Номын сан
92-р хичээл: Үйлс 15


92-р хичээл

Үйлс 15

Оршил

Иудейгээс ирсэн хэсэг Сүмийн гишүүд аврагдахын тулд хөвч хөндүүлсэн байх хэрэгтэй гэж Антиох дахь харийн хөрвөгчдөд хэлжээ. Паул, Барнаб хоёр энэ асуудлыг Иерусалим дахь төлөөлөгчдөд хүргэв. Иерусалимын чуулган хэмээн нэрлэгддэг энэ үйл явдлын үеэр (МЭ 49–50 он орчимд) Петр Бурхан итгэлтэй иудейчүүдийг болон харийнхныг хөвч хөндүүлсэн эсэхээс нь үл хамааран аврах болно гэдгийг гэрчилсэн. Төлөөлөгчид Сүмийн гишүүдэд хөвч хөндөх нь авралд шаардлагатай биш гэдгийг тайлбарласан захидал илгээжээ. Паул Силасыг номлолынхоо хамтрагч болгон сонгоод, хоёр дахь номлолдоо гарав.

Заах зөвлөмж

Үйлс 15:1–29

Сүнсээр өдөөгдсөн зөвлөгөөнөөр Петр болон бусад төлөөлөгч Их Эзэн хөвч хөндөлтийг цаашид шаардахгүй гэдгийг тогтоов

Суралцагчдыг одоо болон ирээдүйд өөрсдийн гаргах хэд хэдэн чухал шийдвэрийг самбарт жагсаан бичихэд урь.

  • Чухал шийдвэр гаргахдаа та нар хэнтэй ярилцдаг вэ? Та нар яагаад тэдэнтэй ярилцдаг вэ?

  • Шийдвэр гаргахаасаа өмнө Бурханы тусламжийг эрэлхийлэх нь яагаад чухал вэ?

Суралцагчдыг Үйлс 15-ыг судалж байхдаа өөрсдийн төлөөх Бурханы хүслийг мэдэхийг эрэлхийлэхэд тэднийг удирдах үнэнийг олж мэдэхэд урь.

Паул, Барнаб хоёрыг Антиох дахь гэгээнтнүүд дээр айлчлах хооронд Христийн шашинд хөрвөгдсөн, Иудейгээс ирсэн зарим иудей хүн аврагдахын тулд харийн хөрвөгчдийн хийх хэрэгтэй зарим зүйлийн талаар зөрөлджээ.

Нэг суралцагчийг Үйлс 15:1-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Иудейгээс ирсэн энэ хүмүүс харийн хөрвөгчдийг аврагдахын тулд юу хийх хэрэгтэй гэж зүтгэснийг олж мэдэхийг хүс.

  • Иудейгээс ирсэн энэ хүмүүс харийн хөрвөгчдийг аврагдахын тулд юу хийх хэрэгтэй гэж зүтгэсэн бэ?

Абрахамтай хийсэн гэрээний нэг хэсэг болгон Бурхан Өөртэй нь гэрээнд орсон бүх эрэгтэйд хөвч хөндүүлэхийг тушаасан гэдгийг тайлбарла. “Хөвч хөндөх ёслолыг гүйцэтгэхдээ нялх эрэгтэй хүүхдийн болон насанд хүрсэн ‘эрэгтэй хүний бэлэг эрхтний хөвч арьсыг’ хөнддөг байв” (Судруудын удирдамж, “Хөвч хөндөх ёслол,” scriptures.lds.org). Хөвч хөндөх нь хүмүүсийн Бурхантай хийсэн гэрээний бэлгэ тэмдэг буюу сануулга болон тогтоогджээ.

Нэг суралцагчийг Үйлс 15:2–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, тухайн хүмүүс харь үндэстний хөрвөгчид хөвч хөндүүлэх хэрэгтэй гэж зүтгэж буйг Паул, Барнаб хоёрын сонссоны дараа юу болсныг олж мэдэхийг хүс.

  • 2-р шүлэгт цэдэглэснээр, энэ хүмүүсийг Сүмийн хөрвөгчид хөвч хөндүүлэх хэрэгтэй гэж хэлэхэд юу тохиолдсон бэ?

  • Антиох дахь Сүмийн гишүүд юу хийгдсэн байх ёстой гэж шийдсэн бэ?

Нэг суралцагчийг Үйлс 15:4–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паулыг бусадтай хамт Иерусалимд ирэхэд юу тохиолдсон тухай олж мэдэхийг хүс.

