Номын сан
87-р хичээл: Үйлс 8


87-р хичээл

Үйлс 8

Оршил

Иерусалим дахь Сүмийн эсрэг хавчлагаас болж Сүмийн гишүүд Иудей, Самарийн нутгуудад тархав. Филип Самарийн нутагт тохинуулж, олон хүн Есүс Христийн сайн мэдээг хүлээн авав. Петр, Иохан хоёрыг шинэ хөрвөгчдөд Ариун Сүнсний бэлэг өгсний дараа Симон гэгч илбэ үзүүлэгч санваарыг худалдаж авахыг оролджээ. Бурхан хожим нь Филипийг түүгээр Есүс Христийн тухай заалгаад баптисм хүртсэн Этиопийн тайган амбан руу удирдав.

Заах зөвлөмж

Үйлс 8:1–25

Филип Самарийн нутагт тохинуулж, тэнд илбэ үзүүлэгч Симон санваарыг худалдаж авахыг оролдов

Хэсэг мөнгө үзүүл. Ихээхэн хэмжээний мөнгө хүлээн авсан гэж төсөөлөхийг суралцагчдаас хүс.

  • Та нар энэ мөнгөөр юу худалдаж авах вэ?

Зарим хүн мөнгөөр бүхнийг худалдаж авдаг гэж итгэдгийг онцлон хэл. Хэдий тийм ч, амьдралд хамгийн үнэ цэнтэй зарим зүйлийг худалдан авч болдоггүй. Суралцагчдыг Үйлс 8-ыг суралцаж байхдаа худалдан авч болохгүй Бурханы бэлгийг олж мэдэхэд урь.

Үйлс 7 дээр бид хавчигчдын гарт амь үрэгдсэн шавь Стефаны үхлийн тухай суралцдаг гэдгийг суралцагчдад сануул. Цөөн суралцагчийг Үйлс 8:1–5-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Иерусалим дахь Сүмийн эсрэг хавчлагаас болж Сүмийн гишүүдийн юу хийснийг олж мэдэхийг хүс. Та баривчлан (Үйлс 8:3) гэдэг үг нь чирч, чангаах гэсэн утгатай болохыг тайлбарлахыг хүсэж болно.

  • Уг хавчлагаас болж Сүмийн гишүүд юу хийхэд хүрсэн бэ?

Суралцагчдын анхаарлыг 5-р шүлгэн дээрх Филип гэдэг нэрэнд хандуул. Филип Сүмийн гишүүдийн хэрэгцээнд үйлчлэхэд нь арванхоёр төлөөлөгчид туслуулахаар томилсон долоон шавийн нэг байсныг суралцагчдад сануул (Үйлс 6:5-ыг үзнэ үү). Суралцагчдыг “Төлөөлөгчдийн үйлсийн тойм” тараах материалд анхаарлаа хандуулаад, (энэ гарын авлага дахь хавсралтыг үзнэ үү), Үйлс 1:8 дээр цэдэглэсэн Аврагчийн өгсөн даалгаврыг олж мэдэхийг хүс.

  • Үйлс 8:5-д цэдэглэснээр, Филип Аврагчийн даалгаврыг хэрхэн биелүүлж эхэлсэн бэ?

Нэг суралцагчийг Үйлс 8:6–8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, самаричууд Филипийн номлолд хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс.

  • Самаричууд Филипийн номлолд хэрхэн хандсан бэ?

  • Филип сайн мэдээг номлохоос гадна өөр ямар ямар ажлыг хийж гүйцэтгэсэн бэ?

Нэг суралцагчийг Үйлс 8:9–11-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Симон нэртэй самари хүний тодорхойлолтыг олж мэдэхийг хүс.

  • Бид эдгээр шүлгээс Симоны талаар юу мэдэж авсан бэ? (“Хилэнцэт сүнсний тусламж юм уу хяналтаар өгөгдсөн хүчний хэрэглээг илбэ үзүүлэх гэнэ” гэдгийг тайлбарла [Брүс Р.Макконки, Doctrinal New Testament Commentary, 3 боть (1965–1973), 2:82].)

  • Симон хүмүүст ямар нөлөө үзүүлж байсан бэ?

Нэг суралцагчийг Үйлс 8:12–13-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Симон Филипийн номлолд хэрхэн хариулсныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • 13-р шүлэгт цэдэглэснээр, Симоны харсан “гайхамшгууд болон тэмдгүүд” түүнд хэрхэн нөлөөлсөн бэ?

Петр, Иохан хоёр Самари дахь хүмүүс Бурханы үгийг хүлээн авсныг сонсоод тэнд ирснийг тайлбарлан, Үйлс 8:14–16-г нэгтгэн дүгнэ. Тэд хөрвөгдсөн самаричуудыг Ариун Сүнсний бэлгийг хүлээн аваасай гэж залбирчээ.

