Номын сан
88-р хичээл: Үйлс 9


88-р хичээл

Үйлс 9

Оршил

Саулыг Дамаск руу аялж байхад Есүс түүнд үзэгдсэн бөгөөд үүний дараа тэрээр сохорчээ. Ананиа түүнийг эдгээсний дараа Саул баптисм хүртэж Дамаскт номлож эхлэв. Гурван жилийн дараа Саул Иерусалим руу явсан ч түүний амь насанд заналхийлж байсан учраас төлөөлөгчид түүнийг Тарс руу илгээсэн. Петр Лудда болон Иоппад гайхамшгуудыг үзүүлэв.

Заах зөвлөмж

Үйлс 9:1–9

Дамаск орох замд Есүс Саулд үзэгдэв

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах мэдэгдлийг самбар дээр бич. (Уг хэлсэн үгийг “The Best Is Yet to Be,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 1-р сар, 25–26-аас үзэж болно.)

“Бидний олонход өнгөрсөн үед гарсан алдаа дутагдлыг өөрсдийнх ч байна уу, өрөөл бусдынх ч байна уу уучилж чаддаггүй, мартдаггүй нэг гэм байдаг. …

Хүмүүст наманчлах боломж олгоё. Хүмүүст өсөж хөгжих боломж олгоё. Хүмүүс өөрчлөгдөж, сайжирч чадна гэдэгт итгэгтүн” (Ахлагч Жэффри Р.Холланд).

(Нэг суралцагчийг самбар дээрх мэдэгдлийг чанга уншихад урь.) Дараа нь ангийнханд дараах асуултуудыг тавь.

  • Бусад хүнд өөрчлөгдөж, сайжрах боломж олгон, тэднийг өөрчлөгдөж чадна гэдэгт итгэх нь чухал байж болох ямар нөхцөл байдал байдаг вэ?

  • Бид өөрчлөгдөж, сайжирч чадна гэдэгтээ итгэх нь чухал байх ямар нөхцөл байдал байдаг вэ?

Суралцагчдыг Үйлс 9-ийг судалж байхдаа өөрчлөгдөж мөн сайжирсан хүний туршлагаас суралцаж болох үнэнийг олж мэдэхэд урь.

Үйлс 9-ийн бичээсийн ихэнх нь Саул гэдэг нэртэй эрийн туршлагад төвлөрснийг тайлбарла. Нэг суралцагчийг Саулын тухай дараах тайлбарыг чанга уншихад урь.

Саул Грекийн Тарс хотод төрсөн (Үйлс 21:39-ийг үзнэ үү) бөгөөд Ромын иргэн (Үйлс 16:37-г үзнэ үү) байжээ. Тэр бол Бениамин овгийн израиль хүн (Ром 11:1-ийг үзнэ үү) бөгөөд олонд хүндтэй фарисай хүн, Иудейн хуулийн багш (Үйлс 5:34-ийг үзнэ үү) болох Гамалиелийн дор Иерусалимд сурчээ (Үйлс 22:3-ыг үзнэ үү). Саул фарисай болж (Үйлс 23:6-г үзнэ үү) “еврей хэлээр” (магадгүй Арамик) мөн грекээр ярьдаг байв (Үйлс 21:37, 40-ийг үзнэ үү). Тэрээр хожим нь өөрийн латин нэр Паулаар танигдах болсон юм (Үйлс 13:9-ийг үзнэ үү). (Bible Dictionary, “Paul”-ыг үзнэ үү)

Саул Стефаныг чулуугаар шидэж байхад тэнд байсан гэдгийг суралцагчдад сануул (Үйлс 7:58–59-ийг үзнэ үү). Нэг суралцагчийг Үйлс 8:1–3-ыг, өөр нэг суралцагчийг Үйлс 9:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхныг шүлгийг дагаж уншаад, Саул Есүс Христийн дагагчдад хэрхэн ханддаг байсныг олж мэдэхийг хүс.

  • Саул Есүс Христийн дагагчдад хэрхэн ханддаг байсан бэ?

