Номын сан
54-р хичээл: Лук 16


54-р хичээл

Лук 16

Оршил

Есүс шударга бус нярвын сургаалт зүйрлэлийг заав. Фарисайчууд Есүсийн сургаалыг сонсоод, Түүгээр доог тохуу хийжээ. Тэгэхэд Есүс фарисайчуудыг зэмлэж, тэдэнд баян хүн, Лазар хоёрын сургаалт зүйрлэлийг заажээ.

Заах зөвлөмж

Лук 16:1–12

Есүс шударга бус нярвын сургаалт зүйрлэлийг заав

Дэлхийн эд баялаг, хүчийг төлөөлөх мөнгө, электрон хэрэгсэл, диплом, тоглоомон машин, байшингийн зургийг ангид авчрах талаар бодож үз.

Дараах асуултыг тавин, хичээлээ эхлүүл. Үүнд:

  • Хүмүүсийн зүрх сэтгэлээ өгч, авахыг хүсдэг ямар зүйл байдаг вэ? (Хэрэв та холбогдох эд зүйлсийг ангид авчирсан бол суралцагчдыг тэдгээрийг нэрлэх үед дээш өргөж харуул. Эсвэл нэг суралцагчаас суралцагчдын хариултыг самбар дээр жагсааж бичихийг хүс.)

  • Тэнгэрлэг Эцэгийн биднийг эрэлхийлээсэй хэмээн хүсдэг ямар баялаг байдаг вэ? (Нэг суралцагчийг ангийн гишүүдийн хариултыг самбар дээр жагсааж бичихэд урь. Тэдгээрт мөнхийн гэр бүл, амар амгалан, баяр баясал, селестиел алдар суу орж болно. Суралцагчид уг жагсаалтын дээр Мөнхийн баялаг гэсэн гарчгийг бичихийг зааварла.)

Бид эдгээр мөнхийн баялгийн заримыг нь энэ амьдралдаа эдэлж болно гэдгийг онцол. Суралцагчдаас аль мөнхийн баялаг тэдэнд хамгийн чухал болохыг тунгаан бодохыг хүс. Тэднийг Лук 16-аас судалж байхдаа мөнхийн баялгийг хүлээн авахад туслах үнэнийг олж мэдэхэд урь.

Аврагч алдагдсан хонь, гээгдсэн зоос, үрэлгэн хүүгийн сургаалт зүйрлэлийг заасныхаа дараа шударга бус нярвын сургаалт зүйрлэлийг заасан болохыг тайлбарла. Нярав гэдэг нь өөр хүний бизнесийн ажил хэрэг, мөнгийг эсвэл эд хөрөнгийг хариуцаж, зохицуулдаг хүнийг хэлдэг гэдгийг та тайлбарлаж болно.

Нэг суралцагчийг Лук 16:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, энэ сургаалт зүйрлэл дэх баян хүн нярвынхаа талаар юу мэдсэнийг олж мэдэхийг хүс.

  • Нярав баян эрийн эд баялгаар юу хийж байсан бэ?

  • Няравын үрэлгэн байдлын үр дагавар юу байсан бэ? (Тэр ажлаа алдсан.)

Нярав өөрийгөө биеийн хөдөлмөр хийж чадахгүй гэж бодон, гуйлга гуйхаас ичсэн учир ажлаа алдсаныхаа дараа юу хийх талаараа санаа зовж байсан гэдгийг тайлбарлан, Лук 16:3–7-г нэгтгэн дүгнэ. Тэр өөр айлд ажлын байр олох боломж олгож магадгүй гэж бодоод, нэг арга зохиожээ. Тэр нөгөөх баян хүнд өртэй хоёр хүн дээр очоод, тэдний тааллыг олохын тулд өрийг нь маш ихээр багасгаж бодсон байна.