Суралцагчдыг Үйлс 8:17-г дотроо чимээгүй уншаад, Петр, Иохан хоёр Самари дахь шинэ Сүмийн гишүүдийн төлөө юу хийснийг олж мэдэхийг хүс.

  • Энэ түүхээс бид Ариун Сүнсний бэлэг хэрхэн өгөгддөг талаар юу сурч болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Баптисмын дараа эрх мэдэл бүхий санваартан гар тавилтаар Ариун Сүнсний бэлгийг өгдөг гэсэн сургаалыг самбар дээр бич.)

Нэг суралцагчийг Үйлс 8:18–19-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Симон Петрт юу санал болгосныг олж мэдэхийг хүс.

  • Симон Петрт юу санал болгосон бэ?

Суралцагчдад хичээлийн эхэнд үзүүлсэн мөнгөө дахин үзүүл. Суралцагчдаас хэрэв тэд Петрийн оронд байсан бол Симонд юу гэж хариулах байснаа бодоход урь.

Хэд хэдэн суралцагчийг Үйлс 8:20–24-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Петр Симонд санваарыг хүлээн авах талаар юу заасныг олж мэдэхийг хүс.

  • 20-р шүлэгт цэдэглэснээр, Петр Симонд санваарын тухай юу заасан бэ?

  • Симон төлөөлөгчдөд санваар хүлээн авахын төлөө мөнгө санал болгож байхдаа санваарын тухай юуг ойлгоогүй байсан бэ? (Санваар нь Бурханд харьяалагддаг учраас зөвхөн Түүний хүслийн дагуу өгөгддөг. Бурхан санваарыг хүлээн авч болох загвар, хэв маягийг бий болгодог.)

  • 21–23-р шүлэгт цэдэглэснээр, Симон яагаад санваарыг хараахан хүлээн авч болохгүй байсан бэ? Ямар ямар арга замаар Симоны зүрх сэтгэл “Бурханы өмнө … зөв биш” байсан гэж та нар бодож байна вэ? (21-р шүлэг).

  • Санваарыг хүлээн авах талаар бид энэ түүхээс юу мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Санваар нь Бурханы хүсэл ба зохистой байдлын жишгийн дагуу өгөгддөг гэсэн үнэнийг олж тодорхойлсон эсэхийг бататга. Энэ үнэнийг самбар дээр бич.)

  • Санваар нь зөвхөн Бурханы хүсэл ба зохистой байдлын жишгийн дагуу хувь хүмүүст өгөгддөг гэдгийг мэдэх нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

Петр, Иохан хоёр Самарийн олон тосгонд сайн мэдээг номлосон гэдгийг тайлбарлан, Үйлс 8:25-ыг нэгтгэн дүгнэ.

Үйлс 8:26–40

Филип Этиопийн тайган амбанд зааж, баптисм хүртээв

Суралцагчдаас тэд өөрсдөө юм уу эсвэл хэн нэгэн тэднийг удирдан дагуулах хэрэгтэй болсон нөхцөлүүдийн тухай бодохыг хүс.

  • Та нар хэн нэгний хөтөч байж чадах ямар ямар нөхцөл байдал байж болох вэ? (Та суралцагчдыг өөрсдийн мэдэх зорьсон газар юм уу сэдэв эсвэл хөгжүүлсэн авьяас чадварынхаа тухай бодоход урьж болно.)

Суралцагчдыг Үйлс 8-ын үлдсэн хэсгээс суралцаж байхдаа бусдын хөтөч болж болох чухал арга замыг олж мэдэхэд урь.

Нэг суралцагчийг Үйлс 8:26–28-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Филип яагаад Газ руу явсныг олж мэдэхийг хүс.

  • Филип яагаад Газ руу явсан бэ?

  • Филипийн байсан газарт өөр хэн аялж байсан бэ? (Этиопийн тайган амбан. Тайган гэдэг нь хаан юм уу хатны шүүхийн албан хаагч гэдгийг тайлбарла [Bible Dictionary, “Eunuch”-ийг үзнэ үү].)

  • Этиопын амбан сүйх тэргэндээ юу хийж байсан бэ? (Исаиагаас буюу Исаиагийн үгсээс уншиж байжээ.)

Самбарын өмнө хоёр сандлыг өөд өөдөөс нь харуулж тавь. Хоёр суралцагчийг сайн дураараа гарч ирээд, дараах түүхэнд гарах Этиопийн амбан ба Филипийн дүрд тоглохыг хүс (Та эдгээр дүрийг хичээл эхлэхээс өмнө даалгаад, тэдгээр суралцагчийг өөрсдийн дүрд тоглохоор бэлтгэхэд урихыг хүсэж болно) Этиопийн амбаны дүрд тоглож байгаа суралцагчийг сандлуудын нэгэн дээр, харин Филипийн дүрд тоглож буй суралцагчийг хаалганы тэнд зогсохыг хүс. Гурав дахь суралцагчийг өгүүлэгчийн дүрд тоглохыг урь.

