147-р хичээл
2 Петр 2–3
Оршил
Хуурамч бошиглогч, багш нар хүмүүсийг буруу замд оруулдгийг Петр анхааруулав Эцсийн өдрүүдэд Есүс Христийг эргэж ирнэ гэдэгт итгэснийх нь төлөө зөв шударга хүмүүсээр ёс бусчууд тохуурхах болно гэдгийг тэр бошиглосон. Петр Аврагчийн Хоёр дахь ирэлтэд хичээнгүйлэн бэлтгэхэд гэгээнтнүүдийг урамшуулан дэмжив.
Заах зөвлөмж
2 Петр 2
Петр хуурамч багш нарт хууртахаас сэрэмжлүүлэв
Хүмүүс өөрсдийнх нь хийж буй зүйлс буруу гэдгийг мэдсээр байж, яагаад нүгэл үйлдэхийг сонгодог вэ? гэсэн асуултыг самбарт бич.
Суралцагчдыг энэ асуултыг тунгаан бодоход уриад, цөөн суралцагчаас хариултаа хуваалцахыг хүс.
2 Петр 2-оос бид гэгээнтнүүдийг мэхлэхийг эрэлхийлж буй хүмүүсийн талаар төлөөлөгч Петр сэрэмжлүүлж байгааг уншдаг. 2 Петр 2-ыг судалж байхдаа нүгэлд хүргэх хууран мэхлэлтийг ялган таньж, улмаар сэргийлэхэд туслах үнэнүүдийг олж мэдэхийг суралцагчдаас хүс.
Нэг суралцагчийг 2 Нифай 2:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, гэгээнтнүүдийг хэн хууран мэхлэхийг оролддог талаар Петрийн хэлсэн сэрэмжлүүлгийг олж мэдэхийг хүс.
-
Гэгээнтнүүдийг хэнээс болгоомжлохыг Петр сэрэмжлүүлсэн бэ?
-
Эдгээр хуурамч бошиглогч, багш нар юу заадаг вэ? (“Хөнөөлт тэрс үз[эл]” [1-р шүлэг] гэдэг нь хуурмаг, хөнөөлт зааврууд гэдгийг тайлбарла.)
-
Хуурамч багш нар бидэнд юу хийхийг эрэлхийлдэг талаар Петрээс ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчдад Хуурамч багш нар биднийг хууран мэхлэхийг эрэлхийлдэг гэсэнтэй төстэй үнэнийг олж тогтооход тусал. Энэ үнэнийг самбарт бич.)
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Өнөөдөр хуурамч багш нар биднийг хууран мэхлэхийн тулд юу заадаг болохыг олж сонсохыг ангийнхнаас хүс.
“Хуурамч бошиглогчид болон багш нар бошиглогч Иосеф Смитийг хоёр нүүртэй хууран мэхлэгч гэж тунхаглан, Анхны үзэгдлийг үнэн бодит үйл явдал гэдгийг үгүйсгэдэг хүмүүс юм. Тэд Мормоны Номыг болон Сүмээс хүлээн зөвшөөрсөн бусад бүтээлийг эртний судрын цэдэг биш гэж тунхаглан зарладаг. Тэд мөн Бурхан Тэргүүтэний мөн чанарыг дахин шинээр тодорхойлох гэж оролдон, Бурхан Өөрийн томилон, дэмжин баталсан бошиглогчдодоо илчлэлт өгч байсан мөн өгсөөр байгаа гэдгийг үгүйсгэдэг. …
Хуурамч бошиглогч, багш нар гэдэг нь гэрлэлтийн ариун нандин байдал, гэр бүлийн бурханлаг мөн чанар, хувийн ёс суртахууны нэн чухал сургаалыг хамгаалсан, Бурханаас өгөгдөж, судар дээр үндэслэгдсэн сургаалуудыг өөрчлөхийг оролддог хүмүүс юм. Тэд садар самуун явдал, хууль бусаар эр эм болох, ижил хүйстний харилцааг зөвтгөхийн тулд ёс суртахууны тодорхойлолтыг дахин шинэчлэхийг дэмждэг билээ” (“Beware of False Prophets and False Teachers,” Ensign, 1999 оны 11-р сар, 63, 64).
Суралцагчдыг хуурамч багш нарын сургаал, заавруудтай таарч байсан үеийнхээ талаар бодож үзэхэд урь.
