Номын сан
Би сайн мэдээнээс суралцах талаар Аврагчийн жишээнээс юу сурч болох вэ?


Би сайн мэдээнээс суралцах талаар Аврагчийн жишээнээс юу сурч болох вэ?

Бусад бүх зүйлийн адил сайн мэдээнээс сурах төгс жишээг Есүс Христ үзүүлдэг юм. Тэр Өөрийн Эцэгийг бүрэн дүүрнээр дагаж, дуулгавартай байсан учраас Түүний “бие болон мэргэн ухаан нь өссөөр байсан бөгөөд Бурханы болон олон түмний тааллыг олжээ” (Лук 2:52). Аврагч “ач ивээл дээр ач ивээлийг” (С ба Г 93:12) хүлээн авсны адил бид сайн мэдээнээс суралцах хичээл зүтгэлдээ Бурханаас гэрэл ба мэдлэгийг тэвчээртэйгээр эрэлхийлэх ёстой.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та Христийнхтэй адил ямар зан чанарууд нь сайн мэдээнээс суралцахад чухал гэж бодож байна вэ? Эдгээр зан чанаруудыг хөгжүүлэх нь сайн мэдээнээс суралцах болон заах хичээл зүтгэлд тань хэрхэн тусалсан бэ?

Өсвөр үеийнхэн Аврагчийн талаар, сайн мэдээний илүү сайн суралцагчид болоход нь туслах юуг ойлгох хэрэгтэй вэ?

Дараах судар болон материалуудыг залбирч, судал. Таны зааж буй өсвөр үеийнхэнд юу сүнслэгээр нөлөөлөх вэ?

Лук 2:40–52 (Есүс Христ хүү өсч, хүчирхэг болж, мэргэн ухаанд боловсорсон)

Иохан 5:30 (Есүс Христ үргэлжид Эцэгийнхээ хүслийг эрэлхийлдэг байсан)

1 Коринт 2:14 (Төрөлх хүн Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй)

C ба Г 1:26–28; 112:10 (Хэрвээ бид даруу мөн хүсэлтэй байх аваас Их Эзэн бидэнд заах болно)

C ба Г 93:11–20 (Аврагч хүлээн авсны адилаар бид ач ивээл дээр ач ивээлийг хүлээн авч чадна)

C ба Г 130:18–19 (Бид хичээл зүтгэл болон дуулгавартай байдлаараа дамжуулан мэдлэг мөн оюун билгийг эзэмшдэг)

Ричард Г.Скотт “Сүнслэг мэдлэгийг олж авах нь,” Ensign, 1993 оны 11-р сар, 86–88.

Робэрт Р. Стоиер “Хүлээцтэйгээр заалгах нь,” Ensign эсвэл Лиахона, 2002 оны 5 сар, 31–32

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч заадаг хүмүүстээ хайртай байсан. Тэрээр тэдний төлөө залбирч, үргэлж тэдэнд үйлчилдэг байв. Заах өсвөр үеийнхнийхээ төлөө залбирч, тэдэнд үйлчлэх нь таны тэдний төлөөх хайрыг мэдрэхэд нь хэрхэн туслах вэ? Энэ таны заах чанарт хэрхэн нөлөөлөх вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн хоромд өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээлүүд эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Та өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм:

  • Өсвөр үеийнхнийг хувиараа суралцахдаа Аврагчийн талаар сурч байгаа ямар нэг зүйлээ хуваалцахад урь. Түүнтэй илүү адил болохын тулд тэд юу хийж байна вэ?

