийм ч тэрээр ах нараас зөвшөөрөл авахаар уг нэрийг танилцуулах болоход танилцуулж чадсангүй. Ричард В.Янгийн нэрийг танилцуулахынхаа оронд тэр өөрийнхөө бараг мэдэхгүй хүнийг буюу Мэлвин Ж.Баллардын нэрийг танилцуулжээ. Ерөнхийлөгч Грант энэ явдал өөрт нь хэрхэн нөлөөлсөн тухай хожим өгүүлэхдээ:

“Би ажилд минь амьд Бурхан сүнслэг өдөөлтөөр удирдаж байгааг мэдэрсэн. Би насан турш нөхөрлөсөн хамгийн эрхэм найзынхаа оронд бараг танихгүй шахам хүнийг төлөөлөгчдийн нэг байхаар сонгосон тэр өдрөөс эхлэн Бурханы ажлыг энэ дэлхий дээр удирдахад Түүний гэрэл, сүнслэг өдөөлт, удирдамжийг авах эрхтэй болсноо өөрийгөө амьд гэдгээ мэддэг шиг л мэдэх болсон” гэжээ (Teachings of Presidents of the Church: Heber J. Grant [2002], 181–82).

  • Үйлс 1:24-т заагдсан үнэнийг энэ түүхэнд орчин үеийн төлөөлөгчдийн дуудлагаар хэрхэн дүрслэн үзүүлсэн бэ?

  • Төлөөлөгчийн дуудлага нь Аврагч Сүмээ үргэлжлүүлэн удирддагийг хэрхэн харуулсан бэ? (Та Үйлс 1:2-т Есүс Христ Ариун Сүнсээр дамжуулан Өөрийн хүслийг төлөөлөгчдөд илчилснээр Сүмээ удирддаг гэсэн үнэнийг заасан гэдгийг суралцагчдад сануулж болно.)

Өмнө үзүүлсэн одоогийн амьд төлөөлөгчдийн зураг руу дахин анхаарлаа хандуул. Та тэдний нэрийг мэдэж авч эсвэл давтахад суралцагчдад туслахаар хэдэн мөчийг зарцуулж болно.

Дараах асуултуудыг самбар дээр бич.

Ямар туршлага та нарт одоогийн төлөөлөгчдийг Бурхан дууддаг гэдгийг олж мэдэхэд тусалсан бэ?

Одоогийн төлөөлөгчид Бурханаар дуудагддаг гэсэн гэрчлэлтэй байх нь яагаад та нарын хувьд чухал вэ?

Суралцагчдыг дараах асуултын нэгэнд хариулан, хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Цөөн суралцагчаас хариултаа ангийнхантайгаа хуваалцахыг хүс.

Үйлс 1:9–26-аас суралцагчдын тодорхойлсон үнэнийг гэрчлэн хичээлээ дуусга.

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судрын давтлага

Суралцагчдад эхний 10 төгс эзэмших судрын хэсгийг давтахад туслахын тулд дараах эшлэл, хамаарах түлхүүр үгсийг самбар дээр бич (хэрэв та хүсвэл суралцагчдад хүснэгтийн хуулбарыг тарааж өгч болно).

Maтай 5:14–16

Та нарын гэрэл тийнхүү гэрэлтэг.

Лук 24:36–39

Амилсан бие мах, ястай байдаг.

Матай 11:28–30

Над руу ир.

Иохан 3:5

Ус болон Сүнснээс төрөх нь

Maтай 16:15–19

Тэнгэрийн хаанчлалын түлхүүрүүд

Иохан 14:6

Зам, үнэн, амь

Maтай 22:36–39

Бурхан Эзэнээ хайрла; хөршөө хайрла.

Иохан 14:15

Хэрэв та нар Намайг хайрладаг бол Миний тушаалуудыг сахь.

Матай 28:19–20

Бүх үндэстэнд зааж, баптисм хүртээ.

Иохан 17:3

Бурхан болон Есүс Христийг мэдэх нь мөнх амь мөн.

Суралцагчдыг хос болгон хуваарил. Суралцагчдаас самбар дээр бичсэн төгс эзэмших судрын хэсгийг хамтрагчтайгаа давтахыг хүс. Та нэг хамтрагчид төгс эзэмших судрын хэсгээс түлхүүр үгсийг, нөгөө хамтрагчид таарах эшлэлийг чанга уншихыг санал болгож болно. Суралцагчдыг бүх 10 хэсгийг давттал ээлжлэн солигдоход урь.

