Номын сан
91-р хичээл: Үйлс 13–14


91-р хичээл

Үйлс 13–14

Оршил

Паул (урьд нь Саул гэж нэрлэдэг байсан) Барнабыг хамтрагчаа болгон номлолынхоо анхны аянд гарав. Тэд сайн мэдээг номлож, үргэлжилсэн хавчлага дунд Сүмийн салбаруудыг зохион байгуулав. Иудейчүүдийг Бурханы үгийг хүлээн авахаас татгалзахад Паул, Барнаб хоёр харийнхны дунд номлоход анхаарлаа төвлөрүүлэв.

Заах зөвлөмж

Үйлс 13:1–13

Паул, Барнаб хоёр номлолынхоо аянд гарч мөн хуурамч бошиглогчийг буруушаав

Хичээл эхлэхээс өмнө “Эсэргүүцэлгүй” гэсэн нэг пайз, “Байнгын эсэргүүцэлтэй” гэж бичсэн өөр нэгэн пайзыг бэлд. Тэдгээрийг ангийн эсрэг талын ханануудад байрлуул.

Суралцагчдыг пайзнуудын хоорондох зайг сайн мэдээний дагуу амьдрахаар хичээх үед хэн нэгэнд тулгарах эсэргүүцлийн түвшинг төлөөлж байгаагаар төсөөлөхийг хүс. Суралцагчдыг Мосегийн мэдэрсэн эсэргүүцлийн зэргийг үзүүлж байна гэж бодсон газраа, пайзнуудын хооронд зогсоход урь. Цөөн суралцагчаас яагаад тэр цэгт зогсохоор сонгосноо тайлбарлахыг хүс. Суралцагчдыг Иосеф Смитэд, тэгээд бас Нифайд тулгарсан эсэргүүцлийг харуулан, энэ хэмжүүрийн хаа нэгтээ зогсохыг хүссэнээр дасгалыг давтан хий. Цөөн суралцагчаас хүн тус бүрд зориулан хийсэн сонголтоо тайлбарлахыг хүс. Суралцагчдыг суудалдаа эргэн суухад урь.

Есүс Христийн шавь болгон амьдралынхаа өөр өөр цаг үед эсэргүүцэлтэй тулгарна гэдгийг мэдүүл. Суралцагчдаас сайн мэдээний дагуу амьдрахыг хичээж байхдаа эсэргүүцлийн шугамын хаана өөрсдийгөө байрлуулахыг бодохыг хүс. Суралцагчдыг Үйлс 13–14-ийг судалж байхдаа зөв шударга амьдрахыг хичээх үедээ эсэргүүцэлтэй тулгарвал өөрсдөдөө туслах зарчмуудыг олж мэдэхэд урамшуулан дэмж.

Тодорхой хэдэн бошиглогч болон багш нар Сирийн Антиохт цуглаад, Саул, (хожим Паул гэгдэх болсон) Барнаб хоёрыг хамтдаа сайн мэдээг номлохоор дуудагдах ёстой гэсэн удирдамжийг Ариун Сүнснээс хүлээн авсан гэдгийг тайлбарлан, Үйлс 13:1–6-г нэгтгэн дүгнэ. Саул, Барнаб хоёр томилогдон адислагдсаныхаа дараа Антиохоос гараад, Киприйн арлууд руу аялж, Саламис хотын синагогуудад номложээ. Тэндээсээ тэд арлын нөгөө талд байдаг Паф хот руу аялсан. (Та суралцагчдыг Библийн газрын зураг, д. 13, “Төлөөлөгч Паулын номлолын аяллууд” дээрээс Антиох болон Киприйг олоход урьж болно.)

Нэг суралцагчийг Үйлс 13:6–8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Саул, Барнаб хоёрыг Пафд ирэхэд юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.

  • 7-р шүлэгт цэдэглэснээр, хэн Саул, Барнаб хоёроос сайн мэдээг сонсохыг хүссэн бэ? (Ромын нутгийн захирагч Сергио Паул.)

