Номын сан
130-р хичээл: 1 Тимот


130-р хичээл

1 Тимот

Оршил

Паул Ефес дэх санваарын удирдагч Тимотод хандан бичиж, үнэн сургаал заагдахад анхаарахыг зөвлөсөн. Тэрээр бишоп, диконуудад тавигдах шаардлагыг тодорхойлон тайлбарлаж, итгэгчдийн үлгэр жишээ байхыг Тимотод зөвлөжээ. Паул гэгээнтнүүдийг ядуус болон бэлэвсэн хүмүүст туслах хэрэгтэй хэмээн анхааруулсан. Тэрээр “мөнгөний хайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс мөн” (1 Тимот 6:7–10) хэмээн зааж, номоо төгсгөсөн.

Заах зөвлөмж

1 Тимот 1–3

Паул Сүмийг удирдах үүрэг хариуцлагынх нь талаар Тимотод зааварласан.

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Олон жилийн өмнө намайг бишопоор үйлчилж байхад тохиолдсон нэгэн явдлыг санаж байна. Нэгэн ням гаргийн өглөө ахлагчдын цуглааны нээлтийн ажиллагааны үеэр нэгэн залуу эрэгтэйг пристийн албан тушаалд томилохоор бэлтгэж байлаа. Тэр өдөр манай тойрогт ариун сүмийн ажилтнаар үйлчилж байсан дээд зөвлөлийн гишүүн айлчилж ирсэн байв. Намайг цугларсан олны өмнө залуу эрэгтэйг томилохоор суулгах тэр мөчид Дээд зөвлөлийн гишүүн надад хандан “Бишоп оо, би томилогдож буй хүмүүсийг үргэлж ариун сүм рүү харуулж суулгадаг” гэлээ. Тэрээр сандлыг зөөж, залуу эрэгтэйг ариун сүм рүү харж суухаар болгов. Энэ нь зөвшөөрөгдөөгүй үйлдэл болохыг би тэр даруйд мэдсэн юм” (“Нээлтийн үгс” [Дэлхий даяарх удирдагчдын сургалт, 2010 оны 11-р сар], lds.org/broadcasts).

Дээд зөвлөлийн гишүүн биш, харин тухайн үед бишоп байсан ерөнхийлөгч Монсон өөрийн тойрогт Их Эзэний ажлыг тэргүүлэх бүрэн эрхтэй байсныг тайлбарла.

  • Бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч иймэрхүү зөвшөөрөгдөөгүй үйлдэлд боломж олгох нь ямар аюултай байж болох вэ?

Паул Ефесийн залуу санваарын удирдагч Тимотод хандан, энэхүү захидлыг бичсэнийг тайлбарла. Тимот өөрийн удирдаж байсан Сүмийн салбарт ерөнхийлөгч Монсонд тохиолдсонтой адил асуудлуудтай тулгарч байв.

Цөөн суралцагчийг ээлжлэн 1 Тимот 1:3–7-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул Тимотод ямар үүрэг хариуцлага өгснийг олж мэдэхийг хүс. Үлгэр домог (4-р шүлэг) гэдэг үг нь худал хуурмаг сургаал; “үл төгсөх угийн бичгүүдэд” анхаарлаа хандуулах (4-р шүлэг) rэдэг нь өөрсдийн асар урт буюу үл төгсөх угийн бичгүүдээрээ алдартай Абрахамын сонгогдсон үр удмынханд аврал ирнэ гэсэн худал хуурмаг ёс заншил; мөн “дэмий яриа” (6-р шүлэг) гэдэг нь үр дүнгүй яриа (6-р шүлгийн зүүлт тайлбар в) гэдгийг тайлбарла.

  • 3–4-р шүлэгт цэдэглэснээр, Паул Тимотод ямар үүрэг өгсөн бэ?

  • 6–7-р шүлэгт цэдэглэснээр, энэ үүргийг гүйцэтгэх нь Тимотын хувьд яагаад чухал байсан бэ?

  • Паулын Тимотод өгсөн санваарын удирдагчийн үүрэг хариуцлагын тухай зөвлөгөөнөөс бидний мэдэж авах үнэн юу байна вэ? (Суралцагчид өөр өөр үг ашиглаж болох ч Санваарын удирдагчид үнэн сургаал, зөв үйлдэл заагдаж буйд анхаарах үүрэгтэй гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоох ёстой. Энэ үнэнийг самбар дээр бич.)

Суралцагчдад ерөнхийлөгч Монсоныг бишоп байхад тохиолдсон нөхцөл байдлыг сануул. Түүний ярьсан түүхийн үргэлжлэлийг уншихад нэг суралцагчийг урь. Ангийнхнаас ерөнхийлөгч Монсон Дээд зөвлөлийн гишүүний үйлдэлд ямар хариу үзүүлсэн талаар олж сонсохыг хүс.

Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Энэ үйлдэл хэрхэн олныг хамран тархаж болохыг би ойлгосон юм. Хэдийгээр би Дээд зөвлөлийн гишүүнээс насаар хамаагүй залуу байсан ч юу хийх хэрэгтэйг мэдэж байв. Би сандлыг байранд нь эргүүлж тавиад, түүнд “манай тойрогт бид цугларсан олон руу харуулж суулгадаг” гэж хэлсэн (“Нээлтийн үгс,” lds.org/broadcasts).

  • Сүмд үнэн сургаал, зөв үйлдэл заахад анхааран ажилладаг санваарын удирдагчдын ачаар бид хэрхэн адислагддаг вэ?

Бурханы хуулийн багш болохыг хүсдэг хэрнээ тэр хуулийнхаа талаар зөв ойлголтгүй хүмүүсийн эсрэг Паул анхааруулсан болохыг тайлбарлан, 1 Тимот 1:8–11-ийг нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчийг 1 Тимот 1:12–16-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул яагаад Есүс Христэд талархсаныг олж мэдэхийг хүс.

  • Паул яагаад Есүс Христэд талархал илэрхийлсэн бэ?

  • 15–16-р шүлэгт цэдэглэснээр, Есүс Христэд итгэгч бүх хүнд үзүүлсэн “үлгэр дуурайл”-ын талаар Паул юу хэлсэн бэ?

Паул Тимотод итгэлтэй байхыг зөвлөснийг тайлбарлан, 1 Тимот 1:17–1 Тимот 3-ыг нэгтгэн дүгнэ. Паул Есүс Христ бол бидний зуучлагч гэж заасан бөгөөд тэрээр Сүмийн гишүүдэд биеэ хэрхэн авч явах талаар зөвлөсөн. Тэрээр мөн бишоп, диконуудад тавигдах шаардлагыг тодорхойлсон.

1 Тимот 4–5

Паул Есүс Христийн итгэлт үйлчлэгчдийн шинж чанарыг дүрслэн хэлсэн.

Цаасны хавчаар, утас, наадаг тууз (скоч), соронз ангид авчир. Утасны нэг үзүүрт цаасны хавчаарыг уяж, нөгөө үзүүрийг ширээнд туузаар наа. Соронзыг цаасны хавчаарт хүргэхгүйгээр ойрхон барь. Соронзон хүчний улмаас цаасны хавчаар соронз руу татагдах болно. Соронзыг хөдөлгөн, энэ нь цаасны хавчаарны хөдөлгөөнд хэрхэн нөлөөлдгийг харуул.

  • Хэрэв цаасны хавчаар хүнийг төлөөлж байгаа бол соронз юуг төлөөлж байна вэ?

Тэд хэрхэн соронз мэт байж, бусдад нөлөөлснөө эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүс. Суралцагчдыг 1 Тимот 4-ийг судалж байхдаа бид хэрхэн бусдын амьдралд эергээр нөлөөлж чадах талаар заасан зарчмыг олж мэдэхэд урь.

“Хожмын цагт” (1-р шүлэг) Сүмийн зарим гишүүн итгэлээ орхиж, “гэр бүл болохыг хориглох” (3-р шүлэг) зэрэг хуурамч сургаал, үйлдлүүдийг дагах болно хэмээн бошиглосныг тайлбарлан, Паул 1 Тимот 4:1–11-ийг нэгтгэн дүгнэ. Паул гэгээнтнүүдийг үнэн сургаалаар тэтгэхийг Тимотод сургасан.

Суралцагчдыг 1 Тимот 4:12-ыг чимээгүй уншин, Паул Тимотыг юу байх ёстой гэж зөвлөснийг олж мэдэхийг хүс. Энэ шүлэгт байгаа зан байдал гэдэг үг нь биеэ авч явах байдал буюу зан авирыг илэрхийлж байгааг тайлбарла (12-р шүлэг, зүүлт тайлбар в). Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • “Итгэгч хүмүүст үлгэр дуурайл” байх гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? (Энэ хэллэгийг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно.)

  • Паул Тимотыг юугаараа итгэгч хүмүүст үлгэр дуурайл байхыг зөвлөсөн бэ? (Суралцагчдын хариултыг самбарт жагсаан бич.)

Нэг суралцагчийг 1 Тимот 4:13–16-г чанга уншихад урь. Ангийнхнаас уг шүлгүүдийг дагаж уншаад, Тимотыг итгэгч хүмүүст үлгэр дуурайл байхад туслах өөр ямар зөвлөгөөг Паул өгснийг олж мэдэхийг суралцагчдаас хүс.

  • Тимотыг итгэгч хүмүүст үлгэр дуурайл байхад нь туслах өөр ямар зөвлөгөөг Паул өгсөн бэ?