Нэг суралцагчийг Лук 16:8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, баян хүн нярвынхаа үйлдлийн талаар сонсоод, ямар хариу үйлдэл үзүүлснийг олж мэдэхийг хүс. “Энэ үеийн хөвгүүд” гэдэг нь оюун санаагаа дэлхийн зүйлст төвлөрүүлдэг хүмүүсийг хэлдэг ба “гэрлийн хөвгүүд” гэдэг нь Бурханы дагалдагчдыг эсвэл оюун санаагаа сүнслэг зүйлст төвлөрүүлдэг хүмүүсийг хэлдэг гэдгийг тайлбарла.

  • Баян хүн нярвынхаа үйлдлийн талаар сонсоод, ямар хариу үйлдэл үзүүлснийг олж мэдэхийг хүс. Баян хүн юуг магтан сайшаасан бэ? (Баян хүн өөрт нь өртэй хүмүүсийн тааллыг олохын тулд гаргасан ухаалаг үйлдлийнх нь төлөө түүнийг магтан сайшаажээ. Тэр нярвынхаа шударга бус байдлыг магтан сайшаагаагүй.)

Суралцагчдад Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Талмэйжийн хэлсэн дараах үгийг хувилж өг: Нэг суралцагчийг дараах хэлсэн үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас уг хэсгийг дагуулж уншаад, Аврагчийг шударга бус нярвын сургаалт зүйрлэлээр дамжуулан юу заасныг олж мэдэхийг хүс.

Зураг
Ахлагч Жэймс Э.Талмэйж

“Их Эзэний зорилго бол дэлхийн ашиг олох ажил хэрэгт оролцсон хүний гаргасан хичээл зүтгэл, ур ухаан, анхаарлын мөн сүнслэг баялгийн араас хөөцөлдөж буй мэт дүр эсгэдэг хүмүүсийн чин сэтгэлийн бус арга замуудын хоорондох ялгааг харуулах явдал байсан юм. …

Шударга бус явдал, хилэнцээс хүртэл сургамж ав. Хэрэв тэд өөрсдийн санаа зовж буй цорын ганц ирээдүйн төлөө хашир аргаар бэлтгэж байгаа гэвэл мөнхийн ирээдүйд итгэдэг та нар хэчнээн илүү их бэлтгэх хэрэгтэй билээ! … Шударга бус нярав, эд хөрөнгийг хайрлагчдын түр зуурынх байдаг шударга бус, амин хувиа хичээсэн байдал, эд мөнгөнд шунах шуналыг бус, харин ирээдүйн төлөөх урам зориг, анхаарал хайхрамж, бэлтгэлтэй байдлыг даган дуурай” (Jesus the Christ, 3 дахь хэвлэл, [1916], 463, 464).

  • Аврагч шавь нараа оюун санаагаа дэлхийн эд зүйлсэд төвлөрүүлдэг шударга бус нярав шиг хүмүүсээс юу суралцаасай хэмээн хүссэн бэ?

Хэрэв бид мөнхийн ирээдүйдээ ухаалгаар бэлтгэх аваас … гэсэн гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич.

Нэг суралцагчийг Лук 16:10–12-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, мөнхийн баялгаар адислагдахын тулд биднийг юу хийх ёстой хэмээн Аврагч хэлснийг олж мэдэхийг хүс. Эд хөрөнгө гэдэг нь мөнгө, эд хогшил, түншийн холбоо зэрэг дэлхийн эд баялгийг хэлдэг гэдгийг тайлбарла.

  • “Маш бага юманд итгэмжтэй байна” (10-р шүлэг) гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (Суралцагчдыг хариулсны дараа самбар дээрх өгүүлбэр дээр мөн дэлхийн эд баялгийг зөв шударгаар ашиглавал … гэсэн үгсийг нэмж бич.)

Суралцагчдын анхаарлыг самбар дээрх мөнхийн баялгийн жагсаалт руу хандуул.

  • Эдгээр “жинхэнэ баялгийг” (11-р шүлэг) юу бий болгодог вэ?

