5-р хичээл
Шинэ Гэрээний хам сэдэв ба тойм
Оршил
Суралцагчид энэ хичээлээр, олон еврей хүн Есүсийг Аврагч, Мессиа гэдгээр нь хүлээн зөвшөөрөхгүй байхад нөлөөлсөн хүчин зүйлс зэрэг Шинэ Гэрээний үеийн түүх, соёлын нөхцөл байдлын талаар суралцах болно. Түүнчлэн суралцагчид Шинэ Гэрээний бүтцийн талаар суралцана.
Заах зөвлөмж
Шинэ Гэрээний хам сэдэв
Стефен-ээс (хөх малгайтай эрэгтэй хүн) бусад бүх зүйлийг цаас эсвэл өөр ямар нэг зүйл ашиглан далдалж байгаад, Стефен Бурханы баруун талд зогсож буй Есүсийг харсан нь зураг-ийн хэсгийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 63; мөн LDS.org руу орж үзнэ үү).
Суралцагчдаас зурган дээрх үйл явдлыг тайлбарлахыг хүс. Яагаад энэ эрэгтэй хүн газарт, гараа урагш сунгасан байгаа талаар юу гэж бодож байгааг тэднээс асуу. Суралцагчдыг хариулсны дараа, зургийн бусад хэсгийг харуул.
-
Зургийг бүтнээр харах нь юу болж байгааг ойлгоход танд хэрхэн тусалсан бэ?
Энэ зураг нь Есүс Христийн шавь Стефен чулуугаар шидүүлэн үхэж байхдаа Есүсийг Бурханы баруун гар талд зогсож байхыг харж байгааг үзүүлсэн болохыг суралцагчдад ойлгуулахад туслахын тулд Үйлс 7-р бүлгийн гарчгийг уншихад тэднийг урь.
-
Бид зургийг далдалсан хэсгийг ил гарган үзүүлсэн энэ үйл ажиллагааг судруудыг ойлгохтой хэрхэн адилтгаж болох вэ?
Энэ үйл ажиллагаа нь судруудын хам сэдвийг ойлгохын ач холбогдлыг харуулсан болохыг тайлбарла. Хам сэдэв гэдэг нь судрын эшлэл, үйл явдал, түүхийн эргэн тойрны нөхцөл байдлыг танилцуулдаг. Суралцагчид Шинэ Гэрээний түүх, соёлын хам сэдэвтэй ойртон танилцсанаар сургаалыг илүү сайн ойлгож, амьдралдаа хэрэгжүүлж чадна.
Аврагчийн тохинууллын үеийн Еврейн шашны удирдагчид
Нэг суралцагчийг 2 Нифай 10:3–5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншихыг мөн Аврагчийн тохинууллын үеийн зарим еврейн сүнслэг байдлын талаар бошиглогч Иаковын дүрслэн хэлсэн үг, хэллэгүүдийг олж мэдэхийг хүс.
-
Иаков зарим еврейн сүнслэг байдлыг дүрслэхдээ ямар үг, хэллэг ашигласан байна вэ? (Тэдэнд 5-р шүлэг дээрх санваараар мэргэших гэдэг нь Бурханы хүмүүсийн сайн сайхны төлөө бус харин “дэлхийгээс баялаг, алдрыг хураахыг” эрэлхийлэн номлохыг хэлсэн болохыг тайлбарла [2 Нифай 26:29]. Санваараар мэргэшсэн гэм буруутнууд нь голдуу хүмүүсийг төөрөлдүүлсэн еврейн шашны ёс бус удирдагчид байв.)
Нэг суралцагчийг Матай 23:16, 24-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншихыг мөн Аврагч Өөрийн тохинууллын үеийн еврейн шашны эдгээр удирдагчийг хэрхэн дүрслэн хэлснийг олж мэдэхийг хүс.
-
Аврагч еврейн шашны эдгээр удирдагчийг хэрхэн дүрсэлсэн бэ?
