Номын сан
74-р хичээл: Иохан 14


74-р хичээл

Иохан 14

Оршил

Дээгүүр өнгөрөх баярын зоогийн дараа Есүс төлөөлөгчдөдөө Тэнгэрлэг Эцэгтээ хэрхэн буцаж очих, Аврагчид хэрхэн хайраа харуулах талаар заажээ. Есүс дараа нь төлөөлөгчдөдөө өөр нэгэн Тайтгаруулагчийг илгээнэ хэмээн амлав.

Заах зөвлөмж

Иохан 14:1–14

Аврагч төлөөлөгчдөдөө Тэнгэрлэг Эцэгт хэрхэн буцаж очихыг заав

Хэрвээ боломжтой бол өөрийнхөө хотын газрын зургийг үзүүлж, суралцагчдыг газрын зураг дээр өөрсдийнхөө байгаа байршлыг олоход урь. Газрын зураг дээр суралцагчдын сайн мэдэх өөр нэг газрыг олж тогтоо. Тэднээс жижиг цаасан дээр одоо байгаа газраасаа тэр газар руу яаж очихыг бичихийг хүс. Нэг, хоёр суралцагчийг юу бичсэнээ хуваалцахад урь.

Самбар дээр Селестиел хаант улс гэж бич. Селестиел хаант улс руу хүрэхийг хүсч байгаа хэн нэгэн хүнд ямар замаар явахыг зааж өгөх талаараа бодохыг суралцагчдаас хүс.

Суралцагчдыг Иохан 14-өөс судалж байхдаа Тэнгэрлэг Эцэгт буцаж очиж, селестиел хаант улсад хэрхэн орохыг мэдэхэд нь туслах үнэнийг олж мэдэхэд урь.

Суралцагчдад Иохан 14-ийн хам сэдвийг ойлгоход нь туслахын тулд Есүс төлөөлөгчдийнхөө хамт Дээгүүр өнгөрөх баярыг Иерусалимд дээд давхрын өрөөнд тэмдэглэсэн гэдгийг сануул. Дээгүүр өнгөрөх баярын зоогийн дараа Есүс төлөөлөгчдөдөө удахгүй тэднийг орхих тухайгаа хэлсэн (Иохан 13:33-ыг үзнэ үү).

Хэд хэдэн суралцагчийг Иохан 14:1–5-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс төлөөлөгчдөө тайтгаруулахын тулд тэдэнд юу заасныг олж мэдэхийг хүс.

  • Есүс төлөөлөгчдөө тайтгаруулахын тулд тэдэнд юу гэж заасан бэ?

  • 2-р шүлэг дэх “Миний Эцэгийн гэрт орон байр олон бий” гэсэн нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг бошиглогч Иосеф Смитийн хэлсэн дараах үгсийг чанга уншихад урь.

Бошиглогч Иосеф Смит

“‘Миний Эцэгийн гэрт орон байр олон бий’ … [хэмээх мэдэгдэл] нь— Энэ бол та нар Бурханы өв залгамжлагчид бас надтай хамт өв залгамжлагчид байхын тулд ‘Миний Эцэгийн хаант улсад олон хаант улс бий’ гэсэн үг байх ёстой. … Селестиел хуулийг дуулгавартай дагадаг хүмүүст зориулсан, бас уг хуулийг дагадаггүй хүмүүст, хүн бүрд өөрсдийнх нь нөхцөлд тохируулсан орон байрууд байгаа билээ” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 247–248).

Та суралцагчдад хаант улс болон хаант улсууд гэсэн үгсийг судар дээрээ Иохан 14:2 дахь гэрт болон орон байр гэсний дээр бичихийг санал болгож болно.

  • Иохан 14:1–4 дэх сургаалуудаас аль нь төлөөлөгчдийг тайтгаруулсан байж болох вэ?

  • 5-р шүлэгт цэдэглэснээр, төлөөлөгчид Тэнгэрлэг Эцэгийн хаант улсад хүрэх замыг мэддэг хэмээх Аврагчийн сургамжинд Томас хэрхэн хариулсан бэ?

