Номын сан
Гэрээр судлах хичээл: Үйлс 13–19 (19-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Үйлс 13–19 (19-р бүлэг)

Гэрээр заах багшид зориулсан бэлтгэх материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Үйлс 13–19-ийг (19-р бүлэг) судлахдаа ойлгож мэдсэн үйл явдал, сургаал, зарчмуудын дараах дүгнэлт нь таны хичээлийн нэг хэсэг болж заагдахад зориулагдаагүй юм. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын зөвхөн цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

Эхний өдөр (Үйлс 13–14)

Суралцагчид Паул, Барнаб хоёрын шидтэнтэй харьцах харьцааг судалж байхдаа Бурханы хүч чөтгөрийн хүчнээс хамаагүй илүү давуу гэдгийг сурсан. Паулын Аврагчийн тухай болон зовлон зүдгүүрийн тухай заасан зүйлээс суралцагчид дараах зарчмыг тодорхойлсон. Үүнд: Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан гэм нүглээсээ өршөөгдөж мөн зөвтгөгдөж чадна. Бид зовлон зүдгүүрээ итгэлтэйгээр даван туулснаар селестиел хаант улсад ороход бэлтгэгдэх болно.

2 дахь өдөр (Үйлс 15)

Суралцагчид Сүмийн удирдагчид хамтдаа шийдвэр гаргадаг гэдгээс суралцаж байхдаа Бурханы амьд бошиглогч, төлөөлөгчдөөр дамжуулан мөн судраас суралцаж байхдаа болон Ариун Сүнсний өдөөлтөөр дамжуулан бид Их Эзэний хүслийг мэддэг гэдгийг мэдэж авсан. Хамтдаа зөвлөлдөж, Бурханаас илэрхийлэлт эрэлхийлснээр Сүмийн удирдагчид хүнд хэцүү асуудлуудын талаар сүнслэг удирдамж хүлээж авдаг гэдгийг тэд мөн ойлгож мэдсэн.

3 дахь өдөр (Үйлс 16–17)

Паул, Силас хоёрын номлолын түүхээс суралцагчид дараах үнэнийг сурсан. Үүнд: Бид Бурханаас ирсэн илчлэлтийг дагах үедээ сайн мэдээг хүлээн авахад бэлэн байгаа хүмүүс рүү удирдагдаж чадна. Аврал нь Есүс Христэд итгэхийг шаарддаг бөгөөд бид баптисм хүртсэнээр Түүнд итгэлээ харуулдаг. Хэрэв бид Бурханы үйлчлэгчдийн үгийг оюун ухаандаа дуртайяа хүлээн авч, өдөр бүр судраас судалж байвал тэдний үгэнд итгэх бидний итгэл үнэмшил хүчирхэгжинэ.

4 дэх өдөр (Үйлс 18–19)

Паулыг Коринтын хүмүүсийн төлөө санаа зовж байхад Их Эзэний өгсөн баталгаанаас хэрэв зохистой байвал Их Эзэн биднийг Өөрийнх нь ажлыг хийж байх үед бидэнтэй хамт байх болно гэдгийг суралцагчид сурсан. Суралцагчид Паулын ефесчүүдэд заасан сургаал ба эдгээлтийн тухай судалж байхдаа дараах зүйлийг мэдэж авсан. Баптисм нь эрх мэдэл бүхий Бурханы үйлчлэгчээр гүйцэтгэгдсэн үедээ хүчинтэй байдаг. Баптисмыг бүрэн гүйцэд болгохын тулд түүнийг дагалдан Ариун Сүнсийг хүлээн авах ёстой. Бурханы хүчээ үзүүлэх нэг арга бол эрх мэдэлтэй үйлчлүүлэгчдээрээ дамжуулах явдал юм. Бид хилэнцэт үйл хэргээ илчилж, орхисноор Есүс Христэд итгэх итгэлээ харуулдаг.

Оршил

Паул Афин дахь Марсын уулан дээр Бурханы жинхэнэ мөн чанарын тухай хүмүүст заасан. Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэгийн зарим шинж чанар хийгээд суралцагчдын Түүнтэй ямар харьцаатайг ойлгоход тэдэнд тусалж чадна.

Заах зөвлөмж

Үйлс 17:16–34

Паул Марсын уулан дээр номлов

Суралцагчдыг Библийн хавсралт хэсэг дээрх Библийн гэрэл зургууд, д. 29, “Афин”-ыг гаргахад урь. Энэ гэрэл зураг дээр хуурамч бурхдыг шүтэхэд ашиглаж байсан Афин дахь хэд хэдэн ариун сүмийн нэгийг үзүүлсэн гэдгийг онцол. Энэ ариун сүмүүдийн дотор хүний гараар бүтсэн бурхдын хөшөө байдаг байв. Золиослолоо хуурамч бурхдад өргөдөг тахилын ширээнүүд гадна талд нь байжээ.

