66-р хичээл
Иохан 7
Оршил
Есүс Иерусалим дахь Майхан баярт оролцов. Тэр ариун сүмд орж, тэнд байсан хүмүүст Түүний сургаал Бурхан Эцэгээс ирдэг гэдэг гэрчийг хэрхэн хүлээн авах талаар заасан. Хүмүүс Есүсийн хэн болох талаар маргалдаж байсан учраас Тэр Өөрийнхөө тэнгэрлэг байдлыг гэрчлэхийн тулд ус, гэрлийн тухай зүйрлэлийг хэлсэн. Тэр мөн тэдэнд Ариун Сүнсний тухай заав.
Заах зөвлөмж
Иохан 7:1–13
Есүс Майхан баярт оролцов
Есүст эрэгтэй, эмэгтэй дүү нар байсан уу? гэсэн асуултыг самбар дээр бич.
Суралцагчдыг асуултад хариулахад урь. Хэрвээ шаардлагатай бол суралцагчдад Иосеф, Мариа хоёр Есүсийг төрсний дараа хүүхдүүдтэй болж мөн тэд Түүнтэй хамт нэг гэрт өсөж торнисон юм гэдгийг ойлгоход тусал. Гэвч Есүс Христ Иосефийнх биш, харин Бурхан Эцэг болон Мариагийн жинхэнэ хүү байсан тул энэ хүмүүс Есүсийн нэг эхтэй дүү нар байсан юм (Матай 13:55–56-г үзнэ үү).
-
Есүстэй хамт нэг гэрт өсөхөд ямар байсан гэж та нар бодож байна вэ?
-
Түүнтэй хамт өссөн бол Түүнд итгэх нь амархан байх байсан гэж та нар бодож байна уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй гэж?
Иохан 7-оос бид Есүсийн зарим “дүү” (Иохан 7:3, 5) Түүний талаар ямар үзэл бодолтой байсан тухай сурдаг гэдгийг онцлон хэл. Дүү нар гэсэн нэр томьёо нь Есүсийн хойд дүү нарыг хэлж байж болох ба мөн бусад ойр дотны төрөл садныг нь ч хэлсэн байж болох юм.
Хэд хэдэн суралцагчийг Иохан 7:1–5-ыг ээлжлэн чанга уншихад урь.
-
Бид 5-р шүлгээс Есүсийн дүү нарын тухай юу сурдаг вэ?
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хийсэн мэдэгдлийг чанга уншихад урь.
“Христийн тэнгэрлэг байдлын талаарх гэрчлэл болон Түүний сайн мэдээний аврах чадал нь гэр бүлийн харилцааны улмаас автоматаар өгөгддөггүй.
… Тэд нэг гэр оронд Иосеф, Мариа хоёрын халамжин дор өсөж мөн Есүсийн сургаал, үйлчлэл, гайхамшгуудын талаар мэдэж байсан боловч ойрын хамаатан болох энэ хүмүүс Түүнийг Мессиа хэмээн хараахан хүлээн зөвшөөрөөгүй байсан юм. Гэвч тэд бүгд хожим хөрвөгдсөн бололтой (Үйлс 1:14)” (Doctrinal New Testament Commentary, 3-р боть [1965–1973], 1:437).
-
Есүсийн Өөрийнх нь гэр бүлийн зарим гишүүн Түүний сургаал, гайхамшгуудын тухай мэдэж байсан мөртлөө Түүнд яагаад итгээгүй байсан байж болох вэ?
Иохан 7-д Иерусалимд Майхан баярыг (Иохан 7:2-ыг үзнэ үү) тэмдэглэх үеэр болсон үйл явдлыг цэдэглэсэн байдгийг онцлон хэл. Найман өдөр үргэлжлэх “хамаг хүмүүсийн баяр цэнгэл болсон агуу” (Bible Dictionary, “Feasts”) энэ зоогийн үеэр Израилийн хүүхдүүд Египет дэх боолчлолоос чөлөөлөгдсөний дараа цөлөөр аялан, гараар хийсэн овоохой эсвэл майхнуудад амьдардаг байсан тэр үед тэдэнд ирсэн Бурханы адислалуудыг тэмдэглэн баярлахаар иудейчүүдийн олон нь Иерусалим руу явдаг байв (Левит 23:39–43-ыг үзнэ үү). Мөн иудейчүүд тухайн жилийн жимс, үр тарианы ургацад талархаж, энэ баярыг тэмдэглэдэг байсан (Египетээс гарсан нь 23:16-г үзнэ үү).
