Номын сан
Аврагч сайн мэдээний үнэнүүдийг мэддэг зүйл болон туршлагуудтай хэрхэн харьцуулсан бэ?


Аврагч сайн мэдээний үнэнүүдийг мэддэг зүйл болон туршлагуудтай хэрхэн харьцуулсан бэ?

Есүс Христ бол Эзэн Багш юм. Тэр Өөрийн заах хүмүүст сайн мэдээний зарчмуудыг ойлгоход туслах энгийн түүх, сургаалт зүйрлэл болон амьдралын бодит жишээг хуваалцдаг байсан. Бид хувийн туршлага болон сайн мэдээний зарчмуудыг өөрсдийн эргэн тойрон дахь орчинтой харьцуулахдаа Аврагчийн адил заах түүхүүдийг ашиглаж болно.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Есүсийн сургаалт зүйрлэлүүдээс аль нь танд хамгийн мартагдашгүй байдаг вэ? Яагаад? Өөр ямар харьцуулалтууд сайн мэдээний зарчмуудыг ойлгоход тань тусалсан бэ?

Есүсийн сургаалт зүйрлэлүүдийн аль нь өсвөр үеийнхэнд утга учиртай байж болох вэ? Өөр ямар харьцуулалтууд сайн мэдээний зарчмуудыг ойлгоход нь тэдэнд тусалж болох вэ? Түүх болон харьцуулалтыг ашигладаг байсан Аврагчийн аргаас өсвөр үеийнхэн заах талаар юуг сурч авч болох вэ?

Дараах судар болон материалуудыг залбирч, судал. Өсвөр үеийнхэнтэй хуваалцах юуг та сүнслэгээр мэдэрч байна вэ?

Maтай 20:1–15; 25:1–13, 14–30; Лук 8:4–15; 15:1–7, 8–10, 11–32; мөн “ Үрэлгэн хүү” видео бичлэг (сургаалт зүйрлэлүүдийн жишээнүүд)

Матай 18:1–6 (Аврагч тэнгэрийн хаант улсын талаар заахдаа хүүхдийг авч үзсэн)

Maтай 5:13–16; мөн “Уулан дээрх номлол: Ерөөлүүд” видео бичлэгийг үзнэ үү (Аврагч Өөрийн шавь нарыг давс болон лааны гэрэлтэй зүйрлэсэн)

Л. Том Пэрри, “ Итгэлийн тунхаг дахь сургаал, зарчмуудEnsign эсвэл Лиахона, 2013 оны 11-р сар

Жэффри Р. Холланд “Талбайд хөдөлмөрлөгчид” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 5-р сар, 31–33

Дэвид А. Бэднар “Та нар дахин төрөх ёстой” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 19–22

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч заах хүмүүстээ сайн мэдээний хичээлүүдийг өөрсдийн туршлагаас мөн эргэн тойрон дахь орчноосоо олж авахад нь тусалдаг байсан. Бусдад сайн мэдээний үнэнийг заахдаа өөрсдийн туршлага болон танил зүйлсээ ашиглаж болохыг ойлгоход нь та өсвөр үеийнхэнд хэрхэн туслаж чадах вэ?

Зураг

Видео бичлэг: “Сайн мэдээг Аврагчийн арга барилаар заах нь”

Бусад видео бичлэгүүдийг үзнэ үү

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн минутад өсвөр үеийнхний янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээлүүд эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний хамаарлыг олж харахад нь та нар өсвөр үеиийнхэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм:

  • Өөрсдийнх нь санаж байгаа гэр бүлийн үдшийн хичээл эсвэл өөр нэг хичээлийг мөн ариун ёслол дээр эсвэл чуулган дээр хэлсэн үгийг дүрслэхэд өсвөр үеийнхнийг уриад яагаад энэ нь дурсамжтай байдаг талаар ярилц.