  • Үйлс 9:1–2-т цэдэглэснээр, Саул яагаад Дамаск руу явж байсан бэ?

Нэг суралцагчийг Үйлс 9:3–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Саулыг Дамаск руу явж байхад юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.

  • Саулд хэн үзэгдсэн бэ?

5-р шүлэгт буй “мөшгөөд байгаа” гэсэн үгсийг онцолж хэл. Мөшгөх гэдэг нь амьтдыг шилбүүр юм уу шовх үзүүртэй саваагаар (боломжтой бол суралцагчдад хурц үзүүртэй саваа авчирч үзүүл) туухыг хэлнэ. Энэ тохиолдолд “мөшгөөд байгаа” гэдэг нь Бурханы эсрэг тэмцэх гэсэн утгатай юм.

Суралцагчдыг 6-р шүлэгт цэдэглэсэн Саулын асуултыг тэмдэглэх талаар бодоход урь.

  • Саулын асуулт бидэнд түүний тухай юу зааж байна вэ? (Тэр Их Эзэний хүсэлд захирагдах хүсэлтэй байсан.)

Саултай аялж байсан хүмүүс гэрэл харсан ч Саулд ярьсан Есүсийн дуу хоолойг сонсоогүй гэдгийг тайлбарлан (Иосеф Смитийн Орчуулга, Үйлс 9:7 [Үйлс 9:7, зүүлт тайлбар а]; Үйлс 22:9), Үйлс 9:7–9-ийг нэгтгэн дүгнэ. Үзэгдлийн дараа Саул харахаа больж, сохров. Түүнийг Дамаск руу хөтөлж аваачсан бөгөөд тэрээр гурван өдрийн турш юм идэж, уугаагүй.

  • Өөрийгөө Саул гэж төсөөл. Хэрэв та нар Есүс Христийн шавь нарыг идэвхийлэн хавчиж байсан бол энэ үед юу бодож, ямар сэтгэгдэлтэй байх байсан бэ?

Үйлс 9:10–22

Саул Дамаскийн Ананиагаар эдгээгдэж, баптисм хүртээд, Есүс Христийн тухай номлов

Нэг суралцагчийг Үйлс 9:10–22-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Их Эзэн Дамаскийн Сүмийн гишүүн Ананиаг юу хийлгэхээр удирдсаныг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн Ананиагаар юу хийлгэхээр удирдсан бэ?

Саулын Дамаск руу явж байсан жинхэнэ зорилго нь Ананиа шиг хүмүүсийг баривчлах байсан гэдгийг онцолж хэл.

  • Хэрэв та нар Ананиа байгаад Саулын нэр цууг мэдэж байсан бол Их Эзэнээс ийм удирдамж хүлээж аваад ямар бодолтой байх байсан бэ?

Нэг суралцагчийг Үйлс 9:13–16-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Их Эзэн Ананиад Саулын тухай юу заасныг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэний Саулын талаарх бодол Ананиагийн Саулын талаарх үзэл бодлоос юугаараа ялгаатай байсан бэ?

  • 15-р шүлэгт цэдэглэснээр, Их Эзэн Саулыг хэн байхаар мөн юу хийлгэхээр сонгосон байсан бэ? (Та “сонгогдсон сав” гэдэг нь Саул тохинуулахад урьдчилан томилогдсон гэдэг баримтыг хэлж байгааг онцлон тэмдэглэж болно.)

  • 16-р шүлэгт цэдэглэснээр, хэдийгээр Саул Их Эзэний сонгогдсон сав байсан ч юу туулах ёстой байсан бэ?

  • Их Эзэн биднийг яаж хардаг талаар бид эдгээр шүлгээс юу мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөр үнэнийг тодорхойлж болох ч Их Эзэн биднийг хэн болж чадахыг хардаг мөн Их Эзэн Өөрийнх нь ажилд туслах бидний чадавхыг хардаг гэдгийг чухалчлан үзэхэд анхаар. Эдгээр үнэнийг самбар дээр бич.)