Суралцагчдаас мөнхийн баялгийг хэрхэн хүлээн авч болох тухай зарчим гаргахын тулд самбар дээрх өгүүлбэрийг гүйцээж бичихийг хүс. (Суралцагчид Хэрэв бид мөнхийн ирээдүйдээ ухаалгаар бэлтгэвэл мөн дэлхийн эд баялгийг зөв шударга ашиглавал мөнхийн баялгаар адислагдаж чадна гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)

  • Мөнхийн ирээдүйдээ ухаалгаар мөн шаргуу бэлтгэх нь яагаад заримдаа хэцүү байдаг вэ?

  • Бид хэрхэн дэлхийн эд баялгийг зөв шударга ашиглах вэ?

  • Дэлхийн эд баялгийг ухаалгаар ашиглах нь хэрхэн мөнхийн баялгийг итгэмжлэн хүлээн авах зохистой байдлыг маань харуулдаг вэ?

Лук 16:13–31

Есүс фарисайчуудыг зэмлэж, тэдэнд баян хүн, Лазар хоёрын сургаалт зүйрлэлийг заав

Суралцагчдын анхаарлыг самбар дээрх жагсаалт руу (эсвэл өөрийнхөө авчирсан дэлхийн эд баялгийг төлөөлөх эд зүйлс рүү) хандуулаад, тэднээс дэлхийн эд баялагт шунах нь бидэнд мөнхийн баялгийг хүлээн авахад хэрхэн саад болдгийг тунгаан бодохыг хүс. Суралцагчдыг Лук 16:13–26-аас судалж байхдаа энэ асуултад тохирох нэг хариултыг олж мэдэхэд урь.

Аврагч биднийг “Бурханд ба эд баялагт зэрэг үйлчилж чадахгүй” (13-р шүлэг) хэмээн заасан гэдгийг тайлбарлан, Лук 16:13–14-ийг нэгтгэн дүгнэ. Фарисайчууд Аврагчийн сургаалыг сонсоод, Түүгээр “доог тохуу хийж”, (14-р шүлэг) шоолж байсан. Суралцагчдаас фарисайчуудыг дүрслэх нэг үгийг мөн тэд яагаад заасан сургаалынх нь төлөө Аврагчаар доог тохуу хийсэн тухай нэг тайлбарыг Лук 16:14-өөс олж мэдэхийг хүс.

  • Фарисайчуудын талаар мэдсэн зүйлээс харахад тэд юунд шунасан бэ? (Дэлхийн эд баялаг, хүч чадал [Матай 23:2–6, 14-ийг үзнэ үү].)

  • Фарисайчуудын шунал яагаад Аврагчаар доог тохуу хийхэд хүргэсэн гэж та бодож байна вэ?

Лук 16:16–23-ын Иосеф Смитийн Орчуулга (Гурамсан судрын хавсралт) фарисайчууд ба Аврагчийн хоорондох ярианы талаар илүү дэлгэрэнгүй ойлголт өгдөг гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг уг орчуулгын дараах товч дүгнэлтийг чанга уншихад урь:

Фарисайчууд Мосегийн хууль ба бусад бошиглолын судар (Хуучин Гэрээ) тэдний хууль болон үйлчилдэг гэж зүтгэдэг байсан учраас Есүсийг өөрсдийн шүүгч байхыг эсэргүүцжээ. Есүс Мосегийн хууль болон бошиглогчид Өөрийнх нь талаар гэрчилсэн хэмээн тайлбарлажээ. Тэрээр бичигдсэн зүйлсийг эсэргүүцсэнийх нь төлөө фарисайчуудад асуулт тавьж, “зөв замыг гажуудуулс[ных нь]” төлөө зэмлэжээ (Иосеф Смитийн орчуулга, Лук 16:21). Аврагч зүрх сэтгэлээ дэлхийн эд баялаг, хүч чадалд хандуулсан фарисайчуудад өөрсдийнх нь зан байдлыг мөн үүний үр дагаврыг ойлгоход туслахын тулд тэднийг Лук 16:19–31-д цэдэглэгдсэн сургаалт зүйрлэл дэх баян эртэй адилтгажээ.