-
3–4-р шүлэгт цэдэглэснээр, Есүсийн дүү нар Түүнээс юу хийхийг хүссэн бэ?
Есүс баярын зоогт явахаа хойшлуулж, дүү нараа түрүүлж явахыг дэмжиж байсан гэдгийг тайлбарлан, Иохан 7:6–10-ыг нэгтгэн дүгнэ. Баярын зоог эхэлсний дараа Есүс нууцаар явсан бөгөөд Иерусалим дахь иудейчүүдийн зарим удирдагч Өөрийг нь алахыг хүсэж байсан боловч Өөрийнх нь үхэх цаг хараахан болоогүй гэдгийг мэдэж байсан юм.
Нэг суралцагчийг Иохан 7:11–13-ыг чанга уншихад урь.
-
Иерусалимд янз бүрийн хүмүүс Есүсийн тухай юу гэж ярьж байсан бэ?
Бидний өдрүүдэд Есүс Христийн тухай өөр өөр үзэл бодол байдаг шиг Есүсийн өдрүүдэд ч тийм байсан гэдгийг онцлон хэл. Зарим хүн Түүнийг Бурханы Хүү болон бүх хүн төрөлхтний Аврагч гэдгийг мэдэж, гэрчилдэг. Зарим нь Түүнд итгэж, Түүний сайн мэдээ үнэн гэдэгт найддаг. Гэтэл Есүс Христийн тэнгэрлэг байдалд болон Түүний сургаал үнэн болоход эргэлздэг хүмүүс бас байдаг. Суралцагчдыг Иохан 7-оос үргэлжлүүлэн судлахдаа Есүс Христ бидний Аврагч бөгөөд Түүний сургаал үнэн гэдгийг бид хэрхэн мэдэж болох талаар олж мэдэхэд урь.
Иохан 7:14–36
Есүс ариун сүмд иудейчүүдэд заав
Нэг суралцагчийг Иохан 7:14–36-г чанга уншихад урь. Суралцагчдаас шүлгийг дагаж уншаад, Есүс ариун сүмд юу хийснийг олж мэдэхийг хүс. Ариун сүм нь Майхан баярыг тэмдэглэх баяр наадмын гол төв байсан юм гэдгийг тайлбарлавал тустай байж болно.
-
Есүс юу хийсэн бэ?
-
Яагаад иудейчүүд гайхширсан бэ?
Нэг суралцагчийг Иохан 7:16–18-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс хүмүүст Өөрийнх нь сургаал болон заасан зүйлс үнэн гэдгийг мэдэж болохын тулд юу хийж болно гэж хэлснийг олж мэдэхийг хүс.
-
16-р шүлэгт цэдэглэснээр, Есүс заасан сургаалаа хэнээс хүлээн авсан бэ?
-
Есүсийн заасан сургаал үнэхээр Бурханаас юм гэдгийг хүн хэрхэн мэдэж болох вэ?
-
Бид Тэнгэрлэг Эцэгийн сургаалуудын талаарх гэрчлэлийг хэрхэн хүлээн авах талаар ямар зарчим мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөрсдийнхөө үгээр Хэрэв бид Тэнгэрлэг Эцэгийн хүсэл тааллыг гүйцэлдүүлэх юм бол Түүний сургаалын талаар гэрчлэл хүлээн авах болно гэсэнтэй төстэй зарчмыг тогтоох ёстой.) Та суралцагчдыг 17-р шүлэг дээрээс энэ зарчмыг зааж байгаа үгсийг тэмдэглэхэд урьж болно.)
Суралцагчдад энэхүү зарчмыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг ойлгоход нь туслахын тулд, нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын хэлсэн дараах мэдэгдлийг уншихад урь.
“Бид сайн мэдээний зарчмуудыг дуулгавартай дагахыг хичээснээрээ тэдгээрийн талаар гэрчлэлтэй болдог. … Залбирал үр нөлөөтэй тухай гэрчлэл нь даруу бөгөөд чин сэтгэлийн залбирлаар ирдэг. Аравны нэгийн талаарх гэрчлэл нь аравны нэгийг төлснөөр ирдэг” (“Lord, I Believe; Help Thou Mine Unbelief,” Ensign эсвэл Liahona, 2003 оны 11-р сар, 22).
Дүү нар нь эхэндээ Түүнд итгээгүй боловч хожим гэрчлэлтэй болж хөрвөгдсөн юм (Үйлс 1:14-ийг үзнэ үү).