Нэг суралцагчийг Иохан 14:6-г чанга уншихад урьж, ангийнхнаас Есүс Томасын асуултад яаж хариулсныг олж мэдэхийг хүс.

  • Есүс хэрхэн Томасын асуултад хариулсан бэ?

Самбар дээр нэг зам зур. Тэр замын нэг үзүүрт нь Бид, нөгөө үзүүрт нь Тэнгэрлэг Эцэгийн Хаант улс гэж бич. Тэр замын доор Зам гэж бичээд, энэ үг нь нэг газраас нөгөө газар руу хүргэх замыг хэлж байгаа юм гэдгийг онцлон тэмдэглэ.

  • Аврагч хэрхэн Зам байдаг вэ? (Суралцагчид Бурхан шиг болохын тулд бид хэрхэн амьдрах ёстой бөгөөд Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд амьдрахын тулд хэрхэн зохистой байх жишээг Аврагч бидэнд үзүүлдэг гэж хариулж болно.)

Самбар дээр “Зам” гэсний доор Үнэн, Амьдрал гэж бич.

  • Есүс Христ ямар учраас Үнэн бэ? (Тэр бол бүх үнэний эх үүсвэр бөгөөд бүх үнэнээр төгс амьдарсан.)

  • Есүс Христ ямар учраас Амьдрал вэ? (Тэр бидэнд махан биеийнхээ үхлийг даван туулж үхэшгүй бие махбодтойгоор амилах мөн сүнсний үхлийг даван туулж мөнх амьдралыг хүлээн авахыг боломжтой болгодог. Тэр бол “бүх зүйлд байдаг, бүх зүйлд амьдралыг өгдөг” гэрэл юм [С ба Г 88:13].)

Самбар дээр зурсан замын доор “Зам” гэсний хажууд Есүс Христ бол гэж бич.

  • Дээрх ярилцлагад үндэслэн, Аврагчийн “хэн ч надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” хэмээх үгсийг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Иохан 14:6). (Суралцагчид өөр өөр үгс хэлж болох ч Гагцхүү Есүс Христийн Цагаатгалаар болон Түүний заасан замыг дагавал бид Тэнгэрлэг Эцэгийн хаант улсад орж чадна гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)

  • Хэрэв бид Аврагчийн замаас өөр замыг дагах юм бол бидэнд юу тохиолдох вэ?

Нэг суралцагчийг Далын ахлагч Лорэнс И.Корбрижийн хийсэн дараах мэдэгдлийг чанга уншихад урь. Ангийнхнаас хэрэв бид Аврагчийн заасан замаас өөр замыг дагавал юу тохиохыг олж сонсохыг хүс.

Ахлагч Лорэнс И.Корбриж

“Аз жаргал, амжилт ололтод хүрэх цорын ганцхан зам байдаг. Есүс бол тэрхүү зам мөн. Үүнээс өөр бүх зам нь, ямар ч зам байлаа гэсэн, утга учиргүй юм. …

… Нэг бол Их Эзэнийг дагаж, Түүний хүчийг хүлээж аваад, амар амгалан, гэрэл, хүч чадал, мэдлэг, итгэл найдвар, хайр энэрэл, баяр баясгалантай байж болно. Харин өөр ямар ч замаар явсан ганцаараа, Түүний дэмжлэггүйгээр, Түүний хүчгүйгээр, удирдамж чиглэлгүйгээр, харанхуй дотуур гай зовлон, эргэлзээ тээнэгэлзээ, цөхрөл гутралын замаар явна. Аль замаар нь явбал илүү хялбар вэ гэж би асууя. …

Аз жаргал, амжилт ололтод хүрэх цорын ганцхан зам байдаг. Есүс бол тэрхүү зам мөн” (“Зам,” Ensign эсвэр 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 42, 44).

  • Ахлагч Лоренс И.Корбрижийн хэлсэн уг мэдэгдэлд хэрвээ бид Аврагчийн замыг дагахгүй бол юу тохиолдоно гэсэн байна вэ?

