Номын сан
Гэрээр судлах хичээл: Үйлс 6–12 (18-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Үйлс 6–12 (18-р бүлэг)

Гэрээр заах багшид зориулсан бэлтгэх материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Үйлс 6–12-ыг (18-р бүлэг) судалж байхдаа сурч мэдсэн үйл явдал, сургаал, зарчмуудын дараах дүгнэлт нь таны хичээлийн нэг хэсэг болж заагдахад зориулагдаагүй юм. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

Эхний өдөр (Үйлс 6–7)

Зохистой Сүмийн гишүүд бусдын хэрэгцээнд үйлчлэхэд туслахаар дуудагддагийг суралцагчид мэдэж авсан. Стефаны үгсийг болон амь алдсан түүхийг судалж байхдаа тэд дараах үнэнийг тодорхойлсон. Үүнд: Ариун Сүнсийг эсэргүүцэх нь Аврагч болон Түүний бошиглогчдоос татгалзахад хүргэнэ. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Ариун Сүнс гурав бол гурван салангид мөн ялгаатай бие юм. Хэрэв бид зовлон бэрхшээлтэй үед ч Есүс Христэд үнэнч үлдвэл Тэр бидэнтэй хамт байх болно.

2 дахь өдөр (Үйлс 8)

Суралцагчид Үйлс 8-ыг судалж байхдаа дараах сургаал, зарчмуудад суралцсан. Үүнд: Баптисмын дараа эрх мэдэл бүхий санваартан Ариун Сүнсний бэлгийг гар тавилтаар дамжуулан өгдөг. Санваар нь Бурханы хүсэл ба зохистой байдлын жишгийн дагуу өгөгддөг. Бид Бурханаас ирэх өдөөлтүүдэд анхаарал хандуулснаар бусдыг Есүс Христ рүү хөтлөхөд туслах боломжуудыг хүлээн авч чадна.

3 дахь өдөр (Үйлс 9)

Суралцагчид Үйлс 9-өөс Их Эзэн бидний хэн болж чадахыг болон Өөрийнх нь ажилд Өөрт нь туслах бидний чадавхыг хардаг гэдгийг сурсан. Тэд түүнчлэн дараах зарчмуудад суралцсан. Тухайлбал: Хэрэв бид Их Эзэний хүсэлд захирагдвал өөрчлөгдөж, Түүний биднээс харж байгаа чадварыг гүйцэлдүүлж чадна. Бид бусдад үйлчилснээр хүмүүсийг Есүс Христэд ирж мөн итгэхэд тусалж чадна.

4 дэх өдөр (Үйлс 10–12)

Суралцагчид сайн мэдээг харийнханд номлох тухай Петрийн үзэгдлийг судлаад, Сүмийг тэргүүлж буй хүмүүс Бурханаар удирдагдаж байгааг мэдэх үедээ тэднийг дэмжиж, дагахдаа итгэлтэй болно гэдгийг ойлгож авсан. Тэд түүнчлэн дараах үнэнүүдийг мэдэж авсан. Тухайлбал: Хэрэв бид Бурханы тааллаас илүү бусдын таалалд нийцүүлэхийг эрэлхийлбэл нүгэл рүү улам их удирдагдах болно. Бидний чин сэтгэлийн болон хичээнгүй залбирал бидний болон бусдын амьдралд Бурханы гайхамшиг хийгээд адислалыг урьдаг.

Оршил

Бурхан сайн мэдээг харь үндэстнүүдэд номлох ёстой хэмээн Петрт үзэгдлээр илчилжээ. Петр Корнелд болон түүний гэрийнхэнд сайн мэдээг заагаад, хожим нь сайн мэдээг харь үндэстнүүдэд номлох талаарх Иудейн гэгээнтнүүдийн дундах маргааныг зохицуулсан.

Заах зөвлөмж

Үйлс 10

Бурхан сайн мэдээг харь үндэстнүүдэд номлох ёстойг үзүүлсэн үзэгдлийг Петрт илчлэв

Суралцагчдыг найз нь “Би танай сүм 1978 онд бүх эрэгтэйчүүдэд арьсны өнгөнөөс үл хамааран санваар хүлээн авахыг зөвшөөрөх байр сууриа өөрчилсөн гэж сонссон. Хэрэв чи сүмээ Бурханаар удирдагддаг мөн Бурхан өөрчлөгдөшгүй бие гэж итгэдэг бол энэ нь хэрхэн боломжтой байх вэ?” гэж асууж байгаагаар төсөөлөхөд урь.

Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ энэ найздаа хэрхэн хариулах байснаа бичихийг хүс. (Тэмдэглэл: Суралцагчид санваарын хоригийн талаарх боломжит шалтгаануудыг эргэцүүлэхээсээ илүүтэй Сүмийн тогтсон журмыг өөрчлөх тухай асуултад хариулж байгааг бататга. Түүнчлэн ярилцлагын үед эдгээр шалтгаан илчлэгдэж байгаагүй учраас санваарын хориг яагаад тавигдсаныг ч таамаглах хэрэггүй юм [Албан тунхаг 2-ыг үзнэ үү].)

Суралцагчдыг Үйлс 10-ыг судалж байхдаа Их Эзэн Өөрийн Сүмийг хэрхэн удирдаж, чиглүүлж, өөрчилж мөн захирдаг талаарх асуултуудад хариулахад туслах үнэнийг олж мэдэхэд урь.

Сайн мэдээ Шинэ Гэрээний энэ цаг үе хүртэл цөөн онцгой тохиолдлоос гадна Аврагчийн зааварласнаар зөвхөн иудейчүүдэд номлогдож байсныг тайлбарла (Mатай 10:5–6-г үзнэ үү). Хэдий тийм ч бид Үйлс 1:10 дээр Сүмийн үйл ажиллагаа явуулах аргад том өөрчлөлт гарсан тухай уншдаг.

Суралцагчдыг Корнел гэгч харь үндэстний тухай судалж байхдаа мэдэж авсан зүйлээ нэгтгэн дүгнэхэд урь. (Тэр Ромын армийн зуутын дарга байв. Тэр болон түүний гэр бүлийнхэн итгэгчид бөгөөд Бурханаас эмээдэг хүмүүс байжээ. Харь үндэстний хувьд тэрээр эхлээд Иудейн шашинд хөрвөгдөлгүй Христийн Сүмд нэгдэх боломжгүй байсан.)

Корнелийн итгэлтэй байдлын үр дүнд түүн дээр тэнгэр элч ирж Петрийг олуулахаар хэдэн хүнийг Иоппа руу илгээхийг зааварчилсан гэдгийг тайлбарлан, Үйлс 10:3–8-ыг нэгтгэн дүгнэ. Корнелийн зарц нарыг Иоппа руу аялж байхад Петр Симон гэгч хүний гэрт хоноглож байхдаа нэгэн гайхалтай үзэгдэл харсан гэдгийг тайлбарла.

Хэд хэдэн суралцагчийг Үйлс 10:9–16-г ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Петр үзэгдэлдээ юу харсныг олж мэдэхийг хүс. (Та өөр заах арга хэрэглэн, суралцагч бүрд зураг зурах үйл ажиллагаанд нь зориулж хуудас цаас өгч болно. Суралцагчдыг Үйлс 10:9–16-г дотроо уншаад, Петрийн үзэгдлийг эдгээр шүлэгт дүрслэн хэлсний дагуу зурахад урь. Хангалттай хугацаа өгсний дараа суралцагчдыг зургуудаа ашиглан ангийнхандаа Петрийн үзэгдэлд юу болсныг тайлбарлахыг хүс.) Эдгээр үйл ажиллагааны аль нэгний дараа асуу.

  • Үзэгдэлд Петрийг юу идэхийг тушаасан бэ?

  • 14-р шүлэгт цэдэглэснээр, Петр энэ тушаалд эхлээд хэрхэн хандсан бэ? (Мосегийн хуулийн дагуу иудейчүүдэд түгээмэл эсвэл цэвэр бус гэж тооцогддог амьтныг идэхийг хориглосон байсныг тайлбарла [Левит 11-ийг үзнэ үү].)

  • Үйлс 10:15-д цэдэглэснээр, Их Эзэн Петрийг ид хэмээн тушаасан цэвэр бус амьтныхаа тухай юу гэж хэлсэн бэ?