  • Өсвөр үеийнхнийг саяхан болсон ерөнхий чуулган дээр хэлсэн үгсээс санаж байгаа нэг түүхээ хуваалцахад урь. Тэд энэ түүхээс юу сурсан бэ? Үг хэлсэн хүн заахдаа яагаад энэ түүхийг сонгосон гэж тэд бодож байна вэ?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь заах үедээ сургаалт зүйрлэлүүдийг болон өөр бусад харьцуулалтыг хэрхэн ашиглахыг ойлгоход нь өсвөр үеийнхэнд туслах юм. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс олон үйл ажиллагааг сонгоно уу:

  • “Өргөст хэмх даршлах” болон “Хөрвүүлэгдэх нь” гэсэн хоёр гарчиг бүхий хүснэгт хийхэд өсвөр үеийнхнийг урь. Өсвөр үеийнхнийг ахлагч Дэвид А. Бэднарын “Та нар дахин төрөх ёстой” хэлсэн үгийг уншиж, түүний хөрвөлтийн үйл явцын талаар заахдаа хийсэн харьцуулалтыг олохыг хүс. Уг харьцуулалтыг дүрслэн ойлгоход нь туслахын тулд та зураг зурахад өсвөр үеийнхнийг урих талаар бодож үзээрэй. Сайн мэдээний үнэнийг заахдаа ашиглаж болох харьцуулалтын талаар өөрсдийн туршлагаас хуваалцах цагийг өсвөр үеийнхэнд гаргаж өгөөрэй.

  • Өөрсдийн дуртай сургаалт зүйрлэлийн талаар бодож, түүнийгээ судраас олохыг өсвөр үеийнхнээс хүс. Хэрвээ тэдэнд санаа хэрэгтэй бол энэ тоймд санал болгосон сургаалт зүйрлэлүүдээс нэгийг хуваалцах талаар бодож үзээрэй. Сонгосон сургаалт зүйрлэлээ ангийнхандаа ярьж өгч, энэ нь тэдэнд яагаад утга учиртай болох талаар хуваалцахад өсвөр үеийнхнийг урь. Сургаалт зүйрлэлүүд нь яагаад илүү үр дүнтэй заах арга байдаг вэ? Сайн мэдээний нэгэн үнэний талаар заах өөрсдийн сургаалт зүйрлэлийг зохиох хугацааг өсвөр үеийнхэнд гаргаж өгөх талаар бодож үзээрэй. Эхлээд тэд сайн мэдээний ямар зарчмыг заахыг хүсэж байгаагаа шийдэх хэрэгтэй гэж тэдэнд санал болгон чиглүүлж болох юм. Тэгээд тэд өөрсдийн зааж байгаа хүмүүст танил нөхцөл байдлын талаар бодоод уг сайн мэдээний зарчмыг заах түүхийг зохиож болно.

  • Гар утас юмуу гар утасны зургийг өсвөр үеийнхэнд үзүүлээд тэднээс гар утас ба сайн мэдээний зарчмыг хооронд нь харьцуулахыг хүс. Ахлагч Л. Том Пэрригийн “Итгэлийн тунхаг дахь сургаал, зарчмууд” хэлсэн үгийн “Санваарын зохион байгуулалт ба дэг жаяг” гарчгийн өмнөх таван догол мөрийг уншин, түүний хийсэн харьцуулалтын тухай ярилцахад тэднийг урь. Үгийнхээ төгсгөлд ахлагч Пэрри өсвөр үеийнхнийг Итгэлийн тунхаг дахь сургаалуудыг судлахад урьсан. Ангиараа түүний урилгыг уншаад өсвөр үеийнхэн бүрээс Итгэлийн тунхагийн нэг зарчим дахь сургаалыг судлан, ирэх долоо хоногт ангидаа тэрхүү сургаалаа харьцуулалт ашиглан, товчхон заахаар бэлдэж ирэхийг хүс.