  • Номлогчид Сергио Паулд сайн мэдээг заахдаа ямар эсэргүүцэлтэй тулгарсан бэ?

Үйлс 13:9-өөс эхлэн Саулыг Паул гэж нэрлэдэг болохыг тайлбарла. Нэг суралцагчийг Үйлс 13:9–12-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул Елум гэгч хуурамч бошиглогчоос ирсэн эсэргүүцэлд хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс.

  • 10-р шүлэгт Паул Елумын тухай юу гэж хэлсэн бэ? (Елум өөр нэгэн хүнд аврал хүлээн авахад нь саад болохыг хичээж байсан учраас Паул түүнд хатуу ширүүн үг хэлсэн гэдгийг тайлбарла.)

  • 11-р шүлэгт цэдэглэснээр, Паул Бурханы хүчээр дамжуулан хуурамч бошиглогчид юу хийсэн бэ?

  • 12-р шүлэгт цэдэглэснээр, Бурханы хүчийг гэрчлэх нь захирагчид хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Бурханы хүчийг чөтгөрийн хүчтэй харьцуулсан энэ түүхээс бид юу мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бурханы хүч чөтгөрийн хүчнээс хавьгүй илүү юм гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга. Та суралцагчдадаа судрынхаа Үйлс 13:9–12-ын дэргэд энэ үнэнийг бичихийг санал болгож болно.)

Бурханы хүч чөтгөрийн хүчнээс хамаагүй илүү давуу гэдгийг ойлгох нь амьдрал дээр эсэргүүцэлтэй тулгарахад бидэнд хэрхэн туслах талаар эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Цөөн суралцагчийг ангийнхантайгаа бодлоо хуваалцахад урь.

Үйлс 13:14–43

Паул Израилийн түүхийг эргэн дурдаад, Есүс Христ Бурханы амлалтыг биелүүлэхээр ирсэн хэмээн гэрчлэв

Суралцагчдыг үүнийг хийснийхээ дараа эргэж очоод арилгахыг хүсэж байсан нэг алдаагаа бодоход урь. Заримдаа бидэнд тулгарч байгаа эсэргүүцэл өөрсдийн маань нүгэлт сонголтоос болдгийг тайлбарла. Суралцагчдыг Үйлс 13:14–43-ыг судалж байхдаа энэ эсэргүүцлийг давж гарахад бидэнд туслах зарчмыг олж мэдэхэд урамшуулан дэмж.

Паул, Барнаб хоёр Киприйг орхин Памфул (өнөөгийн Турк) руу очихоор далайд гарсны дараа тэдний хамтрагчдын нэг болох Иохан Марк тэднийг орхиод, гэртээ харихаар шийдсэн гэдгийг тайлбарлан, Үйлс 13:14–37-г нэгтгэн дүгнэ. Паул, Барнаб хоёр үргэлжлүүлэн Писидийн Антиохт (Тэдний номлолоо эхэлсэн Сирийн Антиохтай бүү андуур) ирсэн. Хүндэтгэлийн өдөр Паул синагогт байсан олон эрийн өмнө гараад, Израилийн түүхийн зарим үйл явдлаас өгүүлсэн. Паул тэгээд Есүс Христ бол Израилийн амлагдсан Аврагч хэмээн гэрчилсэн.

Суралцагчдыг Үйлс 13:26–34-ийг дотроо уншаад, Паул Есүс Христийн тухай юу заасныг олж мэдэхэд урь.

  • Паул синагогт байсан хүмүүсээс Есүс Христийн тухай юуг ойлгохыг хүссэн бэ?

Нэг суралцагчаас Үйлс 13:38–39-ийг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бид ямар адислал хүлээн авч чадна гэж Паул заасныг олж мэдэхийг хүс.

  • Бид Есүс Христ болон Түүний Цагаатгалын ачаар ямар адислал хүлээн авч чадах вэ? (Суралцагчдын хэлсэн үгсийг ашиглан Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан гэм нүглээсээ өршөөгдөж, зөвтгөгдөж чадна гэсэн үнэнийг самбар дээр бич.)