  • Хэрэв бид Аврагчийн замыг дагавал юу болох вэ?

Суралцагчдаас тэд Аврагчийн замыг дагасан учраас адислагдсан туршлагаа тунгаан бодохыг хүс. Тэдний цөөн хэдийг туршлагаасаа хуваалцахад урь.

Аврагч төлөөлөгчдөд Өөрийнх нь дэлхий дээр ирсэн зорилгуудын нэг бол Өөрийн хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл бүрээр Тэнгэрлэг Эцэгийн үнэн чанарыг илчлэхийн тулд байсан юм хэмээн заасан гэдгийг тайлбарлан, Иохан 14:7–14-ийг нэгтгэн дүгнэ. Есүс төлөөлөгчдөдөө тэд агуу ажлуудыг хийх хүч чадалтай байх болно хэмээн хэлсэн.

Иохан 14:15–31

Есүс төлөөлөгчдөдөө Өөрийг нь хайрлах хайраа хэрхэн харуулахыг заав

Суралцагчдаас өөрсдийн хайрладаг хэн нэгнийг бодохыг хүс.

  • Та нар тэр хүнд хайртай гэдгээ хэрхэн харуулдаг вэ?

Нэг суралцагчийг Иохан 14:15-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас Есүс Өөрийг нь хайрладаг гэдгээ харуулахын тулд юу хий гэж төлөөлөгчдөдөө хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Есүсийн төлөөлөгчдөдөө заасан зүйлс дээр үндэслэвэл, бид Есүс Христийг хайрладаг гэдгээ харуулахын тулд юу хийж чадах вэ? (Суралцагчид Бид зарлиг тушаалуудыг нь дагаснаар Есүс Христийг хайрладаг гэдгээ харуулдаг гэсэн үнэнийг тодорхойлох ёстой.)

Ангидаа дээр нь зарлигуудыг бичсэн нэлээд хэдэн цаас авчир (Мэргэн ухааны үгсийг дагах, аравны нэгээ төлөх, хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих гэх мэт). Хэдэн суралцагчийг ангийн өмнө гарч ирэхэд урь. Хүн болгоныг тус бүр нэг нэг цаас авч, дээрх зарлигийг чанга уншин, уг зарлигийг дагах нь бидэнд Есүс Христийг хайрладаг хайраа харуулах боломжийг хэрхэн олгодог талаар тайлбарлахыг зааварчил. Дараа нь тэднийг суудалдаа буцаж суухад урь.

Суралцагчдыг тэд Аврагчийг хайрладаг хайраа зарлигуудыг нь сахиснаар хэр сайн харуулж байгаа талаар тунгаан бодоход урь. Тэдэнд хэцүү байж болох нэг эсвэл хэд хэдэн зарлигийг илүү сайн дагаж, Аврагчийг хайрладаг хайраа харуулах талаар зорилго тавихыг тэдэнд урамшуул.

Нэг суралцагчийг Иохан 14:16–17, 26-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагчийн төлөөлөгчдөд өгсөн амлалтыг олж мэдэхийг хүс.

  • Аврагч төлөөлөгчдөдөө юу амласан бэ?

16-р шүлэг дэх “өөр Туслагч” гэдэг нь Ариун Сүнс юм гэдгийг тайлбарла. Аврагч мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа туршид төлөөлөгчдийнхөө тайтгаруулагч нь байсан учраас Ариун Сүнсийг өөр Туслагч гэсэн байна.

  • Иохан 14:16–17, 26-д цэдэглэснээр, Ариун Сүнс бидний төлөө юу хийж чадах вэ? (Суралцагчид өөрсдийн үгээр Ариун Сүнс биднийг тайтгаруулж, бүх зүйлийн талаар сурган, бүх зүйлийг бидний ой санамжинд авчирдаг гэсэн үнэнийг тодорхойлох ёстой.)

Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бичихэд урь.

