Номын сан
Гэрээр судлах хичээл: Колоссай–1 Тимот (26-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Колоссай1 Tимот (26-р бүлэг)

Гэрээр заах багшид зориулсан бэлтгэх материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Колоссайгаас 1 Tимот хүртэл (26-р бүлэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах дүгнэлт нь энэ хичээлийн нэг хэсэг болж заагдахад зориулагдаагүй юм. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын зөвхөн цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Колоссай)

Паул Колоссайн гэгээнтнүүдэд хандан бичсэн захидалдаа Есүс Христ бол Гэтэлгэгч, Тэнгэрлэг Эцэгийн Ууган Хүү, бүх зүйлийг Бүтээгч, Сүмийн тэргүүн, анхны амилуулагдах нэгэн гэдгийг заасан. Суралцагчид түүнчлэн хэрэв үргэлжлүүлэн итгэл дээрээ суурилан, бат зогсвол Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Бурхантай эвлэрэх болно гэдгийг мэдэж авсан. Цааш нь Есүс Христ дээр суурилан, зохион байгуулагдсанаараа бид дэлхийн гүн ухаан, уламжлалаас болж төөрөн одохоос зайлсхийж чадна гэдгийг ойлгосон.

2 дахь өдөр (1 Tесалоник)

Паул Тесалоникийн гэгээнтнүүдэд хандан бичсэн захидалдаа тэднийг итгэлтэй байдлынх нь төлөө магтан сайшаасан бөгөөд Хоёр дахь ирэлтийн тухай үнэнийг заасан. Суралцагчид энэ захидлыг судалж байхдаа: Бид Есүс Христийн сайн мэдээг Бурханы үг, хүчээр бусдад зааснаар Их Эзэний болон Түүний үйлчлэгчдийн дагалдагчид болоход нь бусдад тусалдаг гэсэн үнэнийг мэдэж авсан. Бид сайн мэдээг өөрсдийн үлгэр жишээгээр дамжуулан хуваалцаж болно. Хоёр дахь ирэлтээс өмнө нас барсан гэгээнтнүүд Христийг дахин ирэх үед амилуулагдах болно. Хоёр дахь ирэлт болоход амьд байх итгэлтэй гэгээнтнүүд Христийг ирэхэд Түүнийг угтахаар дээш аваачигдана. Хэрэв бид итгэлтэй байж, Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнөх тэмдгүүдийг харуулдан хүлээвэл Түүнийг дахин ирэх үед бэлтгэлтэй байх болно.

3 дахь өдөр (2 Tесалоник)

Суралцагчид Паулын Тесалоникийн гэгээнтнүүдэд хандан, Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн тухай үнэнийг тодорхойлон бичсэн захидлыг судалж байхдаа хэрэв бид эсэргүүцэл, зовлон шаналлыг тэвчээртэй, итгэлтэй даван туулбал Бурханы хаанчлалд зохистой гэж тооцогдох болно гэдгийг олж мэдсэн. Паул Есүс Христийн Хоёр дахь ирэлт болоход зөв шударга хүмүүс амарч, ёс бусчууд устгагдах болно хэмээн заав. Тэрээр түүнчлэн Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнө урвалт гарах болно гэж заажээ. Бидэнд бие даасан байж, бусдад туслах зарлигийг өгсөн гэдгийг суралцагчид ойлгосон.

4 дэх өдөр (1 Tесалоник)

Суралцагчид Ефесийн санваарын залуу удирдагч Тимотод хандан бичсэн Паулын захидлаас санваарын удирдагчид үнэн сургаал, зөв уламжлалыг зааж байгаа эсэхийг анхаарах үүрэгтэй гэдгийг мэдсэн. Тэд түүнчлэн мөнгөнд дурлах нь шударга бус байдал, урвалтад хүргэдэг гэдгийг ойлгож авсан. Нөгөө талаар, хэрэв бид амьд Бурханд итгэн найдаж, сайн үйлсээр баян байх аваас мөнх амьдралыг олж авах болно.

Оршил

Паул Ефесийн санваарын удирдагч Тимотод хандан бичихдээ итгэгчдийн үлгэр жишээ байх хэрэгтэй хэмээн зөвлөжээ.

Заах зөвлөмж

Тэмдэглэл: Суралцагчид энэ бүлгээр 2 Тесалоник 2:1–3 дахь төгс эзэмших судрын хэсгийг судалсан. Та энэ хэсгийн зааж байгаа үнэнийг нэгтгэн дүгнэхийг хүсэн, суралцагчидтай хамт дахин үзэж болно. Та судрын энэ хэсгийг чээжлэхэд нь суралцагчдад туслахын тулд 3-р шүлгийг ангийнханд хэд хэдэн удаа чээжээр хэлж өгч болох юм.

1 Tимот 4

Паул Есүс Христийн итгэлт үйлчлэгчдийн шинж чанарыг дүрслэн хэлэв

Цаасны хавчаар, утас, наадаг тууз (скоч), соронз ангид авчир. Утасны нэг үзүүрт цаасны хавчаарыг уяж, нөгөө үзүүрийг ширээнд туузаар тогтоо. Соронзыг цаасны хавчаарт хүргэхгүйгээр ойрхон барь. Соронзон хүчний улмаас цаасны хавчаар соронз руу татагдах болно. Соронзыг хөдөлгөн, энэ нь цаасны хавчаарын хөдөлгөөнд хэрхэн нөлөөлдгийг харуул.