-
Аврагч тэднийг “сохор газарчид” хэмээн нэрлэснээр эдгээр удирдагчийн талаар юу заасан бэ?
Мосегийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт ба бусад буруу сургаал
Шашны удирдагчид хүмүүсийг хэрхэн улам бүр төөрөлдүүлж байсныг суралцагчдад ойлгуулахын тулд самбар дээр тойрог зурж, дотор нь Мосегийн хууль гэж бич. Эхний тойргийн гадуур өөр нэгэн тойрог зурж, үүнийгээ Бичигдээгүй хууль гэж нэрлэ.
Бошиглогчид байхгүйн улмаас еврейн багш, удирдагчид хуульд өөрсдийн дүрэм, тайлбарыг нэмж оруулсан болохыг тайлбарла. Бичигдээгүй хууль ба бичигдээгүй уламжлал эсвэл ахлагчдын уламжлал гэх эдгээр нэмэлт дүрэм, тайлбар нь Бурханы хуулийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх зориулалттай байв. Эдгээр дүрмээс нэгийг үзүүлэхийн тулд хоёр суралцагчийг ангийн өмнө гарч ирэхэд урь. Тэдний хүн тус бүрд зангидсан уяа өг. Нэг суралцагчаас зангилааг нэг гараараа тайлахыг, харин нөгөө суралцагчаас хоёр гараараа тайлахыг хүс. Тэднийг оролдсоны дараа хоёр суралцагчийг суудалдаа эргэн суухад урь.
Бичигдээгүй хуулийн дагуу, Ариун өдөр хоёр гараараа зангилааг тайлахыг хориглодог байв. Ийнхүү хийхийг ажил хэмээн тооцдог байсан тул Ариун өдрийг ариунаар нь сахих зарлигийг зөрчсөнд тооцдог байсан байна. Гэсэн мөртлөө зангилааг нэг гараараа тайлахыг зөвшөөрдөг байжээ.
-
Бурханы зарлигуудад хүмүүний бий болгосон дүрмүүдийг нэмэхийн аюул юу вэ?
Нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн еврейн удирдагчдын талаарх дараах мэдэгдлийг уншихыг хүс.
“Тэд цэвэр шашны ойлгомжтой, энгийн зүйлсийг авч, өөрсдийн өчнөөн олон тайлбарыг нэмсэн. Тэднийг зан үйл, үзүүлбэрээр чимж гоёсон. Тэд аз жаргал, баяр баясал бүхий шүтлэг бишрэлийг хэт хязгаарлагдмал, цомхон, уйтгартай зан үйл, үзүүлбэрийн систем болгон өөрчилсөн юм. Их Эзэний хуулийн амин сүнс тэдний гар дор еврейн зан үйлийн үхмэл бичиг болон хувирсан билээ” (The Mortal Messiah, 4-р боть. [1979–1981 он], 1:238).
-
Ахлагч Макконкигийн хэлснээр, еврейн шашны удирдагчид Бурханы хуульд өөрсдийн тайлбарыг нэмж оруулснаар уг хуульд хэрхэн нөлөөлсөн бэ?
Есүсийн үеийн еврейчууд урвалтын байдалд орсон байсан болохыг онцлон хэл. Хэдийгээр тэдний дунд Аароны санваарын эрх мэдэл, ёслолууд байсан ч еврейчүүдийн олонх нь Бурханы Мосед илчилсэн шашны жинхэнэ зан үйлээс холдсон байв (C ба Г 84:25–28-ыг үзнэ үү). Ахлагчдын уламжлал цэвэр шашнаас болон Бурханы бичигдсэн хуулиас илүү давуу эрхтэй болсон байсан юм.
Нэг суралцагчийг Матай 12:14-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншихыг мөн Есүс фарисайчуудын эрх мэдэл ба зарим бичигдээгүй уламжлалыг үгүйсгэсэн учраас тэд Түүнийг хэрхэхийг хүссэн болохыг олохыг хүс.
-
Эдгээр шашны удирдагч Есүст ямар зүйл хийхээр хуйвалдсан бэ?