-
Хуурамч багш нарын сургаал, заавруудын талаар сэрэмжтэй байх нь яагаад чухал вэ?
Өнгөрсөн цаг үед хуурамч багш нарыг дагасан хүмүүст юу тохиолдсон талаар Петр хэд хэдэн жишээ дурдсаныг тайлбарлан, 2 Петр 2:4–17-г нэгтгэн дүгнэ. Түүнчлэн Петр хуурамч багш нарын нөлөөнд ороогүй хүмүүсийн жишээг дурдсан. Үүний дараа Петр хуурамч багш нарын ёс суртахуунгүй зан чанарыг тайлбарласан.
Суралцагчдад загасны уурга, өгөөш, дэгээг үзүүл эсвэл самбар дээр зургийг нь зур. (Хэрэв суралцагчдад загас барих үүнээс өөр арга хэрэгсэл илүү танил байдаг бол тэр хэрэгслийг эсвэл зургийг нь үзүүл.)
Загасчны загас барих нэг арга нь өгөөшөөр загасыг хуурч урхинд эсвэл дэгээнд оруулах явдал байдгийг тайлбарла. Загасчны энэ арга барил нь хуурамч багшийнхтай хэрхэн адил байгааг тунгаан бодохыг суралцагчдаас хүс.
Нэг суралцагчийг 2 Петр 2:18–19-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, хуурамч багш нар хэрхэн гэгээнтнүүдийг хуурч, өөрсдийн сургаалыг дагахад уруу татдагийг олж мэдэхийг хүс.
-
Хуурамч багш нар Сүмийн гишүүдийг хэрхэн урхидаж, хууран мэхэлдэг вэ? (Зарим хуурамч багш чин сэтгэлээсээ байж болох боловч өөрсдөө хууртсан байдаг гэдгийг онцол.)
-
Хуурамч бошиглогч эсвэл багш нарын сургаал нь юугаараа загасны өгөөш эсвэл дэгээтэй адил байдаг вэ?
-
19-р шүлэгт цэдэглэснээр, эдгээр хуурамч багш юу амладаг вэ? (“Эрх чөлөө.” Өөр үгээр хэлбэл, тэд зарлигуудыг дуулгавартай дагахын оронд нүгэл үйлдэх нь илүү их эрх чөлөөнд хүргэдэг гэж заадаг.)
Самбар дээрх үнэнийг Хуурамч багш нар биднийг хуурч, нүгэл нь илүү их эрх чөлөөнд хүргэдэг гэж итгүүлэхийг оролддог гэж уншигдахаар болгож нэмж бич.
Суралцагчдыг 19-р шүлгийг дотроо дахин уншаад, хуурамч сургаалд болон нүгэлд автсан хүмүүст юу тохиолддог болохыг олж мэдэхэд урь.
-
Хуурамч сургаал, нүгэлд автсан хүмүүст юу тохиолддог вэ? (Тэд үүнийхээ боол нь болдог.)
-
Эрх чөлөөтэй болгодог мэт харагддаг боловч боолчлолд хүргэдэг хуурамч сургаалын ямар жишээ байдаг вэ?
Нэг суралцагчийг 2 Петр 2:20–22-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, нүглээс зугтаасан боловч эргэн орсон хүмүүсийн талаар Петрийн заасан зүйлийг олж мэдэхийг хүс.
-
“Ертөнцийн бузар бусармагаас … Есүс Христ[ээр] ангижирс[ан]” (20-р шүлэг) хүмүүс яагаад нүгэлт замдаа эргэн ороход уруу татагддаг вэ?
-
Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд итгэлтэй хэвээр үлдэж, өмнөх нүгэл рүүгээ эргэхгүй байхад нь хэн нэгэнд туслах ямар зөвлөгөөг та өгөх вэ?
2 Петр 3
Петр Хоёр дахь ирэлтийн талаар гэрчлэв
Петр захидлынхаа төгсгөлд Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар гэгээнтнүүдэд сануулсан бөгөөд үүнд хэрхэн бэлтгэхийг заасан. Петр эцсийн өдрүүдэд Хоёр дахь ирэлтэд итгэдэг хүмүүсийг зарим хүн тохуурхаж, доромжлох болно гэж заасныг тайлбарлан, 2 Петр 3:1–9-ийг нэгтгэн дүгнэ.
Олон хүн Хоёр дахь ирэлтэд итгэхгүй байхад тэд яагаад итгэдгийг цөөн суралцагчаас асуу.