  • Энэхүү тоймд санал болгосон видео бичлэгүүдээс нэгийг үзүүлэх юмуу Аврагчийн сайн мэдээг адил төстэй зүйлтэй харьцуулсан жишээнүүдийг судраас уншихад өсвөр үеийнхнийг урь. Есүс яагаад энэ аргаар заасан бэ? Өдөр тутам хэрэглэдэг зүйлс болох саван, зоос, түлхүүр, чулуу эсвэл хоол гэх мэт хэд хэдэн зүйлсийг ангидаа авчир. Өсвөр үеийнхнийг ямар нэг зүйл сонгон, түүнийгээ ашиглаж, сайн мэдээний нэг зарчмыг заахыг хүс.

  • Матай 20:1–15-р шүлгүүдээс талбай дээр хөдөлмөрлөгчдийн сургаалт зүйрлэлийг уншихад өсвөр үеийнхнийг урь. Энэ сургаалт зүйрлэл тэдний амьдралд хамаарч болох хэд хэдэн хувилбарын талаар ярилцахыг тэднээс хүс. Ахлагч Жэффри Р. Холландын “Талбайд хөдөлмөрлөгчид” хэлсэн үгийг уншаад энэ сургаалт зүйрлэлийг ашиглан, түүний зааж байгаа сайн мэдээний үнэний талаар ярилц (өсвөр үеийнхэнд хамгийн тохиромжтой аль хэсэг дээр нь анхаарлаа төвлөрүүлэхийг та шийдэж болох юм). Судруудаас өөр нэг сургаалт зүйрлэлийг сонгон, энэ нь тэдэнд ямар хамаатай болох талаар ангийнхандаа ярихыг өсвөр үеийнхнээс хүс. Яагаад сургаалт зүйрлэлүүд нь сайн мэдээний зарчмуудыг бусад хүмүүс сурахад туслах үр дүнтэй арга болдог вэ?

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд сургаалт зүйрлэл болон бусад харьцуулалтыг заахдаа хэрхэн ашиглахаа ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлага байна уу?

Сайн мэдээг судлах ур чадварууд

Бэлэг тэмдгүүдийг ойлгох нь. Судрууд дахь сургаалт зүйрлэлүүдийг болон бэлэг тэмдгүүдийг ойлгохын тулд өсвөр үеийнхэн бэлэг тэмдгүүдийг таньж мэдэн, тэдгээрийн хэсгүүдийг ялган таньж мөн хөрвүүлж чаддаг байх хэрэгтэй. Бэлэг тэмдгүүдийг таньж мэдэх нэг арга зам нь лугаа, адил, адилтгагдах, түүний адил эсвэл мэт гэх зэрэг үгсийг эрж хайх явдал юм. Тэгээд өсвөр үеийнхэн бэлэг тэмдгүүдийн хэсгүүдийн жагсаалтыг гаргаж чадна. Бэлэг тэмдгүүдийг хөрвүүлэхийн тулд тэд сүмийн материалуудыг (сүмийн сэтгүүлүүд, чуулганаар хэлсэн үгс мөн өөр бусад судрууд гэх мэт) үзэж болох ба мөн уг шинж тэмдэг нь сайн мэдээний зарчмыг ойлгоход тэдэнд яаж тусалж байгааг бодож үзээрэй. Хувиараа сайн мэдээнээс суралцах үедээ сургаалт зүйрлэлтэй эсвэл бэлэг тэмдэгтэй таарах юм бол үүний адил үйлдэхэд тэднийг урамшуул.

Үйлдэхэд урь

Хэн нэгэнд сайн мэдээний үнэнийг заахдаа сургаалт зүйрлэл эсвэл харьцуулалтыг ашиглан заахад өсвөр үеийнхнийг урь. Энэхүү үнэнийг гэр бүлийн үдэш, ариун ёслолын яриан дээр эсвэл найздаа заах гэх мэт зааж болох нөхцөл байдлуудын талаар бодож үзэхийг тэднээс хүс.