-
Иохан 7:17-д тодорхойлсон зарчим Есүс Христ болон Түүний сургаалын талаар гэрчлэлтэй болоход Есүсийн дүү нарт хэрхэн туслах вэ?
Суралцагчдаас тэднийг сайн мэдээний гэрчлэлийн хувьд суларч байгаа найзтай гэж төсөөлөхийг хүс.
-
Та нар тэр найздаа туслахын тулд Иохан 7:17-д тодорхойлсон зарчмыг хэрхэн ашиглаж болох вэ?
Суралцагчдад дээр тодорхойлсон зарчмынхаа талаар гэрчилж, тэр нь үнэн бөгөөд чухал болохыг мэдрэхэд туслахын тулд дараах мэдэгдлийг үзүүл.
Би … үнэн гэдгийг мэднэ, яагаад гэвэл би үүний дагуу амьдарснаар •
Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ сайн мэдээний аль нэг зарлиг эсвэл зарчмын дагуу амьдрахыг хичээснээр үнэн гэдгийг нь мэдсэн тухай бичиж, дээрх өгүүлбэрийг гүйцээн бичихэд урамшуул.
Цөөн суралцагчийг бичсэнээ ангийнхантайгаа хуваалцахад урь.
Суралцагчдыг илүү хүчтэй гэрчлэлтэй болмоор байгаа сайн мэдээ, зарлиг, сургаалуудыг бичиж авахад урь. Мөн тэднийг энэ үнэн, зарлиг эсвэл сургаалын талаар илүү их хүчтэй гэрчлэлтэй болохын тулд Иохан 7:17 дээрээс сурсан зарчмыг хэрэгжүүлэн, юу хийх тухайгаа бичиж авахад урь.
Есүс Өөрийнх нь сургаал, гайхамшгуудыг үгүйсгэж, Өөрийг нь алахыг оролдож байсан иудейчүүдийг зэмлэсэн гэдгийг тайлбарлан, Иохан 7:19–36-г нэгтгэн дүгнэ. Олон хүн Түүнийг Мессиа мөн үү хэмээн гайхаж байсан бөгөөд ахлах тахилчид болон фарисайчууд Түүнийг бариулахаар цэргүүдийг илгээсэн юм.
Иохан 7:37–53
Есүс Христ Ариун Сүнсний бэлгийн талаар заав
Цангаж байгаа нэг суралцагчаас сайн дураараа ангийн өмнө гарч ирэхийг хүс. Суралцагчид хоосон аяга өгч, түүнээс асуу.
-
Энэ таны цангааг тайлах уу?
-
Танд өөр юу хэрэгтэй вэ?
Шилтэй ус эсвэл дүүрэн устай сав мэтийн усны эх үүсвэрийг үзүүл. Аягыг усаар дүүргэж, уг суралцагчийг уухад урь. Дараа нь уг суралцагчаас суудалдаа буцаж суухыг хүс.
Суралцагчийн аяганд ус хийхэд ашигласан савыг эсвэл шилтэй усыг үзүүл. Томилогдсон тахилч Майхан баярын найман өдрийн туршид өдөр бүр Силоамын цөөрмөөс ус аван, алтан домбонд хийж, уг усыг ариун сүмийн тахилын ширээний суурин дахь мөнгөн сав руу хийдэг байсан гэдгийг тайлбарла. Майхан баярын сүүлчийн өдөр тахилч үүнийг хийж дуусахад Есүс зогсоод хүмүүст урилгыг өргөв. (Брүс Р.Макконки, Doctrinal New Testament Commentary, 3-р боть [1965–1973 он], 1:446-г үзнэ үү.)
Нэг суралцагчийг Иохан 7:37-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагч баярын найм дахь өдөр буюу хамгийн сүүлчийн өдөр ариун сүмд ирээд, хүмүүсийг юу хийхэд урьсан талаар олж мэдэхийг хүс.
-
Аврагч хүмүүсийг юу хийхэд урьсан бэ?
-
Баярын энэ өдөр тахилч ус зөөж хийдэг байсныг бодож үзэхэд, Есүс яагаад энэ өдөр урилга хүргэх болсон гэж та нар бодож байна вэ?
Хэрэв бид Есүс Христэд ирж, Түүнд итгэвэл … гэсэн гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич.