Нэг суралцагчийг 2 Петр 3:10–14-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Хоёр дахь ирэлтийн талаар Петр юу заасныг олж мэдэхийг хүс. 11-р шүлэг дэх байдал гэдэг үг нь биеэ авч явах () гэсэн үг ба 12-р шүлэг дэх “түргэлүүл” гэдэг үг нь аливаа зүйлийг тэсэн ядан хүлээх гэсэн утгатай юм.
-
10-р шүлэгт цэдэглэснээр, Петр Хоёр дахь ирэлтийн талаар юу гэж заасан бэ?
-
11–14-р шүлэгт цэдэглэснээр, Петр гэгээнтнүүдэд Хоёр дахь ирэлтэд бэлтгэх талаар ямар зөвлөгөө өгсөн бэ? (Ариун бөгөөд бурханлаг амьдралаар амьдарч, Хоёр дахь ирэлтийг тэсэн ядан хүлээж, “толбогүй бөгөөд гэм зэмгүйгээр” олдохыг хичээх тухай зөвлөсөн [14-р шүлэг].)
“Толбогүй бөгөөд гэм зэмгүй” (14-р шүлэг) гэдэг нь нүглээс ангид байхыг хэлнэ. Нүгэлгүй цэвэр хүмүүс нь Бурхантай эвлэрүүлэгдсэн хүмүүс бөгөөд Аврагчийг ирэхэд Түүнтэй хамт амар амгалан байх болно.
-
Бид Аврагчийн Хоёр дахь ирэлтэд хэрхэн бэлтгэх тухай Петрийн заасан зарчмыг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчдыг Бид бурханлаг амьдралаар амьдарч, Түүний ирэхийг тэсэн ядан хүлээснээр Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэж чадна гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтооход тусал. “Харуулдах” гэдэг нь Их Эзэний ирэхийг тэсэн ядан хүлээхийг хэлж байгаа гэдгийг тайлбарла.)
-
Бид бурханлаг амьдралаар амьдарч, Аврагчийн Хоёр дахь ирэлтийг харуулдан хүлээхийн тулд ямар ямар зүйл хийж болох вэ?
Петр ёс бус явдалд унахаас сэрэмжлүүлсэн гэдгийг тайлбарлан, 2 Петр 3:15–18-ыг нэгтгэн дүгнэ. Петр гэгээнтнүүдийг “Есүс Христийн нигүүлсэл болон мэдлэг дотор өсө[хөд]” уриалав (18-р шүлэг).
2 Петр 2–3 дээр заасан үнэний талаар гэрчлэн, хичээлээ дуусга. Суралцагчдыг хуурамч сургаалуудыг ялган танихыг хичээж, Хоёр дахь ирэлтэд тууштай бэлтгэхэд урь.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
2 Петр 3:12. “Бурханы өдрийн ирэхийг хүлээж”
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн Христийн Хоёр дахь ирэлтийн талаар:
“[Хоёр дахь ирэлтэд] төсөөлөх аргагүй [зүйл болох болно]: Их Эзэн ‘бүх махбод намайг хамтдаа харах болно’ [С ба Г 101:23] хэмээн хэлсэн байдаг. Энэ нь хэрхэн тохиолдох бол? Бид мэдэхгүй. Гэхдээ энэ нь бошиглосны дагуу биелэгдэнэ гэдгийг би гэрчилж байна. Бид хүндэтгэлтэй байдлаар өвдөг сөгдөнө. ‘Мөн Их Эзэн дуу хоолойгоо илэрхийлэх болно, мөн дэлхийн бүх хязгаарууд үүнийг сонсох болно’ [С ба Г 45:49]. ‘Энэ нь их усны дуу хоолой мэт, … агуу их аянгын дуу хоолой мэт байх болно’ [С ба Г 133:22]. ‘Мөн Их Эзэн, бүр Аврагч өөрийн хүмүүсийн дунд зогсох болно’ [С ба Г 133:25]. …
Тэр өдөр үл итгэгчид чимээгүй болж, Есүс бол Христ, Бурханы Хүү, дэлхийн Аврагч ба Гэтэлгэгч гэдгийг ‘чих бүхэн үүнийг сонсож, мөн өвдөг бүхэн сөхөрч, мөн хэл бүхэн хүлээн зөвшөөрөх болно’ [С ба Г 88:104] гэж гэрчилсэн” (“Таны хаанчлал ирэх болтугай,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 113).