Тэдгээр суралцагчийг Үйлс 8:29–39-өөс чанга уншаад, тус тусын дүрд жүжигчлэн тоглохыг хүс. Ангийнхнаас Филип, Этиопийн амбан хоёрын хооронд юу болсныг ажиглахыг хүс. Суралцагчид өөрсдийн хэсгийг уншаад, үйлдэх үед дараах зүйлийг хий.

  1. Өгүүлэгчийг 32–33-р шүлгийг уншсаны дараа суралцагчдыг Исаиа 53:7–8-ыг өөрсдийн судрын Үйлс 8:32–33-ын дэргэд лавлах эшлэл болгон бичихэд урь.

  2. Өгүүлэгчийг 35-р шүлгийг уншсаны дараа Филипийн дүрд тоглож байгаа суралцагчийг ангийнхандаа энэ нөхцөлд Аврагчийн тухай юу заах байснаа тайлбарлахыг хүс. (Та ангийнхныг бас санал оруулахыг хүсэж болно.)

  3. Өгүүлэгчийг 38-р шүлгийг уншихад сайн дурын оролцогчдыг баптисмын гүйцэтгэлийг жүжигчлэн тоглохгүй байхыг эелдгээр хүс.

Сайн дурын оролцогчдыг энэ үйл ажиллагааг дууссаны дараа тэдэнд талархаад, суудалдаа эргэн суухад урь.

  • 29-р шүлэгт өгүүлснээр, Филип яагаад Этиопийн амбангийн сүйх тэрэг рүү явсан бэ?

  • 31-р шүлэгт өгүүлснээр, амбан Исаиагийн бичээсийг ойлгохын тулд өөрт нь юу хэрэгтэй байсан гэж хэлсэн бэ?

  • 35–38-р шүлэгт өгүүлснээр, Филип амбанд хэрхэн хөтөч нь болсон бэ?

  • Филипийн туршлагаас бид Бурханаас ирэх өдөөлтөд анхаарал хандуулахын үр дүнгийн талаар ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч бид Бурханаас ирэх өдөөлтөд анхаарал хандуулснаар бусдыг Есүс Христ рүү хөтлөхөд туслах боломжуудыг хүлээн авч чадна гэдэг нь тодорхой байгаа эсэхийг бататга. Энэ зарчмыг самбар дээр бич.)

Суралцагч бүрд дараах тараах материалын хуулбарыг тарааж өг. Суралцагчдыг тараах материал дээр байгаа зааварчилгааг дагаад, хэн нэгнийг Есүс Христэд ирэхэд нь туслах арга замуудын тухай бодоход урь. Тэдэнд бичсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцах боломж гарна гэдгийг тайлбарла.

Зураг
тараах материал

Бусдыг Есүс Христ рүү хөтлөх нь

Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—87-р хичээл

Дараах нөхцөлүүдээс нэгийг сонгоно уу.

  • Тантай найзалдаг нэгэн залуу эрэгтэй Христийн өөр сүмд харьяалагддаг. Нэг өдөр үдийн цайны үеэр та тэр залуу эрэгтэйтэй Сүмийн талаар ярихаар сүнслэгээр өдөөгдсөн.

  • Та сургуулиас гэр рүүгээ алхаж байхдаа уйлж байгаа нэгэн залуу эмэгтэйг харсан. Та түүнийг нэлээд хэдэн жил Сүмийн ямар ч цуглаанд ирээгүй, тойргийнх нь нэг гишүүн болохыг таньсан. Та түүнтэй ярих хэрэгтэй гэж мэдэрсэн. Таныг түүнийг тайвшруулахаар хичээж байхад тэр өөрт тохиолдсон бэрхшээлээ дүрслээд, “Би яагаад зүгээр л аз жаргалтай байж болохгүй гэж?” хэмээн асуусан.

  • Олон нийтийн мэдээллийн сайтад тантай холбоотой байдаг нэгэн залуугийн ээж саяхан нас баржээ. Түүний саяхны тавьсан “Яг одоо маш их ганцаардаж байна. Хэн нэгэн ойлгоосой гэж хүсэж байна” гэсэн сэтгэгдэлд хариулах мэдрэмж танд төрсөн.

Энэ хуудас цаасны ард эсвэл хичээлийн дэвтэр юм уу судрын тэмдэглэлдээ энэ хүнийг Есүс Христ рүү хөтлөхөд туслах юуг хэлж мөн хийхээ бич. Тайлбартаа дараах асуултуудад хариулж бич.

