Номын сан
Цэвэр сургаалыг заах нь яагаад чухал вэ?


Цэвэр сургаалыг заах нь яагаад чухал вэ?

Анхны Арванхоёр Төлөөлөгчийг нас барсны дараа хүмүүс өөрсдийн оюун ухаанд найдан судруудыг өөрсдийнхөөрөө орчуулж эхэлсэн байна. Үүний хор уршгаар буруу сургаал заагдаж, Сүм урвалтанд унажээ. Бид сайн мэдээний багшийн хувьд бусдыг буруу зам руу хөтлөхгүйн тулд сэргээгдсэн сайн мэдээний цэвэр үнэнүүдийг заах үүрэгтэй байдаг. Бидний заадаг хүмүүс цэвэр сургаалыг ойлгосноор зүрх сэтгэл нь хөндөгдөж, тэд өөрсдийн зан чанар, ааш араншингаа өөрчилдөг (Боид К.Пакер “Бүү эмээ”-г үзнэ үү Ensign ба Лиахона 2004 оны 5-р сар, 79).

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Багшийн хувьд та цэвэр сургаалыг заахын тулд юу хийдэг вэ? Цэвэр сургаалыг зааснаар ирэх хүч чадлыг та хэзээ мэдэрч байсан бэ?

Таны заадаг өсвөр үеийнхэн цэвэр сургаалын хүчийг таньж мэддэг үү? Тэдэнд цэвэр сургаалыг заах чадвартаа итгэлтэй байхад нь та хэрхэн тусалж чадах вэ?

Дараах судар ба материалуудыг судал. Эндээс та юуг өсвөр үеийнхэнтэй хуваалцахыг хүсч байна вэ?

Лук 24:32; Иосеф Смитийн Түүх 1:11–12 (Судруудаас заахад хүмүүсийн зүрх сэтгэлд хүрдэг)

2 Tимот 4:3–4 (Хуурамч сургаалууд заагдах болно хэмээн Паул бошиглон хэлдэг)

Moзая 18:19 (Судрууд болон бошиглогчдын үгс нь цэвэр сургаалын эх сурвалж юм)

Aлма 4:19; 31:5 (Бурханы үг бол хүчтэй)

Moронай 10:5 (Ариун Сүнс үнэнийг гэрчилдэг)

Д.Тодд Кристоффэрсон “Христийн сургаал” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 5-р сар, 86–90

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийн зорилгыг гэрчлэх мөн бусдад заахдаа судруудыг ашигладаг байсан. Тэрээр цэвэр сургаалын талаар зааж, үүнийг олонтоо онцлон тэмдэглэдэг байлаа. Цэвэр сургаалыг таньж мэдэн, бусдад заахдаа судруудыг ашиглахад нь та өсвөр үеийнхэнд хэрхэн тусалж чадах вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн минутад өсвөр үеийнхний янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, Сүмийн бусад хичээлүүд эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний хамаарлыг олж харахад нь та нар өсвөр үеиийнхэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм:

  • Хэн нэгэнд сайн мэдээний тухай зааж байхдаа Сүнсийг мэдэрсэн туршлагаасаа хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс.

  • Ангид цэвэр устай нэг аяга бас бохир устай нэг аяга авчир. Ус нь хүмүүст бидний зааж буй сайн мэдээг төлөөлж байгаа гэдгийг хэл. Хэрэв цэвэр ус нь цэвэр сургаалыг төлөөлж байгаа бол бохир ус нь юуг төлөөлж байна вэ? Сайн мэдээний цэвэр сургаалыг ямар зүйлүүд бохирдуулж болох вэ? Цэвэр сургаалыг заах нь чухал гэдгийг ойлгоход энэ туршлага өсвөр үеийнхэнд яаж тусалж байна вэ?

Хамтдаа суралц

Цэвэр сургаалыг заах нь чухал болохыг өсвөр үеийнхэн ойлгоход дараах бүх үйл ажиллагаа тусалж чадна. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Дэлхийн арга замаар хүмүүсийн зан авирыг өөрчлөх гэж оролддог арга замуудыг жагсаан бичихийг өсвөр үеийнхнээс хүс. Тэгээд тэднээс Aлма 4:19 ба 31:5-г уншаад, хүмүүст нөлөөлөх Их Эзэний арга замыг олохыг хүс. Тэднийг уншиж ойлгосон зүйлээ хуваалцсаны дараа цэвэр сургаалыг заалгасан учраас зүрх сэтгэл нь өөрчлөгдсөн хүмүүсийн жишээг судраас олоход урь. Сурсан сайн мэдээний зарчмууд нь тэдний үйлдэлд нөлөөлсөн жишээнээсээ хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс.

  • Худал хуурмаг сургаал заасан хүмүүсийн жишээг судраас олоход нь өсвөр үеийнхэнд тусал (жишээлбэл Шерим [Иаков 7-г үзнэ үү], Koрихор [Aлма 30-г үзнэ үү] эсвэл зорамчууд [Aлма 31-г үзнэ үү]). Тэдний заасан зүйл хүмүүст хэрхэн нөлөөлсөн бэ? Их Эзэний үйлчлэгчид хариуд нь ямар сургаал заасан бэ? Үүнтэй төстэй ямар худал хуурмаг зүйлийг дэлхийд өнөө үед зааж байна вэ? Өсвөр үеийнхэн цэвэр сургаалд хэрхэн хандаж мөн үүнийг зааж чадах вэ?

  • Өсвөр үеийнхнийг 2 Tимот 3:2–4 ба 2 Нифай 9:28–29-г уншихад урь. Эдгээр судрууд нь өнөө үед хэрхэн биелэгдэж байгаа вэ? Хуурамч сургаалын ямар үр дагаврыг бид өнөөдөр хардаг вэ? (жишээ болгон 2 Tимот 3:1–5-г үзнэ үү). Сэргээгдсэн сайн мэдээний ямар зарчмууд эдгээр алдааг засахад тусалж чадах вэ?

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээ хуваалцахыг  хүс. Тэд цэвэр сургаал заахын чухлыг ойлгож байна уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Бид сүмийн удирдагчдын хэлсэн зүйлсийг өөрсдийн дураар тайлбарлах ёсгүй. Бид судраас эш татахдаа тэдгээрийг нөхцөл байдалтай нь нийцүүлэн зааж байгаа эсэхээ магадлах хэрэгтэй байдаг” (Teaching, No Greater Call [1999], 53).

Үйлдэхэд урь

Заах боломжуудынхаа талаар бодохыг тэднээс хүс. Цэвэр сургаалыг заахын тулд хийх ёстойг тунгаан бодоход нь тэднийг дэмж.