Гурван суралцагчаас уншигчийн дүрд тоглохыг хүс. Нэг суралцагчид Аврагчийн үгсийг (Лук 16:19–23), хоёр дахь суралцагчид баян хүний үгсийг (Лук 16:24, 27, 28, 30) гурав дахь суралцагчид Абрахамын үгсийг (Лук 16:25, 26, 29, 31) уншихыг даалга. Эдгээр суралцагчид Лук 16:19–26 дахь өөрсдийнхөө хэсгийг чанга уншихыг зааварла. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, Лазар хэмээх ядуу хүн, нэгэн баян хүн хоёрт юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.

  • Баян хүн, Лазар хоёрын мөнх бус амьдрал хэрхэн өөр байсан бэ?

  • Тэдний мөнх бус амьдралын дараах амьдрал хэрхэн өөр байсан бэ? (“Абрахамын өвөр” [22-р шүлэг] гэдэг нь сүнсний дэлхий дэх диваажинг мөн “үхэгсдийн орон” [23-р шүлэг] гэдэг нь сүнсний шоронг төлөөлж байгаа гэдгийг тайлбарлаж болно [Судруудын удирдамж, “Абрахамын өвөр,” “Там”-ыг үзнэ үү].)

  • Баян хүн ямар байдлаар дэлхийн эд баялгаа зөв шударга ашиглаж чадаагүй вэ?

Энэ сургаалт зүйрлэл дэх баян хүн шуналтай фарисайчуудыг төлөөлж байгааг суралцагчдад сануул.

  • Хэрэв бид шуналтай байвал, дэлхийн эд баялгаа зөв шударга ашиглахгүй бол юу тохиолдох тухай энэ сургаалт зүйрлэлээс ямар сургамж авч болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Хэрэв бид шуналтай байвал, дэлхийн эд баялгаа зөв шударга ашиглахгүй бол эцэстээ зовлон шаналал, харамсал гашуудлыг мэдрэх болно гэсэн зарчмыг самбар дээр бич [мөн С ба Г 104:18-ыг үзнэ үү].)

Суралцагчдыг энэ сургаалт зүйрлэлээс нэмэлт үнэнийг тодорхойлоход бэлтгэхийн тулд Аврагчийн сургаалын дагуу амьдрахгүй байхыг сонгож байгаагийнх нь төлөө санаа зовж байгаа хэн нэгний тухай бодоход урь.

  • Ямар зүйл тухайн хүнд наманчилж, амьдралынхаа хэв маягийг өөрчлөхөд ятгаж чадна гэж та бодож байна вэ?

Томилогдсон суралцагчдыг Лук 16:27–31 дэх өөрсдийн хэсгийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, баян хүний хүсэлтийг олж мэдэхийг хүс.

  • Баян хүн таван дүүдээ юу тохиолдоосой гэж хүссэн бэ? Яагаад?

  • Хэрэв Лазар дүү нар дээр нь очвол юу тохиолдоно гэдэгт уг баян хүн итгэж байсан бэ?

Хэрэв Лазар дүү нар дээр нь очвол тэд наманчилж, үнэнд хөрвөгдөх болно гэж баян хүн итгэж байсан гэдгийг тайлбарла. Хөрвөлт гэдэг нь “Бурханы тааллыг хүлээн зөвшөөрч мөн дагахын тулд хүн итгэл, зүрх сэтгэл, амьдралаа өөрчлөх” явдал юм (Судруудын удирдамж, “Хөрвөгч, хөрвүүлэг,” scriptures.lds.org).

  • Сургаалт зүйрлэлд өгүүлснээр, Абрахам яагаад Лазарыг баян хүний дүү нар руу явуулаагүй вэ?