  • Паул, Барнаб хоёрыг харийнхантай сайн мэдээг хуваалцсан туршлагаасаа өгүүлсний дараа фарисай хөрвөгчдийн зарим нь харийн хөрвөгчдийг аврагдахын тулд юу хийх хэрэгтэй гэж итгэсэн бэ?

  • 6-р шүлэгт цэдэглэснээр, төлөөлөгчид болон ахлагчид юу хийхээр цугласан бэ?

Дараах асуултуудыг самбар дээр бич эсвэл тараах материал болгон тараа.

Зураг
тараах материал

Үйлс 15:7–11

Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—92-р хичээл

  1. Хэн үг хэлэхээр боссон бэ?

  2. Бурхан “бид [хөрвөгдсөн иудейчүүд] болоод тэднийг [хөрвөгдсөн харийнхан] ялгаагүй билээ” хэмээн Петрийн хэлсэн нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ?

  3. 8, 9, 11-р шүлэгт буй ямар үгс харийн хөрвөгчид аврагдахын тулд хөвч хөндүүлэх хэрэггүй гэдгийг илэрхийлж байна вэ?

Ангийнхныг хосууд болгон хуваарил. Суралцагчдыг Үйлс 15:7–11-ийг хамтрагчтайгаа уншин, жагсаан бичсэн асуултуудын хариултыг олж мэдэхийг хүс. Тэднийг уншихаас өмнө 7-р шүлэгт буй “ихэд маргалдсаны эцэст” гэдэг үгс нь төлөөлөгчид хөвч хөндөх асуудлыг эрчимтэй хэлэлцсэн гэсэн утгатайг тайлбарла.

Хангалттай хугацаа өгсний дараа цөөн суралцагчаас хариултаа ангийнхантай хуваалцахад урь. Суралцагчдыг эхний асуултад хариулсны дараа Петр бол дэлхий дээрх ахлах төлөөлөгч учраас Их Эзэний өмнөөс ярих эрх мэдэлтэй байсан гэдгийг сануул.

  • Их Эзэний хүслийг мэдэж болох нэг арга зам юу вэ? (Бид Их Эзэний хүслийг Түүний амьд бошиглогч, төлөөлөгчдөөр дамжуулан мэдэж чадна гэсэнтэй төстэй үнэнийг суралцагчид тодорхойлох ёстой. Энэ үнэнийг самбар дээр бич.)

  • Амьд төлөөлөгчдийн хүлээн авсан илчлэлтүүдийг мэдэхэд бидэнд туслах ямар зарим арга зам байна вэ?

Нэг суралцагчийг Үйлс 15:12–15-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, авралд хөвч хөндөлт шаардлагагүйг илэрхийлсэн Петрийн тунхагт цугласан олон хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс.

  • Цугласан олон Петрийн тунхагт хэрхэн хандсан бэ?

  • Харийнханд хөвч хөндөлт хэрэггүй гэсэн Петрийн тунхгийг батлахын тулд Паул, Барнаб хоёр юу хийсэн бэ?

  • 15-р шүлэгт цэдэглэснээр, Петрийн (Симоны) тунхаг хэний үгтэй нийцэж байгаа гэж Иаков хэлсэн бэ?

Та Петр чуулганыг тэргүүлж, Иаков ч мөн адил чухал үүрэг гүйцэтгэсэн нь харагдаж байгааг тайлбарлаж болно. Иаков Есүс Христтэй эх нэгтэй ахан дүүс бөгөөд Иерусалим дахь Сүмийн анхны бишоп байв. Петрийн тунхаг сударт цэдэглэсэн бошиглогчдын үгстэй санал нийлж байгааг үзүүлэхээр Амос 9:11–12-оос Иаковын эш татсаныг тайлбарлан, Үйлс 15:16–18-ыг нэгтгэн дүгнэ.

  • Иаковын заасан зүйл дээр үндэслээд Их Эзэний хүслийг мэдэх өөр ямар арга зам байна вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид судраас суралцсанаар Их Эзэний хүслийг мэдэж чадна гэсэнтэй төстэй үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ үнэнийг самбар дээр бич.)

Нэг суралцагчийг Үйлс 15:19–20-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Иаков Сүмийн удирдагчдад юу хийхийг зөвлөснийг олж мэдэхийг хүс. 19-р шүлэгт буй санаа гэдэг үг нь санал болгох гэсэн үг гэдгийг тайлбарла (Брүс Р.Mакконки, Doctrinal New Testament Commentary, 3-р боть, [1965–1973], 2:143).

