Номын сан
Би Аврагчийг үргэлж дурсан санах гэрээгээ хэрхэн сахих вэ?


Би Аврагчийг үргэлж дурсан санах гэрээгээ хэрхэн сахих вэ?

Бид ариун ёслолоос хүртэхдээ Аврагчийг үргэлж дурсан санана хэмээн амладаг. Энэ нь бид сонголт хийхдээ ямагт Түүний жишээ болон сургаалыг дагана гэсэн үг юм. Бид амьдралдаа Аврагчийг нэгдүгээрт тавьж мөн Түүнийг мэдэх болон Түүний хүслийг дагахыг эрэлхийлдэг. Бидэнд сорилт бэрхшээл тулгарахад бид тайвшрал ба эрч хүчийг авахын тулд Түүнд ханддаг. Тэнгэрлэг Эцэг биднийг энэхүү гэрээг сахих аваас үргэлж Ариун Сүнстэй байх болно хэмээн амласан.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Хичээлдээ бэлдэж байх үедээ эдгээр судар, материалыг залбирч судлаарай. Та өсвөр үеийнхэнтэй юуг хуваалцах хэрэгтэй гэж мэдэрч байна вэ?

Иохан 8:29 (Есүс Христ Эцэгээ үргэлж санан дурсаж мөн Түүнтэй адил байхыг эрэлхийлэх жишээг үзүүлсэн)

Иохан 14:26; 3 Нифай 11:32 (Ариун Сүнс бидэнд Аврагчийг санан дурсахад тусалж чадна)

Aлма 37:36–37 (Бид бүх бодол санаа, үйлдлээ Их Эзэн рүү хандуулах ёстой)

Хиламан 12:1–5 (Хүмүүн нь Их Эзэнийг санахдаа удаан байдаг)

С ба Г 6:36 (Санах бодох бүрдээ Их Эзэн рүү харагтун)

С ба Г 20:77, 79 (Ариун ёслолын залбирлууд)

Гэррит В.Гонг, “Түүнийг үргэлж сана,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95–98

Клаудио Р.М.Коста, “Тэд үргэлж Түүнийг санаж болохын тулд,” Ensign эсвэл Liahona, 2015 оны 11-р сар, 101–103

Д.Тодд Кристоффэрсон, “Түүнийг үргэлж санахын тулд,” Ensign, 2011 оны 4-р сар, 21–27

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн хором өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, Сүмийн бусад хичээл эсвэл найзуудтайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм.

  • Сүмийн ангиудад сурсан ямар нэгэн зүйлийг нь сануулсан саяхны үйл явдлынхаа талаар хуваалцахад өсвөр үеийнхнийг урь.

  • Ариун ёслол түгээж буй Аврагчийн зургийг байрлуул (Сайн мэдээний уран зургийн цуглуулга,54-ийг үзнэ үү). Өсвөр үеийнхнийг Сургаал ба Гэрээний 20:77, 79-д байгаа ариун ёслолын залбирлыг уншаад, ариун ёслолоос хүртэхдээ бидний хийдэг амлалтыг самбар дээр жагсаан бичихийг хүс. Өсвөр үеийнхэн Аврагчийг үргэлж санан дурсахын тулд юу хийдэг вэ?

Хамтдаа суралц

Өсвөр үеийнхэнд Аврагчийг үргэлж дурсан санахад дараах бүх үйл ажиллагаа тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Ангийн гишүүн нэг бүрийг энэхүү тоймд санал болгосон судруудын нэгийг уншаад, тэнд Аврагчийг үргэлж санан дурсах тухай юу зааж байгааг хуваалцахыг хүс. Түүнийг үргэлж дурсан санах нь яагаад чухал вэ? Түүнийг дурсан санах нь бидний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж чадах вэ (бидний гаргах шийдвэрт эсвэл бидэнд тулгарах сорилт бэрхшээлд)? Есүс Христийг дурсан санахыг хичээж байсан учраас адислагдсан туршлагаасаа хуваалцахад өсвөр үеийнхнийг урь.

  • Өсвөр үеийнхнээс Хиламан 12:1–5-ыг уншаад, хүмүүс Их Эзэнийг амархан мартдаг шалтгаануудыг хуваалцахыг хүс. Бид Их Эзэнийг мартах уруу таталтаас хэрхэн зайлсхийж чадах вэ? Аврагчийг өөрсдийн амьдралын нэг хэсэг болгохын тулд хийдэг зүйлсийнхээ талаар хуваалцахыг тэднээс хүс.

  • “Би Аврагчийг хэрхэн үргэлж санах вэ?” гэж самбар дээр бич. Ангийн гишүүн бүрд самбар дээрх асуултын хариуг олохын тулд Д.Тодд Кристоффэрсоны “Түүнийг үргэлж санахын тулд” өгүүллийг эсвэл ахлагч Гэррит В.Гонгийн ”Түүнийг үргэлж сана“ хэлсэн үгийг уншихыг даалга. Есүс Христийг санах арга замуудыг бидэнд заах санаа, түүхүүдийг эдгээр хэлсэн үгнээс хуваалцахыг тэднээс хүс. Тэд “Түүнийг үргэлж сана” гэсэн гэрээгээ илүү сайн биелүүлэхэд туслах юуг сурсан бэ?

  • Өсвөр үеийнхнээс өөрсдийн мэдэх Аврагчийн талаар өгүүлсэн судрын түүхүүдийг хэдэн минут бодоод, дүгнэхийг хүс. (Та санаа өгөхийн тулд Сайн мэдээний уран зургийн цуглуулгын  30-61-р зургийг үзэхэд эсвэл ахлагч Клаудио Р.М.Костагийн “Тэд Түүнийг үргэлж санаж болохын тулд” хэлсэн үгийн эхний хэсгийг уншихад тэднийг урьж болно.) Эдгээр түүхийг санаж байх нь тэдний өдөр тутмын амьдралд хэрхэн туслах тухай бодоход тэднийг уриад, өөрийн бодол санааг хуваалцахыг хүс. Ахлагч Костагийн хэлсэн үгийг хувилан, өсвөр үеийнхэнд тарааж өгөөд, Аврагчийг санаж болох арга замын талаар гаргасан түүний жагсаалтыг уншихад тэднийг урь (үгийн төгсгөлд буй сумтай жагсаалтыг үзнэ үү). Гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн зүйл байвал хуваалцахыг мөн яагаад уг зүйл тэдний хувьд утга учиртай байсныг тайлбарлахыг тэднээс хүс. Дараагийн удаа ариун ёслолоос хүртэхдээ Аврагчийн тухай бодоход өсвөр үеийнхэнд туслах зорилгоор уг хэлсэн үгийн хуулбарыг авч хадгалахыг тэдэнд санал болго. 

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд Аврагчийг үргэлж санан дурсах гэрээгээ хэрхэн сахих ёстойгоо ойлгож мэдсэн үү? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү хугацаа зарцуулах шаардлага байна уу?

Үйлдэхэд урь

Өнөөдөр сурсан зүйлээсээ өсвөр үеийнхэнд юу хийх мэдрэмж төрж байгаа талаар тэднээс асуу. Тэр мэдрэмжийнхээ дагуу үйлдэхэд тэднийг уриал. Дагаж болох арга замуудын талаар залбирч, бодож үзэхдээ Сүнсийг эрэлхийлээрэй.