Нэг суралцагчийг Иохан 7:38–39-ийг мөн Иосеф Смитийн Орчуулгын Иохан 7:39-ийг 39-р шүлэг, зүүлт тайлбар б дээрээс олж чанга уншихад урь. Суралцагчдыг Өөрт нь ирж мөн итгэсэн хүмүүст өгсөн Есүсийн амлалтыг олж мэдэхэд урь.
“Түүний дотроос” гэдэг нь амийн ус нь итгэгчийн дотор байж, гаднах эх үүсвэрээс биш харин итгэгчийн дотроос урсахыг илэрхийлж байгаа юм гэдгийг тайлбарла.
-
39-р шүлэгт цэдэглэснээр, Аврагчийн ярьсан амийн ус гэдэг нь юуг төлөөлж байгаа вэ?
“Сударт тайлбарлаагүй зарим шалтгаанаар Есүсийн мөнх бус амьдралын жилүүдэд Ариун Сүнс иудейчүүдийн дунд бүрэн дүүрэн үйлчлээгүй” гэдгийг тайлбарла (Иохан 7:39; 16:7)” (Bible Dictionary, “Holy Ghost”). Ариун Сүнсний бэлэг нь тэр эрин үед Аврагч мөнх бус номлолоо гүйцэлдүүлээд, өргөмжлөл хүлээн авах хүртэл өгөгдөхгүй байх байсан ч Ариун Сүнсний хүч Аврагчийн болон шавь нарынх нь заасан зүйлс үнэн болох талаар хүмүүсийг гэрчлэлтэй болгохын тулд хүртээмжтэй байсан юм.
-
Та нар Иохан 7:37–39-д заасан Аврагчийн сургаалыг үндэслэн, самбар дээр бичсэн мэдэгдлийг хэрхэн гүйцээх вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид Есүс Христэд ирж, Түүнд итгэх юм бол Ариун Сүнсээр дүүргэгдэх болно гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)
Ариун Сүнсээр дүүргэгдсэн хүмүүс бусдыг сайн зүйл хийхэд нөлөөлөх чадвартай болдог гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Ариун Сүнсээр дүүргэгдэж, улмаар бусдад сайн зүйл хийхэд нөлөөлж чадсан үеэ санахад урь. Цөөн суралцагчийг туршлагаасаа хуваалцахад урь.
Ахлах тахилчид болон фарисайчууд Есүсийг баривчлахыг дахин хүсэж байсан гэдгийг тайлбарлан, Иохан 7:40–53-ыг нэгтгэн дүгнэ. Урьд нь Аврагч руу шөнөөр ирж байсан фарисайчуудын нэг болох Никодем (Иохан 3:1–2-ыг үзнэ үү) Аврагчийг хамгаалсан бөгөөд фарисайчууд, ахлах тахилчдад хүний юу хийж байгааг сонсоогүй, мэдээгүй байж шүүхийг тэдний хуулиар зөвшөөрдөггүй гэдгийг сануулсан.
Иохан 7 дээрээс суралцагчдын тодорхойлсон үнэний талаар гэрчлэлээ хуваалцаад, хичээлээ дуусга.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Иохан 7:3. Есүс Христийн “дүү нар” гэж хэн бэ?
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки Есүс Христийн “дүү нарын” талаар дараах тайлбарыг өгчээ.
“Иосеф, Мариа хоёрын хөвгүүдийг Есүсийн ‘дүү нар’ хэмээн олонтоо дурдсан байдаг ч үнэндээ бол тэд түүний хувьд эх нэгтэй ах дүүс юм. (Мат. 12:46; 13:55; Иохан 2:12; Үйлс 1:14; 1 Кор. 9:5.) … Тэд нэг гэр оронд Иосеф, Мариа хоёрын халамжинд өсөж мөн Есүсийн сургаал, үйлчлэл, гайхамшгуудын талаар мэдэж байсан боловч ойрын хамаатнууд нь болох энэ хүмүүс Түүнийг Мессиа хэмээн хүлээн зөвшөөрөөгүй байжээ. Гэвч тэд хожим нь бүгд хөрвөгдсөн бололтой (Үйлс 1:14) бөгөөд ‘Эзэний дүү Иаков’ (Гал. 1:19) хэмээн Паулын нэрлэсэн, тэдний нэг нь ариун төлөөлөгчөөр үйлчилж байв; бас нэгэн өөр Иудас, өөрийгөө ‘Иаковын дүү … Иуда’ (Иуда 1) гэгч Иудагийн захидлыг бичсэн байдаг” (Doctrinal New Testament Commentary, 3-р боть. [1965–1973], 1:437).