  • 15-р шүлэгт цэдэглэснээр, Паул яагаад Тимотыг өөрийнх нь заасан сургаалд санаа тавьж, тэдгээрийн дагуу амьдрахад өөрийгөө бүрэн зориул гэж хэлсэн бэ? (Тимотын ахиц дэвшил бүгдэд илэрхий болохын тулд.)

  • 16-р шүлэгт буй Паулын заасан зүйлсэд үндэслэн харахад, бид Есүс Христэд итгэгчдийн үлгэр жишээ байхыг хичээх нь ямар үр дүнд хүргэдэг вэ? (Суралцагчдыг хариулах хооронд Бид Есүс Христэд итгэгчдийн үлгэр жишээ болох аваас өөрсдөдөө болон бусдад аврал авчрах болно гэсэн зарчимтай төстэй зарчмыг самбарт бич.)

  • Есүс Христэд итгэдэг мөн дагадаг нэгний жишээ байх нь бусдад авралыг авчрахад хэрхэн тусалдаг вэ?

Суралцагчдаас самбарт байгаа жагсаалтыг эргэн харж, Тимот “итгэгчдийн жишээ” (1 Тимот 4:12) байж болох зүйлсийг бодож үзэхийг тэднээс хүс. Ангийнхныг эдгээр зүйл бүрд хэн нэгэн нь хэрхэн үлгэр жишээ байж болохыг дүрслэхийг хүс.

  • Паулын дурдсан зүйлсийн аль нэгэнд нь хэзээ хэн нэгэн хүн танд итгэгчдийн жишээ болж байсан бэ? (Та мөн өөрийнхөө туршлагаас хуваалцаж болно.)

Суралцагчдыг Есүс Христэд итгэгчдийн жишээ байж, өөрсдөдөө болон бусдад авралыг авчрахад туслах талаарх зорилгоо хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь.

Паул гэгээнтнүүд ядуусыг болон бэлэвсэн хүмүүсийг хэрхэн халамжлах талаар Тимотод заасныг тайлбарлан, 1 Тимот 5-ыг нэгтгэн дүгнэ.

1 Tимот 6

Паул бусдад мөнхийн баялгийг эрэлхийлэхэд нь туслах талаар Тимотод заасан.

Ямар нэгэн мөнгөн дэвсгэрт ангийнханд харуул.

  • Мөнгө илүү хилэнцэт эсвэл илүү сайн хоёрын алин руу хөтөлдөг гэж та бодож байна вэ? Яагаад?

1 Тимот 6-р бүлэгт Паул мөнгөний тухай Тимотод зөвлөсөн байдгийг тайлбарла. Нэг суралцагчийг 1 Тимот 6:6–10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул эд баялгийн талаар юу зааж, анхааруулсныг олж мэдэхийг хүс.

  • Паулын заасан эсвэл анхааруулсан зүйлсээс юу нь та нарт онцгой сэтгэгдэл төрүүлсэн бэ? Яагаад?

  • “Мөнгөний хайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс мөн” гэдэг хэллэг ямар утгатай гэж та бодож байна вэ? (1 Тимот 6:10).

  • 9–10-р шүлэгт цэдэглэснээр, мөнгөний хайр юунд хүргэдэг вэ? (Суралцагчдыг хариулсны дараа самбарт Мөнгөний хайр шударга бус байдалд болон урвалтад хүргэдэг гэсэн үнэнийг бич.)

  • Яагаад мөнгөний хайр шударга бус байдалд болон урвалтад хүргэдэг гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдад мөнгө өөрөө биш харин мөнгөний “хайр” шударга бус байдал руу хөтөлдөг гэдгийг ойлгоход туслахын тулд нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг чанга уншихыг хүс.

Ахлагч Даллин Х.Өүкс

“Мөнгө угаасаа бузар муу зүйл биш юм. Эзэнээсээ урвахдаа Иудасын олж авсан мөнгөтэй адил сайн самари хүн мөнгийг хөршдөө үйлчлэхдээ ашигласан. ‘Мөнгөний хайр [л] бүх төрлийн бузар муугийн үндэс юм’ (1 Тимот 6:10; налуу бичилт нэмэгдсэн.) Хамгийн гол ялгаа нь дэлхийн зүйлсийг авч үзэх, үнэлэх, эзэмшихдээ бидний ашигладаг сүнслэг байдлын зэрэгт оршдог” (“Сүнслэг байдал,” Ensign, 1985 оны 11-р сар, 63).

Дараах судрын эшлэл, асуултуудыг самбарт бичих юм уу тараах материал болгон бэлтгэ.

1 Тимот 6:11–12, 17–19

Паул Тимотод болон баян хүмүүст ямар зөвлөгөө өгсөн бэ?