Хэрэв цаг гарвал суралцагчдаас асуулт хариултын шалгалт авахыг бодож үз. Төгс эзэмших судрын хэсэг бүрд зориулсан түлхүүр үгийн ард хоосон зай бүхий хуудас цаасыг суралцагчдад тарааж өг. Суралцагчдыг таарах эшлэлийг хоосон зайд бичихэд урь. Хангалттай хугацаа өнгөрсний дараа асуулт хариултын шалгалтыг хянаж үз.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Үйлс 1:18. Иудасын үхэл

Иосеф Смитийн Орчуулга бидэнд Иудас өөрийгөө дүүжилжээ хэмээн цэдэглэсэн Матай 27:3–5 болон Иудас түрүүлгээ харж унан “гэдэс дотроо цувуулжээ” гэсэн Үйлс 1:18-ын хоорондох ялгааг тодруулахад тусалдаг. Матай 27:6-ийн Иосеф Смитийн Орчуулга “Мөн тэрээр мөнгөн зооснуудыг ариун сүмд чулуудаад, гарч яваад өөрийгөө модноос дүүжилжээ. Тэгээд тэр түрүүлгээ харж унан, гэдэс дотор нь цувж үхжээ” гэж бичсэн байдаг. (Mатай 27:5, зүүлт тайлбар a-г үзнэ үү).

Үйлс 1:21–22. “Бидэнтэй хамт Түүний амилалтын гэрчлэгч болох”

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит Аврагчийн тэнгэрлэг байдлын тухай хамгийн агуу гэрч Ариун Сүнснээс ирдэг хэмээн заажээ.

“Тэд [Арванхоёр төлөөлөгч] бол Есүс Христийн онцгой гэрчүүд юм. Үнэнийг мэдэх болон байнгын гэрчлэгчтэй байх нь тэдний эрх билээ. Есүс Христ бол үнэхээр Бурханы Төрсөн Ганц Хүү, дэлхийн Гэтэлгэгч гэдгийг мэдэх нь тэдэнд оногдсон хэцүү бэрх үүрэг юм. …

‘Арванхоёрын зөвлөлийн гишүүний хувьд төлөөлөгч байхын тулд Аврагчийг харсан байх шаардлагатай юу?’ гэсэн асуулт үргэлж гардаг. Тэдэнд түүнийг харах завшаан гарч болох ч Их Эзэн бие хүнийг, бүр Бурханы Хүүг үзэгдэлд харахаас ч илүү гэрч байдаг хэмээн заажээ. Ариун Сүнснээс бодгальд өгөх мэдрэмж үзэгдлээс хамаагүй илүү чухал” (“The First Presidency and the Council of the Twelve,” Improvement Era, 1966 оны 11-р сар, 979).

Үйлс 1:24–26. Бидний үед төлөөлөгчдийг хэрхэн дууддаг вэ?

Ахлагч Робэрт Д.Хэйлсийг төлөөлөгчөөр дуудаж, дэмжсэний дараа ерөнхийлөгч Гордон Б.Хинкли өнөөдөр төлөөлөгчийг хэрхэн дууддагийг тайлбарласан.

“Их Эзэний төлөвлөгөөний дагуу, албан тушаалтнуудыг сонгох үүрэг хариуцлага хүлээдэг хүмүүс: ‘Их Эзэн хэнийг сонгох бол?’ гэсэн асуултыг удирдлага болгодог. Нам гүм, буурь суурьтай тунгаан бодох шаардлагатай байдаг. Сонголт зөв гэдгийг нотлох Ариун Сүнсний баталгааг авахын тулд маш их залбирдаг.

… [Арванхоёрын чуулгын орон тоог] дүүргэхэд, Тэргүүн Зөвлөл болон Арванхоёрын Чуулгын гишүүн бүр чөлөөтэй санал гаргах эрхтэй байдаг. Ийм тохиолдол бүрд хичээнгүй мөн үнэн сэтгэлийн залбирал хийгдэж байсан гэдэгт би итгэлтэй байна. Үүний дараа Тэргүүн Зөвлөл мөн л хичээнгүй, нухацтай залбирсныхаа дараа сонголтоо хийдэг. Энэ сонголт Арванхоёрын зөвлөлөөр дэмжигддэг. Өнөөдөр Сүмийн чуулганд цугларсан гишүүд тэр сонголтыг дэмжсэн.

Хэйлс ахыг энэ өндөр хийгээд ариун албанд дуудах бодол Ариун Сүнсээр, бошиглол болон илчлэлтийн сүнсээр ирсэн гэдгийг … би гэрчилж байна. Хэйлс ах өөрийнхөө нэрийг санал болгоогүй. Түүний нэрийг Сүнс санал болгосон” (“God Is at the Helm,” Ensign, 1994 оны 5-р сар, 53–54).

Үйлс 1:24–26. Бидний үед дуудагдсан төлөөлөгчид

Хэдийгээр Сүмийн ерөнхий гишүүнчлэл дараагийн төлөөлөгч юм уу Сүмийн орон нутгийн санваарын удирдагчдыг сонгодоггүй ч Бурханы дуудсан хүмүүсийг дэмжих боломж бидэнд бий. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли бусдыг дэмжих гэдэг нь юу гэсэн утгатай болохыг: “Дэмжих үйл явц нь ёс төдий гараа өргөхөөс хавьгүй чухал юм. Энэ бол сонгогдсон хүмүүсийг урамшуулж, дэмжиж, туслах амлалт юм” гэж заасан (“This Work Is Concerned with People,” Ensign, 1995 оны 5-р сар, 51).