39-р шүлэгт хэрэглэгдсэн зөвтгөгдсөн гэдэг үг нь “нүглийн төлөөх шийтгэлээс уучлагдаж [өршөөгдөж] мөн гэмгүй хэмээн мэдэгдэх” гэсэн утгатай гэдгийг тайлбарла (Судруудын удирдамж, “Зөвтгөл, зөвтгөх,” scriptures.lds.org). Хүмүүн нь Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан зөвтгөгдөх үед түүний Бурхантай харьцах харьцаа эргээд зөв болдог.

  • Есүс Христийн Цагаатгал биднийг нүглүүдээс маань хэрхэн зөвтгөдөг вэ?

Суралцагчдад энэхүү сургаалыг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах үгийг уншихад урь.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Есүс нүглийг цагаатгахаар зовж, Өөрийн амийг өгсөн юм. Түүний Цагаатгалын хүч бидний нүглийн үр нөлөөг арилгаж чадна. Биднийг наманчлахад Түүний цагаатгагч ач ивээл биднийг зөвтгөж, ариусгадаг (3 Нифай 27:16–20-ийг үзнэ үү). Яг л бид хэзээ ч нүгэлд автаж, бууж өгөөгүй юм шиг байх юм” (“That They May Be One in Us,” Ensign эсвэл Liahona, 2002 оны 11-р сар, 71).

  • Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан гэм нүглээсээ өршөөгдөж, зөвтгөгдөхийн тулд юу хийх ёстой вэ?

  • Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан гэм нүгэл нь өршөөгдөж, зөвтгөгдсөн ямар ямар хүн судар дээр байдаг вэ? (Зарим жишээг хэлбэл: Паул, Бага Алма мөн Инос болно.)

Суралцагчдыг “Би гайхширна” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 22-р хуудас) дууллын эхний хоёр бадгийг дуулахад урь. Тэднийг дуулж байхдаа дууллын зохиогч нь Аврагчийн Цагаатгал хийгээд өршөөлд талархлаа хэрхэн илэрхийлснийг олж мэдэхэд урамшуулан дэмж.

Суралцагчдыг хичээлийн дэвтэр юм уу судрын тэмдэглэл дээрээ эсвэл жижиг цаасан дээр дараах асуултад хариулахад урь.

  • Та нарыг гэм нүглээсээ өршөөгдөхийг боломжтой болгож өгсөн Есүс Христийн Цагаатгалын тухай бодож байхад Түүний талаар ямар сэтгэгдэл төрдөг вэ?

Хангалттай хугацаа өгсний дараа цөөн суралцагчаас бичсэн зүйлээ хуваалцахыг хүс. Суралцагчдыг Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан өршөөл хүлээн авч зөвтгөгдөхөд тэдэнд туслах Ариун Сүнснээс ирсэн байж болох аливаа өдөөлтийг дагахад урамшуул.

Паулын номлол дууссаны дараа олон харийнхан түүнээс дараагийн Хүндэтгэлийн өдөр дахин заахыг хүссэнийг тайлбарлан, Үйлс 13:40–43-ыг нэгтгэн дүгнэ.

Үйлс 13:44–52

Паул, Барнаб хоёр өсөн нэмэгдэх хавчлагыг үл тоон зоригтой номлов

Дараагийн Хүндэтгэлийн өдөр хотынхон бараг тэр чигээрээ Паул, Барнаб хоёрын заах Бурханы үгийг сонсохоор ирснийг тайлбарла (Үйлс 13:44-ийг үзнэ үү).