  • Та Ариун Сүнс таныг хэзээ тайтгаруулж байсныг мэдэрч байсан бэ? Тэр таныг сургаж байсныг та хэзээ мэдэрч байсан бэ? Тэр танд юм санахад хэрхэн тусалж байсан бэ?

Хангалттай хугацаа өгсний дараа цөөн суралцагчаас бичсэн зүйлээ сайн дураараа хуваалцахыг хүс.

Хэдэн суралцагчийг Иохан 14:18–23-ыг ээлжлэн чанга уншихад урь.

  • 21 болон 23-р шүлэгт цэдэглэснээр, хэрэв бид зарлигуудыг дуулгавартай сахивал хэрхэн адислагдах вэ? (Суралцагчид өөр өөр үгс хэлж болох ч Хэрэв бид зарлигуудыг сахивал, Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ бидэнтэй хамт байх болно гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)

  • Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ бидэнтэй хамт байх болно гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? (Энэ нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биеэрээ залран ирэхийг хэлж байгаа юм [ С ба Г 130:3-ыг үз].)

Ариун Сүнсийг нэгдүгээр Тайтгаруулагч гэдэг байхад Есүс Христийг хоёрдугаар Тайтгаруулагч гэдэг болохыг бошиглогч Иосеф Смит тайлбарласан. Түүнийг хоёрдугаар Тайтгаруулагчаар хүлээн авахын тулд, бид юун түрүүнд Түүнд итгэх итгэлээ хөгжүүлж, наманчлан, баптисм хүртэж, Ариун Сүснийг хүлээн авах ба зөв шударга байхыг хичээж, Бурханд үйлчлэх ёстой. Хэрэв бид эдгээр зүйлийг хийвэл улмаар “Есүс Христ биеэрээ [бидэн дээр] ирнэ эсвэл [бидэнд] үе үе үзэгдэх болно … мөн тэнгэрийн үзэгдлүүд [бидэнд] үзэгдэх болно, мөн Их Эзэн [биднийг] нүүр тулан сургах болно” (History of the Church, 3:380–381). Энэ амлалт Их Эзэний өөрийнх нь цагт, өөрийнх нь тааллын дагуу биелэгдэх болно (С ба Г 88:68-ыг үзнэ үү).

Суралцагчдыг Иохан 14:27-г дотроо уншиж, Аврагчийн төлөөлөгчдөдөө хэлсэн захиасыг олж мэдэхэд урь.

  • 27-р шүлэг дэх Аврагчийн захиас энэ хичээлээр бидний тодорхойлсон зарчимтай хэрхэн холбогдож байна вэ?

  • Аврагчийн санал болгож байгаа амар амгалан болон дэлхийн санал болгож байгаа амар амгалан хоорондоо ямар ялгаатай вэ?

Есүс төлөөлөгчдөдөө тун удалгүй тэднийг орхин, Тэнгэрлэг Эцэгтээ очих гэж байгаад тэд баярлах ёстой хэмээн хэлсэн гэдгийг тайлбарлан, Иохан 14:28–30 болон Иосеф Смитийн Орчуулга, Иохан 14:30 (30-р шүлэг, зүүлт тайлбар a)-ийг нэгтгэн дүгнэ. Тэрээр дэлхийг ялсан учраас Сатан Түүнийг дийлэх хүчгүй хэмээн тэдэнд хэлсэн. Тэд дэлхий дээрх ажлаа гүйцэлдүүлж дуусаагүй байгаа тул Сатан тэдэнд нөлөөлөх чадвартай хэвээр хэмээн Есүс төлөөлөгчдөд хэлсэн.

Суралцагчдыг Иохан 14:31-ийг дотроо уншин, Аврагч дэлхийнхэнд юуг мэдүүлэхийг хүссэнийг олж мэдэхийг хүс.

  • Аврагч дэлхийнхэнд юуг мэдүүлэхийг хүссэн бэ?

  • Аврагч Тэнгэрлэг Эцэгийг хайрладаг хайраа хэрхэн харуулсан бэ?