Еврейн уламжлал ба бусад хуурамч гүн ухааны ойлголт нь Есүс Христийг амилсны дараа Түүнийг эсэргүүцэхэд хүмүүст нөлөөлсөн гэдгийг тайлбарла. Жишээ нь, Грекийн соёл олон хүнийг бие махбодын амилуулалт бодитойг үгүйсгэхэд хүргэж байв (1 Коринт 15:12-ыг үзнэ үү). Иймээс төлөөлөгчид Есүсийг цовдлогдсоны дараа, амилсан Аврагчийн талаар тунхаглахад олон хүн тэдний гэрчлэлийг үгүйсгэсэн юм.
Харийн эзэгнэл ба Израилийг гадны дарангуйллаас чөлөөлөх Мессиаг хүлээсэн хүлээлт
Вавилон, Перс, Maкедон (Грек) болон Ром гэсэн үгсийг самбарт бич.
-
Эдгээр улсад еврейчүүдтэй холбоотой ямар нийтлэг зүйл байдаг вэ? (Тэд еврейчүүдийг ялан дийлж, удирдан захирч байсан.)
Суралцагчдыг бүлгүүдэд хувааж, бүлэг бүрд дараах тараах материалыг өг.
Шинэ Гэрээний үед еврейчүүд нэг л удаа хэсэг хугацаанд тусгаар тогтносон улс байсныг эс тооцвол 500 гаруй жилийн турш дарангуйлал дор амьдарч байлаа. Христийг төрөхөөс 160 орчим жилийн өмнө еврейн эх орончдын гэр бүл ба маккабичуудаар удирдуулсан бослого тусгаар тогтнолоо олоход хүргэж байжээ. Гэвч Христийг төрөх үед Ром Израилийг эзэлсэн байсан байна. Ромчууд маккабичуудын гэр бүлд гэрлэсэн Херод хааныг (Агуу Херод хаан гэдгээр танигдсан) Израилийг захируулахаар томилжээ. Еврейчүүд Ромын удирдлагыг эсэргүүцэж байсан бөгөөд тэднийг Ромын дарангуйллаас чөлөөлнө гэж итгэж найдаж байсан амлагдсан Мессиаг ирэхийг хүлээж байв. Олон еврей хүн тэднийг Мессиа харийн дарлалаас чөлөөлнө гэж хүсэн хүлээж байсан тул Христийг Аврагчийнх нь хувьд хүлээн зөвшөөрөөгүй юм.
Суралцагчдаас тараах материалыг уншаад, бүлгээрээ дараах асуултуудыг ярилцахыг хүс (та асуултуудыг самбар дээр бичиж болно). Үүнд:
-
Мессиагийн ирэлтээс олон еврей хүн юу хүсэн хүлээж байсан бэ?
-
Энэхүү буруу хүлээлт нь яагаад олон еврей хүнийг Есүсийг Мессиагийнх нь хувьд хүлээн зөвшөөрөхгүй байхад хүргэсэн гэж та нар бодож байна вэ?
Зарим еврей хүн Христийг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч даруу бөгөөд сүнслэг байдлын хувьд мэдрэмжтэй зарим нэг нь Түүнийг Мессиа, Аврагч болохыг таньсан юм.
Хэд хэдэн суралцагчийг Лук 2:25–33-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншихыг мөн Иосеф, Мариа хоёр бяцхан Есүсийг ариун сүмд авч ирэхэд Симон нэртэй зөв шударга эр юу хийж, хэлснийг олж мэдэхийг хүс.
-
30–32-р шүлэгт цэдэглэснээр, яагаад Есүсийг дэлхий рүү илгээсэн бэ? Суралцагчид өөр өөр үг ашиглаж болох ч Есүс Христ бүх хүнд авралыг авчрахаар илгээгдсэн гэсэн үнэнийг олж тогтоох ёстой.)
-
Есүс Христ бүх хүнд аврагдах боломж олгохын тулд юу хийсэн бэ?