Суралцагчдыг өөрсдийнх нь боловсрол, зан чанар, чадварууд Их Эзэний ажилд туслахад хэрхэн ашиглагдаж болох талаар тунгаан бодоход урь. Тэднээс санал бодлоо хичээлийн дэвтэр юмуу судрын тэмдэглэлдээ бичихийг хүс.

Нэг суралцагчийг Үйлс 9:17–20-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Их Эзэн Ананиад Саулын чадвар, ирээдүйн номлолыг нь ойлгоход тусалсны дараа Ананиа юу хийснийг олж мэдэхийг хүс.

  • Ананиа Саулын төлөө юу хийсэн бэ?

  • 20-р шүлэгт цэдэглэснээр, Саул баптисм хүртэж, хүч орсныхоо дараа “төдөлгүй“ эсвэл тэр даруй юу хийсэн бэ?

Саулын наманчлал, баптисм болон номлосон явдал нь Есүс Христэд итгэх түүний итгэл, Их Эзэний хүсэлд хүлцэнгүй болохыг нь үзүүлсэн гэдгийг онцол.

Нэг суралцагчийг Үйлс 9:21–22-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Саулыг номлоход хүмүүс хэрхэн хандаж байсныг олж мэдэхийг хүс.

  • Саулыг номлоход хүмүүс хэрхэн хандаж байсан бэ?

  • Хүмүүс Саулыг сонсож байхдаа яагаад гайхсан бэ?

Үйлс 9:6-д цэдэглэсэн Саулын Есүсээс асуусан зүйл түүний хүлцэнгүй байдлыг мөн Их Эзэний хүсэлд захирагдах хүслийг нь үзүүлснийг суралцагчдад сануул.

  • Бид Саултай адил өөрчлөгдөж, Их Эзэний бидэнд байгаа зүйлийг олж хардаг чадварыг гүйцэлдүүлэхийн тулд юу хийх ёстой вэ? (Суралцагчдын үгсийг ашиглан Хэрэв бид Их Эзэний хүсэлд захирагдвал, өөрчлөгдөж мөн Түүний биднээс харж байгаа чадварыг гүйцэлдүүлж чадна гэсэн зарчмыг самбар дээр бич.)

Хоёр суралцагчийг сайн дураараа ангийн өмнө гарч ирэхэд урь. Нэг суралцагчид зөөлөн баримлын шавар, харин нөгөө суралцагчид хатуурсан баримлын шавар өг. (Хэрэв танд баримлын шавар байхгүй бол суралцагчдыг энэ үйл ажиллагааг хийж байгаагаар төсөөлөхийг хүсээд, үйл ажиллагааны дараах асуултуудыг тэдэнд тавь.) Сайн дурынханд баримлын шавраар өөрсдийн сонгосон ямар нэгэн зүйлийг хийж болохын тулд 30 секунд өг. Хэрэв хатуурсан баримлын шавартай суралцагч түүнийгээ үнэхээр хэцүү байна гэвэл, үргэлжлүүлэн хичээхэд урамшуул.

Хангалттай хугацаа өгсний дараа сайн дурынхныг бүтээсэн зүйлээ үзүүлэхэд урь. Баримлын хатуу шавар авсан суралцагчид дараах асуултыг тавь.

  • Чамд байгаа баримлын шавраар ямар нэгэн зүйл хийхэд яагаад хэцүү байсан бэ?

Сайн дураараа гарч ирсэн хоёр суралцагчид талархаад, суудалдаа эргэн суухад урь. Ангийнханд дараах асуултыг тавь.

  • Хатуурсан баримлын шаврыг Их Эзэний хүсэлд захирагддаггүй хэн нэгэнтэй хэрхэн адилтгаж болох вэ?

  • Хэлбэржүүлж болох баримлын шаврыг Их Эзэний хүсэлд захирагддаг хэн нэгэнтэй хэрхэн адилтгаж болох вэ?