  • Есүс Христийн зан чанаруудыг самбар дээр жагсаан бичихийг өсвөр үеийнхнээс хүс (санаа авахын тулд Миний сайн мэдээг номло143-р хуудсыг үзнэ үү). Эдгээр зан чанаруудаас аль нь бидэнд сайн мэдээний илүү сайн суралцагчид болоход тусална гэж өсвөр үеийнхэн бодож байна вэ? Хариултуудаа тайлбарлаж, Аврагчийн эдгээр зан чанарыг харуулсан арга замуудын жишээ хэлэхийг тэднээс хүс.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь Христийн адил зан чанаруудыг хөгжүүлснээр тэднийг сайн мэдээний илүү сайн суралцагчид байхад туслах болно гэдгийг ойлгоход нь өсвөр үеийнхэнд тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Ангиараа дараах судруудаас нэг буюу түүнээс олныг унш: Лук 2:40–52; Иохан 5:30; Сургаал ба Гэрээ 93:11–20. Эдгээр шүлгүүдээс Аврагчийн жишээ болгон үзүүлснээр сайн суралцагчид байх шинж чанаруудыг олоход өсвөр үеийнхнийг урь. Олж мэдсэн зүйлсээ болон өөрсдийн амьдралд хөгжүүлмээр байгаа сайн суралцагчийн өөр бусад шинж чанаруудын талаар хуваалцахыг тэднээс хүс.

  • Судрын дараах эшлэлүүдийг самбар дээр бич: Иохан 5:30; С ба Г 1:26–28; 112:10; 130:18–19. Өсвөр үеийнхэн бүрийг эдгээр эшлэлүүдээс нэгийг сонгон уншин, судар дахь сайн суралцагчийн зан чанарыг олохыг хүс. Сайн мэдээг сурахад эдгээр зан чанар нь яагаад чухал вэ? Өсвөр үеийнхнийг эдгээр зан чанарыг судраас суралцахдаа хэрэгжүүлэх арга замуудыг төлөвлөхөд урь.

  • Ахлагч Ричард Г. Скоттын “Сүнслэг мэдлэгийг олж авах нь” хэлсэн үгээс сүнслэг мэдлэгийг олж авах дөрвөн зарчмын нэгнийх нь талаар уншихад ангийн гишүүн бүрийг урь. Өсвөр үеийнхнээс ахлагч Скоттын захиасаас сурах талаар олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Аврагч эдгээр зарчмуудыг ямар арга замуудаар харуулсан бэ? Сайн мэдээнээс суралцахдаа эдгээр зарчмыг хэрэгжүүлж болох арга замуудыг хуваалцахад тэднийг урь.

  • Өсвөр үеийнхнийг ахлагч Ричард Р. Стоиерын “Хүлээцтэйгээр заалгах нь” хэлсэн үгийг уншихад урь. Тэднээс ахлагч Стоиерын судрын жишээнээс өөрсдөд нь сонирхолтой санагдах жишээг сонгохыг хүс. Судруудаас түүх олж (хэлсэн үг дэх эшлэлүүдийг ашиглан), үүний талаар үргэлжлүүлэн уншиж мөн уншсан зүйлээ ангийн бусад гишүүдтэй хуваалцахад тэднийг урь. Тэд эдгээр түүхээс хялбархан сурах талаар юу сурч авсан бэ? Тэд өөрсдийн амьдралаас үүнтэй адил ямар жишээнүүдийг хуваалцаж чадах вэ? Тэд өөрсдөө сайн мэдээнээс суралцахдаа эдгээр жишээг хэрхэн дагаж чадах вэ?

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд Христтэй илүү адил болох нь сайн мэдээний илүү сайн суралцагчид болоход хэрхэн туслахыг ойлгож мэдэж байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлага байна уу?

Сайн мэдээг судлах ур чадварууд

Есүс Христийн зан чанаруудыг эрэлхийлэх нь. Энэ хэсгийн эхний үйл ажиллагаа нь өсвөр үеийнхнийг Христийн зан чанаруудыг судруудаас хайхад урьдаг. Судраа унших бүрдээ үүнийг хийхэд өсвөр үеийнхнийг урамшуул. Дараах асуултуудыг тэд өөрсдөөсөө асууж болох юм: “Би Есүс Христийн талаар юу сурч байна вэ? “Түүнтэй илүү адил болохын тулд би амьдралдаа юуг өөрчлөх хэрэгтэй байна вэ?”

Үйлдэхэд урь

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйл дээрээ тулгуурлан тэдэнд юу хийх мэдрэмж төрж байгааг асуу. Тэднийг тэрхүү мэдрэмжийнхээ дагуу үйлдэхэд урамшуулан дэмж. Суралцагчид үүний дагуу үйлдэж байгаа эсэхийг шалгах аргуудыг бодож ол.