  • Иаков Сүмийн удирдагчдад харийнхны төлөө юу хий гэж зөвлөсөн бэ? (Иаков Сүмийн удирдагчдад “зовоохгүй байх нь дээр” [19-р шүлэгт] эсвэл хөрвөгдсөн харийнханд сайн мэдээгээр амьдрах явдлыг илүү хэцүү болгох мөн Сүмд нэгдэхээс өмнө Мосегийн хуулийн зан үйлийг гүйцэтгэхийг шаардах хэрэггүй гэдгийг санал болгосон. Иаков ингэж хэлснээр өмнө хэлэгдсэн Петрийн шийдвэрийг дэмжсэн байна.)

  • 20-р шүлэгт цэдэглэснээр, харийн хөрвөгчид Мосегийн хуулийн аль хэсгийг сахисан хэвээр байх хэрэгтэй гэж Иаков бодсон бэ? (Бэлгийн харьцааны нүгэл үйлдэх, шүтээнд золиослол болгон өргөсөн махыг идэх мөн цус идэхийн эсрэг хориглолтуудыг)

Хэд хэдэн суралцагчийг Үйлс 15:22–27-г ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, зөвлөлийн шийдвэрийг олж мэдэхийг хүс.

  • Төлөөлөгчид юу хийхээр шийдсэн бэ? (Аврагдахын тулд хөвч хөндүүлэх шаардлагагүй гэдгийг тунхагласан захидлыг Сүмийн гишүүдэд илгээхээр шийдсэн.)

  • Яагаад төлөөлөгчид Паул, Силас хоёр шиг Сүмийн удирдагчдаар захидлыг илгээхээр шийдсэн гэж та нар бодож байна вэ? (Суралцагчид өөр өөрөөр хариулж болох ч тунхаг төлөөлөгчдийн нэгдсэн шийдвэрээс гарсан гэдгийг батлах явдал нэг шалтгаан нь юм. Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга Сүмийн гишүүдэд сүнсээр өдөөгдсөн заавар өгөхдөө өнөөдөр ч гэсэн үүнтэй адил горимыг дагадгийг онцол.)

  • Бид энэ түүхээс Их Эзэний удирдагчид хүнд хэцүү асуудлуудын талаар сүнслэг удирдамж хэрхэн хүлээж авдаг талаар ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Хамтдаа зөвлөлдөж, Бурханаас илэрхийлэлт эрэлхийлснээр Сүмийн удирдагчид хүнд хэцүү асуудлуудын талаар сүнслэг удирдамж хүлээж авдаг гэсэн үнэнийг самбар дээр бич.)

Энэ үнэн өнөөдөр Сүмд ямар хамааралтайг ойлгоход суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах үгийг уншихад урь.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Есүс Христийн сэргээгдсэн Сүмд өнөөдөр ч энэхүү хэв маягийг дагадаг. Сүмийн ерөнхийлөгч өөрт нь илэрхийлэгдсэний дагуу сургаалыг тунхаглаж, тайлбарлаж болно (С ба Г 138-ыг үзнэ үү). Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга хамтран хуралдсанаар сургаалын талаар тайлбар гаргаж болно (жишээ нь, Албан тунхаг 2-ыг үзнэ үү). Тэд судар, өгөгдсөн илчлэлт, Сүмийн удирдагчдын заавар зэргийг мөн өмнө нь хийдэг байсан зүйлийн талаар олонтоо зөвлөлддөг. Шинэ Гэрээний үеийн Сүмийнх шиг, зөвлөлийн гишүүдийн үндсэн зорилго нь зөвхөн хоорондоо санал нийлэх явдал биш, харин Бурханы илчлэлт хүлээн авах явдал юм. Энэ нь Их Эзэний оюун хийгээд тааллыг олж мэднэ гэсэн итгэл болон шалтгааныг багтаадаг үйл явц билээ” (“Христийн сургаал,” Ensign эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95–96).

  • Яагаад Сүмийн удирдагчдын хувьд Бурханаас илчлэлт эрэлхийлэх үедээ үе үе хамтдаа зөвлөлдөх нь чухал гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг Үйлс 15:28–29-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, төлөөлөгч, ахлагчид Сүмийн гишүүдэд хандсан захидалдаа юу бичсэнийг олж мэдэхийг хүс.

  • Төлөөлөгч, ахлагчид Сүмийн гишүүдэд хандсан захидалдаа юу бичсэн бэ?