  • Их Эзэнд захирагдах нь та нарыг юм уу бусдыг өөрчлөхөд мөн Түүний та нараас эсвэл тэднээс харж буй чадварыг гүйцэлдүүлэхэд хэрхэн тусалсан бэ?

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоний хэлсэн дараах мэдэгдлийг чанга унш.

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“[Хүн] ‘… Эзэн, Та надаар юу хийлгэхийг хүсэж байна?’ гэсэн Паулын асуултаас илүү чухал асуултыг амьдралдаа тавьж чадахгүй.” (“Listen to a Prophet’s Voice,” Ensign, 1973 оны 1-р сар, 57).

Суралцагчдыг “Эзэн, Та надаар юу хийлгэхийг хүсэж байна?” гэсэн асуултыг эргэцүүлэн бодоход урь. Тэднийг хүлээн авсан аливаа сүнслэг өдөөлтөө бичиж авахад урь. Хангалттай хугацаа өгсний дараа ерөнхийлөгч Бэнсоний дараах мэдэгдлийг чанга унш.

“[Хүн] энэ асуултын хариуг түүнд авчрах замналыг хөөж, дараа нь тэр хариултаа гүйцэлдүүлэхээс илүү агуу үйлийг хийж чадахгүй” (“Listen to a Prophet’s Voice,” 57).

Суралцагчдыг энэ асуултын хариуг үргэлжлүүлэн эрэлхийлэхэд мөн хүлээн авсан аливаа сүнслэг өдөөлтийн дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.

Үйлс 9:23–31

Иерусалимд Саулын амь насанд заналхийлж байсан учраас төлөөлөгчид түүнийг Тарс руу илгээв

Саул хөрвөснийхөө дараа Арабт байсан бөгөөд хожим Дамаскт эргэж ирснийг онцол (Галат 1:17-г үзнэ үү). Дамаск дахь иудейчүүд Саулыг алахаар хуйвалдсан ч Сүмийн гишүүд түүнийг хотоос зугтан гарахад тусалсныг тайлбарлан, Үйлс 9:23–26-г нэгтгэн дүгнэ. Саул хөрвөснөөсөө хойш гурван жилийн дараа (Галат 1:18-ыг үзнэ үү) Иерусалим руу явсан бөгөөд тэнд Сүмийн гишүүд түүнийг Есүс Христийн шавь болсон гэдэгт итгэж чадахгүй байсан учраас хүлээн авахаас айж байв.

  • Та нар Сүмийн гишүүдийн зарим нь яагаад Саулыг Есүс Христийн шавь болсныг хүлээн зөвшөөрөхдөө дурамжхан байсан гэж бодож байна вэ?

Саулыг төлөөлөгчдийн өмнө авчраад, тэдэнд Саулын үзэгдэл болон Сүмийн гишүүн Барнаб (Үйлс 4:36–37-г үзнэ үү) Дамаскт түүний зоригтой номлож байсныг хэлсэн гэдгийг тайлбарлан, Үйлс 9:23–26-г нэгтгэн дүгнэ. Тэгээд Сүмийн гишүүд түүнтэй нөхөрлөжээ. Грек хэлтэй иудейчүүд Саулыг алахыг оролдоход Сүмийн удирдагчид түүнийг Тарс руу явуулжээ. Сүм Иудей, Галил, Самари даяар амар амгалан байж, өсөн хөгжиж байлаа.

Үйлс 9:32–43

Петр Луддад болон Иоппад гайхамшиг үзүүлэв

Суралцагчдыг хос болгон хуваарил. Хос бүрийн нэг суралцагчаас Үйлс 9:32–35-ыг, нөгөө суралцагчаас Үйлс 9:36–42-ыг уншихыг хүс. Тэднийг Петрийн үзүүлсэн гайхамшгуудыг болон хүмүүс хэрхэн хүлээж авсныг олж мэдэхэд урь. Өглөгч байх (36-р шүлэг) гэдэг нь ядууст өргөл өгөх дадал юм гэдгийг тайлбарла.

