Номын сан
Би сайн мэдээний талаарх асуултуудынхаа хариултыг хэрхэн олох вэ?


Би сайн мэдээний талаарх асуултуудынхаа хариултыг хэрхэн олох вэ?

Сүнслэг байдлын хувьд бие даах чадвартай болохын нэг хэсэг нь сайн мэдээний талаарх асуултууддaa хариулт авч сурах явдал юм. Бид өөрсдийн чин сэтгэлийн асуултад хариултыг хичээнгүйлэн эрэлхийлж, Аврагчийн өгсөн “Гуй, тэгвэл та нарт өгнө; хай, тэгвэл та нар олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” (Матай 7:7) гэсэн амлалтад итгэх үед илчлэлт тохиодог. Бид залбирч, судрууд болон амьд бошиглогчдын үгсээс суралцан, Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэх үедээ сайн мэдээний талаарх асуултууддаа хариулт авч чадна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Асуултууддаа хариулт эрэлхийлэх нь таныг сайн мэдээнээс суралцахад ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Асуултууддаа ямар арга замаар хариулт олж авч байсан бэ?

Өсвөр үеийнхэн сайн мэдээний талаар ямар асуултууд тавьж байсан бэ? Та сайн мэдээний талаарх асуултуудын хариултыг эрэлхийлэхэд нь өсвөр үеийнхнийг хэрхэн урамшуулж чадах вэ?

Эдгээр судар болон материалыг залбирч, судал. Өсвөр үеийнхнийг Сайн мэдээний талаарх асуултуудын хариултыг эрэлхийлэхэд нь юу урамшуулах вэ?

1 Нифай 15:2–11 (Лемен, Лемүел хоёрт асуулт байсан ч Их Эзэнээс асуугаагүй)

Алма 40:1–12; Ифер 2:18–23; Иосеф Смит—Түүх 1:10–18 (Асуултууддаа хариулт эрэлхийлж байгаа хүмүүсийн жишээ)

C ба Г 6:14–15 (Бид Их Эзэнээс асуух үед Сүнс бидний оюуныг гэгээрүүлдэг)

C ба Г 9:8–9 (Бидэнд асуулт байвал түүнийгээ оюундаа тунгаан бодоод энэ нь зөв эсэхийг Их Эзэнээс асуух ёстой)

В.Марк Бассэтт, “Бидний сүнслэг хөгжил, мэдлэгийн төлөө,” Ensign, 2016 оны 11-р сар, 52–54 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 42–44

Жэффри Р.Холланд, “Эзэн минь, би итгэж байна,Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган

Бодгалийн тухай асуултуудад Мормоны ном хариулдаг,” Миний сайн мэдээг номло (2004), 121–22

Жэймс Б.Мартино, “Түүн рүү эргэ, хариулт ирэх болно,” Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 47

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийн зааж байсан хүмүүсийг судрын талаар өөрсдөө тунгаан бодож, өөрсдөдөө байгаа асуултуудын хариултыг тэдгээрийг ашиглан олоход урамшуулдаг байсан. Таны заадаг өсвөр үеийнхэн сайн мэдээний талаарх асуултуудынхаа хариултыг олоход суралцсанаар хэрхэн адислагдах вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн хоромд өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээл эсвэл найзуудтайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Та өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм:

  • Өсвөр үеийнхнийг нэг газар байхдаа сурсан нэг зүйл нь (хувиараа судраас суралцах, гэр бүлийн үдэш, семинар гэхчлэн) өөр нэг газар байхад сурсан зүйлийг ойлгоход нь тэдэнд хэрхэн тусалж байсан талаар хуваалцахад урь.

  • Өсвөр үеийнхнийг амьдрал эсвэл шашны талаар хүмүүсийн олонтоо асуудаг асуултуудын жагсаалт гаргахад урь (Миний сайн мэдээг номло,117-р хуудсаас зарим жишээг үзнэ үү). Асуулт гарах үед юу хийгээсэй хэмээн Их Эзэн биднээс хүсдэг вэ? Суралцагчдыг хичээлийн туршид эдгээр асуултын талаар бодоход урамшуулаарай. Эдгээр асуултад хариулахын тулд ангидаа их цаг зарцуулах хэрэггүй, харин хариултуудыг бие даан эрэлхийлэхэд нь өсвөр үеийнхэнд туслах зарчмуудыг заахад анхаарлаа хандуулаарай.

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр нь сайн мэдээний асуултууддаа хариулт хэрхэн олох талаар сурахад нь өсвөр үеийнхэнд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Өсвөр үеийнхнийг интернэтээс хариултыг нь хайж болох асуултуудынхаа жагсаалтыг гаргаж мөн “Цаг агаар маргааш ямар байх вэ?” гэх мэт асуултынхаа хариултыг хурдан олоход урь.  Тэдэнд “Мормоны Ном үнэн үү?” гэх мэт илүү хүчин чармайлт, тэвчээр шаардсан сүнслэг шинж чанартай асуултуудын жишээг бодоход тусал. Ахлагч В.Марк Бассэттын “Бидний сүнслэг хөгжил, мэдлэгийн төлөө” хэлсэн үгнээс “Бид Бурханы нууцуудыг буюу” хэмээн эхэлж байгаа гурван догол мөрийг хамтдаа унш. Өсвөр үеийнхнийг  1 Нифай 2:16 , 1 Нифай 10:17-г  уншиж мөн ахлагч Бассэттын дурдсан мэдлэг эрэлхийлэх долоон алхмыг Нифай хэрхэн нэг бүрчлэн дагасныг олж тогтоо.  Өсвөр үеийнхнийг сайн мэдээний талаар асуух зүйл байгаа үедээ Нифайн үлгэр жишээг дагахыг уриал.

