Номын сан
Судрууд надад Есүс Христийн Цагаатгалын тухай юу заадаг вэ?


Судрууд надад Есүс Христийн Цагаатгалын тухай юу заадаг вэ?

Судруудын үндсэн зорилго бол Есүс Христийн тухай гэрчилж, Түүнд ирж, Цагаатгалын адислалуудыг хүртэхэд бидэнд туслах явдал мөн. Бид судруудыг шимтэн судалснаар сургаалууд, түүхүүд болон бэлгэдлүүдээр дамжуулан Аврагчийн тухай мэдэх болно.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Есүс Христийн тухай ямар судрууд танд чухал байдаг вэ? Есүс Христийн тухай ямар бэлгэдлүүдийг та судруудаас олсон бэ? Цагаатгалыг илүү сайн ойлгоход ямар судрууд танд тусалсан бэ?

Таны зааж буй өсвөр үеийнхэн хэрхэн судруудаас Есүс Христийн талаар олж мэдэж байна вэ? Есүс Христийн тухай ямар бэлгэдлүүдийг олоход нь та тэдэнд тусалж чадах вэ?

Судрууд болон Сүмийн бусад материалыг залбирч, судал. Та өсвөр үеийнхэнтэй юуны тухай хуваалцах хэрэгтэй гэж боддог вэ?

Эхлэл 22:1–14 (Aбрахам хүү Исаакаа Бурханы Хүүгийн хийх золиослолтой адилтган тахилд өргөхийг хүссэн; Иаков 4:5 -ыг үзнэ үү)

2 Нифай 11:4; Moсе 6:63 (Бурханы бидэнд өгсөн бүх зүйл Түүний Хүүгийн тухай заадаг)

Moзая 13:33–35 (Бүх бошиглогч Есүс Христийг гэрчилдэг)

Боид K.Пакэр, “Бидний найдварын учир шалтгаан,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 11-р сар, 6-8

Аврагчийн арга барилаар заах нь

Тэрээр Өөрийн үүрэг зорилгыг зааж, гэрчлэхдээ судруудыг ашигладаг байлаа. Тэр хүмүүст судруудыг өөрсөдтэйгөө харьцуулан бодохыг заадаг байв. Аврагч болон Түүний үүрэг зорилгыг илүү сайн ойлгоход нь өсвөр үеийнхэнд туслахын тулд та хэрхэн судруудыг ашиглаж болох вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхэнд хэдэн минутын туршид, янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судар судлах, семинар, Сүмийн бусад хичээл эсвэл найз нартайгаа харилцдаг туршлага гэх мэт) өсвөр үеийнхэнд сурч байгаа зүйлсийнхээ хоорондын уялдаа холбоог ойлгоход тусал. Өдөр тутмын амьдрал сайн мэдээтэй хамааралтай болохыг олж харахад нь та хэрхэн тэдэнд тусалж чадах вэ? Доорх санаанууд танд тусалж болох юм:

  • Өсвөр үеийнхэн өнгөрсөн долоо хоногт Ням гаргийн хичээлээр юу сурч мэдсэнийг нь шалга. Тэд хэрхэн сурч мэдсэн зүйлээ энэ долоо хоногт хэрэгжүүлсэн бэ?

  • Есүс Христ болон Түүний Цагаатгалын тухай хамгийн сүүлд уншсан нэг судраа хуваалцахад тэднийг урь.

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр нь хэрхэн Есүс Христийг судруудаас олохыг сурахад нь өсвөр үеийнхэнд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго:

  • Ангиараа ерөнхийлөгч Боид К.Пакэрын ”Бидний найдварын учир шалтгаан“ хэлсэн үгний эхний таван догол мөрийг унш. Судруудын Удирдамжаас “Есүс Христ” гэж эхэлсэн тодоор бичсэн сэдвийн гарчгуудыг хайж олоход ангийн гишүүдийг урь. Өөрсдөдөө сонирхолтой байгаа гарчгуудын дор жагсаасан цөөн хэдэн судрыг уншиж, Аврагч болон Түүний Цагаатгалын талаарх үүргүүдийн талаар мэдэж авсан зүйлүүдээ хуваалцахад тэднийг урь. Энэ үйл ажиллагааны нэг хэсэг болгон тэд бас ерөнхийлөгч Пакэрын хэлсэн үгэндээ дурдсан Есүс Христийн талаарх судруудыг судалж болно.