Аврагч “Мосе болон эш үзүүлэгчид” (Лук 16:29, 31) хэмээн хэлэхдээ фарисайчуудын итгэдэг мөн дагаж амьдардаг гэж зүтгэдэг боловч үнэн хэрэгтээ эсэргүүцдэг судруудыг дахин эш татсан гэдгийг онцол. Хожим нь бодит амьдрал дээрх Лазар хэмээх хүн Аврагчийг өөрийг нь амилуулах үед (Иохан 11-ийг үзнэ үү) “үхэгсдээс амилсан” (31-р шүлэг) тэрхүү хүн болсон гэдгийг тайлбарла. Хожим нь Есүс амилуулагдахдаа үхэгсдээс амилсан хүн болсон. Гэвч энэ хоёр тохиолдолд хоёуланд нь фарисайчууд болон бусад хүн Аврагчийн бурханлаг байдлыг эсэргүүцэж, наманчлах өдөөлтөд хариулаагүй юм.

  • Бид энэ сургаалт зүйрлэлд Абрахамын баян хүнд заасан зүйлээс хөрвөлтийн талаар ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөр үнэнийг тодорхойлж болох ч Хөрвөлт нь гайхамшгуудыг харж, тэнгэр элчүүдийг болгоосноор биш, харин бошиглогчдын үгсэд итгэж, тэдгээрийг анхааран дагаснаар ирдэг гэсэнтэй төстэй үнэнийг тодорхойлсон эсэхийг бататга.

  • Та нар яагаад хөрвөлт нь гайхамшгуудыг харж, тэнгэр элчүүдийг болгоосноор биш, харин бошиглогчдын үгсэд итгэж, тэдгээрийг анхааран дагаснаар ирдэг гэж бодож байна вэ?

  • Бид хүмүүст бошиглогчдын үгсэд итгэж, тэдгээрийг анхааран дагахад хэрхэн тусалж чадах вэ?

  • Бошиглогчдын ямар тодорхой сургамж таны хөрвөлтөд нөлөөлсөн бэ?

Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хөрвөлтөө батжуулахын тулд бошиглогчдын тодорхой сургаал эсвэл зөвлөгөөнд илүү сайн итгэж, тэдгээрийг анхааран дагаж болох арга замуудыг бичихэд урь. Суралцагчдыг бичсэн зүйлээ хэрэгжүүлэхэд урамшуулан дэмж.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Лук 16:9. “Шударга зөв [бус] эд баялгаараа өөрсдийн анд нөхөдтэй бол”

“Шударга зөв [бус] эд баялгаараа өөрсдийн анд нөхөдтэй” болох гэдэг нь дэлхийн эд баялаг, мөнгө, хүч нөлөө, нөхөрлөлийг зөв шударга зорилгуудад хүрэхийн тулд ашиглах гэсэн үг юм. Аврагч энэ зөвлөгөөг мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр шавь нартаа мөн хожмын үеийн гэгээнтнүүдэд бүгдэд нь өгсөн юм (С ба Г 82:22-ыг үзнэ үү). Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит хожмын үеийн гэгээнтнүүд хэрхэн энэ зөвлөгөөг хэрэгжүүлж болохыг тайлбарлахдаа:

“Энэ нь ах нар ‘шударга бус байдлын эд баялгийг’ найзаа болгох гэдэг нь гэм буруут байдалд тэдэнтэй хамт хүртэх, тэднийг сэтгэл зүрхэндээ хүлээн авах, тэдэнтэй холилдох, өөрөөр хэлбэл тэдний түвшин рүү бууж ирэх гэсэн санааг агуулаагүй юм. Тэд тийн амьдарснаар дайснуудтайгаа энх амгалан байдалд байж болох байв. Тэд зөв болон ариун журамтай зарчмуудын зөвшөөрөгдөх хүрээнд тэдэнтэй найрсгаар харьцаж, нөхөрсөг байх ёстой ч хамт харааж зүхэн эсвэл ууж, архидан согтуурах ёсгүй байв. Хэрэв тэд ялгаварлалаа хойш тавин, хамтран ажиллахад бэлэн байж, найрсаг занг харуулбал энэ нь тэдний өс хонзон үгүй болоход тусалж болох юм. Шүүлт Их Эзэнд үлдэх ёстой байв” гэжээ (Church History and Modern Revelation, 2 боть, [1953], 1:323).