  • Ангийн гишүүдийг ахлагч Жэймс Б.Мартиногийн “Түүн рүү эргэ, хариулт ирэх болно” хэлсэн үгийг судлахад урь. Бид Мозаягийн  хөвгүүд болон Лемен, Лемеүл хоёрын тухай түүний түүхээс асуултууддаа хариулт хүлээн авах тухай юуг сурч болох вэ? Та ангийн гишүүдийг уг хүмүүсийн гаргаж байсан авир, тэдний үйлдлүүдийн үр дагаврын ялгаануудыг жагсааж бичээд, энэ хоёр түүхийн ялгааг харьцуулж үзэхэд урьж болно. Та мөн ангийн гишүүдийг асуултууддаа хариулт хүлээн авсан туршлагаа хуваалцахад урьж болно.

  • Дараах судруудыг уншихад өсвөр үеийнхнийг урь: Матай 7:7; C ба Г 6:14–15; 9:7–9. Асуулт тавьж, хариулт авах талаар эдгээр шүлгийн зааж байгаа зарчмуудыг хамтдаа жагсаан бич. Их Эзэн яагаад бидний хариултуудад тэр даруйд нь, бүрэн дүүрнээр үргэлж хариулдаггүй вэ? Сайн мэдээний талаар танд асуух зүйл байж, хариултыг нь хүлээн авч байсан тэр үеийнхээ тухай өсвөр үеийнхэнд ярьж өгөх талаар бодож үзээрэй. Тэднээс бас тиймэрхүү туршлага байвал хуваалцахыг хүс.

  • Асуулт тавиад, илчлэлт хүлээн авсан тухай судрууд дахь хүмүүсийн талаар бодохыг өсвөр үеийнхнээс хүс (шаардлагатай бол энэ тоймд санал болгосон судруудыг лавлаж үзэж болно). Судрууд дахь эдгээр хүний талаар уншиж, тэдний тавьсан асуултуудыг, асуултууддаа хэрхэн хариулт эрэлхийлснийг мөн тэдний хүлээн авсан хариултуудыг олж мэд. Тэднийг олж мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад урь. Тэд эдгээр туршлагаас асуух талаар өөр ямар зарчмуудыг сурч болох вэ? Өсвөр үеийнхэн асуултууддаа эдгээр зарчмыг хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

  • Ангийн нэг гишүүнээс Марк 9:14­–27 дахь түүхийг ярьж өгөхөд бэлдэж ирэхийг хүс эсвэл уг түүхийг ангиараа уншиж болно. Ангиа гурван бүлэг болгож хуваан ахлагч Жэффри Р.Холландын “Эзэн минь, би итгэж байна” хэлсэн үгэн дэх түүхээс ажигласан гурван зүйлийг нэг нэгээр нь уншуулахаар оноо. ”Өөрсдөд нь эсвэл тэдний мэдэх хэн нэгэнд сайн мэдээний талаар асуулт, эргэлзээ байвал тэд ахлагч Холландын ажигласан зүйлсийг хэрхэн ашиглаж болох вэ?

  • ”Миний сайн мэдээг номло“ номын Бодгалийн тухай асуултуудад Мормоны ном хариулдаг (хуудас 121) хэсгийн эхний дөрвөн догол мөрийг ангиараа унш. Тэд өөрсдөө эсвэл тэдний мэдэх хэн нэгний тавьсан асуултыг уг асуултуудын жагсаалтаас сонгоход ангийн гишүүн бүрийг урь. Өсвөр үеийнхэнд сонгосон асуултынхаа талаарх Мормоны Номын захиасыг унших цаг гаргаж өгөөрэй. Тэднээс олж мэдсэн хариултуудаа хуваалцаж, бусдын иймэрхүү асуултад хариулахад нь туслахаар Мормоны Номыг хэрхэн ашиглаж болохыг тайлбарлахыг хүс.

Өсвөр үеийнхнийг дээрх үйл ажиллагаануудын нэгийг гүйцэтгээд, хичээлийн эхэнд бичсэн асуултуудыг давтахад урь. Эдгээр асуултын хариултыг эрэлхийлэх арга замуудыг төлөвлөх боломжийг тэдэнд өгөөрэй. Боломжтой бол судрууд, амьд бошиглогчдын үгс, Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол болон Сүмийн бусад материалаас хариултаа хайж эхлэх боломжийг тэдэнд олго.

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд Сайн мэдээний тухай асуултууддаа хэрхэн хариулт олох талаар ойлгож мэдэж байна уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их хугацаа зарцуулах шаардлагатай юу?

Заахад туслах арга

Ангийн нэг гишүүнтэй хэд хоногийн өмнөөс холбоо бариад, түүнийг уг хичээлийг бүхэлд нь эсвэл заримыг нь заахад урих талаар бодож үзээрэй. Заахад бэлтгэхдээ эдгээр сурах тоймыг ашиглахад өсвөр үеийнхнийг урамшуулан дэмж.

Үйлдэхэд урь

Өсвөр үеийнхнийг хичээлийн үеэр төрсөн сэтгэгдлээ хуваалцахад урь. Тэд өөрсдөд нь байгаа сайн мэдээний талаарх асуултуудын хариултыг олохын тулд юу хийх вэ? Тэднийг олж мэдсэн зүйлээ дараагийн хичээлүүд дээр хуваалцахад урамшуул.