  • 28-р шүлэгт буй “зайлшгүй зүйлсээс өөр илүү ачааг та нарт тохохгүй” гэдэг үгс ямар утгатай вэ? (Хүмүүс Бурханаас бус, хүмүүсээс ирсэн аливаа илүү шаардлагуудыг дагах хэрэггүй.)

  • 28-р шүлэгт цэдэглэснээр, төлөөлөгчид хөрвөгдсөн харийнханд зориулсан шаардлагуудын талаарх Бурханы хүслийг хэрхэн мэдсэн бэ?

Төлөөлөгчдийг хамтдаа зөвлөлдөж байхад Ариун Сүнс тэднийг сүнслэгээр өдөөсөн гэдгийг онцлон хэл. Тэр мөн тэдний шийдвэр зөв байсан гэснийг батлах гэрчийг өгсөн.

  • Сүмийн удирдагчид Их Эзэний хүслийг хэрхэн мэдсэн талаар 28-р шүлэгт цэдэглэсний дагуу, бид хэрхэн Их Эзэний хүслийг мэдэж чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч бид Их Эзэний хүслийг Ариун Сүнсний өдөөлтөөр дамжуулан мэдэж чадна гэдгийг ойлгож буй эсэхийг бататга. Энэ үнэнийг самбарт бич.)

Суралцагчдыг самбар дээрх үнэнийг харахад урь.

  • Эдгээр үнэн биднийг чухал шийдвэр гаргах хэрэгтэй үед хэрхэн тусалж чадах вэ?

  • Эдгээр үнэний дагуу Их Эзэний хүслийг мэдэж болохын тулд бид юу хийх хэрэгтэй вэ?

  • Та нар энэ үнэнүүдийг дагаснаараа Их Эзэний хүслийг мэдсэнээ хэзээ мэдэрсэн бэ?

Суралцагчдыг өнөө үеийн бошиглогчдын үгсийг болон судраа судлахад урамшуул. Тэд үүнийг хийснээр чухал шийдвэр гаргах үедээ Ариун Сүнсээр дамжуулан Их Эзэний хүслийг мэдэж чадна гэдгийг тайлбарла.

Үйлс 15:30–41

Паул бусадтай хамт төлөөлөгчдийн захидлыг Антиох дахь гишүүдэд хүргэж өгөв

Сүмийн хэд хэдэн удирдагч Антиох дахь Сүмийн гишүүдэд төлөөлөгчдийн захидлыг хүргэж өгсөн гэдгийг тайлбарлан, Үйлс 15:30–41-ийг нэгтгэн дүгнэ. Паул Антиохт номлосныхоо дараа Барнабаас өмнө нь сайн мэдээг номлосон бүх газраараа айлчилж очиход нь хамт явахыг хүсжээ. Барнаб Маркийг өөрсөдтэйгөө хамт авч явахыг хүссэн ч Паул эсэргүүцжээ. Сүмийн хоёр удирдагчийн хоорондох санал зөрөлдөөний дараа Барнаб өөртэйгөө Маркийг авч явахаар шийдсэн тул Паул Силасыг номлолынхоо хамтрагч болгон хоёр дахь номлолдоо гарсан байна. Бусадтай санал зөрөлдөх нь нүгэлд тооцогдохгүй гэдгийг тайлбарла. Хэдий тийм ч бид зөрчилдөхийнхөө оронд санал зөрөлдөөнөө хамтдаа шийдэх аргуудыг эрэлхийлэх ёстой. (Бид Паул, Марк хоёрын хоорондох асуудал хожим шийдэгдсэнийг 2 Tимот 4:11 дээрээс мэдэж авдаг.)

Суралцагчдын Үйлс 15 дээр олж тогтоосон үнэний талаар гэрчлэн, хичээлээ дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Үйлс 15:6. “Энэ асуудлыг хэлэлцэхээр элч нар болон ахлагчид хамтдаа цугларав”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Аврагч хүслээ Өөрийн бошиглогчдод хэрхэн илчилдгийг тайлбарлав.

“Аврагч Өөрийн хүсэл, сургаалыг бошиглогч, үзмэрч, илчлэгчдэд хэрхэн харуулдаг вэ? Тэр элчээр дамжуулах юм уу Өөрөө хүрч ирж ч болдог. Тэр Өөрийн дуу хоолойгоор эсвэл Ариун Сүнсний дуу хоолойгоор ярьж болно. Сүнснээс сүнстэй үгээр эсвэл мэдрэмжээр харьцаж болно, мэдрэмжээр харьцахдаа үгээр тайлбарламгүй утгыг илэрхийлж болдог (1 Нифай 17:45; C ба Г 9:8-ыг үзнэ үү). Тэр Өөрийн үйлчлэгчидтэй ганцаарчлан эсвэл хоорондоо зөвлөлдөж байхад нь ярьж болдог (3 Нифай 27:1–8-ыг үзнэ үү)” (“Христийн сургаал,” Ensign эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 94).