Хичээлээ дуусгахдаа суралцагчдыг энэ хичээлээр үзсэн зарчмууд нь тэдэнд селестиел хаант улс дахь Бурханы оршихуйд буцаж ирэхэд нь хэрхэн тусалж болох талаар гэрчлэлээ хуваалцахыг хүс.

төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Иохан 14:6

Суралцагчдыг Иохан 14:6-г чээжлэхэд туслахын тулд энэ гарын авлагын хавсралт дахь санаануудын нэгийг ашиглахыг бод.

төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Иохан 14:15

Суралцагчдад Иохан 14:15-ыг чээжлэхэд нь туслахын тулд тэднийг энэ шүлгийн үгсийг цаасан дээр хуулж бичихэд урь. Уг шүлгийг чээжилтэл давтан хэлэхийг тэднээс хүс. Дараа нь суралцагчдыг энэ цаасаа тэд Их Эзэний зарлигуудыг дагаснаар Түүнд хайраа харуулахыг өөрсдөд нь байнга сануулж болох тийм газар тавихад урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Иохан 14:6. “Би бол зам, үнэн, амь мөн”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки Иохан 14:6-ийн ач холбогдлын тухай болон Есүс Христ хэрхэн “зам, үнэн, амь” болох талаар дараах тайлбарыг өгчээ.

“Түүгээр дамжиж аврал ирдэг тул Тэр бол Зам юм; ‘хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй’ хэмээн Тэр хэлсэн. (Иохан 14:6.) Тэр бол Үнэн юм, яагаад гэвэл Тэр ариун чанаруудын биелэл бөгөөд жишээ юм. (Алма 5:48.) Мөн Тэр бол Амь юм, яагаад гэвэл Түүн дээр амийн гэрэл төвлөрдөг; Түүнгүйгээр ба Түүний хүчгүйгээр юу ч оршин тогтнож чадахгүй; хэрэв Тэр амийн гэрлээ эргүүлэн татах юм бол үхэл тэр даруй ялалт байгуулна; Түүнгүйгээр дуусашгүй амьдрал ба төгсөшгүй алдар суугийн амьдрал болох мөнх амьдралын аль нь ч байх боломжгүй юм” (Mormon Doctrine, 2-р хэвлэл [1966], 832).

Иохан 14:9–12. “Намайг харсан хүн Эцэгийг харсан”

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит Аврагчийн “Намайг харсан хүн Эцэгийг харсан” хэмээсэн Аврагчийн үгсийн утгыг дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд:

“Бурханы Хүү Есүс Христ нь Бурхан Эцэгийнхээ мөн чанарын ‘бодит илэрхийлэл’ юм (Еврей 1:3). Тэрээр дэлхий дээр хүн шиг, бүр төгс хүн шиг явж, Өөрт нь тавьсан асуултад ‘Намайг харсан хүн Эцэгийг харсан’ хэмээн хариулжээ (Иохан 14:9). Зөвхөн энэ хариулт нь гэхэд бүх асуудлыг хэрсүү бөгөөд бишрэлтэй хүн болгоны сэтгэлд шийдвэрлээд өгөхөд хангалттай байх ёстой юм. Дүгнэлт нь няцаашгүй билээ, хэрэв Бурханы Хүү Эцэгийнхээ бодит илэрхийлэл (буюу адилтгал) нь юм бол, тэгвэл Түүний Бурхан Эцэг ч гэсэн хүний төрхтэй байж таарна; яагаад гэвэл энэ нь Бурханы Хүүгийн дүр төрх нь байсан бөгөөд энэ нь зөвхөн Түүний зуурдын амьдралд биш харин бүр Түүний мөнх бус төрөлтийн өмнө ба Түүний амилалтын дараа байсан юм. Учир нь энэ дүр төрхөөрөө Бурхан Эцэг болон Хүү, хоёр тусдаа бодгалийн байдалтайгаар, арван дөрвөн настай хөвгүүн Иосеф Смитэд үзэгдсэн бөгөөд тэр анхны үзэгдлийг хүлээн авсан юм” (Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith [1998], 334).