Хичээл эхлэхээс өмнө үзүүлсэн Стефений зургийг дахин үзүүл. Суралцагчдыг Шинэ Гэрээнээс суралцаж байхдаа өмнө нь ярилцсан түүх, соёлын нөхцөл байдлуудын талаар санаж байхад урамшуулан дэмж. Ингэснээр тэд Аврагчийг болон Түүний төлөөлөгчдийн сургаалыг илүү сайн ойлгох болно. (Шинэ Гэрээний үеийн түүх, соёлын нөхцөл байдлын талаарх нэмэлт мэдээллийг “The Intertestamental Period” мөн New Testament Student Manual дээрх ([Church Educational System manual, 2014], 1–3) “The New Testament Setting”-ийг үзнэ үү). Уг материалд самаричууд ба фарисайчуудын мөн садукайчууд ба чуулгынхны тухай болон бичээчдийн тухай товч тайлбар орсон байдаг.
Шинэ Гэрээний товч танилцуулга
Та нэг зургийг суралцагчдад 10 секунд үзүүлээд, дараа нь тэднээс харсан зүйлээ тодорхой дүрслэн бичихийг хүс. Суралцагчдад Христ Бетзада цөөрөмд өвчтөнг эдгээсэн нь зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 42; мөн LDS.org-оос үзнэ үү). 10 секундийн дараа зургийг холдуулж, суралцагчдыг дүрслэн бичихэд урь. Хангалттай хугацаа өнгөрсний дараа хэдэн суралцагчаас дүрслэн бичсэн зүйлээ уншихыг хүс.
-
Та нар адилхан зураг харсан мөртлөө бичсэн зүйлүүд чинь яагаад өөр өөр байна вэ?
-
Нэг үйл явдлын тухайд нэгээс илүү гэрч байх нь ямар ач тустай вэ?
Maтай, Maрk, Лук, Иохан гэсэн сайн мэдээний дөрвөн бичээчийн нэрийг самбар дээр бич. Есүс Христийн энэ шавь нар бүгд Аврагчийн амьдралд болсон үйл явдал, сургаалуудыг цэдэглэсэн гэдгийг тайлбарла. Тэдний цэдгийг сайн мэдээ хэмээн нэрлэдэг. Сайн мэдээ гэдэг нь “сайхан мэдээ” гэсэн утгатай. Иосеф Смитийн орчуулгад сайн мэдээ бүрийн гарчгийг “Гэгээн Матайн гэрчлэл”-тэй адил гэрчлэл болгон өөрчилснийг онцол.
-
Есүс Христийн амьдрал, сургаалын талаар нэгээс олон гэрч байх нь яагаад тустай вэ?
Энэ дөрвөн сайн мэдээнд зарим хэсэг, дүрслэл өөр өөр байдаг ч бүгд Аврагчийн амьдралд мөн дэлхий дээрх эртний еврейчүүдийн дунд хийсэн тохинууллын үед болж өнгөрсөн үйл явдлуудыг цэдэглэсэн болохыг тайлбарла. Дөрвөн сайн мэдээ дөрвүүлээ Есүс Христ бол Бурханы Хүү, дэлхийн Аврагч гэдгийг гэрчилдэг (Bible Dictionary, “Gospels”-ийг үзнэ үү).
Та энэ хичээлийн төгсгөлд суралцагчдад “Есүс Христийн мөнх бус амьдралыг цухас харвал” гэх товч хувилбарын хуулбарыг тарааж өгч болно. Уг хүснэгтийн дэлгэрэнгүй хувилбар энэ гарын авлагын xавсралт-д байгаа болно. Хүснэгтийг ашиглаад, Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинууллын үед болсон хэд хэдэн томоохон үйл явдлыг олж тогтооход суралцагчдыг урь.
-
Хүснэгтээс харахад Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинуулал хэр удаан үргэлжилсэн байна вэ?
-
Аврагч тохинууллынхаа ихэнх хугацааг хаана өнгөрүүлсэн бэ?