Иохан 7:17. “Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал”
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Бонни Л.Оскарсон:
“Бид заримдаа үүнийг эсрэгээр нь хийх гээд байдаг. Жишээ нь: бид аравны нэгийн хуулиар амьдрахдаа баяртай байх болно, гэвч эхлээд энэ хуулиа мэдэх хэрэгтэй шүү дээ гэсэн хандлагатай байж болох юм. Бид аравны нэгийн өргөлийн хуудсыг бөглөхөөсөө өмнө аравны нэгийн хуулийн талаар гэрчлэлтэй болохын төлөө залбирч, Их Эзэн биднийг гэрчлэлээр адисална гэдэгт найдаж ч болох юм. Гэтэл хэрэг дээрээ ийм байдаггүй. Их Эзэн биднээс итгэлээ хөгжүүлэхийг л хүсдэг. Бид аравны нэгийн талаар гэрчлэлтэй болохын тулд аравны нэгээ л шударгаар байнга, бүрэн төлөх хэрэгтэй. Энэхүү загвар нь ариун явдлын хууль, даруу хувцаслах зарчим, мэргэн ухааны үг эсвэл мацгийн хууль гэхчилэн сайн мэдээний бүх зарчимд хамаатай юм” (“Хөрвөгдөцгөө, та нар минь,” Ensign эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 86).
Иохан 7:38–39. “Амийн ус”
“Иохан 7:38-д дурдагдсан ‘амийн ус’ нь Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн талаар гэрчлэх үндсэн үүрэгтэй Ариун Сүнс юм гэсэн Иоханы хийсэн тайлбарыг бид Иохан 7:39-өөс олж уншдаг. Аврагчийн төсөөлөн дүрсэлсэн ‘амийн ус’ нь ус сүнслэг үнэнийг илэрхийлдэг гэсэн эртний Израилийн ёс заншил, уламжлалаас улбаатай юм. Ойрх Дорнодын хуурай цаг уурын нөхцөлд ус хүртээмжтэй байх нь амьд гарч үлдэхэд нэн чухал асуудал байсан бөгөөд усны хомсдол нь усыг хамгийн үнэ цэнтэй эх үүсвэр, маш хүчтэй бэлгэ тэмдэг болгосон. Мосе Хоребд хаднаас гайхамшигтайгаар ус гаргах үед Их Эзэн Израилийг аварчээ (Египетээс гарсан нь 17; Тооллого 20-ийг үзнэ үү). Хуучин Гэрээний бошиглогчид болох Исаиа, Иеремиа, Езекиел нар усыг Их Эзэний Сүнс, анхаарал халамж болон эдгээх хүчийг төлөөлөх бэлгэдэл болгон ашигласан байдаг (Исаиа 41:17–18; 58:11; Иеремиа 2:13; Езекиел 47:1–12-ыг үзнэ үү).
“Түүнд итгэдэг хүн тодорхой ирээдүйд ‘амийн устай’ байх болно гэсэн Аврагчийн амлалт тухайн үед ‘Ариун Сүнс арай өгөгдөөгүй байсан’ гэж бодоход хүргэж байна (Иохан 7:39). ‘Сударт тайлбарлаагүй зарим шалтгаанаар Есүсийн мөнх бус амьдралын жилүүдэд Ариун Сүнс иудейчүүдийн дунд бүрэн дүүрэн үйлчлээгүй (Иохан 7:39; 16:7). Мөн Есүсийн амилсны дараах үе хүртэл Ариун Сүнс бүрэн ирээгүй гэсэн мэдэгдлүүд нь зөвхөн тухайн эрин үетэй холбоотойгоор хийгдсэн байх учиртай юм, учир нь Ариун Сүнс өмнөх эрин үеүдэд бүрэн дүүрэн ажилладаг байсан билээ. Түүнээс гадна, энэ нь зөвхөн Ариун Сүнсний бэлэг байгаагүй гэсэн үг бөгөөд харин Ариун Сүнсний хүч бол Иохан Баптист болон Есүсийн үйлчлэлийн үед идэвхтэй байсан, тэгээгүй байсан бол хэн ч энэ хүмүүсийн заасан зүйлсийн талаар гэрчлэл хүлээн авахгүй байх байсан (Мат. 16:16–17; мөн 1 Кор. 12:3-ыг үзнэ үү) (Bible Dictionary, ‘Holy Ghost’ )” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 224).