Үйлc 15:6–11. Төлөөлөгчдийг хамтдаа хэлэлцсэний дараа Петр Их Эзэний бодлыг тунхагласан

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Тэргүүн Зөвлөлийн болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын шийдвэрүүдийн талаар заахдаа:

“Тэргүүн Зөвлөл ба Арванхоёрын нягт нямбай тунгаан бодсоноос, оролцож буй бүхний дунд бүрэн санаа нийлээгүй бол ямар ч шийдвэр гардаггүй. Асуудлуудыг ярилцахад олон янзын үзэл бодол гарч ирж болно. Энэ нь ийм ч байх ёстой. Энэ эрчүүд өөр өөр гарал, нөхцөл байдлаас ирсэн шүү дээ. Тэд өөрийн гэсэн бодолтой хүмүүс. Гэвч эцсийн шийдвэрт хүрэхийн өмнө оюун санаа, дуу хоолойгоор санал нэгддэг.

Хэрвээ Их Эзэний илчлэгдсэн үгийг дагасан бол энэ нь ийм байх ёстой юм. Тэр илчлэлтээс би дахин эш татъя:

‘Эдгээр чуулгуудын, эсвээс тэдгээрийн аль нэгнийх нь шийдвэрүүд бүхий л зөв шударга ёсонд, цэвэр ариун байдалд, мөн дөлгөөн сэтгэлд, номхон дөлгөөн хийгээд тэвчээрт, мөн итгэлд, мөн ариун журам, мөн мэдлэг, тэсвэр, хянуур байдал, бурханлаг чанар, ах дүүсэг ёсны нинжин сэтгэл хийгээд энэрэлд гаргагдах ёстой;

Амлалтын учир, хэрэв эдгээр зүйлүүд тэдгээрт элбэг дэлбэг байх аваас тэд Их Эзэний тухай мэдлэгт үр жимсгүй байх нь үгүй байх болно’ (С ба Г 107:30–31).

Би өөрийн хувийн гэрчлэлийг нэмэн хэлэхэд Арванхоёрын Зөвлөлийн гишүүнээр үйлчилсэн 20 жилийн турш мөн Тэргүүн Зөвлөлд үйлчилсэн 13 жилийн хугацаанд энэ үйл явцын журмыг дагалгүйгээр ямар ч том шийдвэрийг гаргаж байгаагүй. Эдгээр нягт нямбай хэлэлцүүлэг дээр өөр өөр санал гарч байхыг би харж байсан. Яг ийм үед хүмүүс өөрсдийн бодол санааг ярьж, шүүн тунгааж, гаргасан санаагаа ялган салгаснаар дүгнэлтэд хүрч ирдэг. Гэвч манай ах нарын дунд ноцтой санал зөрөлдөөн, хувийн үзэн ядалт гарахыг би хэзээ ч олж харж байгаагүй. Харин ч би үнэхээр гайхалтай онцгой зүйлийг мэдэж авсан буюу Ариун Сүнсний нөлөөллөөр удирдуулан нэгдэж, зөрүүтэй үзэл, бодол маань илчлэлтийн хүчээр бүрэн дүүрэн тохиролцоонд хүрч нэгдэн нийлдгийг мэдэж авсан юм. Ингэж л гүйцэтгэгддэг. Тийнхүү илчлэлтийн сүнс Их Эзэний ажлыг удирдан төлөөлж, дахин дахин тунхаглан харуулдаг болохыг би гэрчилж байна” гэжээ (“God Is at the Helm,” Ensign, 1994 оны 5-р сар, 54, 59).

Үйлс 15:20. “Боомилогдсон зүйлс болон цуснаас”

“Мосегийн хууль цус идэхийг хориглосон учраас (Левит 3:17; 17:10–14; 19:26-г үзнэ үү) ‘боомилогдсон зүйлс болон цуснаас’ цээрлэж яв гэсэн Иаковын зөвлөгөө иудейчүүдийн дундах номлолын ажилд саад болж болох учраас тэдэнтэй зөрчилдөхөөс зайлсхий гэсэн утгатай байж болох юм” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014 он], 309).