Хангалттай хугацаа өгсний дараа суралцагчдаас хос хосоороо Петрийн үзүүлсэн гайхамшгуудыг болон хүмүүс яаж хүлээж авсныг ярилцахыг хүс. Дараа нь ангийнханд дараах асуултыг тавь.

  • 35, 42-р шүлэгт цэдэглэснээр, Лудда дахь болон Иоппа дахь хүмүүс Петрийн тохинуулалд хэрхэн хандсан бэ?

  • Тэдний хариу үйлдлээс бусдад тохинуулснаар гарч болох сайн талуудын тухай бид юу мэдэж авч чадах вэ? (Суралцагчдын хэлсэн үгсийг ашиглан, Бид бусдад тохинуулснаар хүмүүсийг Есүс Христэд хандаж, Түүнд итгэхэд тусалж чадна гэсэн зарчмыг самбар дээр бич.)

Санваарын адислал өгөх нь бусдад тохинуулах нэг арга зам болохыг тайлбарла. Суралцагчдад бусдад тохинуулах нэмэлт арга замуудыг ойлгож мэдэхэд туслахын тулд дараах асуултуудыг тавь.

  • 36, 39-р шүлэгт цэдэглэснээр, Табита бусдад хэрхэн тохинуулсан бэ?

  • “Сайн үйлсээр баян” (36-р шүлэг) болон бусдад үйлчилдэг хэн нэгэн Их Эзэн рүү хүмүүсийг эргүүлж, Түүнд итгэхэд хэрхэн тусалж чадах вэ?

  • Өөр хэн нэгний сайн үйлс та нарт юм уу бусдад Их Эзэн рүү эргэж, Түүнд итгэлтэй байхад хэзээ тусалсан бэ?

Энэ хичээл дээр заасан үнэний талаар гэрчлэлээ хуваалцан, хичээлээ дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Үйлc 9:1–2. Сүмийн гишүүдийг Иерусалимд хүлж авчрах Саулын эрх мэдэл

Саул Иерусалим дахь дээд санваартнаас Иудейгээс цааш явж иудейчүүдийг Санхедрины ахлах тахилчдын өмнө шүүхээр авчрах эрх мэдлийг авсан. “Ромчууд Санхедрины ахлах тахилчдад иргэний болон эрүүгийн хэргийг (цаазаар авах хэргээс гадна) бүр Палестины гадна орших бүхэл Иудейн ардын дээр шүүхийг зөвшөөрдөг” байснаас дээд санваартан ийм эрхийг өгч чадаж байв (Ж.Р.Думмэловын хэвлэл, A Commentary on the Holy Bible [1909], 831). Мосегийн хууль иудейчүүдийн иргэний болон шашны хуулийн дагуу үйлчилдэг байсан учраас Иудейн Христийн шашинтнуудыг гэмт хэрэгтэн болгон баривчилж болдог байв. Саулын авч явсан “захианууд“ Саулын зорилготой холбоотой зааварчилгааг мөн зорилтоо гүйцэлдүүлэх эрх мэдлийнх нь гэрчилгээг агуулсан бичиг баримтууд байсан юм.

Үйлc 9:1–22. Саулын хөрвөлт

Ерөнхийлөгч Харолд Б.Лий “Тарсын Саул Бурханы үгийг бузарлаж байгаа шашны бүлэглэл гэж итгэдэг Христосын шашинг бүрмөсөн устгах оролдлогод зоригтой мөн чин сэтгэлээсээ оролцож байсан” гэж тайлбарлажээ (Conference Report, 1946 оны 10-р сар, 144). Хэдий тийм ч амилсан Аврагчтай уулзсан нь Саулын зүрх сэтгэлийг хүчтэй өөрчилсөн. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки Саул сохор болсон гурван хоногийнхоо турш юу мэдэрсэн байж болох талаар:

“[Саулын] хараагүй болсон гурван өдрийн туршид Христосын шашны түүхийг яваандаа өөрчлөх зан чанарынх нь өөрчлөлт эхэлжээ. Тэрээр Ананиагийн удирдлагад захирагдахад бэлтгэн, өөрийгөө даруусгахдаа бодгалийн их шаналал, ухамсрын гал болон нүглийн төлөөх бурханлаг харууслыг мэдэрсэн байх нь гарцаагүй” гэж дүрслэн хэлжээ (Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973 он], 2:90).