Энэхүү зөвлөгөө нь баялгийг эрэлхийлэх болон эд хөрөнгөө ашиглах талаар зөв хандлагатай байхад бидэнд хэрхэн тусалж болох вэ?

Суралцагчдыг хос болгон хуваарил. Суралцагчдыг судрын эшлэлүүдийг уншиж, хоёр хоёроороо дараах асуултын талаар ярилцахад урь. Тэдэнд хангалттай хугацаа өгсний дараа хэд хэдэн суралцагчаас ярилцсан зүйлийнхээ талаар хуваалцахыг урь.

  • 19-р шүлэгт цэдэглэснээр, Паул хэрэв гэгээнтнүүд Бурханд итгэж, сайн үйлсээр баян байх аваас юунд хүрнэ гэж хэлсэн бэ?

  • Бид мөнх амийг олохын тулд юу хийх ёстой талаар Паулын заасан зүйлсээс ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид амьд Бурханд итгэн найдаж, сайн үйлсээр баян байх аваас мөнх амийг олж авах болно гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоох ёстой.)

  • Хэрэв Бурханд итгэж найдан, шударга байдлын төлөө явах нь бидний нэн тэргүүний зорилго юм бол энэ нь эд баялгийг авч үзэх, эрэлхийлэх, хэрэглэх бидний байдалд хэрхэн нөлөөлөх вэ?

Мөнх амийг олох нь хүмүүнийг жинхэнэ баян болгодог гэдгийг гэрчлэн хичээлээ төгсгө. Мөнх амийн жинхэнэ баялгийг олж чадахын тулд шударга байдлын төлөө явахыг өөрсдийн нэн тэргүүний зорилго болгоход суралцагчдыг зоригжуул.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

1 Tимот 1:1–7. “Хүмүүст өөр хачин сургаал заахгүй байхыг тушаах”

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Сүмд зөв сургаал заахын ач холбогдлын талаар заахдаа:

“Би Сүмийн сургаалыг цэвэр ариунаар нь хадгалж, бүх уулзалт цуглаандаа заахын ач холбогдлын талаар өмнө нь ярьж байсан. Сургаалыг заахдаа бага ч гэсэн өөрчилж хазайх нь асар том, хилэнцэт худал хуурмаг зүйлд хүргэдэг” гэжээ (Гордон Б.Хинклигийн сургаал [1997], 620).

1 Tимот 1:4. “Үл төгсөх угийн бичгүүд”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки 1 Тимот 1:4 болон Tит 3:9-д заасан “угийн бичгүүд” нь “угийн бичгийн уншлагад бичигдсэн сонгогдсон үр удмынханд аврал ирнэ хэмээх иудейчүүдийн хуурамч ёс заншлыг хэлж байгааг заасан. Энэ амьдралд сайн мэдээг хүлээн авах боломжгүй байсан хүмүүсийг аврагдахад зайлшгүй шаардлагатай зүйл бол угийн бичгийн судалгаа гэдгийг Их Эзэн энэ эрин үед зарлигласан” (Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973], 3:127).

1 Tимот 2:9–10. Зохистой хувцаслах

“Паул эмэгтэйчүүдийг ‘зохистой хувцаслан өөрсдийгөө даруу, түвшин байдлаар [чимэхийг]’ (1 Tимот 2:9) буюу даруу төлөв бөгөөд бишрэл хүндэтгэлтэй байдлаар чимэхийг урамшуулсан; тэрээр мөн эмэгтэйчүүдийг үнэтэй хувцас, үнэнт эдлэл, чимэглэлээр гоёхоос зайлсхийх хэрэгтэй хэмээн заасан. Ижил төстэй сургаалыг 1 Нифай 13:7–8; 4 Нифай 1:24; Мормон 8:36–39; мөн Сургаал ба Гэрээ 42:40-өөс олж болно. Паул эмэгтэйчүүд ‘Бурханаас эмээгч’ хүмүүсийн нэгэн адил хувцаслах хэрэгтэйг цохон тэмдэглэсэн. Зохистой хувцас өмсөх зарчим нь өнөөгийн Сүмийн эрэгтэй, эмэгтэй гишүүдийн аль алинд нь хамаатай.

“‘Та нар өөрсдийн хувцаслалт, гадаад төрхөөрөө … Есүс Христийн дагалдагч бөгөөд Түүнд хайртай гэдгээ харуулна.

Бурханы бошиглогчид Түүний хүүхдүүдэд даруу хувцаслахыг үргэлж зөвлөдөг. Та үсээ сайхан засуулж, даруухан хувцасласан байвал Ариун Сүнсний нөхөрлөлийг урьж, эргэн тойрныхоо хүмүүст сайн нөлөө үзүүлж чадна’ (Залуучуудын бат бөх байдлын төлөө [товхимол, 2011],6)” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага 2014], 458).