Номын сан
Христтэй илүү адил болоход нь бусад хүмүүст туслахдаа би судруудыг хэрхэн ашиглах вэ?


Христтэй илүү адил болоход нь бусад хүмүүст туслахдаа би судруудыг хэрхэн ашиглах вэ?

Есүс Христ бол зааж сургахын төгс үлгэр жишээ юм. Тэр Өөрийн сайн мэдээг заахдаа судрууд ашигладаг байсан. Бид сайн мэдээг бусдад заахад судрууд болон амьд бошиглогчдын үгсийг орлох зүйл гэж байхгүй хэмээн хожмын үеийн бошиглогчид бидэнд заасан. Судраас заахын тулд бид өөрсдөө тэдгээрээс суралцах ёстой. Тэгснээр бид судруудын түүх, жишээнүүдээс хуваалцаж, заах хүмүүстээ судруудыг амьдралтайгаа харьцуулахад нь тусалж чадна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Сайн мэдээний нэг зарчмыг заахдаа та саяхан ямар судрууд ашигласан бэ? Судруудаас судлах нь илүү сайн багш болоход танд хэрхэн тусалдаг вэ? Та заах үедээ судруудыг хэрхэн ашигладаг вэ?

Судрын ямар түүх болон захиасууд өсвөр үеийнхэнд хамгийн их хамаатай, утга учиртай байж болох вэ? Өсвөр үеийнхний хувьд заахдаа судрууд ашиглах нь яагаад чухал вэ?

Дараах судар болон материалыг залбирч, судал. Заах үедээ судар ашиглахыг хүсэх урмыг өсвөр үеийнхэнд юу өгөх вэ?

Матай 12:1–8; 13:38–41 (Аврагчийн судруудтай адилтгаж байгаа жишээнүүд)

Лук 4:17–27 (Назар хотын хүмүүст заахдаа Есүс судар ашигласан нь)

3 Нифай 23:1–6 (Нифайчуудад заахдаа Есүс судар ашигласан нь)

“Судруудаас заах нь,” Жэффри Р.Холланд, “Сүмд заах ба сурах нь,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 6-р сар, 94–97

Аврагчийн арга барилаар заах нь

Тэрээр хүмүүст өөрсдөд нь зориулсан судруудын талаар бодож, тэндээс асуултынхаа хариултыг олохыг заасан. Та Аврагчийн адилаар заахад өсвөр үеийнхнийг хэрхэн урамшуулж болох вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн хоромд өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээл эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Та өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм.

  • Өсвөр үеийнхнээс дуртай судраасаа ангийнхантайгаа хуваалцахыг хүс. Энэ судар нь тэдэнд яагаад чухал вэ?

  • Аврагч бусдад заахдаа судрууд ашиглаж байгаа жишээнүүдийг энэ тоймд санал болгосон болон өөрсдийн мэдэж болох бусад судруудаас уншихад өсвөр үеийнхнийг урь. Дараахтай адил асуултуудыг өсвөр үеийнхэнтэй ярилц: Аврагч заахдаа яагаад судрууд ашигласан бэ? Судрууд ашигласан нь Түүний заасан хүмүүст хэрхэн нөлөөлсөн бэ? Өсвөр үеийнхэнд заах ямар боломжууд байдаг вэ? Өсвөр үеийнхэн заахдаа судруудыг хэрхэн ашиглаж болох вэ?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь Христтэй илүү адил болоход нь бусдад туслахын тулд судруудыг тэд хэрхэн ашиглаж болохыг ойлгоход нь өсвөр үеийнхэнд тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Судрууд дахь суралцах тусламжийг (зүүлт тайлбар, бүлгийн товч, сэдэвчилсэн удирдамж, Библийн лавлах гэх мэт) багшийн хувьд хэрхэн ашигладгаа үзүүл. Бусад хичээл дээр сурч байгаа Христийн зан чанаруудаас нэгнийх нь талаар гэр бүлийн үдшийн хичээлд заахаар бэлтгэхдээ судруудын суралцах тусламжуудыг ашиглахад өсвөр үеийнхнийг урь. Боломжтой бол тэдний цөөн хэдийг нь бэлтгэсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад урь.