Ерөнхийлөгч Ховард В.Хантэр Саулын хөрвөлтийн тухай дараах зүйлийг ярьсан байна.

“[Саул] хөрвөлтөө гүйцэд болгохын тулд баптисм хүртсэн. Паулын амьдрал өөрчлөгдсөн. Стефаны алуурчны хувцсыг барьж байсан хүн Стефаны амиа өгсөн зарчмуудын гол төлөөлөгч болсон нь үнэхээр гайхамшигтай. …

… Паулын амьдрал Дамаскийн замаар хоёр хуваагджээ. Өмнө нь тэр Христосын шашны түрэмгий хавчигч байсан бол харин Дамаскийн замын дараа хамгийн цог жавхлантай сургаалыг түгээгч болсон юм” (Conference Report, 1964 оны 10-р сар, 108–109).

Үйлс 9:2. Есүс Христийн дагалдагчдыг баривчлах гэсэн Саулын хичээл зүтгэл

Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй Есүс Христийн дагалдагчдыг баривчлахыг эрэлхийлсэн Саулын эрмэлзлийн тухай заахдаа:

“Тэр тэрс үзэл гэж бодож байсан зүйлдээ төгсгөл тавихын тулд Есүсийн дагалдагчдыг хаа таарсан газраа баривчлахаар Санхедрины ахлах тахилчдын албат байх эрхийг автлаа үнэхээр тууштай байжээ. Тэрээр байшингаас байшинд орж, эрчүүдийг эхнэр хүүхдүүдээс нь салган, чирэн гаргаж байв. Тэр түүгээр ч зогсохгүй эмэгтэйчүүдийг баривчлан шоронд хийж байсан! Бяцхан хүүхдүүд уйлалдаж, хөөрхийлөлтэйгөөр гуйх нь түүний хэрцгий зүрх сэтгэлийг итгэлт Стефаныг эрүүдэн цаазлахаас ч хамаагүй их шархируулж байсан байж магадгүй. Тэр эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг гэрээс нь хүчлэн гаргаж байхад мөргөн гуйх хүүхдүүдийн хувхай цайсан царай, зүрх зүсэм мэгшилт түүний сохроор дагагч бодгальд хэрэв түүнийг амьдралынх нь бүх өдөрт үзэгдэж зовоохгүй юм аа гэхэд даруусгах ул мөр үлдээх нь зайлшгүй юм. Түүнийг эдгээр аймшигт туршлагаа эргэн санахад зөвхөн ганц зүйл л хожмын амьдралыг нь тайвшруулж чадахаар байв. Тэрээр үүнийг өөрийн үгээр илэрхийлэхдээ: ‘Би Назарын Есүсийн нэрийн эсрэг их зүйлийг хийх хэрэгтэй гэж бодож байсан’ [Үйлс 26:9] гэжээ. Саул хийж байсан зүйлдээ чин сэтгэлээсээ ханддаг байв. Тэр Есүс Христийг Бурханы Хүү гэдэгт итгэдэггүй байсан бөгөөд бүхий л Христийн шашинтан бүрээр Түүний нэрийг үгүйсгүүлэхэд тэнгэр дэх Эцэгт нь таатай байна гэж бодсон юм” гэжээ (Ancient Apostles, 2 дахь хэвлэл [1921 он], 147–148).

Үйлс 9:15–16. Их Эзэн бидний хэн болж чадахыг хардаг

Ерөнхийлөгч Томас С.Монсон хувь хүмүүсийг Их Эзэн хэрхэн хардаг шиг харахыг Сүмийн гишүүдэд заасан (“Бусдыг ирээдүйд ямар хүмүүс болсон байхаар нь харж сур,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 79-ийг үзнэ үү).