  • Бүх өсвөр үеийнхнийг Есүс Христ болон Түүний Цагаатгалын тухай дуртай нэг судраа хуваалцахад урь. Ангийн гишүүдээр судрын эшлэлүүдийг самбар дээр бичүүлж, хамтад нь уншуул. Судрын эдгээр хэсэг яагаад тэдэнд чухал болохыг өсвөр үеийнхнээс асуу. Эдгээр эшлэлээр хэлхээ судар бий болгоход тэдэнд тусал.

  • Аврагч болон Түүний Цагаатгалын тухай судрууд дахь ямар нэг үйл явдал эсвэл түүхийг хамтдаа судал. Боломжтой бол энэ түүхтэй холбоотой зургуудыг үзүүлээрэй (Сайн мэдээний уран зургийн ном-ыг үзнэ үү). Уг түүх эсвэл үйл явдал Аврагчийн үүрэг зорилгыг хэрхэн бэлгэдлээр харуулж байгааг олж мэдэхэд өсвөр үеийнхнийг урь. Есүс Христийн Цагаатгалын тухай бэлгэдлээр зааж байгаа судрын бусад түүхийг олох боломжийг өсвөр үеийнхэнд олго.

  • Сайн мэдээний уран зургийн ном-ыг үзэж Цагаатгалын тухай заахад ашиглаж болох судрын түүхийн зургуудыг олоход өсвөр үеийнхнийг урь. Жишээ нь, Ноагийн хөвөгч авдрын түүх нь Цагаатгал нь хэрхэн нүглийн үерээс хамгаалагдахыг бэлгэдэн харуулдаг. Олсон зурагнуудтайгаа холбоотой судруудыг уншиж, (судрын эшлэлүүд номын эхэнд байгаа) Цагаатгалын тухай олж мэдсэн зүйлээ хуваалцахад тэднийг урамшуулан дэмж.

  • Өсвөр үеийнхнийг Moсе 6:63-ыг уншиж, Есүс Христийн тухай гэрчилдэг, “тэнгэр дэх” эсвэл “газар дээрх” зүйлсийн жагсаалтыг гаргахад урь. Судруудын Удирдамжийг ашиглан, Есүс Христийг дээрх зүйлсийн заримтай нь харьцуулсан судруудыг олоход тэдэнд тусал (жишээ нь: Хиламан 5:12 -т Түүнийг хадтай зүйрлүүлсэн байгаа).

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Есүс Христ болон Түүний Цагаатгалын тухай хэрхэн судруудаас олж мэдэхийг тэд ойлгосон уу? Тэд ямар сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү их хугацаа зарцуулах шаардлагатай байна уу?

Заахад туслах арга

“Анги нам гүм болохоос бүү ай. Асуултад хариулж, бодлоо илэрхийлэхийн тулд хүмүүст ихэвчлэн бодох хугацаа хэрэгтэй байдаг. Та асуулт асууж мөн сүнслэг туршлага хуваалцсаны дараа эсвэл уг хүнд өөрийгөө илэрхийлэх нь хэцүү байгаа үед түр хүлээх хэрэгтэй (Teaching, No Greater Call [1999], 67).

Үйлдэхэд урь

  • Есүс Христийн тухай судруудаас хамгийн сүүлд олж мэдсэн нэг зүйлээ хуваалц.

  • Хичээлийн үеэр төрсөн сэтгэгдлээ хуваалцахад өсвөр үеийнхнийг урь. Есүс Христийн тухай мэдэхийн тулд хувиараа судар судлахдаа тэд юу хийж болох вэ? Дараагийн хичээлүүдээр сурах зүйлсээ хуваалцахад тэднийг урамшуулан дэмж.