  • Та энэ хүнийг Есүс Христ рүү хөтлөхөд туслах сайн мэдээний ямар үнэнийг хуваалцах вэ?

  • Энэ хүнийг суралцуулахаар таны урьж болох судар юу вэ?

  • Та энэ хүнийг юу хийхэд урих вэ?

Хангалттай хугацаа өгсний дараа суралцагчдыг хос болгон хуваарил. Суралцагчдыг тэд юу бичсэн мөн яагаад ийм арга хэрэглэх гэж байгаагаа хамтрагчдаа тайлбарлахад урь. Дараа нь хэд хэдэн суралцагчийг бичсэн зүйлээ ангийнхандаа тайлбарлахад урь. Та эхний хоёр хувилбарын нэгэнд тоглохоор сонгогдсон суралцагчдыг өөрийгөө тэдний туслахыг хичээж байгаа хувь хүн болгоод, эдгээр нөхцөлд тэд юу хэлж мөн хийхийг жүжигчлэн тоглоход урих талаар бодож үзэж болно. (Хэрэв та ингэх гэж байгаа бол тантай энэ хувилбарт жүжигчлэн тоглоход суралцагчдыг урихаасаа өмнө бэлтгэх нэг минутыг өг.) Дараа нь ангийнханд дараах асуултуудыг тавь.

  • Та нар хэн нэгнийг Есүс Христ рүү хөтлөхөд хэзээ, хэрхэн тусалсан бэ?

  • Та нарыг Есүс Христ рүү хөтлөхөд хэн хэзээ, хэрхэн тусалсан бэ?

Есүс Христ рүү хөтлөхөд суралцагчдын тусалж чадах хувь хүмүүс рүү тэд удирдагдаж чадахын тулд Бурханаас ирсэн өдөөлтүүдэд анхаарал хандуулахад тэднийг урамшуул. Суралцагчдыг ирэх цөөн хоногийн турш өөрсдийн мэдэх хэн нэгнийг Есүс Христ рүү хөтлөхөд туслахын тулд юу хийж чадах талаараа тунгаан бодоход урь. Суралцагчдыг туршлагаа ангийнхандаа эргүүлэн тайлагнахад урамшуулан дэмж.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Үйлс 8:18–23. Санваар ашиглах боломж, хэрхэн ашиглах

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фауст санваарын хүчийг ашиглах арга зам нь дэлхийн хүчийг ашиглах арга замаас өөр юм гэдгийг тайлбарласан.

“Бүх хүчнээс хамгийн агуу нь болох санваарын хүчийг дэлхийн хүчийг ашигладаг арга замаар хэрэглэж болохгүй. Энэ нь зарагдаж эсвэл худалдагддаггүй. … Та нарын олон нь америк хөл бөмбөгийн хамгаалагч, довтлогч, төвийн тоглогчдыг мөн агуу баялаг, нэр алдар, улс төр, цэргийн хүчийг эзэмшигч тэр хүмүүсийг бишрэн хардаг. Дэлхийн хүч ихэнхдээ хайр найргүй хэрэглэгддэг. Хэдий тийм ч санваарын хүч нь зөвхөн санваарыг захирдаг зөв шударга байдлын тэдгээр зарчмаар дамжуулан дуудагддаг (“Power of the Priesthood,” Ensign, 1997 оны 5-р сар, 43).

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли хэлэхдээ:

“Хувийн зохистой байдал энэ нандин хүчийг хүлээн авч, хэрэглэхэд сонгогдох эрхийн жишиг болдог” гэжээ (“Personal Worthiness to Exercise the Priesthood,” Ensign, 2002 оны 5-р сар, 52).

Үйлс 8:27–38. Бусдыг Есүс Христ рүү хөтлөх нь

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд бусдыг Аврагч руу хөтлөхөд туслахын ач холбогдлын тухай заасан.

“Бидний хүн тус бүрийн хувьд ‘Христэд ирж’ [C ба Г 20:59], Түүний зарлигуудыг сахиж, жишээг даган, Эцэгт буцаж очих нь гарцаагүй хүн болж төрсний хамгийн агуу бөгөөд ариун зорилго юм. Бусдыг үүнийг хийхэд болон зааж, ухуулан ятгахад мөн гэтэлгэлийн замаар алхахад нь тэднийг залбирч удирдах нь бас бидний амьдралын хоёр дахь хамгийн чухал даалгавар байх ёстой нь дамжиггүй. Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй нэгэн удаа ‘Бурханы хүүхдүүдийн багш байхаас илүү агуу хариуцлага хүмүүний үрсийн дунд байхгүй билээ’ гэж хэлсэн байдаг” [Conference Report, 1916 оны 10-р сар, 57]” (“A Teacher Come from God,” Ensign, 1998 оны 5-р сар, 25).