Тесалоник дахь иудейчүүдийн нөхөрсөг бус бүлгээс хамгаалахын тулд Сүмийн гишүүд Паулыг Афин руу явуулсан гэдгийг тайлбарла (Үйлс 17:13–15-ыг үзнэ үү). Бид Үйлс 17:16–21-ээс Паул Афин дахь хиймэл шүтээн шүтдэг байдлын талаар ихэд санаа зовж байсан бөгөөд тэнд синагог болон зах зээлийн газруудаар явж, зааж байсныг уншдаг. Гүн ухаантнууд Паулыг “шинэ сургаал”-ыг (19-р шүлэг) Марсын уулан дээр цугласан шүүхийн зөвлөлд тайлбарлахад урьсан.

Нэг суралцагчийг Үйлс 17:22–23-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул Афины тахилын аль нэг ширээн дээр юу байхыг анзаарсныг олж мэдэхийг хүс.

  • Паул Афины тахилын аль нэг ширээн дээр юу байхыг анзаарсан бэ?

Үйлс 17:22 дээр Паул афинчуудыг “хэт шашинлаг” буюу “тэнгэрлэг зүйлст болгоомжтой ханддаг” эсвэл “их шүтлэгтэй” (Үйлс 17:22, зүүлт тайлбар a) гэж хэлэн магтсаныг цэдэглэсэн байдаг гэдгийг тайлбарла. “Үл мэдэгдэх бурханд” (Үйлс 17:23) зориулсан тахилын ширээ нь мэдэгдээгүй байгаа бурхныг эсвэл нэрээр нь мэдэхгүй байгаа аливаа бурхныг тайвшруулах гэсэн афинчуудын оролдлого байжээ. Тэд ямар ч бурхныг гомдоох юм уу үл тоохыг хүсээгүй аж.

Үйлс 17:23 дээрх сүүлийн өгүүлбэрийг онцлоод, дараах асуултыг тавь.

  • Паул яагаад энэ “үл мэдэгдэх бурханд” зориулсан тахилын ширээний тухай ярьсан бэ? (Тэр үүнийг жинхэнэ Бурхан, Тэнгэрлэг Эцэг болон тэдний үл мэдэх Бурханыг танилцуулахад ашиглажээ.)

Суралцагчдыг хосууд болгон эсвэл жижиг бүлгүүдэд хуваарил. Бүлэг бүрийг Үйлс 17:24–31-ийг судлаад, Афины хүмүүст үл мэдэгдэх Бурханы тухай аль болох олон үнэнийг олоход урь. Тэднийг суралцаж байх хооронд шүлэг бүрийн дугаарыг (24–31) самбарт жагсаан бич.

Хангалттай хугацаа өгсний дараа хэд хэдэн суралцагчийг самбарын өмнө гарч ирээд, олсон үнэнээ олсон шүлгүүдийнх нь дугаарын хажууд бичихэд урь. (Суралцагчдыг Үйлс 17:27 дээр цэдэглэсэн үнэнийг тодорхойлоход туслахын тулд та тэдний анхаарлыг Иосеф Смитийн Орчуулгын Үйлс 17:27, зүүлт тайлбар б-д хандуулж болно.)

Та эдгээр үнэн бүрийг судар дээрээ тэмдэглэхийг суралцагчдад санал болгож болно. Тэдний самбар дээр жагсаан бичсэн үнэний зарим нь дараахыг багтааж болно.

  • 24-р шүлэг: Бурхан дэлхийг бүтээсэн.

  • 25-р шүлэг: Бурхан бүх зүйлд амьдрал өгдөг.

  • 26-р шүлэг: Бурхан бүх амьд зүйлийг захирдаг.

  • 27-р шүлэг: Хэрэв бид Бурханыг эрэлхийлэхэд бэлэн бол Тэрээр биднээс хол биш байдгийг олж мэдэх болно.

  • 28-р шүлэг: Бид бол Бурханы үр удам юм.

  • 29-р шүлэг: Бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн.

  • 30-р шүлэг: Бурхан бүгдийг наманчлахыг тушаадаг.

  • 31-р шүлэг: Бурхан биднийг шүүнэ мөн Бурхан бүх хүнийг үхэгсдээс босгох болно.

Суралцагчдыг самбар дээрх үнэнээс өөрсдөдөө утга учиртай санагдсан нэг үнэнийг сонгоход урь. Цөөн суралцагчаас аль үнэнийг сонгосон хийгээд энэ нь яагаад тэдэнд утга учиртай байгааг хуваалцахыг хүс.

Үйлс 17:28 дээрх “Бид Бурханы үр удам юм” гэдэг үнэнийг онцлон хэл.