Петр үзсэн үзэгдлийнхээ утгыг эхлээд ойлгоогүй гэдгийг тайлбарлан, Үйлс 10:17–28-ыг нэгтгэн дүгнэ. Петрийг үзэгдлээ тунгаан бодох үед Корнелийн зарц нар хүрч ирээд, Петрт Корнелийн үзэгдлийн тухай хэлсэн. Дараа өдөр нь Петр, бусад шавьтай хамт Корнелтэй уулзахаар тэднийг дагалдан явсан. Ихэнх иудейчүүд харийнхантай холбогдох юм уу тэдэн дээр зочлохыг хууль бус гэж үздэг байсныг үл харгалзан Петр Корнелийн гэрт явж оржээ.

Нэг суралцагчийг Үйлс 10:28-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Петр ямар шалтгааны улмаас харь үндэстэнтэй холбогдох юм уу түүн дээр зочилсон гэж хэлснийг олж мэдэхэд урь.

  • Петр ямар шалтгааны улмаас харь үндэстэнтэй холбогдох юм уу түүн дээр зочилсон гэж хэлсэн бэ?

Корнел Петрт үзэгдлийнхээ тухай юу хэлснийг тайлбарлан, Үйлс 10:29–33-ыг нэгтгэн дүгнэ. Корнел түүнчлэн Петр, түүний гэр бүл, найз нөхдөд зааж болохын тулд тэднийг цуглуулсан байв.

Нэг суралцагчийг Үйлс 10:34–35-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Петрийн сурч мэдсэн зүйлийг олж мэдэхийг хүс.

  • Та нар Петрийн сурч мэдсэн зүйлийг хэрхэн дүгнэж хэлэх вэ? (Та Бурхан хүмүүсийн яс үндэс юм уу нийгмийн байдал зэрэг бусдаас ялгарах онцлог дээр үндэслэн хүмүүст таалал үзүүлдэггүй, харин бүх хүнийг ажил үйлсээр нь шүүж, Өөрийг нь дагасан байдлаар адисалдаг гэдгийг тайлбарлаж болно. Та түүнчлэн “Race and the Church: All Are Alike unto God” нийтлэлийг [mormonnewsroom.org/article/race-church]-ээс олж болно.)

Петр Корнелд болон түүний гэр бүлийнхэнд Есүс Христ, Түүний сайн үйлс, цовдлолт мөн Амилалтын тухай заасан гэдгийг тайлбарлан, Үйлс 10:36–43-ыг нэгтгэн дүгнэ. Есүс Христэд итгэдэг хүмүүс нүглийн өршөөлийг хүлээн авах болно хэмээн Петр гэрчилсэн.

Нэг суралцагчийг Үйлс 10:44–48-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Петрийн заасан сургаал тэдгээр харь үндэстнүүдэд хэрхэн нөлөөлснийг олж мэдэхийг хүс. 45-р шүлэгт буй “хөвч хөндүүлсэн итгэгчид” гэдэг үгс Петртэй хамт Иоппагаас ирсэн Иудейн шавь нарыг хэлж байгааг тайлбарла.

  • 44–46-р шүлэгт цэдэглэснээр, Петрийн заасан сургаал Корнелийн гэр бүлийнхэнд хэрхэн нөлөөлсөн бэ? (Та 45-р шүлэгт буй “Ариун Сүнсний бэлэг” гэсэн үгс эдгээр харийнхан дээр буусан Ариун Сүнсний хүчийг хэлж байгааг тайлбарлах хэрэгтэй байж болно. Энэ нь баптисмын дараах баталгааны ёслолоор дамжуулан бидний хүлээн авдаг Ариун Сүнсний бэлгээс өөр юм [Үйлс 8:14–17; Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 97-г үзнэ үү).

  • Энэ үйл явдлыг болж байхад тэнд байсан иудейчүүд яагаад гайхацгаасан бэ?

  • Үйлс 10 дээр цэдэглэсэн Петрийн туршлагаар Их Эзэн түүнд харь үндэстнүүдийн тухай юу илчилсэн бэ?

Суралцагчдад Үйлс 10-аас бидний мэдэж авч болох сургаалуудыг тодорхойлоход туслахын тулд тэднийг хоёр юм уу гурваар нь бүлгүүдэд хуваарил. Бүлэг бүрд дараах тараах материалын нэг хувийг өг эсвэл үүнийг самбар дээр бич. Суралцагчдыг асуултуудад хариулахын тулд бүлэгтэйгээ ажиллахад урь.

