Номын сан
Судраас судлах нь надад Тэнгэрлэг Эцэгийнхээ тухай мэдэхэд хэрхэн тусалж чадах вэ?


Судраас судлах нь надад Тэнгэрлэг Эцэгийнхээ тухай мэдэхэд хэрхэн тусалж чадах вэ?

Түүхийн туршид бошиглогчид Бурханы тухай үнэнийг илчилсээр ирсэн. Бид судрууд дахь тэдний гэрчлэлийг тууштайгаар судалсанаар Тэнгэрлэг Эцэгийн мөн чанарын тухай суралцаж, итгэл ба гэрчлэлээ өсгөж чадна. Тэнгэрлэг Эцэгийн тухай илүү сайн ойлгох тусам бид Түүний сүнсэн хүүхдүүд болох өөрсдийнхөө тэнгэрлэг хүчин чадлыг илүү сайн ойлгодог.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Судраас бие даан судлах нь Тэнгэрлэг Эцэгт итгэх итгэл ба Түүний тухай гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд тань хэрхэн тусалсан бэ? Өсвөр үеийнхэнд тустай байж болох судраас судлах ямар арга барилуудыг та ашигласан бэ?

Яагаад Тэнгэрлэг Эцэгийн тухай ойлгож, мэдэх нь өсвөр үеийнхэнд чухал байдаг вэ? Ямар судрууд тэдэнд хамгийн тустай гэж та бодож байна вэ?

Та судрууд болон эдгээр бусад материалуудыг залбиралтайгаар судлах явцдаа өсвөр үеийнхэнд Тэнгэрлэг Эцэгийн тухай сурахад туслах хэсгүүдийг олж уншаарай.

Oмнаи 1:17; Moзая 1:3–7; Aлма 37:8–9 (Бурханы тухай ойлгоход судрууд тусалдаг)

С ба Г 1:37–39; 18:34–36 (Судруудаас бид Бурханы дуу хоолойг сонсож чадна)

Библийн лавлах “Бурхан”

Д.Тодд Кристоффэрсон “Судруудын адислал,” Ensign ба Лиахона, 2010 оны 5-р сар, 32–35; мөн “Судруудын адислал” видео бичлэгийг үзнэ үү.

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Эцэгийнхээ төлөвлөгөөн дэх Өөрийн үүрэг хариуцлагын тухай зааж, гэрчлэхдээ судруудыг ашигласан юм. Та өсвөр үеийнхнийг Тэнгэр дэх Эцэгийнхээ тухай илүү сайн мэдэхийн тулд судруудыг ашиглаж сурахад нь хэрхэн тусалж чадах вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн минутын туршид өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, Сүмийн бусад хичээлүүд эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь та нар тэдэнд яаж тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм:

  • Ангийн нэг хөвгүүнийг Аароны Санваарын Чуулгын цуглаанаас саяхан Бурхан Тэргүүтэний тухай сурсан ямар нэг зүйлийн тухай залуу эмэгтэйчүүдтэй хуваалцахад урь. Дараа нь нэг охиныг Залуу Эмэгтэйчүүдийн ангид сурсан зүйлээ залуу эрэгтэйчүүдтэй хуваалцахад урь.

  • Өсвөр үеийнхнээс “Судрууд байхгүй эсвэл судруудаа уншдаггүй хүмүүст юу тохиолдох вэ?” гэж асуу. Асуултанд хариулахын тулд тэднийг энэхүү тоймд санал болгосон нэг судрыг эсвэл “Судрууд бидний оюун ухааныг тэлдэг” хэмээх хэсгээс ахлагч Д.Тодд Кристоффэрсоны Судруудын адислал гэсэн хэлсэн үгээс уншихыг урь. Ойлгосон зүйлийнхээ тухай хуваалцахыг тэднээс хүс.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаанууд нь суралцагсдад Бурхан Тэргүүтэний тухай ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд судрыг хэрхэн ашиглах тухай ойлгоход нь тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг буюу түүнээс дээш үйл ажиллагааг сонго:

  • Нэг суралцагчаас самбар дээр Бурханы тухай өөрсдийн мэддэг зарим үнэнийг жагсаан бичихийг хүс. Тэднээс тэд яаж эдгээр үнэнийг мэддэг болсон бэ? хэмээн асуу. Өөрсдийн жагсаасан Бурханы тухай үнэнүүдийг судруудаас олохын тулд Сэдэвчилсэн Удирдамж хэрхэн ашиглаж болохыг тэдэнд үзүүл (жишээ нь тэд “Бурханы хайр” эсвэл “Бурханы мэргэн ухаан” гэж хайж болно). Тэднийг самбар дээр олсон эшлэлүүдээ бичихэд урь. Эдгээр судрыг уншаад Тэнгэрлэг Эцэгийн тухай олж мэдсэн нэмэлт зүйлсээ хуваалцахыг тэднээс хүс. Бурханыг ойлгоход судрууд яагаад чухал байдаг вэ?

  • Судраас нэг бүлэг эсвэл судрын нэг хэсгийг сонгож аваад, суралцагсдад энэ бүлгээс тэд Тэнгэрлэг Эцэгийн тухай юу сурч болохыг үзүүл. Жишээлбэл, та тэдэнд 1 Нифай 1 нь Түүний алдар суу (8– 9-р шүлгийг үзнэ үү) мөн Түүний нигүүлслийн тухай (14, 20-р шүлгийг үзнэ үү) заадгийг үзүүлж болох юм. Хичээл дээр тэдэнд судрын нэг бүлэг эсвэл судрын нэг хэсгийг уншин, Тэнгэрлэг Эцэгийн тухай уншсан зүйлээ тэмдэглэн бичих цаг гаргаж өг. Та тэдэнд дараах судрын хэсгүүдийг санал болгож болно: Исаиа 55; 2 Нифай 26:23–33; Moзая 2:19–25; Сургаал ба Гэрээ 1:17–39. Тэд үүнийг ганцаараа, бүлгээрээ эсвэл бүгдээрээ хамтран хийж болно. Тэднийг сурсан зүйлээ нэг нэгэнтэйгээ хуваалцахад урь.

  • Тэднээс Библийн лавлахаас “Бурхан” гэсэн хэсгийг дор бүрнээ уншаад, Бурхан Эцэгийн тухай сурч авсан нэг зүйлээ бичихийг хүс. Уг хэсэгт эш татсан холбогдох судруудыг уншихад нь тэднийг дэмж. Бүгд бичиж дууссаны дараа тэднээс өөрөөс нь өөр зүйлийг бичсэн нэг суралцагчийг олохыг хүс. Тэгээд өөрсдийн сурсан зүйлээ нэг нэгэнтэйгээ хуваалцахыг хүс (олсон судруудаа мөн). Та судруудыг уншсанаар Тэнгэрлэг Эцэгээ илүү сайн мэддэг болсон тухайгаа хуваалц. Мөн цөөн хэдэн суралцагсдыг туршлагаасаа хуваалцахад урь.

Өнөөдөр сурсан зүйлээ хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс. Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Судраас суралцах нь Тэнгэрлэг Эцэгийнхээ тухай илүү сайн мэдэхэд хэрхэн тусалдаг болохыг тэд ойлгосон уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

Ихэнх тохиолдолд таны заах зүйлс хичээлийн цагт багтахааргүй их байдаг. Ийм тохиолдолд та таны заах хүмүүст хамгийн тустай материалуудыг сонгох хэрэгтэй болдог (Teaching, No Greater Call [1999], 98–99).

Үйлдэхэд урь

Өнөөдөр сурсан зүйлээ судраас хувиараа судлахдаа ашиглахад нь тэднийг дэмж. Дараагийн хичээл дээр тэднийг судраас судлахдаа Тэнгэрлэг Эцэгийн тухай олж мэдсэн зүйлийнхээ талаар хуваалцахад урь.