Бид Есүс Христийн шавь нарын хувьд бусдад хүндэтгэлтэй, нөхөрсөг хандах ёстой. Бид үүнийг хийснээр найз нөхдийн хүрээгээ тэлж, бусдаас суралцах болно. Бидний чин сэтгэлийн шударга нөхөрлөлөөр дамжуулан бидэнтэй харилцаж буй хүмүүс бидний талаар мөн Их Эзэний Сүмийн талаар эерэг бодолтой болж болно. Шаардлага гарвал тэд магадгүй биднийг эсвэл Сүмийг хамгаалж болох юм.

Лук 16:1–12. Шударга бус нярвын сургаалт зүйрлэлээс суралцах

Шударга бус нярвын сургаалт зүйрлэлээс илүү ихийг суралцахыг хүсвэл Бүсийн дал байсан Цүнг Тинг Яанг ахын “Parables of Jesus: The Unjust Steward,” Ensign, 2003 оны 7-р сар, 28–31-ийг үзнэ үү.

Лук 16:19–26. Бусдын хэрэгцээг үл ойшоохын үр дагавар

Лазарыг ядууран зовж байхад баян хүн баян тансаг амьдарч байсан. Энэ сургаалт зүйрлэлд уг баян хүний үйлдсэн тодорхой нүглийг дурдаагүй боловч “[баян хүний] хаалгыг нь сахин хэвтэж” (Лук 16:20) байсан хэмээх Лазарын тодорхойлолт баян хүн Лазарын гуйлтад хариулахаас татгалзсан гэдгийг харуулдаг. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд бид бүгд Бурханы нигүүлслийг гуйгч гуйлгачид гэдгийг сануулж, материаллаг хэрэгцээгээр дутагдаж байгаа хүмүүст туслах үүрэг хариуцлагын маань тухай заасан юм. Тэрээр энэхүү тусламжийг үзүүлж болох зөв арга замыг хэрхэн мэдэж чадах тухай дараах амлалтыг өгсөн юм.

“Хэрвээ бид [Бурханы] өгсөн зарлигуудыг биелүүлэх арга замуудыг чин сэтгэлээсээ хайж, залбирч, дахин дахин эрэлхийлбэл Тэрээр та нарыг шавь байх энэрэл хайрын үйлсэд тань удирдан чиглүүлж, туслах болно” гэжээ (“Бид бүгд гуйлгачид бус уу?” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 48).

Лук 16:19–31. Мөнх бус амьдралын шударга бус явдлыг залруулах

Баян хүн, Лазар хоёрын сургаалт зүйрлэл дээр баян хүнд “Хүү минь, чи амьдралынхаа туршид сайн сайхан зүйлээ хүлээн авахад тэрчлэн Лазар ч муугаа авсныг чи санаач” (Лук 16:25) хэмээн хэлжээ. Мөнх бус амьдрал дахь болон сүнсний дэлхий дэх баян хүн, Лазар хоёрт тохиолдсон өөр өөр туршлага энэ амьдралд тохиолдох шударга бус байдлыг ялах эсвэл залруулах Цагаатгалын хүчийг харуулдаг. Есүс Христийн Цагаатгалын ачаар шударга ёс нь зөв шударга хүмүүсийн сайн сайхны төлөө ажиллаж, тэдний найз нөхөд болдог.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон:

“Аврагч бүх зүйлийг зөв болгодог. Мөнх бус амьдрал дахь шударга бус байдал, тэр байтугай үхэлд хүртэл төгсгөл ирнэ. Учир нь Тэр амьдралыг сэргээдэг бөгөөд Түүний төгс шударга ёс, төгс нигүүлслийн ачаар гэмтэл бэртэл, хөгжлийн бэрхшээл, хууран мэхлэлт, хүчирхийлэл зэрэг нь бүгд эцэстээ нөхөн төлөгдөх болно” хэмээн заажээ (“Есүс Христийн амилалт,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 132).