Зураг
тараах материал

Үйлс 10

Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—Гэрээр судлах хичээл (18-р бүлэг)

  • Их Эзэн Өөрийн Сүмийг хэрхэн удирддаг тухай Петр, Корнел нарын түүхээс бид ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Петр Сүмийн ерөнхийлөгч байсан гэдгийг сана.)

  • Их Эзэн Петрт үнэнийг бүгдийг нэг дор илчлэхийн оронд цагаас цагт илчилж байснаас бид ямар үнэнийг мэдэж авч болох вэ?

  • Бид Бурхан өмнө нь өгч байсан заавруудаараа юу хийж болох тухай энэ түүхээс ямар үнэнд суралцаж болох вэ?

Хангалттай хугацаа өгсний дараа хэд хэдэн суралцагчийг самбарт гарч ирээд, олж тогтоосон үнэнүүдээ бүлгээрээ бичихэд урь. Тэдний бичсэн зүйлст дараах үнэнүүд тусгагдсан эсэхийг бататга.

Бурхан Сүмээ ахлах төлөөлөгч болох Өөрийн бошиглогчид өгсөн илчлэлтээр дамжуулан удирддаг.

Бид Их Эзэнд дуулгавартай байснаар илчлэлт хийгээд ойлголтыг аажим хүлээн авч болно.

Бурхан өнгөрсөн үед өгч байсан заавруудаа Өөрийн мэргэн ухаан хийгээд хүүхдүүдийнхээ хэрэгцээнд тохируулан өөрчлөх юм уу нэмж болно.

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Тэдний тодруулсан гурав дахь үнэн ахлагч Кристоффэрсоны мэдэгдэлд хэрхэн тусгагдсаныг сонсохыг ангийнхнаас хүс.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Петрийн энэхүү хүлээн авсан илчлэлтээр Их Эзэн Сүмийн дадлыг өөрчилж, Өөрийн дагалдагчдад сургаалыг илүү бүрэн дүүрэн ойлгуулсан. Мөн сайн мэдээг тунхаглан заах нь бүх хүмүүн төрөлхтөнд хамааран тэлсэн” (“Христийн сургаал,” Ensign эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95).

Суралцагчдад найзынхаа Сүмийн дадал өөрчлөгдсөн талаарх асуултад хэрхэн хариулах талаар бичсэн зүйлээ эргэн харах цаг гаргаж өг. Тэднийг Үйлс 10-ыг судалж байхдаа олж авсан нэмэлт санаануудаа бичихэд урамшуулаад, ангийнхантайгаа хуваалцах боломжийг олго.

Та хэдийгээр Бурхан Сүмийн тогтсон горимыг өөрчилж, сургаалын ойлголтыг маань үргэлжилсээр байгаа илчлэлтээрээ дамжуулан нэмэгдүүлж болох ч (Итгэлийн тунхаг 1:9-ийг үзнэ үү) Түүний бурханлаг байдал, зан чанар, гэрээ, сургаал, төлөвлөгөө хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдгийг онцлон хэлж болно. Үүнийг мэдэх нь бидэнд Бурханд итгэлтэй байж, Тэрээр Сүмээ Өөрийн хүсэл хийгээд хүүхдүүдийнхээ хэрэгцээнд тохируулан удирддаг гэдэгт итгэлтэй байхад тусалдаг.

Суралцагчдыг суралцсан үнэнүүдийнхээ тухай гэрчлэлээ хуваалцахад урьснаар хичээлээ дуусга.

Дараагийн бүлэг (Үйлс 13–19)

Суралцагчдыг Үйлс 13–19-ийг судалж байхдаа дараах асуултуудын хариултыг олж мэдэн, бодож үзэхэд урь. Паул шидтэн Елумд юу хийсэн бэ? Хэрэв та нарыг бурхан гэж итгэвэл та нар ямар хариу үйлдэл үзүүлнэ гэж бодож байна вэ? Паул, Барнаб хоёрыг яагаад бурхад гэж үзсэн бэ? Тэд хэрхэн хариулсан бэ? Хөвч хөндөх талаар Сүмийн гишүүдийн дунд ямар асуудал байсан мөн энэ асуудал яагаад төлөөлөгчдийн өмнө аваачигдах хэрэгтэй болсон бэ? Тэдний шийдвэр юу байсан бэ? Паул Афинд айлчлан очихдоо Марсын толгод дээрээс үл мэдэгдэх бурхны тухай юу гэж заасан бэ? Тэр хүмүүст юу заасан бэ?