  • Сайн самари хүн (Лук 10:25–37) эсвэл төөрсөн хонины сургаалт зүйрлэл (Лук 15:1–7) гэх мэт судрын аль нэг түүхийг ашиглан Христийнхтэй адил нэг зан чанарын талаар жаахан хүүхдүүдэд заах гэж байгаагаар төсөөлөхийг өсвөр үеийнхнээс хүс. Өсвөр үеийнхэн мөн “Elder and Sister Bednar—Pride” (ойролцоогоор 32- 36 минут) видео бичлэгийг үзэж болох ба Христийнхтэй адил даруу байдлын тухай заахдаа Мосе (Мосе 1:1–11) болон Нифай (2 Нифай 4:12–35) нарыг ашигла. “Миний сайн мэдээг номло” номын 204–206-р хуудсан дээрх удирдамжийг ашиглан, сонгосон түүх эсвэл туршлагаа хүүхдүүдэд хэрхэн заах талаар төлөвлөгөө гаргахад өсвөр үеийнхнийг урь. Боломжтой бол тэдэнд заах дадлагын цаг гаргаж өгөн, уг түүхээ хүүхдүүдэд заах боломжийг зохицуулж өг.

  • Ахмад Моронай болон эрх чөлөөний тугийн талаарх түүхээс хуваалцан, судрын талаар заах үедээ хам сэдвийг нь хэрхэн өгөхийг харуул. Жишээлбэл: Алма 46:1–11 дэх мэдээллийг эхэлж тэдэнд дүгнэн ярьж өгөөд, дараа нь 12–13-р шүлгийг уншиж болох юм. Өсвөр үеийнхнээс үндсэн мэдээллийг ойлгож байх нь судрын түүхийг ойлгоход тэдэнд хэрхэн тусалдаг талаар асуу. Өсвөр үеийнхнийг нэг судар сонгон, хам сэдэв болон намтрын талаарх мэдээллийг өгөн, бусдад заах дадлага хийхэд урь.

  • Судруудаас тодорхой нэг зүйлийг хайхад бусдыг хэрхэн урихыг үзүүл. Христийн зан чанарын талаар нэг судар олж, энэ судраа унших явцад суралцагчид эрж хайж болох ямар нэгэн зүйлийг таньж олоход өсвөр үеийнхнийг урь. Тэдэнд “Эрж хайх” замаар судруудыг ангидаа заах боломж олгоорой.

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд бусдыг Христэд ирэхэд нь туслах хичээл зүтгэлдээ судруудыг хэрхэн ашиглаж болохыг ойлгож мэдэж байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Сайн мэдээг судлах ур чадварууд

Зүүлт тайлбаруудыг ашиглах. Энэ хэсгийн эхний үйл ажиллагаан дээр судруудын зүүлт тайлбар болон суралцах тусламжуудыг ашиглахад өсвөр үеийнхнийг урамшуулсан байгаа. Тэднийг Христийн зан чанарын талаар нэг шүлэг уншаад, уг шүлгийн зүүлт тайлбар бүрийг судлан, дараах асуултанд хариулахад тэднийг урь: Зүүлт тайлбар нь уг шүлгийг ойлгох ойлголтыг маань хэрхэн нэмэгдүүлж байна вэ? Судруудаас бие даан суралцахдаа зүүлт тайлбаруудыг байнга хэрэглэж байх талаар өсвөр үеийнхэнд урамшуулан хэл.

Үйлдэхэд урь

Өсвөр үеийнхнээс сайн мэдээнээс суралцах болон заахаа сайжруулахын тулд ангид сурсан зүйлээ хэрхэн ашиглахыг нь асуу. Бусдад заахдаа судар ашигласан туршлагаасаа хойшдын хичээлүүд дээр хуваалцахад тэднийг урь.