Иохан 14:12. “Эдгээрээс агуу ажлуудыг хийх болно. Яагаад гэвэл Би Эцэгтээ очно”

Есүс Христэд итгэдэг хүмүүс Түүний хийснээс илүү агуу ажлуудыг хийх болно гэснийг эхлээд уншихад ойлгомжгүй байж болно. Гэхдээ Lectures on Faith нь уг мэдэгдлийг Иохан 17:20–24-т Аврагчийн заасан сургаалтай холбож үзвэл илүү ойлгомжтой болно хэмээн санал болгосон байна:

“Энэ бүх хэлсэн зүйл нь хамтдаа алдар сууд өргөмжлөгдсөн тэрхүү гэгээнтнүүдийн байдлын талаар хэлээр илэрхийлж болохуйц тод тайлбарыг өгсөн юм—Есүсийн хийсэн ажлуудыг тэд хийх болно, мөн Түүний тэдний дунд байхдаа хийсэн ажлуудаас илүү агуу ажлуудыг хийх болно, учир нь Тэр Эцэгтээ очсон юм. Тэр тэднийг эдгээр ажлыг тодорхой цагт хийх ёстой хэмээн хэлээгүй, харин тэд эдгээр агуу ажлыг Тэр Эцэгт очсон учраас хийх ёстой хэмээн хэлсэн байна. … Түүний нэрэнд итгэдэг тэдний хийх агуу ажлуудыг Түүний очиж байсан ба Түүний алдар сууг тэд харах ёстой тэр газар мөнхөд хийх ёстой байсан бөгөөд эдүгээ ч гэсэн хийх юм” (Lectures on Faith [1985], 77–78).

Иохан 14:16–23, 26; 15:26; 16:7. “Тайтгаруулагч” гэдэг нь Ариун Сүнс, Есүс Христ хоёрын цол юм

Бошиглогч Иосеф Смит дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд:

“Хоёр Тайтгаруулагчийн тухай өгүүлдэг. Нэг нь Пентекостын өдөр өгөгдсөнтэй адил Ариун Сүнс бөгөөд бүх гэгээнтнүүд итгэл, наманчлал, баптисмын дараа үүнийг хүлээн авдаг. …

Нөгөө Тайтгаруулагч нь нэн их сонирхол татдаг бөгөөд энэ үеийнхнээс цөөхөн нь л ойлгодог байж магадгүй. Хүн Христэд итгэдэг болж, нүглээ наманчлан, нүглийнхээ уучлалын төлөө баптисм хүртэж, эхний Тайтгаруулагч болох Ариун Сүнсийг (гар тавилтаар) хүлээн авсны дараа зөв шударга байдлын төлөө өлсөж, цанган, Бурханы өмнө өөрийгөө цаашид даруусгаж, Бурханы үг бүрээр амьдрах юм бол Их Эзэн удалгүй түүнд, Хүү минь, чи өргөмжлөгдөх болно хэмээн хэлнэ. Их Эзэн түүнийг тал бүрээс нь шалган, тэр хүн бүхий л хичээл зүтгэлээр Өөрт нь үйлчлэхэд шийдвэр төгс байгааг нь мэдсэн үед түүнд дуудлага ирэх бөгөөд тэр үед Их Эзэний гэгээнтнүүдэд амласан нөгөө Тайтгаруулагчийг хүлээн авах онцгой боломжтой болно. Энэ тухай гэгээнтэн Иоханы гэрчлэлийн 14-р бүлэг, 12-оос 27 дугаар шүлэгт цэдэглэсэн байгаа” (History of the Church (Сүмийн Түүх), 3:38).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки Ариун Сүнсний нэгдүгээр Тайтгаруулагчийн үүргийн талаар:

“Есүс тэдэнтэй хамт байх бүхий л хугацаандаа тэдний Тайтгаруулагч нь байсан юм; Тэр тэд нарын бодгальд амар тайванг ярьдаг байсан; зовлон зүдгүүр, шаналал, дэлхийн бэрхшээлийн хүнд ачааг үүрсэн тэд Түүнд ирж, бодгальдаа амар тайван байдлыг олж байсан юм. Тэрээр бэлэвсэн эхнэрүүдийг тайтгаруулж байсан бөгөөд эцэггүй тэдэнд эцэг нь байсан. Түүний үгс итгэлтэй бодгалиудыг амар тайван, амгалан байдлын шинэ өндөрлөгт өргөдөг байсан. Тэр одоо буцах гэж байна, гэвч Тэр бас нэг өөр Тайтгаруулагч—Ариун Сүнсийг итгэлтэй хүмүүстэй үүрд мөнхөд хамт байлгахаар илгээнэ.

Түүний үгийг мөнх бус амьдралдаа сонсож байсан хүмүүсээс бусад хүний хувьд Ариун Сүнс бол нэгдүгээр Тайтгаруулагч юм. Бурхан Тэргүүтэний энэ гишүүн бүх үеийн зөв шударга хүмүүсийн бодгальд амар тайван байдлыг хэлж, шивнэдэг. Ариун Сүнс бол ‘хуучин цагийн адилаар, хүмүүний үрсэд тэрээр өөрийгөө харуулах тэр цагт ч түүнийг хичээнгүйлэн хайгч хэн бүхэнд Бурханы бэлэг’ (1 Ниф. 10:17) мөн ирэх цаг үед ч гэсэн Түүнийг тууштай хайгчдад мөн адил юм. Тэр бол Үнэний сүнс—Христтэй адилхан, гэвч дэлхий Ариун Сүнсийг хүлээн авч чадахгүй юм, яагаад гэвэл Сүнс ариун бус майхнуудад амьдарч чаддаггүй” хэмээн тайлбарлажээ (Mortal Messiah, 4 боть [1979–1981], 4:74–75).

Иохан 14:26. Ариун Сүнс Христийн Гэрлээс ялгаатай байдаг

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит Ариун Сүнс, Христийн Гэрлийн хоорондын ялгааг заасан байдаг.

“Ариун Сүнсийг огторгуйн хязгааргүй орон зай болон бүх газрыг дүүргэсэн байдаг Сүнстэй андуурч болохгүй юм. Энэхүү өөр Сүнс [Христийн гэрэл] нь бодгаль шинжгүй, хэмжээ цар хүрээгүй юм; энэ нь Бурхан Эцэг болон Хүүгийн оршихуйгаас ундран гардаг бөгөөд бүх зүйлд байдаг. Бид Ариун Сүнсний тухай ярихдаа хүмүүнд хандаж байгаа юм шиг ‘Тэр’ хэмээн ханддаг байвал зохино, мөн бид Ариун Сүнсний хүч эсвэл бэлгийн тухай ярихдаа ‘тэр’ гэдэг боловч энэ өөр Сүнсийг бас ‘тэр’ гэвэл зохино.

… Бидний орчин үеийн илчлэлтээс суралцсанаар бол Ариун Сүнс нь Бурхан Тэргүүтэний гуравдугаар гишүүн бөгөөд Сүнсэн хүн мөн. Бурханы Сүнс, Их Эзэний Сүнс, Үнэний Сүнс, Ариун Сүнс, Тайтгаруулагч гэсэн нэршлүүдийг адил утгаар хэрэглэж, бүгдийг нь Ариун Сүнстэй холбож ойлгодог. Ижил төстэй нэр томьёог Есүс Христийн Сүнстэй холбож хэрэглэдэг ба тэдгээрийг Үнэний Гэрэл, Христийн Гэрэл, Бурханы Сүнс, Их Эзэний Сүнс гэдэг ч тэд өөр хоорондоо ялгаатай, тусдаа зүйлс юм. Бид энэ талаар маш тодорхой ойлголтыг оюун ухаандаа хүлээн аваагүйн улмаас нэлээн будилдаг тал бий” (Doctrines of Salvation, comp. Брүс Р.Mакконки, 3 боть [1954–1956], 1:49–50).