  • Бурханы “үр удам” байна гэдэг нь юу гэсэн үг вэ? (Бид бол Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдүүд юм.)

  • Энэ сургаалыг ойлгох нь яагаад маш чухал байдаг вэ? (Энэ нь биднийг Тэнгэрлэг Эцэгт хэмжээлшгүй үнэ цэнтэй хийгээд Түүнтэй адил болох чадвартай гэдгээ мэдэхэд тусалж чадна.)

  • Энэ сургаалыг үл ойлгосноор ямар асуудал эсвэл будлиан үүсэж болох вэ?

Хэрэв боломжтой бол суралцагчдад Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах мэдэгдлийн хуулбарыг өг. Нэг суралцагчийг үүнийг чанга уншихад урь. Ангийнхнаас бид яагаад өөрсдийгөө Бурхны хүүхдүүд гэдгээ нэгдүгээрт буюу хамгийн түрүүнд харахаа санах ёстойг олж сонсохыг хүс.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Өөрсдийгөө хэрхэн тодорхойлоход болгоомжтой ханд. Зарим түр зуурын шинж чанараар өөрийгөө битгий тодорхойлж илэрхийл. Биднийг тодорхойлох цорын ганц шинж чанар бол бид Бурханы хүү эсвэл охин байх явдал юм. Энэ бодит үнэн яс үндэс, мэргэжил, бие махбодын мөн чанар, нэр хүнд эсвэл бүр шашинд нэгдэх зэрэг бусад бүх шинж чанарын дээр давамгайлж байдаг” (“How to Define Yourself,” New Era, 2013 оны 6-р сар, 48).

  • Өөрсдийгөө Бурханы хүүхдүүд гэдгийг нэгдүгээрт, эн тэргүүнд санаж байх нь яагаад чухал вэ?

Үйлс 17:27 дээрх “Хэрэв бид Бурханыг эрэлхийлэхэд бэлэн бол Тэрээр биднээс хол биш байдгийг олж мэдэх болно” гэсэн үнэн рүү чиглэ.

  • Бид ямар ямар арга замаар Бурханыг мэдэж, Түүнд ойртохоор эрэлхийлж чадах вэ?

  • Бурхантай ямар харилцаатайгаа мэдэх нь Түүнийг эрж хайх хүсэлд маань хэрхэн нөлөөлөх вэ?

  • Хэзээ та нар Тэнгэрлэг Эцэгийг өөрсдөдөө ойрхон байгааг мэдэрсэн бэ?

Афинчууд Паулыг “Үхэгсдийн амилуулалтын” (Үйлс 17:32) тухай дурдахад өөр өөр хариу үйлдэл үзүүлснийг тайлбарлан, Үйлс 17:32–34-ийг нэгтгэн дүгнэ. Зарим нь Паулыг дооглож, зарим нь илүү ихийг сонсохыг хүсэж мөн зарим нь түүнд итгэв.

Та хэдийгээр олон хүн Бурханыг мэддэггүй ч суралцагчид Түүнийг мэдэж мөн ойлгож чадна гэдгийг гэрчлэхийг хүсэж болно. Суралцагчдыг хуудас цаас юм уу тэмдэглэлийн картан дээр Мэдэж болох Бурханд гэж бичээд, Бурхантай харилцаагаа эрэлхийлж мөн хөгжүүлэх аргуудыг жагсаан бичихэд урь. Тэднийг зорилгуудыг нь сануулж байх газарт энэ цаасаа өлгөхөд урамшуул.

Дараагийн бүлэг (Үйлс 20Ром 7)

Дараагийн бүлгээр тэд “Паул хэнийг үхлээс босгосон бэ?” мөн “Энэ хүний үхлийг тойрсон нөхцөл байдал ямар байсан бэ?” зэрэг асуултын хариултыг мэдэж авах болно гэдгийг тайлбарла. Тэднийг хилсээр баривчлагдсан, усан онгоц нь сүйрч арал дээр үлдсэн, дараа нь могойд хатгуулсан гэж төсөөлөхөд урь. Ийм зовлон зүдгүүрээс тэд юу мэдэж авч болохыг асуу. Паулыг шүүж байх үед “Богинохон хугацаанд чи чинь намайг Христийнх болгох нь ээ” (Үйлс 26:28) гэж хэлсэн хааны талаар анзаарахыг суралцагчдаас хүс. Тэднийг төлөөлөгчдийн хийсэн үйлсийн үлдсэн хэсгийг судалж байхдаа сорилтууд нь Аврагчид илүү ойртоход бидэнд хэрхэн тусалж чадахыг анзаарахад урамшуулан дэмж. Тэд мөн төлөөлөгч Паулаас Ром дахь Сүмийн гишүүдэд бичсэн захидлын нэг хэсгийг унших болно гэдгийг хэл.