Суралцагчдыг хос болгон хуваарилаад, Үйлс 13:44–52-ыг хамтдаа уншихад урь. Хос болгоны нэг суралцагчид Паул, Барнаб хоёрыг сонсохоор ирсэн иудейчүүдийн хандлага, үйл хөдлөлийг харин нөгөө суралцагчид харийнхны хандлага, үйл хөдлөлийг олж мэдэхийг зааварла. Суралцагчдыг мөн Иосеф Смитийн Орчуулгын 48-р шүлгийн зүүлт тайлбар а-г уншихад урамшуул. Суралцагчдыг уншиж дууссаны дараа хос бүрийг иудейчүүдийн хандлага, үйл хөдлөл ба харийнхны хандлага, үйл хөдлөлийн ялгаатай болон адил талуудыг харьцуулахыг хүс.

  • Паул болон түүний хамтрагчдыг сонсох хүсэлтэй хүмүүст ямар адислал ирсэн бэ?

Үйлс 14

Паул, Барнаб хоёр үргэлжилсэн хавчлага дунд сайн мэдээг номлож байхдаа гайхамшгуудыг үйлдэв

Их Эзэн яагаад сайн хүмүүст хүнд хэцүү зовлон бэрхшээл тохиолдохыг зөвшөөрдөг вэ? гэсэн асуултыг самбар дээр бич.

Суралцагчдыг Үйлс 14-ийг судалж байхдаа энэ асуултад хариулах нэг замыг ойлгоход туслах зарчмыг олж мэдэхэд урь.

Үйлс 14:1–21 дээр Паул, Барнаб хоёрын цааш үргэлжлүүлэн номлохдоо туулж байсан зовлон бэрхшээлээс заримыг дүрслэн өгүүлснийг тайлбарла. Цөөн суралцагчаар дараах шүлгүүдийг чанга уншуулаад, ангийнхныг дагаж уншиж байх үедээ номлогчдод тулгарч байсан зовлон бэрхшээлийг олж мэдэхэд урь.

  1. Үйлс 14:1–2 (Үл итгэгч иудейчүүд харийнхныг Паул, Барнаб хоёрын эсрэг өдөөсөн.)

  2. Үйлс 14:8–18 (Паулыг хөл нь мэдээгүй хүнийг эдгээхэд Лустрийн хүмүүс тэднийг Грекийн бурхад гэж бодоод тэдэнд өргөл барихыг оролдов.)

  3. Үйлс 14:19–20 (Паул чулуугаар шидүүлээд, эргэн сэргэв.)

  • Паул, Барнаб хоёр ямар зовлон бэрхшээл туулсан бэ?

  • Хэрэв та нар эдгээр бэрхшээлийг даван туулж буй Паул, Барнаб хоёртой хамт байсан бол та нарт ямар бодол төрөх байсан бэ?

Нэг суралцагчийг Үйлс 14:22-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул зовлон зүдгүүрийн тухай юу заасныг олж мэдэхийг хүс.

  • Энэ шүлэгт Паул ямар зарчим заасан бэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид зовлон зүдгүүрийг үнэнчээр туулах үедээ селестиел хаант улсад ороход бэлтгэгдэх болно гэсэнтэй төстэй зарчмыг тодорхойлох ёстой.)

  • Зовлон зүдгүүрээ итгэлтэйгээр даван туулах нь биднийг селестиел хаант улсад ороход ямар замаар бэлтгэдэг гэж та нар бодож байна вэ?

Зовлон зүдгүүрээ итгэлтэй даван туулснаар тэдэнд болон тэдний мэдэх хүмүүст ирсэн адислалыг эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүс. Цөөн суралцагчийг туршлагаасаа хуваалцахад урь. Хэт нандин юм уу хувийн шинжтэй зүйлсийнхээ талаар ярихгүй байхыг суралцагчдад сануул. Энэ зарчмыг үзүүлж, үүний үнэнийг гэрчилсэн өөрийнхөө туршлагаас хуваалцахыг бодож үз.