  • Хэрэв цаасны хавчаар хүнийг төлөөлж байгаа бол соронз юуг төлөөлж байна вэ?

Суралцагчид хэрхэн соронз мэт байж, бусдад нөлөөлснийг эргэцүүлэн бодохыг тэднээс хүс. Суралцагчдыг 1 Тимот 4-ийг судалж байхдаа хэрхэн бусдын амьдралд эергээр нөлөөлж болох талаар заасан зарчмыг олж мэдэхэд урь.

Паул “хожмын цагт” (1-р шүлэг) Сүмийн зарим гишүүн итгэлээ орхиж, “гэр бүл болохыг хориглодог” (3-р шүлэг) зэрэг хуурамч сургаал, уламжлалуудыг дагах болно хэмээн бошиглосныг тайлбарлан, 1 Тимот 4:1–11-ийг нэгтгэн дүгнэ. Паул гэгээнтнүүдийг үнэн сургаалаар тэтгэхийг Тимотод зөвлөсөн.

Суралцагчдыг 1 Тимот 4:12-ыг дотроо уншаад, Паул Тимотыг хэн байх ёстой гэж зөвлөснийг олж мэдэхийг хүс. Энэ шүлгийн зан байдал гэсэн үг нь биеэ авч явах байдал буюу зан авир гэсэн утгатайг тайлбарла. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • “Итгэгч хүмүүст үлгэр дуурайл” болох гэсэн нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? (Энэ хэллэгийг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно.)

  • Паул Тимотыг ямар арга замаар итгэгч хүмүүст үлгэр дуурайл болохыг зөвлөсөн бэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр жагсаан бич.)

Нэг суралцагчийг 1 Нифай 4:13–16-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Тимотыг итгэгч хүмүүст үлгэр дуурайл болоход туслах өөр ямар зөвлөгөөг Паул өгснийг олж мэдэхийг хүс.

  • Тимотыг итгэгч хүмүүст үлгэр дуурайл болоход туслах өөр ямар зөвлөгөөг Паул өгсөн бэ?

  • 15-р шүлэгт цэдэглэснээр, Паул яагаад Тимотыг өөрийнх нь заасан сургаалд санаа тавьж, тэдгээрийн дагуу амьдрахад өөрийгөө бүрэн зориул гэж хэлсэн бэ? (Тимотын ахиц дэвшил бүгдэд илэрхий байхын тулд.)

  • 16-р шүлэгт Паулын заасан зүйлсээс харахад Есүс Христэд итгэгчдийн үлгэр жишээ байхыг хичээх нь ямар үр дүнд хүргэдэг вэ? (Суралцагчдын хариултыг ашиглан Бид Есүс Христэд итгэгчдийн үлгэр жишээ болох аваас өөрсдөдөө болон бусдад авралыг авчрахад туслах болно гэсэнтэй төстэй зарчмыг самбарт бич.)

  • Есүс Христэд итгэдэг мөн дагадаг нэгний жишээ байх нь бусдад авралыг авчрахад хэрхэн тусалдаг вэ?

Суралцагчдаас самбарт байгаа жагсаалтыг эргэн харж, Тимотын “итгэгчдийн жишээ” (1 Тимот 4:12) байж болох арга замуудыг бодож үзэхийг хүс. Ангийнхнаас эдгээр арга зам бүрд хэн нэгэн нь хэрхэн үлгэр жишээ байж болохыг дүрслэн хэлэхийг хүс.

“Бүдүүлэг үггүй клуб” (4:57) эсвэл “Алдагдсан цүнх” (2:40) гэсэн хоёр видео бичлэгийн аль нэгийг үзүүл. Видео бичлэгүүд LDS.org дээр бий. Видео бичлэг дээрх залуу эрэгтэй эсвэл залуу эмэгтэй хэрхэн Есүс Христэд итгэгчдийн үлгэр жишээ болж буй арга замуудыг олж харахыг суралцагчдаас хүс.

  • Паулын дурдсан арга замуудын аль нэгэнд хэзээ ямар нэгэн хүн танд итгэгчдийн үлгэр жишээ болж байсан бэ? (Та мөн өөрийнхөө туршлагаас хуваалцаж болно.)

Суралцагчдыг Есүс Христэд итгэгчдийн үлгэр жишээ байх, өөрсдөдөө болон бусдад авралыг авчрахад туслах талаарх зорилгоо хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь.

Дараагийн бүлэг (2 Тимот 1Еврей 4)

Суралцагчдыг өнөө үед Есүс Христийн шавь байхын хэцүү тал юу байдгийг эргэцүүлэхэд урь. Түүнчлэн тэд Паулын заасан зүйлсийг дараагийн долоо хоногт үргэлжлүүлэн судлах үедээ тэднийг учрах зовлон шаналал, бэрхшээлийг үл тоон итгэлтэй хэвээр үлдэхэд туслах үнэнийг мэдэж авах болно гэдгийг тайлбарла.