Лук 16:19–31. Баян хүн, Лазар хоёрын сургаалт зүйрлэл дэх сүнсний дэлхий

“Баян хүн, Лазар хоёрын сургаалт зүйрлэл мөнх бус амьдралын дараах сүнсний дэлхий дэх ‘Абрахамын өвөр’ мөн ‘үхэгсдийн орон’ гэсэн хоёр өөр нөхцөл байдлыг харуулдаг (Лук 16:22–23-ыг үзнэ үү). Эхнийх нь итгэлтэй тэдгээртэй хамт байх тайтгарлын газар (эдгээрийн хамгийн агуу жишээ нь эцэг Абрахам юм), харин хоёр дахь нь зовлон тарчлалын газар хэмээн дүрслэгдсэн байна. … Энэхүү итгэлтэй тэдгээрийн газар болон ‘тамын’ хооронд ирж, очуулахад саад болсон ‘гүн ангал’ (Лук 16:26) байдаг. …

Христийн үхлээс өмнө диваажин дахь сүнснүүд сүнсний шоронд байгаа тэдгээр дээр очих боломжгүй байсан. Сүнсний дэлхий дэх Түүний тохинуулал диваажин, сүнсний шорон хоёрын хоорондох ангал дээгүүр гүүр барьж, сүнсний шорон дахь сүнснүүдэд диваажингаас ирсэн эрх мэдэлтэй үйлчлэгчдээс сайн мэдээний захиасыг хүлээн авах боломжийг олгосон (С ба Г 138:18–37; Иохан 5:25–29; 1 Петр 3:18–21; 4:6-г үзнэ үү)” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 173). Христийн гүүр барьсан энэхүү хоёр нөхцөл байдлын хоорондох ангалыг үзүүлэнт хичээлээр харуулахын тулд Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага дахь Лук 16:19–31-ийн тайлбарыг үзнэ үү.

Иосеф Смитийн Орчуулга, Лук 16:16–23 (Гурамсан судрын хавсралт). Фарисайчуудын ёс бус байдал

Иосеф Смитийн Орчуулга, Лук 16:16–23-т цэдэглэснээр, Есүс “зөв замыг гажуудуулс[ных нь]” (Иосеф Смитийн Орчуулга, Лук 16:21 [гурамсан судрын хавсралт]) төлөө фарисайчуудыг зэмлэсэн байдаг. Фарисайчууд Мосегийн хуулийг болон бусад судрыг дагаж байгаа мэт дүр эсгэдэг боловч үнэн хэрэгтээ тэдгээрийг ёс бус зорилгуудын төлөө ашиглаж байсан нь зөв замыг гажуудуулсан нэг арга зам нь байсан. Есүс фарисайчуудыг завхайрагчид хэмээн дуудахдаа үүний нэг жишээг үзүүлсэн бөгөөд тэгэхэд тэд дахин Түүгээр доог тохуу хийсэн байдаг. Фарисайчуудын Мосегийн хуулийг мушгин гуйвуулснаар зөвтгөхийг хичээсэн садар самуун явдлын шалтгаанаас өөр шалтгаанаас болсон зөв шударга бус гэрлэлтийн салалтыг Есүс дүрслэн хэлсэн (мөн Матай 19:3–9-ийг үзнэ үү). Аврагч мөн тэдгээр хүнийг зүрх сэтгэлдээ Бурханд итгэдэггүй хэмээн тунхаглажээ.

Есүс тохинууллынхаа турш фарисайчуудын хүчирхийлэл, Мосегийн хуулийн болон бусад эртний бошиглогчийн сургаалын буруу тайлбарыг илчилсэн юм. Тэрээр фарисайчуудын ёс бус байдлаараа олж авсан нийгмийн болон улс төрийн хүч чадалд заналхийлэл болсон байна. Үүнээс болж олон фарисай хүн Есүсийг алахаар эрэлхийлжээ.