Үйлс 13, 14-өөс олж тогтоосон үнэнийг эргэцүүлэн бодоод, зовлон зүдгүүртэй үед тэдэнд хамгийн их туслах нэг үнэнийг сонгоход суралцагчдыг урамшуул. Суралцагч бүрд жижиг тэмдэглэлийн карт юм уу хуудас цаас өгөөд, сонгосон зарчмаа картан дээрээ бичихэд урь. Суралцагчдыг үүнийгээ өөрсдийн аль болох байнга хардаг зүйл (толь, сургуулийн шүүгээ зэрэг) дээр өөрсдөдөө зовлон зүдгүүр тохиолдоход хүч хийгээд урам авахын тулд өлгөхийг урамшуул.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Үйлс 13:9. Саулыг Паул гэдгээр нь мэдэх болов

“[Төлөөлөгч Паул] амьдралынхаа эхэн үед Саул гэгддэг байсан бөгөөд латин нэр болох Паул нэр нь харийнханд тохинууллын эхэн хэсэгт анх дурдагдаж эхэлсэн байна (Үйлс 13:9)” (Bible Dictionary, “Paul”).

Үйлс 13:51. “Хөлийнхөө тоосыг тэдэн уруу сэгсрээд“

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Талмэйж хөлийнхөө тоосыг гүвэх талаар ийм нэгэн тайлбар өгсөн байдаг.

“Хэн нэгний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг гүвэх уламжлалыг иудейчүүдийн хувьд нөхөрлөлөө зогсоож, хожмын үр дагаврын бүх үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн утгаар ойлгодог. Энэ нь [Mатай 10:14] дээр эш татсан шиг Их Эзэний төлөөлөгчдөдөө өгсөн зэмлэл болон гэрчлэлийн ёслол болсон байна. Өнөөгийн энэ эрин үед Их Эзэн эрх мэдэлтэйгээр номлогдсон үнэнийг санаатай эсэргүүцэх хүмүүсийн эсрэг гэрчлэхийг эрх мэдэлтэй үйлчлэгчдэдээ зааварласан байдаг (Jesus the Christ, 3 дахь хэвлэл [1916 он], 345; мөн C ба Г 24:15, 75:18–22 болон 84:92–96-г үзнэ үү). Хэдий тийм ч үүний ноцтой шинж чанараас болоод Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын удирдлаган дор хийгдэхээс бусдаар хөлийнхөө тоосыг сэгсрэх ёслол хэзээ ч хийгддэггүй.

Үйлс 14:22. “Олон зовлон туулж”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс зовлон зүдгүүрийн тухай дараах зүйлийг заажээ.

“Дэлхийн сорилтуудад утга учир хийгээд зорилго бий. … Бидний хүн тус бүр Аврагчтай илүү адил болохын тулд тодорхой туршлагуудыг туулах ёстой байдаг. Мөнх бус байдлын сургуульд өвдөлт болон зовлон зүдгүүр ихэнхдээ зааварлагч байж, харин хичээлүүд нь биднийг чанаржуулж, адисалж, хүчирхэгжүүлэхийн төлөө байдаг болохоос устгахын төлөө байдаггүй (“Faith through Tribulation Brings Peace and Joy,” Ensign эсвэл Liahona, 2003 оны 5-р сар, 17).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Квинтин Л.Күк мөнх бус амьдрал дахь зовлон зүдгүүрийн зорилгыг тайлбарлан:

“Янз бүрийн сорилт бэрхшээл байдаг. Зарим нь бидэнд хэрэгцээт туршлага болдог. Итгэл дутагдсанаас эсвэл Тэнгэр дэх Эцэгийн төлөвлөгөө төгс бус учраас мөнх бус амьдралд зовлон бэрхшээл ирдэг гэсэн үг биш юм. Цэвэршүүлэгчийн гал бодит бөгөөд хүнд сорилтуудаар дамжин бий болсон зөв шударга байдал, сайн сайхан зан чанар нь биднийг цэвэршүүлж, төгөлдөржүүлэн, биднийг Бурхантай уулзахад бэлтгэдэг” гэжээ (“Тэдний дуулж чадаагүй дуунууд,” Ensign эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 124).