Шинэ Гэрээг судалж байхдаа дөрвөн сайн мэдээний хам сэдвийг илүү сайн ойлгохын тулд энэ хүснэгтийг ашиглахад суралцагчдыг урь.
Суралцагчдыг Библийн гарчиг хэсгийг нээхэд урь. Сайн мэдээнүүдэд Аврагчийн тохинууллын талаар цэдэглэгдсэн байдаг бол, Үйлсээс Илчлэлт хүртэлх номуудад Христийн цовдлолт, Амилалт, Тэнгэр өөд авагдсаны дараах Түүний эртний төлөөлөгчдийн тохинууллыг цэдэглэсэн байдгийг тайлбарла. Эдгээр төлөөлөгч Израилийн нутгаар болон Ромын эзэнт гүрнээр хэрэн явж, сайн мэдээг тунхаглан, Сүмийн салбаруудыг зохион байгуулж байсан юм. Бид эдгээр төлөөлөгчийн үйлс ба бичвэрүүдийг судалснаар Аврагчид итгэх итгэлээ хүчирхэгжүүлэн, Түүний Цагаатгалын адислалуудаас хэрхэн хүртэж болох талаар суралцах болно. Түүнчлэн бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь хэрхэн Есүс Христийн эртний сүмтэй адилхан болохыг олж харах болно.
Шинэ Гэрээнээс суралцсанаар олж мэдсэн үнэнүүдийн тухай гэрчлэх талаар бодож үз. Энэ жил Шинэ Гэрээнээс суралцсанаар тэднийг адислах үнэнүүдийг олж мэдэхэд суралцагчдыг урь.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Хуучин ба Шинэ Гэрээний хоорондох цаг хугацаа
Шинэ Гэрээний үеийн түүх, соёлын нөхцөл байдлын талаарх нэмэлт мэдээллийг авахыг хүсвэл, С.Кент Браун ба Ричард Нийчел Холзафел, “The Lost 500 Years: From Malachi to John the Baptist,” Ensign, 2014 оны 12-р сар, 56–60; Робэрт Л.Миллет, “Looking beyond the Mark: Why Many Did Not Accept the Messiah,” Ensign, 1987 оны 7-р сар, 60–64; мөн Ричард Д. Драпер, “The Reality of the Resurrection,” Ensign, 1994 оны 4-р сар, 32–40-ийг үзнэ үү.
Дөрвөн сайн мэдээ
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки хэдийгээр сайн мэдээнүүд нь өөр өөр сонсогчдод зориулан бичигдсэн ч бүгд Есүс Христийн тэнгэрлэг үүсэл гарлын талаар заах гэсэн нэгэн зорилгын төлөө үйлчилдэг гэдгийг дараах байдлаар тайлбарласан байна. Тухайлбал:
“Шинэ Гэрээний дөрвөн сайн мэдээ бидний Их Эзэний зан чанар, сургаалуудыг дөрвөн өөр талаас танилцуулдаг нь үнэн. Матай сайн мэдээгээ еврейчүүдэд зориулан бичсэн харагддаг. Тэр Христийг амлагдсан Мессиа, харин Христийн шашныхныг еврейн шашны бүрэн биелэл хэмээн танилцуулсан байдаг. Харин Марк ромчуудын болон харийнхны таалалд нийцүүлэн бичсэн харагддаг. Лукийн сайн мэдээ Эзэнийг грекчүүдэд буюу соёл боловсролд ач холбогдол өгдөг хүмүүст зориулан танилцуулсан байдаг. Эцэст нь Иоханы сайн мэдээ бол гэгээнтнүүдэд зориулсан бичсэн байдаг юм. Энэ нь гол төлөв Сүмд зориулагдсан төдийгүй, судруудыг болон тэдгээрийн бэлгэдлүүдийг ойлгодог, сүнслэг болон мөнхийн утга учир бүхий зүйлүүдийг чухалчилдаг хүмүүст зориулагдсан сайн мэдээ юм. Янз бүрийн соёл, гарал үүсэл, туршлага бүхий хүмүүст авралын үнэнүүдийг ийнхүү өөр өөр арга барилаар танилцуулах нь тэдний давуу тал байсан нь мэдээж. Гэхдээ сайн мэдээний зохиолчид бүгд сүнсээр өдөөгдөн, нэг зорилгын төлөө бичсэн нь энгийн нэгэн, бодит үнэн билээ. Тухайлбал: 1. Их Эзэн Бурханы тэнгэрлэг Хүү гэдгийг гэрчлэх гэж, 2. Авралын төлөвлөгөөний үнэнүүдийг заах гэж бичсэн юм” (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл [1966], 336).
Үйлсээс Илчлэлт хүртэлх номууд
Үйлс номд төлөөлөгчдийн томоохон номлолын гол үйл ажиллагаанууд цэдэглэгдсэн байдаг. Ромоос Еврей хүртэлх номууд нь Паулын болон Сүмийн бусад удирдагчийн гэгээнтнүүдэд зааварлан, сэнхрүүлэхийн тулд бичсэн захиас, захидлууд юм. Паулын захиасууд нь “хэмжээний хувьд хамгийн уртаас (Ром) хамгийн богино (Филемон) руу дараалан орсон байдаг. Еврейчүүдэд илгээсэн захиасаас бусад бүх номыг энэ дарааллаар байрлуулсан байдаг бөгөөд Еврей номыг Паул бичсэн эсэхэд зарим хүн эргэлздэг тул уг номыг хамгийн сүүлд байрлуулсан байдаг” (Bible Dictionary, “Pauline Epistles”). Иаковаас Иуда хүртэлх захиасууд “хэн нэгэн хүнд эсвэл Сүмийн тодорхой нэг салбарт зориулагдан бичигдээгүй учраас” тэднийг ерөнхий захиасууд гэж нэрлэдэг (Bible Dictionary, “General Epistles”). Илчлэлт буюу Ертөнцийн сөнөл хэмээн нэрлэгддэг ном нь хайрт шавь Иоханы Ази дахь долоон салбарт онцгойлон өгсөн зөвлөгөөнөөс гадна, дэлхийн түүхийн талаар, ялангуяа эцсийн өдрүүдийн талаар өгүүлсэн илчлэлтүүд багтсан юм.
Дөрвөн сайн мэдээ гэж юуг хэлдэг вэ?
Дөрвөн сайн мэдээ гэдэг нь Шинэ Гэрээний эхний дөрвөн номыг хэлдэг. Матай, Марк, Лук, Иохан нарын бичсэн эдгээр ном нь Есүсийн мөнх бус амьдрал ба Түүний тохинууллын талаарх дөрвөн гэрчлэлийг агуулдаг. Мормоны Ном дахь 3 Нифай нь олон талаар эдгээр сайн мэдээтэй адилхан бөгөөд үүнийг заримдаа “Тав дахь сайн мэдээ” хэмээн нэрлэдэг.
“Шинэ Гэрээний номууд анх грек хэлээр бичигджээ. Сайн мэдээ гэдэг нь ‘сайхан мэдээ’ гэсэн утгатай грек үг юм. Есүс Христ бүх хүн төрөлхтнийг үхлээс гэтэлгэж, хүн нэг бүрийг [тэдний] ажлуудынх нь дагуу шагнах Цагаатгалыг хийсэн учраас ийнхүү сайн мэдээ хэмээн нэрлэгджээ” (Судруудын удирдамж, “Сайн мэдээнүүд,” scriptures.lds.org).
Дөрвөн сайн мэдээний цэдгүүдийн харилцан уялдаа бүхий байдлыг би хаанаас олж авч болох вэ?
Та Дөрвөн сайн мэдээний харилцан уялдаа бүхий байдлыг Есүс Христийн сургаалууд Матай, Марк, Лук, Иохан нараар болон хожмын үеийн илчлэлтүүдэд хэрхэн цэдэглэгдсэн болохыг харьцуулан үзүүлсэн хүснэгтийн хамт Библийн хавсралтаас олж болно.